II - 1912 оны Орос-Монголын хэлэлцээр байгуулагдахад нөлөөлсөн геополитикийн ерөнхий нөхцөл
Тэрхүү нөхцөл байдлыг Германы Гадаад хэргийн яам (Auswärtiges Amt)- ны баримт бичгүүдэд тулгуурлан нэхэн авч үзэхүйд
Германы Гадаад хэргийн яамны тайлан мэдээнүүдэд "Монголын асуудал" туссан нь
Германы Гадаад хэргийн яамны баримт бичгийг үндэслэн"Монголын асуудал"-ыг авч үзэх шалтгаан хангалттай бий. Судалгаанд хамруулсан хугацаанд Герман улс нь Хятадад, тэрчлэн "Зүүн Азийн асуудал"-аар харьцангуй шинэ тоглогчид тооцогдож байв. Франке: "Герман улс худалдаа, усан тээврийн гэрээнүүдээр нь олгогдсон эрхээс өөр эзэмшсэн юу ч үгүй, боомтуудад өөрийн гэсэн салбаргүй, эзэмшил газар ч үгүй, улс төрийн боломжийг ашиглах ямар нэг түшиц газаргүй, тэр ч байтугай тогтсон төлөвлөгөө юмуу удирдамж болохуйц санаа оноо улсынх нь төв албандбайгаа эсэх нь ч үл мэдэгдэнэ" хэмээн бичсэн буй.[1] АНУ-ын нэгэн адил Герман улс ч бас Хятадад юуны өмнө худалдаа, аж үйлдвэртээ борлуулалтын зах зээл хайж байв. Тиймээс Герман улс юуны өмнө эдийн засгийн ашиг сонирхлыг мөрдлөг болгон, Хятад дахь "нээлттэй хаалганы зарчим"-ыг дэмжиж байгаагаа удаа дараа онцолж байсан юм. Герман улс нь АНУ-ын нэгэн адил Хятад улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө байгаагаа илэрхийлж байсан тул Чин улсын Засгийн газар, хожим нь Юань Шикайн Засгийн газартай сайн харилцаатай байсан. Тийм ч учраас Герман улс Зүүн Ази болон Хятадад болж буй үйл явдлуудыг нэлээд төвийг сахисан, бодитой, бас айвуу тайвуу гадны нүдээр харж байсан билээ.
"Монголын асуудал"-ыг хамарсан "Зүүн Азийн асуудал"-ын талаарх мэдээллийг Германы Гадаад хэргийн яам (Auswärtiges Amt) үндсэндээ дараах 2 чиглэлээр авч байсан мэт:
1. Токио, Бээжин, Лондон, Петербург, Вашингтон дахь дипломат төлөөлөгчийн газруудын тайлан. "Монголын асуудал"-аарх олон чухал баримт бичгийг 1926 онд "Европын кабинетуудын их улс төр"[2] баримт бичгийн цуглуулгад нийтэлсэн буй. Өнөө хэр нягталж үзээгүй байгаа өөр олон баримт материал Гадаад хэргийн яамны архивт байж байна.
2. Оросоос хууль бусаар авсан нууц мэдээллүүд. Жишээ нь: Гадаад хэргийн яам 1909 оны 3-р сараас 1914 оны 7-р сарыг хүртэл Лондон дахь Оросын Эзэн хааны элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Бенно А. фон Зийбертээс (Benno Alexandrowitsch von Siebert) 5-6 мянга орчим нууц баримт бичгийг хүлээн авсан агаад тэдгээр баримт бичиг тус яаманд Оросын гадаад бодлогын талаар гүн гүнзгий ойлголт төсөөллийг өгч байжээ. Түүнчлэн фон Зийбертийн ажлыг зөвхөн Рейхийн канцлер, Гадаад хэргийн яаманд бол төрийн нарийн бичгийн дарга, түүний орлогч, улс төрийн хэлтсийн дарга, орос хэлний орчуулагч л мэддэг байсан нь түүний тагнуулын үйл ажиллагааны ач холбогдлыг илтгэн харуулна.[3] Б. А. фон Зийберт өөрөө эдгээр баримт бичгийн гол хэсгийг 1920-иад онд Берлинд хоёр эмхэтгэл болгон хэвлүүлсэн байна.[4]
Хятадад их гүрнүүдийн юу хийж байгааг Гадаад хэргийн яам болон Германы элчин сайдын яамд маш хянамгай ажиглаж байв. Зөвхөн Оросын талаарх Их Британийн бодлогоос л гэхэд Европ дахь хүчний тэнцвэрийн талаар чухал дүгнэлт хийж болж байв. Оросын улс төр, тэр бүү хэл тус улсын нөөц (цэрэг, эдийн засгийн г.м)-ийг Зүүн Азитай илүү нягт холбож байсан тэр бүх зүйл Европ дахь Оросын идэвх оролцоонд нөлөө үзүүлсэн байж болох талтай.
Дүгнэлт хийхэд шаардлагатай, их төлөв Рейхийн Канцлерт шууд хандсан үндсэн мэдээллийг Токио дахь элчин сайд болон Бээжин дэх элч төлөөлөгч нь өгч байв. Хэрвээ хүлээн авсан орных нь үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслээр, эсвэл өндөр албан тушаалтнуудтай хийсэн ярилцлагуудаас холбогдох учиг сэжүүр гарч ирвэл Лондон, Санкт Петербург, Вашингтон дахь Германы элчин сайдууд ч бас Берлинд мэдээлдэг байв. Мөн Токио, Бээжингээс ирсэн тодорхой мэдээллийг суугаа орнууддаа шууд бусаар шалгаж үзэх зааврыг Гадаад хэргийн яам зарим үед тэдгээр элчин сайдад өгч байжээ. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь эзэн хаан буюу түүний холбогдох албатуудад шууд мэдээлдэг байв. Улс орны талаар дүгнэлт гаргахдаа дурдсан хоёр чиглэлээр ирсэн мэдээллийг хоёуланг нь авч үзэж байсан нь мэдээж. Өөрөөр хэлбэл „Монголын асуудал“-аар Гадаад хэргийн яамны жинхэнэ мэдэж авч байсан зүйл ньзарим талаар элчин сайдын яамдын тайлан мэдээг уншиж мэдсэнээс нь ч илүү гүн гүнзгий мэдээллийг өгч байсан хэрэг.
Тэгэхлээр Герман улс „Монголын асуудал“-ын талаар юу мэдэж, үүнд хэрхэн хандаж байв?
Ингэхдээ надад байгаа баримт бичгүүдийн цуглуулга дахь баримтуудыг үндэслэн давын өмнө "Монголын асуудал"-аарх нэмэлт мэдээллийг л он дарааллаар нь танилцуулах боломжтой байгааг минь бодолцоосой гэмээр байна. Тайлбар, дүгнэлтийг Гадаад хэргийн яамны Улс төрийн архивт байгаа баримт бичгүүдийг судалж үзсэний дараа болох нь зүйтэй болов уу.
Германы Гадаад хэргийн яамны "Монголын асуудал"-ын талаарх мэдээлэл
Надад мэдэгдэж байгаа баримт бичгүүдээс үзэхэд „Монголын асуудал“ Гадаад хэргийн яамны анхаарлын төвд 1910 оноос илүүтэй их орох болсон байна. Үүний шалтгаан нь Орос, Япон хоёр улс 1907 оны 7-р сарын 30-нд гэрээ байгуулж ойртсон явдал юм. Гэрээ нь нууц заалтуудтай байж, түүгээр „Монголд онцгой эрх эдлэх Орос улсын байр суурь зэргийг Японы талаас хүлээн зөвшөөрсөн.“[5] гэж Гадаад хэргийн яам таамаглаж байв. Хятадын зах зээлд Германы эдийн засгийн чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжийг Орос, Япон улсууд хязгаарлаж болох байсан тул уг хоёр гүрний ойртсон явдал Гадаад хэргийн яамны Зүүн Азийн бодлогод ихээхэн учир холбогдолтой байсан.
Баримт бичгүүд дээр зах хөвөөгөөр нь гараар бичсэн тэмдэглэлүүдээс үзэхэд эзэн хаан II Вильхелм (Wilhelm II.) тайлан мэдээнүүдийн нэг хэсгийг байнга уншдаг байжээ. Тэрээр 1910 онд „Монголын асуудал“-тай байн байн тулгарч байсныг бид энэ маягаар олж мэднэ. Тухайлбал Орос, Япон улсууд удахгүй Манжуурын статус квог гэрээгээр тохиролцох гэж байгааг „Daily Telegraph“ Санкт Петербургээс мэдэгдсэн тухай Лондонд сууж байсан элчин сайд 1910 оны 6-р сарын 24-нд мэдээлсэн байдаг.Үүнтэй холбогдуулан эзэн хаан II Вильхелм: „Хятадад алдагдалтайгаар Манжийг Японоос, Монголыг Оросоос салгаж авах хэрэгтэй … хэрэв Америк, Японы хооронд мөргөлдөөн гарвал …“ хэмээн тэмдэглээд, „ Азид Орос улс Японд … дэмжлэг үзүүлэх шахаанд орвол, бусдаар бол Владивостокийг алдана, Монгол, Зүүн Сибирийг ч бас.“[6] гэж дүгнэсэн буй. Манжуур, Монголын тухайд тэр Япон, Орос улсууд Манжуур, Монголыг бусад улсад хаалттай болгож, Хятадаас салган бутаргаж, “нээлттэй хаалганы зарчим”-аас ухрах вий хэмээн эмээж байж.
Гэхдээ хоёр гүрэн Хятадтай гэрээний дагуу зохицуулалт хийх шаардлагатай байсан. Тиймээс Манж Чин улсын Засгийн газар 1881 оны Петербургийн гэрээг шинэчлэхийг хүссэн нь Оросын хувьд онц сонирхолтой байв. Петербургийн гэрээний ашиг тусыг хүртэх Оросын эдийн засгийн чадавхи хангалтгүйн улмаас тус улс ацан шалаанд ороод байсныг Гадаад хэргийн яам 1910 оны 7-р сарын „Зийбертийн баримт бичиг“-ээс олж мэджээ. Тиймээс шаардлагаа хэрэгжүүлэхийн тулд Хятадад хэрхэн дарамт шахалт үзүүлэх талаар ярьж хэлэлцэхэд цэргийн арга хэмжээг болгоомжтой хэрэглэхэд болохгүй гэх газаргүй гэж Орос үзэж байж.
Эзэн хаан II Вильхелм 1910-оны 7-р сарын дундуур хамгийн ойрын зөвлөхүүдийнхээ хүрээнд Орос, Японы гэрээний талаар дахин ярилцсан байна. Эзэн хаан Орос, Японы нутаг дэвсгэрийн санаархалд „ирээдүйн төлөө тээг тавих“ санаатай байгаа гэж түүний ойрын хүрээллээс дуулджээ. Герман улс АНУ-тай ижил санаа бодолтой байгааг тэр онцолж байв. „Монголыг нэгтгэх“ нь Янцзе (Jangtse)-гийн гэрээг зөрчиж буй хэрэг гэж эзэн хаан үзэж буй бөгөөд тэр тохиолдолд Британийн ашиг сонирхолд ч аюул заналхийлэх болно гэж протоколд тэмдэглэсэн буй.Хэд хоногийн дараа Рейхийн канцлер эзэн хаан II Вильхелмд ханджээ. Тэр түүнд Санкт Петербург, Япон хоорондын гэрээний бүрэлдэхүүн хэсэг нь зөвхөн Манжуур болохыг мэдэгдсэн байна. Алс Дорнод дахь Оросын оролцоо улс төрийн хувьд л зөв зүйтэй байна уу гэхээсэнэ маягаараа бол Орос улс „Японы хилийн хөрш болж, улмаар ирээдүйд ноцтой толхилцоонд хүргэж мэднэ.“[7] хэмээжээ. Англи Оросыг Германы эсрэг санаа зорилготойгоор нэгтгэсэн шиг Герман улс Оросыг хүчээ Алс Дорнодод байлгаж байхыг сонирхож байв. Нарийндаа ярьвал энэ нь дэлхийн 1-р дайнд хүрэх замыг зассан тоглолт байсан билээ.
Гадаад хэргийн яам Оросын Сайд нарын Зөвлөлийн нэгэн хурлаар яригдсан дотоод асуудлын талаар 1910 оны 11-р сарын „Зийбертийн баримт бичиг“-ээс мэдэж авсан байна. Орос улс Японтой гэрээ байгуулснаар илүү баталгаатай боллоо гэж үзэх болсон ажээ. Японы зүгээс заналхийлэх аюул алга байв. Бас Япон-Хятадын холбоо бий болохоос сэрэмжлэх ч хэрэггүй болжээ. Эрхүү болон Амурын бүс нутгийн цэргийн тойргууд дахь 29.000 хүний бүрэлдэхүүнтэй хилийн цэргийн корпус нь ганц Хятадын эсрэг гэхэд л хангалттай хүч байв. Сайд нарын Зөвлөл Хятад дахь Оросын гэрээний эрхийг „бүхий л хүчээрээ“ хамгаалах, шаардлагатай бол консулуудаа „албан хүчээр томилж ажиллуулах“-ыг шаардаж байв. Хурлын протоколд: „Биднийг өөрсдийн эрхийг ухамсарлан эрс хатуу шаардлага тавих бүрийд Хятад бууж өгдгийг туршлага харуулсан.“[8] гэсэн байлаа. Оросын Сайд нарын Зөвлөл зардал, олон улсад ээдрээ түвэгтэй байдал үүсэх, хүн амаа дургүйцэх вий гэсэндээ „Хятадаас нэг муж тасдаж авах“-аас татгалзсан байна. Орос улсад Монголын талаар ч бас баримтлах олон талаас нь иж бүрэн бодож боловсруулсан үзэл баримтлал хэрэгтэй болохыг тэдгээр хүчин зүйлс харуулжээ.
Гадаад хэргийн яам өөр нэг „Зийбертийн баримт бичиг“-ээс Токиод сууж байсан Оросын элчин сайдын Японы Гадаад хэргийн сайд Комуратай хийсэн ярилцлагын талаар мэдэж авчээ. Комура Хятадад үзүүлэх шахалтаа хэтрүүлэхгүй байхыг зөвлөсөн аж. „Чухамдаа Хятадын сул тал л аюултай“, шахалт үзүүлбэл Хятадыг „Америк, Германы гарт аваачаад хийчихэж мэднэ, тэгэх аваас тэд „Бээжинд материаллаг ашигтай байдал, давуу талаа баталгаажуулах“[9] боломжтой болно гэсэн байна.
Санкт Петербургт сууж байсан элчин сайд Граф фон Портуалес Оросын гадаад хэргийн сайд Сазоновтой уулзсан талаараа 1911 оны 2-р сарын 16-нд Рейхийн Канцлерт мэдээлсэн бөгөөд тэрхүү уулзалтаар Сазонов түүнд „Орос, Хятадын хооронд үүссэн ялгааны тухай бичиг“-ийг нууцаар танилцуулсан ажээ. Түүндээ Орос улс „хоёр орны худалдаанд гаалийн татвар ногдуулах, Оросын харъяат албатууд Хятад, ялангуяа Монгол болон Баруун Хятадад оршин суухдаа дотоодынх нь хуульд үл захирагдах, Оросын харъяат албатууд суурьших эрх эдэлж, „татваргүй, монополоос чөлөөтэй ямар ч гарал үүсэл бүхий бүх төрлийн бүтээгдэхүүнээр наймаа худалдаа хийх, Ховд, Суми, Гучэнд консулуудаа томилоход Хятадын Засгийн газар зөвшөөрлөө өгөхөөс татгалзахгүй байх зэрэг шаардлагыг тавьсан байна. Оросын консул суугаа хотуудад Оросын харъяат албатуудад газар авч, дээр нь байшин барих эрх олгохыг шаардсан нь туйлын их гайхшруулсан эмзэг асуудал байлаа. Хэрэв Хятадын тал Оросын шаардлагыг зөвшөөрөхгүй бол Орос улс тус улсын хил дээр цэргийн сүр хүчийг үзүүлэх багаахан хэмжээний арга хэмжээ зохион байгуулах бодолтой байгааг Сазонов Германы элчин сайдад хэлжээ.[10]
Орос улс Хятадад шаардлага тавихаа арай багасгав. Петербургийн гэрээгээр баталгаажуулсан эрхүүд, „тухайлбал Хятадад их хэрмийн цаана болон Монголд чөлөөтэй худалдаа хийх, Оросын харъяат иргэд дотоодынх нь шүүх, засаг захиргааны хууль журамд захирагдахгүй байх, манай консулын газруудыг Ховд, Хами, Гүчэнд байгуулах“[11]-ыг Бээжингийн Засгийн газар хүлээн зөвшөөрөх асуудал тавигдаад байгааг гадаад хэргийн сайд Сазонов Парис, Лондон, Токио дахь элчин сайд нартаа уламжилжээ.
1881 оны Петербургийн гэрээг шинэчлэх асуудал Санкт Петербургт хүмүүсийг сандралд оруулав. Түүгээр „Зүүн Азийн асуудал“-тай холбоотой чухал шийдвэр гарна гэж Цагаан хаан үзэж байсан тул дайны болон гадаад хэргийн сайд нартайгаа өдөр бүр хуралдаж байгаа тухай нууц мэдээллийг Венад сууж байсан Германы элчин сайд 1911 оны 2-р сарын 20-нд уламжилсан байна. Тэр үед гадаад хэргийн сайд Сазонов Зүүн Азитай холбоотой орос цэргийнхнийг „тэндээс армидаа хямдхан ялалт авчирна гэж итгэж байх шиг тул дайтах гэж их хорхойсч байна.“[12] гэж байжээ. Сазонов „Хятадтай хиллэдэг манай хил“ дээр „цэргийн зарим арга хэмжээ“ авахын төлөө байгаагаа илэрхийлсэн ч „тэр нь манай армийн бүх хүчийг дайчилж, биднийг Европод тавьсан зорилтуудаас маань бүрмөсөн хөндийрүүлэх хэмжээнд хүргэж болохгүй.“[13] гэжээ. Шалтгаан нь тодорхой байлаа. Сазонов „Европод эрх мэдлийн томоохон асуудлууд эн тэргүүнд тавигдаад байгаа“-г анхааруулжээ. Тэр „… Эрх мэдлийн ихээхэн өөрчлөлт гарах шинж илэрч байна …“ хэмээн онцолсон байна. Орос улсГурвалсан холбоо (Dreibund) болон Гурвалсан Антантыг (Triple Entente) зөнд нь орхиж болохгүй гэсэн шаардлагыг тэр тавьж байсан.[14]
Оросын Гадаад хэргийн яам 1910 оны 12-р сараас эхлэн тулган шаардах бичгээр Манж Чин Улсын Засгийн газарт шахалт үзүүлж эхлэв. Гэвч тус Засгийн газар эхний тулган шаардах бичигт хариу өгсөнгүй.Сазонов өвчилсөн тул гадаад бодлогыг удирдан явуулах болсон ерөнхий сайд Столыпин Германы элчин сайдад: „Орос-Японы дайнаас хойш хятадууд Оросыг сул доройхэмээн, юу ч хийж болно гэж үзэх болсон бололтой. Энэ байдлыг таслан зогсоох ёстой.“[15] гэж хэлж байжээ.
Санкт Петербургт сууж байсан Германы элчин сайд 1912 оны 1-р сарын 4-нд гадаад хэргийн сайд Сазоновтой шинээр уулзалт хийсэн тухайгаа мэдээлжээ. Сазонов Хятадад одоо хаант засаг бүрмөсөн ялагдсан гэж үзэж байв. Хятадад тусгаар тогтнох гэсэн хүсэл эрмэлзэл илэрч байгаа талаар хоёул санал бодлоо солилцжээ. Сазонов „Монголын хойд хэсэг“-ийн талаар яриа өрнүүлсэн аж. Тэр Монголыг, ядахдаа хойд хэсгийг нь Оросын эзэнт гүрэнд нэгтгэх монгол ноёдын хүсэлтийн талаар ярьсан байна. Сазоновын хэлснээр Орос улс тэрхүү гуйлт хүсэлтийг хүлээж авахаас ямагт татгалзаж ирсэн аж. Харин сүүлийн үед Монголын шинэ төлөөлөгчид Цагаан хаанд өргөх бичиг хүргэж ирснийг тэр хэлжээ. Оросын Эзэнт гүрэнд нэгдэх байна уу, Оросын ивээл хамгаалалд багтах байна уу, аль нь ч байлаа гэсэн „Хятадын үймээн бужигнаан“-ы улмаас, дээр нь бас Оросод санхүүгийн шинэ дарамт үүсэх учраас Засгийн газар татгалзсан юм гэсэн аж. Сазонов: „Монгол орон тусгаар тогтнолоо зарлаж, Орос, Хятадын дундах жийргэвч улс болох нь Оросын ашиг сонирхолд нийцнэ.“[16] хэмээн мэдэгдсэн байна. Уг баримт бичгийн энэ хэсэгт эзэн хаан II Вильхелм: „Утгагүй юм. Тэд тэднийг авах ёстой, эс бөгөөс япончууд хүрч ирнэ!“[17] хэмээн захад нь тэмдэглэсэн байх ажээ.
Их гүрнүүд Чин улсын хаант засаг огцорч, Юань Шикай засгийн эрх авахыг хүлээж байсныг „Зийбертийн баримт бичиг“-т орсон Оросын гадаад хэргийн сайдын 1912 оны 1-р сарын 10-ны өдрийн санамж бичиг харуулна. Их гүрнүүд „Хятадад гадаадын иргэдийн эрхийг баталгаажуулахаас хамааралтайгаар“[18] тус улсыг хүлээн зөвшөөрөх тал дээр санал нэгтэй байсан бололтой. Тэр нөхцөлд Орос улс 1-д Манжуур дахь ашиг сонирхол, 2-т 1881 оны Петербургийн гэрээг шинэчлэн засварлах асуудалд анхаарлаа хандуулж байв. Үүнтэй холбогдуулан Сазонов „Монголын асуудлын цаашдын чиг хандлагын талаар, тус улс цаашид Хятадын эзэнт гүрний автономит эрхтэй бүрэлдэхүүн хэсэг байна гэсэн утгаар “[19] ярьж байж. „Хятад улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах зарчимд шууд харшлах улс төрийн ашиг сонирхлоо бид нягталж үзэх ёстой.“[20] тул Монголын асуудлыг шийдвэрлэхээ хойшлуулах шаардлагатай гэж Гадаад хэргийн сайд үзсэн. Энэ болон бусад мэдэгдлүүдээс нь харахад Оросын Гадаад хэргийн яам нээлттэй хаалганы зарчмыг хадгалж, улмаар Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэхийн хамтаар „Монголын асуудал“-ыг шийдвэрлэхийг улам бүр сонирхох болсон байна.
Тус яам Хятадын үндэсний эрх ашгийг хүндэтгэн үзсэндээ ч тэгсэн бус, бусад их гүрэнтэй л Хятадад зөрчилдөхийг хүсэхгүй байсан хэрэг. Тэр ч үүднээс Оросын Гадаад хэргийн яам Түвдийн асуудлаар Түвд болон Хятадын Засгийн газар, тэрчлэн Хятад болон Түвдтэй хэлэлцээ хийж байсан Их Британийн алхам нэг бүрийг маш анхааралтай ажиглаж байлаа.
Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын орлогч 1912 оны 1-р сарын 24-нд Рейхийн канцлерт мэдээлэхдээ: „Өнөөг хүртэл бүх улс гүрэн Хятад улсын бүрэн эрхт, бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, нээлттэй хаалгыг бүгдэд хадгалж байх талаар удаа дараа гаргасан мэдэгдэлдээ үнэнч байж, тус улсын дотоод хэрэгт оролцолгүй хол байж ирэв … Гэтэл олны танил эх сурвалжаас авсан мэдээнд дурьдсанаар Орос улс Монгол дахь Хятадын бүрэн эрхийг албан ёсоор хөндөхгүй байх, тэр бүү хэл Монгол орон тусгаар тогтнолоо тунхагласныг авч хэлэлцэлгүй алгасан дараачийн сэдэвт орохыг хүсч байна.“[21] гэжээ.
Берлин дэх Оросын элчин сайдын яамны зөвлөх нэг ярилцлагаараа „Орос улс Хятадын бүрэн эрх, бүрэн бүтэн байдлыг алдагдуулах гээгүй, Монголд Хятадын давуу эрхийг хадгалахын сацуу гагцхүү Бээжинтэй зөвшилцсөний үндсэн дээр эдийн засгийн асуудлуудыгзохицуулах хүсэлтэй“[22] байгааг дахин нотолсон байна.
1912 оны 5-р сарын 1-ний өдрийн "Зийбертийн баримт бичиг"-т Бээжин дэх Оросын элч төлөөлөгч гадаад хэргийн сайддаа бичихдээ, Орос улс "Умард Манжуур, Монгол, Баруун Хятад"-ад цэргийн ажиллагаа явуулдаг юмаа гэхэд гадаад улс гүрнүүдийн зүгээс ямар нэг эсэргүүцэл үзүүлэхээргүй байна гэжээ. АНУ-ын дипломат төлөөлөгч "Түүнд буй зааварт Монгол, Манжуур дахь манай үйл ажиллагааг таслан зогсооход хүргэж болзошгүй зүйл огт байхгүй" хэмээн мэдэгджээ. Их Британийн төлөөлөгч батлан хэлэхдээ: "Та нар одоо Баруун Хятад, Ар Монголд ямар ч эргэлзээгүй огтхон ч санаа зовох юмгүйгээр ажиллагаа явуулж болно ..." гэсэн байна.[23]
Орос, Япон хоёр улс Өвөр Монголыг Бээжингийн уртрагаар баруун, зүүн хоёр хэсэгт хуваасан нэмэлтийг 1907 оны 7-р сарын 17-30-ны гэрээний нууц заалтад оруулж нөлөөллийн хүрээгээ шинээр тогтоох гэж байгааг Гадаад хэргийн яам 1912 оны 6-р сарын 19-ний өдрийн „Зийбертийн баримт бичиг“-ээс мэджээ. Баруун хэсэг нь Оросын, зүүн хэсэг нь Японы нөлөөллийн хүрээ болох ёстой байв.
Өдгөөг хүртэл миний авч ашиглах боломжтой байсан Гадаад хэргийн яамны мэдээллүүд тус яам Коростовецын Монголд хийсэн хэлэлцээний тухай юу мэдэж байсан талаар хэрэгтэй мэдээ өгөхгүй байна. Ямар нэг зүйлийг Гадаад хэргийн яам мэдэж байсан нь лав, архиваас нь олдох ч болов уу. Тэрчлэн Германы „аялагч“ Херманн Констен (Hermann Consten) 1912 онд Ар Монголд ажиллаж байсан нь тийм ч санамсаргүй явдал биш байсан болов уу, юутай ч Өргөөнд тэр Коростовецтой байсгээд л санаандгүй тааралддаг байсан аж.[24]
Оросын дипломат төлөөлөгчийн газраас 11-р сарын 9-нд „Journal de Pèkin“-д нийтлүүлсэн Орос-Монголын хэлэлцээрийн бичвэрийг Бээжин дэх Германы элч төлөөлөгч 1912 оны 11-р сарын 11-ндГадаад хэргийн яамандаа илгээсэн байна. Онцгой тохиолдолд Орос улс Ар Монголыг зэвсгийн хүчээр ч гэсэн хамгаалах болно гэж Оросын элч төлөөлөгч түүнд бас батлан хэлсэн ажээ.
Орос-Монголын хэлэлцээрийн талаар гадаад хэргийн сайд Сазоновтай ярилцсан тухайгаа Германы хэргийг түр хамаарагч 1912 оны 12-р сарын 25-нд мэдээлжээ. Тэр ярилцлагаар хэргийг түр хамаарагч Оросын уг хэлэлцээрийг байгуулах болсон жинхэнэ учир шалтгааны талаар бага сага юм мэдэж авчээ. Тийнхүү Сазонов: „Монголын амар амгалан малчин ардын оронд идэвхтэй, тайван бус хятадууд хилийн хөрш нь болохыг Орос улс ямар ч нөхцөлд тэвчиж чадахгүй.“[25] хэмээн мэдэгдсэн ажээ. Сазонов уг хэлэлцээрийг үндсэндээ 1881 оны Петербургийн худалдааны гэрээг шинэчилсэн хэрэг гэж үзэж байгаагаа хэлжээ. „… угтаа монголчуудын хүссэн шиг ‚ивээл хамгаалал‘-д авах асуудал яригдаагүй. Орос улс шинэ ачаа үүрмээргүй байна.“[26] гэсэн аж. Тэгээд Сазонов тэр хүртэл хэвлэгдээгүй байсан нэмэлт протоколын тухай ярьсан байна. Ингээд Оросын албатууд Монголд газар авах боломжтой болно гэдгийг тэр онцолсон байна. Ярианы төгсгөлд тэр Петербургт монгол ноёдын төлөөлөгчид ирэх гэж байгааг хэлж. Эцэст нь: „Тэр ‚ноёд‘-той улс төр ярихгүй. Бэлэг, амттан л өгнө.“[27] гэж Сазоновын хэлснийг Германы элч төлөөлөгч нямбайлан тэмдэглэж авсан байв.
Эдийн засгийн хувьд сонирхох нь бага байсан ч „Монголын асуудал“-аар байр сууриа олоход Германд хүнд байв. Хэдийгээр Орос-Монголын хэлэлцээр Германы эдийн засгийн ашиг сонирхлыг хөндөхгүй гэж Орос батлан хэлж байсан ч (Герман улс энэ тал дээр Умард Манжуурт Оростой муугүй туршлага хуримтлуулсан) Хятадад идэвх оролцоо бүхий бусад улс гүрэн шинээр бий болсон статус квог эцэс төгсгөлгүй зөвшөөрөөд байх эсэхийг Гадаад хэргийн яам хараахан баттай тогтоож чадаагүй байв. Вашингтонд сууж байсан Германы элчин сайд 1913 оны 1-р сарын эхээр Төрийн департментын төрийн нарийн бичгийн дарга Кнокстой (Knox) ярилцсан байна. Тэрээр АНУ-д сонгууль болохоос хоёр сарын өмнө энэ асуудалд оролцохыг бодох хэн ч байхгүй, „Орос-Монголын хэлэлцээр бол тун таагүй зүйл, гэхдээ энэ тал дээр юу ч хийх арга алга.“[28] гэж түүнд тодорхой ойлгуулжээ.
Германы Гадаад хэргийн яамны "Монголын асуудал"-ын талаарх дүгнэлтүүд
Гадаад хэргийн яаманд „Монголын асуудал“-д дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үйл явц 1913 оны 3-р сарын сүүлч хүртэл үргэлжилжээ. Тэгээд Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Бээжинд сууж байсан Германы элч төлөөлөгчид мэдэгдсэн нь: Монголд „юутай ч Германы худалдааны үйл ажиллагааг явуулж, цааш нь өргөжүүлэх боломжбайна, тийм болохоор тэр нутагт тавьж буй Оросын онцгой хүчин чармайлтаас болж нээлттэй хаалганы зарчим алдагдахыг хүсмээргүй байна.“[29] Хятадтай 1861 оны 9-р сарын 2-нд байгуулсан худалдааны гэрээний дагуу Герман улс Монголд 1881 оны Петербургийн гэрээгээр Оросын эдэлж байсантай адил эрх эдлэх эрхтэй. „Хэрэв Хятад улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, өмнө жилийн 11-р сарын 3-ны протоколд дурьдсан Оросын онцгой эрхийг зөвшөөрөхөөр шийдвэл“[30] энэ боломж алдагдахаар байна гэсэн аж. Тэгээд төрийн нарийн бичгийн дарга цааш нь хэлэхдээ: „Монгол оронд эдийн засгийн ашиг сонирхлоо цааш нь өргөжүүлэх боломж бүрдүүлэхийн тулд одоо мөрдөгдөж байгаа Герман-Хятадын гэрээний заалтуудыг Монгол орны хувьд үргэлжлүүлэн мөрдөх баталгаа болсон төр эрх зүйн харилцааг Монгол, Хятадын хооронд тогтоомоор байна. Үүний тулд Орос-Монголын гэрээг хүлээн зөвшөөрөхөөс цааргалж ирсэнд нь Хятадын Засгийн газарт зохистой гэсэн хэлбэрээрээ урам өгч, Монголыг Өргөөгийн хэлэлцээр (Орос-Монголын хэлэлцээрийг хэлжээ)-ийн үндсэн дээр олон улсын худалдаанд нээлттэй болгохыг зөвлөх нь зүйтэй болов уу. Энэ нь Хятад улс тухайлан Монголд цэргийн арга хэмжээ, засаг захиргааны үйл ажиллагаагаа тодорхой хэмжээгээр хязгаарлах, тэрчлэн колоничлолын хурдыг сааруулах замаар Оросын хүслийг бодолцож үзэхэд саад болохгүй.“[31] гэжээ.
"Нээлттэй хаалганы зарчим"-ыг баримтлах угтвар нөхцөл нь Хятад улсын төрийн бүрэн эрхт, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах явдал байсан учраас Герман улс тэр үед монголчуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөнгүй юм. Герман улс тэр үед Монгол орны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй ч Ар Монгол дахь Хятадын цэргийн ажиллагааны чадамж, засаг захиргааны үйл ажиллагаа, тэрчлэн Хятадын колоничлолыг хязгаарлахыг дэмжихэд бэлэн байсан мэт. Энэ нь Монгол, Хятадын харилцааны талаарх Орос-Монголын хэлэлцээрийн гол гол заалтад нийцэж байсан. Их гүрнүүдийн ашиг сонирхол, тоглолттой харьцуулахад энэ нь тийм ч бага юм биш байсан.
Герман болон бусад их гүрэн Богд Гэгээний захидлуудад яагаад хариу өгөөгүй нь одоо тодорхой болж байна. "Нээлттэй хаалганы зарчим"-ыг хүлээн зөвшөөрөх ёстой байсан болохоор тэдний байр суурь төстэй байсан болов уу. Тэр байр сууриасаа болоод Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч болохгүй байсан хэдий ч ямарваа автономит эрхийг хүлээн зөвшөөрөхийг нь хориогүй билээ. Гэхдээ улс гүрнүүд үзэл бодлоо өөрчиллөө ч гэсэн хожим монголчуудын төр улсаа хөгжүүлэх үндэс суурь чухам түүгээр тавигдсан. Орос-Монголын хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш 6 жилийн дараа дэлхийн 1-р дайны эцэст АНУ-ын Ерөнхийлөгч Вудро Вильсоны 14 зүйл бүхий хөтөлбөртөө тавьсан саналуудын нэг нь улс түмнүүдийн өөртөө засан тохинох эрх байсан билээ.
Орос улс ч гэсэн их гүрний хувьд тэр үед улс гүрнүүдийн зөвшилцөн тохиролцсон улаан шугамыг давж байгаагүйг Орос-Монголын хэлэлцээрийн бичвэр тодорхой харуулна.
Орос улс ч бас их гүрэн байсан, гэхдээ монголчуудтай шууд хөрш, түүхэн ойр, өмнөд хөрш Хятадаас урьдаас л болгоомжилдог байснаас ашиг сонирхол нь бусад их гүрнийхээс өөр тогтоцтой байжээ. Хэрвээ Орос улсын мөнхийн ашиг сонирхлын нэг нь Сибирийн уудам орон зайн аюулгүй байдал байсан юм бол түүнийг хангах нэг арга зам нь монгол үндэстний төр улсын тусгаар тогтнолыг тогтоож, хадгалах явдал байсан. Тийм сонирхол Оросоос өөр ямар ч улсад байх боломжгүй байсан. Өнөөдөр ч гэсэн байдал огт өөрчлөгдөөгүй бололтой.
[1] O. Franke, Die Großmächte in Ostasien von 1894 bis 1914. Ein Beitrag zur Vorgeschichte eines Krieges, Braunschweig und Hamburg 1923, 27-дахь тал.
[2] Die Große Politik der Europäischen Kabinette 1871-1914, Sammlung der Diplomatischen Akten des Auswärtigen Amtes, Bd. 32, Die Mächte und Ostasien 1909-1914, Berlin 1926 (=GPdEK-32)
[3] Stephen Schröder, „Ausgedehnte Spionage“ Benno von Sieberts geheime Zusammenarbeit mit dem Auswärtigen Amt (1909-1926), in Militärgeschichtliche Zeitschrift MGZ 64(2005), S. 430.
[4] B. von Siebert, Diplomatische Aktenstücke zur Geschichte der Ententepolitik der Vorkriegsjahre, Band I, II, Berlin und Leipzig 1921 (=B. v. Siebert, I,). Тэр үед Берлинд мөн бидний сайн мэдэх Иван Я. Коростовец, бас 1912-1917 онд Оросын Гадаад хэргийн яаманд гадаад хэргийн гурван сайдын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Владимир Коростовец нар амьдарч байжээ. Тэдгээр нь фон Зийберттэй хэр холбоотой байсан нь мэдэгдэхгүй байна.
[5] Nr. 11703, Der Botschafter in Tokio Freiherr Mumm von Schwarzenstein an den Reichskanzler von Bethmann Hollweg, 6. Mai 1910, GPdEK-32, 116 дахь тал.
[6] Nr. 11704, Der Botschafter in London Graf von Metternich an den Reichskanzler von Bethmann Hollweg, 24. Juni 1910, GPdEK-32, 118 дахь тал.
[7] Nr. 11709, Der Reichskanzler von Bethmann Hollweg, z.Z. in Hohenfinow, an Kaiser Wilhelm II., z.Z. in Bergen, 16. Juli 1910, GPdEK-32, 125 дахь тал.
[8] Protokoll einer besonderen Ministerratssitzung in Petersburg vom 19. November/2. Dezember 1910, B. v. Siebert, I, 274-275 дахь тал.
[9] Telegramm des russischen Botschafters in Tokio an den russischen Außenminister vom 4./17. Dezember 1910, Nr. 206, Мөн тэнд, 276-277 дахь тал.
[10] Nr.11790, Der Botschafter in Petersburg Graf von Pourtalès an den Reichskanzler von Bethmann Hollweg, St. Petersburg den 16. Februar 1911, 214-2215 дахь тал.
[11] Der Diplomatische Schriftwechsel Iswolskis 1911-1914, Band I, Berlin 1924, 27 дахь тал.
[12] Nr. 11792, Der Botschafter in Wien von Tschirschky an den Reichskanzler von Bethmann Hollweg, 20. Februar 1911 Botschafter in Wien an den Reichskanzler, GPdEK-32, 216 дахь тал.
[13] Мөн тэнд, 217 дахь тал.
[14] Мөн тэнд, 217 дахь тал.
[15] Nr. 11796, Der Botschafter in Petersburg Graf von Pourtalés an den Reichskanzler von Bethmann Hollweg, 1. April 191, GPdEK-32, 220 дахь тал.
[16] Nr. 11812, Botschafter in Petersburg Graf von Pourtalés an den Reichskanzler von Bethmann Hollweg, 4. Januar 1912, GPdEK-32, 246 дахь тал.
[17] Мөн тэнд, 246 дахь тал.
[18] Memorandum des russischen Außenministers vom 10. (23.) Januar 1912, B. v. Siebert, I, 282 дахь тал.
[19] Мөн тэнд, 284 дэх тал.
[20] Мөн тэнд, 284 дэх тал.
[21] S. 11818, Aufzeichnung des stellvertretenden Staatssekretärs des Auswärtigen Amtes Zimmermann für den Reichskanzler von Bethmann Hollweg, 24. Januar 1912, GPdEK-32, 251 дэх тал.
[22] Мөн тэнд, 251 дэх тал.
[23] Bericht des russischen Gesandten in Peking an den russischen Außenminister vom 1./14. Mai 1912, in B. v. Siebert, I, 288 дахь тал.
[24] Үүнтэй холбогдуулан Дорис Гёттингийн туйлын гайхалтай бичсэн түүний намтар болох „Этцел“ судлаач, адал явдалтан, тагнуул. Монгол судлаач Херманн Констен (1878-1957)-ы амьдралын түүх, Клаус Шварц хэвлэлийн газар, Берлин 2012, 617 хуудас зохиолыг уншихыг зөвлөх байна.
[25] Nr. 11996, Der Geschäftsträger in Petersburg Freiherr von Lucius an den Reichkanzler von Bethmann Hollweg, 25. Dezember 1912, GPdEK-32, 432 дахь тал.
[26] Мөн тэнд, 433 дахь тал.
[27] Мөн тэнд, 433 дахь тал.
[28] Nr. 11997, Der Botschafter in Washington Graf von Bernstorff an den Reichskanzler von Bethmann Hollweg, 2. Januar 1913, GPdEK-32, 434 дэх тал.
[29] Nr. 12001, Der Staatssekretär des Auswärtigen Amtes von Jagow an den Gesandten in Peking von Haxthausen, 24. März 1913, GPdEK-32, 438 дахь тал.
[30] Мөн тэнд, 438 дахь тал.
[31] Мөн тэнд, 438 дахь тал.
Оноч
чёсмит
Уншигч.