Монголын эдийн засагт дутагдаж байгаа зүйл бол мэргэжлийн хөрөнгө оруулагч институц юм
Хөрөнгийн зах зээлийн хөгжил манай улсын хөгжлийн үндсэн суурь нь юм болов уу гэж би хардаг.
Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.
-Манай хөрөнгийн бирж дэд бүтэц талаасаа нэг үеэ бодвол харьцангуй сайжирч байгаа тийм үү?
-Нэг үеэ бодвол хөрөнгийн зах маань ерөнхийдөө сайжирч байна. Бид 2011 онд Лондонгийн хөрөнгийн биржтэй Стратеги хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гэрээний хүрээнд Millennium IT системийг нэвтрүүлж дэд бүтцийн шинэчлэл хийсэн. Энэ нь зөвхөн хөрөнгийн бирж гэлтгүй хөрөнгийн зах зээлийн дэд бүтэцийн шинэчлэл байсан. Хөрөнгийн зах зээл гэдэг нь зөвхөн хөрөнгийн бирж биш үнэт цаасны брокер, дилерийн компаниуд, арилжааны төлбөр тооцоо эрхэлдэг компани, үнэт цаасны хадгаламжийн компани, түүнчлэн манайд бүртгэлтэй хувьцаат компаниуд болон Санхүүгийн зохицуулах хороо зэрэг олон оролцогчтой бүхэл бүтэн том салбар шүү дээ. Салбарын дэд бүтцийг бид шинэчилсэн. Энэ нь маш том алхам. Мөн эрх зүйн орчин маань шинэчлэгдсэн. Тухайлбал, 2013 онд манай салбарын гол хууль болох Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, 2014 оноос хэрэгжиж эхлээд байна. Үүнийг дагаад шинэ шинэ бүтээгдэхүүнүүд гарах нөхцөл бүрдсэн. Тухайлбал, давхар бүртгэлтэй /dual listing/ үнэт цаас. Энэ нь гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаа Монголын хөрөнгийн биржид арилжихыг хэлж байгаа юм.Энэ хүрээнд Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалдаг хувьцаат компани Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаар бэлтгэл ажил хангагдаад, манайд хүсэлтээ ирүүлснийг бид хянаад бүртгэж авсан. Одоо Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрснөөр тус компани олон нийтэд танилцуулга хийх, үнэт цаасаа арилжих эрх нь нээлттэй болно. Монголын хөрөнгийн биржийн түүхэнд энэ нь анхны тохиолдол болох бөгөөд амжилттай болвол Монголд уул уурхайн хайгуул болон олборлолт эрхэлдэг, гадны хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан бусад компаниуд хувьцаагаа манай бирж дээр давхар гаргана.
-“Давхар бүртгэл” амжилттай хэрэгжвэл гэж Та хэллээ. Амжилттай болох цаг нь ч болсон байх?
-Үр дүн нь шууд тэр дороо гардаг шинэчлэлийн ажлууд цөөхөн байдаг байх. Ялангуяа хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн ажлууд тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, цаг үеэс шалтгаалаад үр дүнгээ өгтөл тодорхой хугацаа шаарддаг. Жишээлбэл Үнэт цаасны зах зээлийн тухай хууль шинэчилсэн найруулгаар батлагдаад хэдэн жил болсны дараа давхар бүртгэлийн асуудал яригдаж, түрүүчээсээ ажил хэрэг болох шатандаа явж байна. Цаашлаад гадаадад арилжиж буй үнэт цаасанд суурилсан хадгаламжийн бичиг дотоодод гаргах, эсвэл дотоодод арилжиж буй үнэт цаасыг хадгаламжийн бичиг хэлбэрээр гадагшаа арилжаалах зэрэг боломжууд нээлттэй болно.
-Тэгэхээр арилжаанд оролцогсод нь манай компаниуд л байна гэсэн үг үү?
-Тийм. Манай хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг брокер, дилерийн компаниудаар дамжуулаад хэн ч биржийн арилжаанд оролцох боломжтой. Гадны хөрөнгө оруулагчид, Монгол компаниуд, иргэд, байгууллагууд хэн ч оролцож болдгоороо давуу талтай. Монголд олборлох юм уу, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд Монголд гадны компаниуд шиг харагдаад байдаг. Гэтэл тэдгээрийн ихэнх нь хувь компаниуд гэхээсээ илүүтэй Олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан олон нийтийн өмчит хувьцаат компаниуд байдаг. Ер нь давхар бүртгэлийн давуу тал нь эдгээр компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр гаргаснаар монгол иргэд тэдгээрийг худалдан авч, хувьцааны өсөлтөөс ашиг олох, хувьцааны ногдол ашиг авах зэргээр эх орныхоо эрдэс баялгийн ашиг шимийг хүртэх боломж нээгдэхэд оршиж байгаа юм.
-Гадаадын компаниуд давхар бүртгэлээр Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргана гэдэг нь нэг үгээр бол бид гадаадын брэндийг өөрийн “дэлгүүр”-тээ худалдахтай адил гэж ойлговол болох уу?
- Болно. Монголд үйл ажиллагаагаа явуулдаг хувьцаат компаниуд Хонгконг, Торонто, Австрали, Лондонгийн хөрөнгийн бирж зэрэг томоохон хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа гаргасан байдаг. Тэр том хөрөнгийн биржүүдийн шалгуурыг хангаад гарсан компаниудын хувьцааг давхар бүртгэлийн аргаар Монголын хөрөнгийн бирж дээр авчирна гэдэг нь зүйрлүүлж хэлбэл гадаадын брэндийг өөрийн дэлгүүртээ худалдаж байгаа гэсэн үг мөн.
-Тэгэхээр үүнийг дагаад манай дотоодын компаниуд хөрөнгийн зах зээлд гарах, үүний тулд өөрсдийн засаглал, тайлагналаа сайжруулах зэргээр өрсөлдөөнд бэлтгэх байх?
-Хөрөнгийн зах зээл маань өөрөө том зах зээл. Төсөлтэй хүмүүсийг мөнгөтэй хүмүүстэй холбож өгөх дэд бүтэц байх нь хөрөнгийн зах зээлийн үндэс юм. Манай зах зээлд шинэ бүтээгдэхүүнүүд гарснаар хүмүүсийн анхаарлыг татна. Тэр хэрээр эргэлдэх хөрөнгө нэмэгдэж зах маань тэлнэ. Дотоодын компаниуд хувьцаа гаргах замаар хөрөнгө татан төвлөрүүлэх сонирхол нь дагаад нэмэгдэнэ.
-Манай компаниуд хөрөнгө татан төвлөрүүлэхийн тулд тэдгээр гадаадын компаниудтай өрсөлдөхүйц байх ёстой, тийм үү?
-Мэдээж өрсөлдөнө. Ер нь сүүлийн үед дотоодын компаниудын хувьд хөрөнгийн зах зээлийг сонирхох сонирхол илт нэмэгдэж байна.
-Хөрөнгийн зах зээл сонирхол татаж эхэлж байгаад чухам ямар хүчин зүйлүүд нөлөөлж байна вэ?
-Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгт, банкуудын зээлийн хүү өндөр байгаа учраас компаниуд өртөг багатайгаар нь хувьцаа гаргах замаар хөрөнгө татан төвлөрүүлэхийг сонирхож байна. Өөрөөр хэлбэл, арай бага өртгөөр компанийнхаа тодорхой хувийг олон нийтэд санал болгож урт хугацааны санхүүжилт татах сонирхолтой байна гэсэн үг. Зээл авахад зайлшгүй хүү төлнө, мөн хангалттай барьцаа хөрөнгөтэй байхыг шаарддаг. Харин хувьцаа гаргасан тохиолдолд тухайн төслийнхөө тодорхой хувийг олон нийтэд санал болгож худалдах замаар урт хугацааны санхүүжилт татаж улирал бүр хувьцаа эзэмшигчдэдээ тайлан тавьж, мэдээллээр хангах үүрэг хүлээдэг. Түүнчлэн тухайн хувьцаа эзэмшигчдийн төлөөлсөн ТУЗ бүрдүүлдэг. Харин иргэд санхүүгийнхаа бололцооны хэрээр тухайн компанийн хувийг эзэмшиж хувьцаагаар нь дамжуулж ашиг хүртэх боломжтой болж байгаа юм. Хувцаат компани үйл ажиллагааны үзүүлэлтээсээ шалтгаалаад ноогдол ашиг тараах эсэхээ шийддэг.
Манай компаниудын хувьд хувьцаа гаргана гэхээр компанийн эзэмшлийн хувь нь багасна, түүнийг дагаад өөрт нь ирэх үр ашиг нь багасна гэсэн ойлголттой байдаг. Бодит байдал дээр олон нийтэд нээлттэй арилжаалагдаж байгаа компани хаалттай компаниас илүү бодитойгоор үнэлэгддэг тул компанийн үүсгэн байгуулагчийн эзэмшлийн хувь нь 100%-иас буурсан ч эзэмшиж буй үнэт цаасны үнэ цэнэ нь өсдөг.
Нөгөө талаас Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 28 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улс байрандаа зогсоогүй, иргэдийн гар дээр хуримтлал үүссэн. Өнөөдөр иргэд, ААН-үүдийн 7.7 их наяд төгрөг буюу 3 орчим тэрбум доллар 13 орчим хувийн банкны дундаж хадгаламжийн хүүний өгөөжийг авахын тулд банкуудад хадгалагдаж байна. Гэтэл үүнээс илүү өгөөжтэй бүтээгдэхүүн гарч ирвэл иргэд хөрөнгөө оруулах сонирхол бий болно. Тэгэхээр тэрхүү 7.7 их наяд төгрөг бол манай хөрөнгийн зах зээлийн багтаамж гэж би харж байна. Сонголт бий болвол тэр хөрөнгө илүү өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнд байршина. Нэг талаасаа зээлийн өндөр хүү, нөгөө талаас хадгаламжийн хүүнээс өндөр өгөөж эрэлхийллийн үелзэл дээр хөрөнгийн зах хөгжих хөрс бүрдэж байна.
Хөрөнгийн зах хөгжсөнөөр зээлээс өөр урт хугацааны санхүүжилтын суваг үүсч хүү буурна. Нөгөө талаас иргэдийн хувьд ч гэсэн хөрөнгө оруулалт хийх шинэ боломж гарч ирнэ. Иргэдийн санхүүгийн боловсрол дээшилнэ, хөрөнгийн бирж дээр гарсан компаниудын үр ашиг, өгөөжөөр дамжаад иргэдийн хуримтлал ч нэмэгдэнэ.
Хөрөнгийн зах зээл томорч, хөрвөх чадвар нэмэгдсэнээр төрийн өмчийг хөрөнгийг нээлттэй, олон нийтэд хүртээлтэй, зөв зохистой хувьчлах боломж нээгдэнэ. Ингэснээр ямар нэг компани хаалттай журмаар давуу эрхээр хувьчлагддаг гэх шүүмжлэл дагуулдаг явдал үгүй болох юм. Нөгөө талаас иргэд бололцооныхоо хэрээр тухайн компанийн хувийг эзэмших боломж нээгдэнэ. Ер нь хөрөнгийн зах зээлийн хөгжил манай улсын хөгжлийн үндсэн суурь нь юм болов уу гэж би хардаг. Хөгжих боломж, нөөц нь ч байна. Зах зээлийн хувьд байрандаа зогссонгүй. Урагш алхаад л явж байна.
-Банкны салбар санхүүгийн зах зээлд давамгайлж байна. Энэ нь банкны салбарын буруу гэхээсээ магадгүй хөрөнгийн зах зээлийн хөгжил тааруу, өөр бусад оролцогчид өрсөлдөхгүй байгаа учраас ийм байдалд хүрсэн байх. Бодлогын алдаанаас болж ийм байдалд хүрэв үү, аль эсвэл зах зээлийн жамаараа ингээд явж байгаа юм болов уу?
-Миний бодлоор банкны салбар гэж хэлэхээсээ өмнө нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ санаа, бизнесийг хөгжүүлэхэд юуны өмнө хөрөнгө шаардагддаг. Өнөөдөр Монголд хөрөнгийн цорын ганц эх үүсвэр нь зээл. Зээлийг бид банкнууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас авдаг. Нөгөө талаас өөрөө төслийнхөө тодорхой хувийг бусдад санал болгоод түүнийхээ оронд хөрөнгө татахыг нь хөрөнгийн зах зээл гэж хэлээд байгаа юм.
Манай хөрөнгийн бирж анх 1991 онд байгуулагдсан. Бирж байгуулагдсан зорилго нь улс төр, эдийн засгийн хос шинэчлэлийн эдийн засгийн шинэчлэлийг нь дамжуулан хийх байсан юм. Энэ нь төрд байсан өмчийг хөрөнгийн биржид байршуулаад, мөнгө босгох зорилгоор биш иргэдэд хувьцаа тараан өгч хувьчлалыг хийсэн. Тэр талаасаа хөрөнгийн бирж өөрийн түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Биржийн дараагийн шат буюу компани, аж ахуй нэгжүүдэд хөрөнгө татаж төвлөрүүлэх дэд бүтцийн чиглэлээр хөгжих үе маань одоо үргэлжлээд явж байна. Энэ нь биржийн хөгжлийн жам. Дэлхийн томоохон хөрөнгийн бирж болох Лондонгийн хөрөнгийн бирж 1801 онд байгуулагдсан, одоо 200 гаруй жил үйл ажиллагаа явуулж байхад манай хөрөнгийн бирж үүсээд 27 жил болж байна. Хөрөнгийн зах хөгжих хөрс одоо л бүрдэж байна. Ер нь л захиргааны аргаар биш өөрөө жамаараа хөгждөг юм байна гэж боддог. Энэ хөгжлийн эрч цаашаа үргэлжлээд явна.
-Банкууд иргэдийг хуримтлалд сургах талаар нэлээдгүй ажилладаг. Нэг үгээр бол өөртөө хөрөнгө оруулагч бэлтгэх, татахад чиглэсэн ажлуудыг хийдэг. Яг үүнтэй ижил хөрөнгийн биржийн зүгээс хөрөнгийн зах зээлийг иргэдэд сурталчлан таниулах, боловсрол мэдлэг олгох тал дээр хэр ажиллаж ирсэн бэ?
Хөрөнгийн биржийн анхан шатны сургалтыг олон нийтэд зориулж манайх сар бүр зохион байгуулдаг. Мөн нээлттэй өдөрлөг зохион байгуулах, орон нутгаар сурталчилгаа хийх зэрэг тогтмол хийгддэг ажлуудын зэрэгцээ 2017 оны 12 дугаар сард “Ногоон сум” хөрөнгө оруулалтын реалити шоуг зохион байгуулсан нь ард иргэдийн сонирхлыг нэмэгдүүлэх, тодорхой хэмжээнд ойлголт өгөхөд нэлээд ахиц дэвшил гаргасан гэж үзэж байна. Ард иргэдэд төдийгүй санхүүжилт татахаар төлөвлөж буй бизнес компаниудад зориулсан сургалт, сурталчилгааг өргөн хүрээнд зохион байгуулахаар энэ жил төлөвлөж байна.
Иргэд шууд хөрөнгийн биржийн арилжаанд оролцохоос гадна, шууд бусаар буюу хөрөнгө оруулалтын, тэтгэврийн, даатгалын зэрэг сангуудаар дамжуулан хөрөнгө оруулалт хийх нь гадаадын орнуудад хамгийн түгээмэл практик байдаг. Монголын эдийн засагт нэг дутагдаж байгаа зүйл бол мэргэжлийн хөрөнгө оруулагч институц юм. Олон улсын практикт эдгээр нь томоохон хөрөнгө оруулалтын сангууд байдаг. Хөрөнгө оруулалтын сангууд нь томоохон тэтгэврийн сангуудын мөнгийг хариуцаж эргэлдүүлж байдаг. Өнөөдөр бидэнд тэтгэврийн сан гэдэг тэр зүйл нь байхгүй байна. Бид өнөөдөр бүгд орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. Энэ нь бидний маргаашдаа хийж байгаа хөрөнгө оруулалт. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Рио Тинто компани Австрали, Нью-Йорк болон Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан байлаа гэхэд АНУ-ын Калифорни муж улсын багш тэтгэврийн сангаараа дамжуулан хувьцааг нь худалдан авдаг. Рио Тинтогийн хувьцааг худалдан авснаар тэр багш хаа холын Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Оюу Толгой төслийн өгөөжийг хүртэх боломжтой. Гэтэл Монгол иргэнд тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын менежер гэх зүйл байхгүй учраас Монголд үйл ажиллагаа явуулж буй төслөөс ашиг хүртэх боломж байдаггүй. Тэгэхээр тэтгэврийн сан үүсгэх ёстой. Монгол харьцангуй залуу хүн амтай учраас тэтгэврийн сангийн мөнгө харьцангуй урт хугацаанд байршина. Тийм учраас энэ томоохон хөтөлбөр, төслүүдээ санхүүжүүлэхэд хөрөнгийн зах зээлд урт хугацаанд эх үүсвэр бий болно. Үүнийг хэрэгжүүлэх талаар бид судалгаа хийгээд явж байна.
-Тэтгэврийн сан байгуулах талаар судалгаа хийж байна гэлээ. Бодит ажил болтол хэдий хугацаа хэрэгтэй бол?
-Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль батлагдаж байж энэ нь ажил хэрэг болно. Бид хууль тогтоох байгууллагад судалгаа, санал хүргүүлэх зорилгоор судалгааны ажлууд хийж байгаа. Англи ч бай, АНУ ч бай, хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн орнуудад иргэн бүр нь хөрөнгийн зах зээлийн талаар төгс төгөлдөр мэдлэгтэй байдаггүй л дээ. Гол нь тэднийг хүчтэй байлгадаг зүйл нь мэргэжлийн хөрөнгө оруулалтын институцүүд. Барууны ертөнц гэх юм уу, хөгжингүй орнуудын хөгжлийн гол үндэс нь энэ л дээ.
-Монголд тэтгэврийн болон хөрөнгө оруулалтын сангууд үүсвэл энэ нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хэрхэн өөрчлөх бол. Хэдий хугацааны дараа ямар түвшинд хүрэхийг тооцсон зүйл байна уу?
-Одоо бол хууль нь байхгүй. Сан байгуулагдах, хуримтлал үүсэх, үүссэн хуримтлалыг нь удирдах, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх гэх зэрэг үйл явцууд хугацаа шаардана. Гэхдээ энэ бололцоог нээхийн тулд ажиллах хэрэгтэй.
-Улс төрийн эр зориг бас шаардагдах байх. Яагаад гэхээр улсын төсвийн орлого болдог нийгмийн даатгалын шимтгэлийг өөр санд төвлөрүүлэх хэрэгтэй болно?
-Энэ нь хүн бүрт хамаатай асуудал. Та бид цалингаасаа зүгээр ч нэг шимтгэл төлдөггүй. Ирээдүйд тэр мөнгийг тэтгэврийн насандаа авч ашиглах мөнгө. Тэр болтол энэ мөнгө маань тэтгэврийн санд хуримтлагдаад зогсохгүй өсч арвижиж байвал илүү л сайн. Гадны жуулчид гээд өндөр настай эмээ, өвөө нар аялаад явж байхыг бид бишгүй л харсан. Тэд тэтгэврийн сангийн тогтолцооны үр шимийг л хүртэж байгаа хүмүүс шүү дээ. Олон улсын практик дээр амжилттай хэрэгжээд ашигтай гэдэг нь батлагдчихсан загвар учраас манайд ч бас хэрэгжих л байх. Нэг өглөө сэрэхэд бүх юм бүтчихсэн байна гэж үгүй шүү дээ. Жишээлбэл, 2015 онд ажил хийж байгаа 7,8 хүн тэтгэврийн насны нэг хүний сарын 270 мянган төгрөгийн тэтгэврийг өгч байсан бол 2030 он гэхэд 4.2 ажилтан хоёр хүний тэтгэврийг бүрдүүлэх болох юм байна. Тэгэхээр нэн яаралтай хэрэгжүүлэх ёстой ажил байх.
-Манайд сангууд, мэргэжлийн хөрөнгө оруулагч байхгүй. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн бирж рүү татан оролцуулах бололцоо бий биз дээ?
- Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн нэг зүйл нь зөвхөн дотоодын иргэдийн хуримтлалыг хөдөлгөхөөс гадна гадны капиталыг Монгол руу татах нэг хаалга юм. Капитал хаана байгаа юм бэ? Ихэвчлэн гадаадад л байна шүү дээ. Манай хөрөнгийн зах зээл хөгжсөнөөр, манай амжилттай, сонирхолтой төслүүд хөрөнгийн зах зээлд гарна. Эдгээр хувьцаат компаниудад хөрөнгө оруулалт хийх нь гадны ч хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна. Хувь хүнд мөнгө өгснөөс хувьцаат компанид мөнгө өгсөн нь илүү баталгаатай биз дээ. Гэтэл үүнд хүндрэлүүд байдаг. Гадныхан мэдээж Монголын зах зээлд хөрөнгө оруулалт хийж байгаа учраас монгол төгрөгөөр л хөрөнгө оруулж таарна. Гэтэл гадны хүмүүст ам.доллар ч гэдэг юм уу, өөрийн орных нь валют байж байгаа. Тэрийг нь төгрөг болгоод ханшийн зөрүү энэ тэр гаргаж байхаар эхлээд хоёулаа хэлцлээ хийгээд хоёр гурав хоногийн дотор төлбөр тооцоогоо шилжүүлдэг модель байдаг. Энэ моделийг бид хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнийг нэвтрүүлэх анхны алхмуудыг 2012 онд хийсэн ч 2015 онд буцаагаад болиулсан байсан. Энэ нь хөрөнгийн биржийн ажил гэхээс илүү манай дээр үйл ажиллагаа явуулж байгаа төлбөр тооцооны байгууллагын ажил юм. Гэхдээ үүнийг хийж байж бид гадны капиталыг дотоод зах руугаа татах бололцоо бүрдэнэ. Үүнийг нэвтрүүлж байж бид FTSE Russell зэрэг байгууллагуудын гаргадаг хөгжиж буй хөрөнгийн зах зээлийн ангилалд орсноор сүүлийн үед яригдаад байгаа Норвегийн Oil fundзэрэг томоохон сангуудын хөрөнгийг Монголын хөрөнгийн бирж рүү автоматаар татах бололцоо нээгдэх юм. Зарим зүйл дээр нэг алхам урагш, хоёр алхам ухарсан явдал бий. Ганц хөрөнгийн биржийн гэхээс илүү манай салбарын хэмжээнд хийгдэх ёстой ажлууд юм.
-Хөрөнгийн зах зээлийн ангилалд ямар хүчин зүйлүүд нөлөөлөх вэ?
-Одоогоор манай зах зээл жижиг байна. Хэдий жижиг ч гэсэн бас данхар бүтэцтэй. Төлбөр тооцооны байгууллага, хадгаламжийн байгууллага гэх мэт. Эдгээрийг арай илүү цомхон болгож шийдвэр гаргах процессийг нь хурдан болгох шаардлага бий. Ингэж байж уялдаа холбоо сайжирч хөгжлийн процесс нь түргэснэ.
-Хөрөнгийн зах зээлд улс төрийн нөлөөлөл байх уу?
-Маш чухал нөлөөтэй. Тогтворгүй л байх юм бол гадныхан ч бай, дотоодынхон ч бай тогтворгүй, эрсдэлтэй зах руу хөрөнгө оруулалт хийхгүй. Компаниуд ч хувьцаа гаргахгүй.
Эх сурвалж: “Сайн засаглал” сэтгүүл
williams owen
Зочин
Bat
Зочин