Д.Баярхүү: – Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаанд оршиж буй далд зөрчил, ялангуяа Монгол-Америкийн харилцаанд хардсан эмзэглэсэн Хятадын албан бус байр суурийн тухай Та бид хоёр илэн далангүй ярилцаж байна. Монголын тал Монгол-Хятадын харилцааг сэвтээх ямар ч хортой үйлдэл хийгээгүй гэдэг нь мэдээж. Монголчууд тийм болчимгүй алхам хэзээ ч хийхгүй. Харин өмнөд хөрш маань Монгол-Америкийн харилцаанд яагаад тэгтлээ эмзэглээд байдаг юм гэдгийг Та олон баримтаар тайлбарласан. Би үүнд дүгнэлт өгмөөр санагдаж байна.

  1. Хятад шиг дэлхийн том гүрэн, дэлхийн хоёр дахь том эдийн засаг, тэгсэн атлаа жижиг хөрш Монголд арай ч ингэтлээ эмзэглэж, магадгүй өсөрхөж хандана гэж баймгүй юм. Хэрэв тэгж байгаа бол Хятадын өөрийнх нь олон улсын нэр хүнд унана гэжби боддог. Монголыг хохироохоосоо илүүтэй Хятадын нэр хүнд хохирно. 
  2. Худалдаа-эдийн засгийн талаар Монгол нь Хятадаас хамааралтай байлаа гээд сонгож авсан хөгжлийн замыг нь хүндэтгэнэ гэсэн амлалтаасаа Хятад буцаж няцаж, Монголын дотоод хэрэгт оролцож болохгүй байлтай. 
  3. Бид гадаад бодлогоо, тэр ч бүү хэл шашин шүтэх эрхээ гадаад улсаар хянуулаад боймлуулаад сууж байдаг улс биш. Энэ чинь ардчилал, хурдтай хөгжил, даяаршил, мэдээллийн нээлттэй эрин зуун. Монголчуудын нүд чих ертөнц рүү чөлөөтэй харж бэлчиж байхад Монголыг хянах муйхар бодлого явуулмааргүй сэн. 

Д.Болдбаатар: – Харин тийм. Та яг миний боддог дүгнэдгийг хэлээд байна л даа. Хятадад ямар ч пост сайт ажиллаж болно, түүндээ юу ч бичиж нийтэлж болно, харин түүнийг нь монголчууд мэдэж судалж байдаг гэдгийг өмнөд хөршид албан бусаар ойлгуулахад Та бид хоёрын ярилцлага чиглэж байна. Таны хэлдгээр бид гадаад бодлого, гадаад харилцаа, тэр ч бүү хэл шашин шүтэх эрхээ гадаад улсаар хянуулаад боймлуулаад сууж байдаг улс биш гэдэг дээр би ч бас чанга дуугармаар санагддаг. Хятадтай эн тэнцүү харилцаж болно, болохгүй биш болно. Бид хөгжилдөө жигдрээд багахан бэхжээд авчихвал заавал гадаад улсаар гадаад бодлого, шашны асуудлаа хянуулаад байхгүй л дээ. Тийм хөгжлийн гарц хувилбарыг л би яриад байгаа хэрэг шүү дээ.

Д.Баярхүү:–Бид өмнөх яриандаа миний асуусан, дутуу орхичихсон цөмийн эрчим хүчний түүхий эд болох ураны олборлолт, экспортын тухайд хоёул жич өгүүлье. Тусдаа ярилцлага хийсэн ч болох байх. Харин одоо өмнөх ярилцлагад яг хөндөөд орхисон тэр газрын гүний дулааны нөөц манай улсад арвин ихээр байгаа тухай үргэлжлүүлэн ярих уу? 

Д.Болдбаатар:–Тэгье. Бусад улсуудын хувьд цахилгааны эрчим хүчний салбарт онцгой анхаарал хандуулах болсон амин чухал нэг асуудал бол газрын гүний дулааны нөөцийг ашиглах явдал юм. Газрын гүний дулааныг ашиглан эрчим хүч гарган авах технологийн хөгжлийн тал дээр АНУ улс тэргүүлж байгаа бол газрын гүний дулааныг олзворлон нөөцөлж, шууд дулаан хангамжийн асуудлаа шийдэх тал дээр өмнөд хөрш дэлхийд яах аргагүй тэргүүлж байх шиг байна. Газрын гүний дулааныг ашиглаж үйлдвэрлэсэн Америкийн цахилгаан эрчим хүчний хэмжээ одоогийн байдлаар нэг хувьд арай хүрдэггүй. Тэгвэл ердөө 2050 он гэхэд 8 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа нь харьцангуй хурдан өсөлт бөгөөд нөгөө талаар Америкийн энэ талын технологи боловсронгуй болоод үйлдвэрлэлд өргөнөөр нэвтрэх боломжтой болсныг баталж байгаа юм. Үүнийг би яагаад дахин дахин яриад байнав гэвэл, нэг ашиглалтад оруулчихвал бүтээгдхүүний өртөг зардал маш хямд, ажиллагааны хувьд найдвартай, тогтвортой, байгаль цаг уур зэрэг гаднын нөлөөнд өртдөггүй зэрэг олон давуу талтай учраас тэр л дээ. Газрын гүний эрчим хүчийг ашиглахад хангалттай хэмжээний нөөц баялаг байх шаардлагатай. Одоогийн байдлаар газрын гүний дулааны нөөцөөр Хятад улс тэргүүлж байгаа. Хятадын газрын гүний дулааны нөөц Төвөдийн өндөрлөг, Шинжаанд голчлон тогтоогдсон бол Америкийн голлох нөөц Калифорнийн булан, Хавайн арал гэхчлэн бас л төвлөрсөн байдалтайгаар цөөн бүс нутагт тогтоогдсон байдаг. Тэдгээрийг түшиглэн цахилгаан дулаан үйлдвэрлэхэд дамжуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтанд чамгүй их хөрөнгө хүч хаях нь тодорхой. 

Д.Баярхүү:–БНХАУ-ын үндэстний цөөнхийн нутгуудад л байгалийн баялгийн нөөц нь төвлөрсөн байдаг гэх таамаг судалгааг Та хэлж байна аа даа? Төвд, Шинжаан, бас Өвөр Монгол. 

Д.Болдбаатар:–Ярьж буй эл сэдэвтэй холбоо бүхий анхаарал татсан нэг асуудлыг тодруулж хэлэхэд Өвөрмонголд Хятадын газрын ховор элементийн нөөцийн дийлэнх хувь агуулагдаж байгаа бол бас л үндэстний цөөнх зонхилсон бүс нутаг болох Төвд, Шинжаанд газрын дулааны нөөцийн ихэнх хэсэг ногдож байна. Энэ нь ч алс хэтдээ Хятадын эрх баригчдын сэтгэлийг түгшээх нэг эмзэг сэдэв болох тухай хятадын болон гадаадын зарим эрдэмтэн судлаачид онцлох болсон нь үнэний ортой байж болох талтай. Тиймдээ ч нутгийн уугуул оршин суугчдаас гадна хятад иргэд маш ихээр нүүдэллэн очиж суурьшин бүтээн байгуулалтынх нь голыг нугалж байна. Яг очоод үзэхэд нүдэн дээр ил харагдана даа. Өвөр Монголд монголчуудаасаа хэд дахин их хятадууд байна. Шинжаанд ч ялгаагүй, Төвдөд ч мөн тийм байгаа болов уу.

Дашдоржийн Баярхүү:–Нээрээ ч Хятадын хаана ч очсон хань үндэстэн, эсвэл ханьжсан цөөнх үндэстэнолонх байдаг даа. Ил харагдаж байгаа зүйл. Гэхдээ сүүлийн үед “хань” гэдэг энэ үг хэллэг бараг харагдахаа байчихлаа. Тэгж ярьж нэрлэж байхыг арай ч хориглоогүй байх. “Дундад үндэстэн” гэх үндэсний шинэ нэршил гаргаад ирэв үү, яав? Дээр үед Зөвлөлт улсын ид цэцэглэл мандалтын үед “Зөвлөлт үндэстэн гэж үндэсний цоо шинэ нийтлэг бий боллоо. Тэд коммунизмын замаар замнаж байна” гэдэг байж билээ. 

За тэр ч яахав, Хятадын үндэстний цөөнхийн нутаг гэж сэдэв орж ирэхээр нь би нэмэрлэчихлээ. Бид хоёрын ярилцлага газрын гүний эрчим хүчний сэдвээр үргэлжилж байна. Манай улс дэлхийд гайхуулах тийм их нөөцтэй гэдгийг монголчууд бултаараа мэдэхгүй л дээ. Мэдэх ч албагүй. Албаны нөхөд мэддэг байх. Та бид хоёрын ярилцлага энэ сэдэв рүү орохдоо шийдвэр гаргагчдад хүргэх, тэгэх тусмаа Монгол-Хятадын хамтын ажиллагааг эрдэс баялаг руу чиглүүлж, хамтын ажиллагааны цоо шинэ үе шатыг эхлүүлэх гээд томоор ярьчихвал зөвтөх үү? Бас гурван талын эрх ашгийг зохицуулж, тэнцвэр хангах тал дээр санаа оноо дэвшүүлэх тухай л Та бид хоёр ярилцаад байгаа шүү дээ. 

Доржсүрэнгийн Болдбаатар:–Яг тийм. Хятадаа гомдоогоод, Америкаа баярлуулаад гэдэг утгаар биш л дээ. Тэгж примитивээр үзэж болохгүй. Тэр хоёр их гүрний эрх ашгийн жин банг тохируулж, дундаас нь Монгол ашиг хүртэнэ гэсэн санаа юм. Ер нь газрын гүний эрчим хүчний баялаг нь улс орон болгонд хүртээлтэй байдаггүй. Түүний дийлэнх хэсэг нь далай тэнгист нөөцлөгдсөн байдаг учраас тэр. Бурханы авралаар гэе дээ, Монгол Улс газрын гүний эрчим хүчээр маш баялаг болохыг угаас гярхай америк, хятадууд аль хэдийнээ тогтоогоод тооцчихсон байгаа нь дамжиггүй гэж би үзээд байгаа юм. Үүнд заавал геологийн нарийн мэдлэг мэргэжил төдийлөн шаардлагагүй байдгийг холбогдох судалгааны материалыг уншиж байхад аяндаа ойлгож болно. Газрын гүний эрчим хүчний нөөцийг тогтоохдоо голчлон галт уул, халуун рашаан, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог эсэхээр баримжаалж болдог. Бас сансар огторгуйгаас нэвт хардаг үздэг технологиороо олоод үзчихсэн байх магадлалтай. Дээрх онцлог шинжүүдээр баримжаалан авч үзвэл Монгол маань 400 гаруй галт уултай, 42 халуун рашаантай, газар хөдлөлтийн маш идэвхтэй бүсэд оршдог зэрэг нь Хятадын дараа орохуйц газрын гүний эрчим хүчний асар их нөөцтэй гэж тооцоход бүрэн хангалттай юм. Манай галт уулууд бүгд сөнөсөн байдалтай байгаа гэдэг бодол жирийн хүний толгойд орж мэдэх л дээ. Үнэндээ галт уулын дэлбэрэлтээр газрын гүний эрчим хүчний дөнгөж 2-хон хувь л гадагш цацагддаг. Үлдсэн 98 хувь нь тодорхой түвшинд олон арав, олон зуун мянган жилийн турш нөөцлөгдөөд хадгалагдчихсан байх боломжтой. Газар хөдлөлтийг үүсгэж байгаа асар их эрчим хүч ч мөн түүнтэй төсөөтэй байдлаар газрын царцдасны хагалбарын заагт хадгалагдан үлдсэн байдаг болохоор манай улс ядаж сүүлийн 100 жилд манай нутаг дэвсгэрт тохиосон газар хөдлөлтийн голомтыг баримжаалан газрын гүний дулааны эрэл хайгуул судалгааг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй юм. 

Д.Баярхүү:–Геологич, геофизикчид л ярьдаг асуудлыг Та хөндөөд байна. Тэр тухайд биш хоёул геополитикийн өнцгөөс яриагаа цааш өрнүүлье. Нөгөө Хятад, Америкийн өрсөлдөөнөө ярья.

Д.Болдбаатар:–Би оршил болгож л дээрх баримтыг эшлэв. Америк, Хятад хэмээх дэлхийн хоёр голлох их гүрний өрсөлдөөний тухайд шийдвэрлэх үүрэгтэй газрын ховор элемент, эрчим хүчний далд асар их нөөц Монгол Улсад нэгэнт тогтоогдоод байгаа нь манай улсыг хүссэн ч, эс хүссэн ч дэлхийн геополитикийн том өрсөлдөөний талбарт чухал оролцоо, үүрэг, хариуцлагатай болгож байна. Та бид хоёрын энэ ярилцлагыг уншсан хэн хүний хувьд түвэггүй ойлгогдохоор ярьж тайлбарлаж байна. Ингэхэд хамгийн чухал нь Монгол маань энэхүү том хүчнүүдийн үйлчлэлийн орон зайд альхан талыг эзэлж, ямархуу байр суурьтай оролцох вэ? Эрх ашгийн тэнцвэрийг хэрхэн яаж оновчтой тогтоож, хангах вэ гэдэг л жижиг буурай Монгол Улсын хувьд онцгой чухал байх нь ойлгомжтой. Энэ санаа сэдлийг дээш мэдрүүлэхээр би судлаачийнхаа хувийн бодлыг хэлж ярьж ухуулж байна. 

Дэлхийд үсрэнгүй хөгжлөөрөө цолгорон гарсан жижиг буурай улс орнууд өөрт тохиосон түүхэн цаг үеийн ашигтай нөхцөл байдлыг чадамгай ашиглаж чадсанд тэдний амжилтын нууц оршиж ирсэн байдаг. Монгол Улсын хувьд ч тийм түүхэн цаг үе тохиосон байж мэдэшгүй. Энэ ярилцлагыг уншиж байх зуур аяндаа ойлгогдож байгаа болов уу? Тэгвэл газрын ховор элемент, нар салхины эрчим хүч болон газрын гүний дулааныг ашиглах тал дээр манай улс Америк, Хятадтай хэрхэн хамтран ажиллаж болох талаар судлаачийн хувийн бодол дүгнэлтээ хэлэх үү? 

Д.Баярхүү:–Мэдээж. Түүнийг чинь л хүлээгээд байна. Монгол нь өмнөд хөрштэй хамтран газрын ховор элементийн уурхайнуудыг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн гаргаад ашиг хуваарилалтын дагуу Хятадын талд оногдох бүтэгдэхүүнийг тэдний талд шилжүүлж үлдсэн хувийг АНУ, Япон, Франц, Герман, Солонгос, магадгүй Орос зэрэг түнш улсууддаа олон улсын зах зээлийн тогтсон үнээр борлуулж болохгүй гэж үү?

Д.Болдбаатар:–Манай улсын эдийн засгийн хөгжилд харьцангуй богино хугацаанд эрс өсөлт авчрах магадлал бүхий асуудлыг бид хөндөж байна. Түүхий эдээ түүхий эд чигээр нь гуравдагч зах зээлд гаргаад илүү өндөр ашиг олох магадлал бол тааруухан, бид бэлхнээ харж байна. Тэнд нь бас манай газрын ховор элементийг ялгаж цэвэршүүлэх боломж хомс гэдгийг бодолцох хэрэгтэй. Хятадын судлаачдын дэвшүүлэн тавьдаг “Газрын ховор элементийн нөөц бүхий орнуудын эвсэл” буй болгоход нөөцөөр тэргүүлэгч улсын хувьд манай улс голлох үүрэгтэй, идэвх санаачилгатай оролцож яагаад болохгүй гэж? Цэвэр эдийн засгийн чиг үүрэгтэй ийм байгууллага байгуулаад үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцоход Орос болон голлох гуравдагч хөршүүд маань тэгтлээ дургүйцээд байх шалтгаан байхгүй болов уу. Хятадтай хамтран нар, салхины эрчим хүчний асар их нөөцийг үр бүтээлтэй ашиглаж эргэлтэд оруулах өргөн боломжтой. Манай Монгол өргөн уудам нутаг дэвсгэртэй, нар салхины эрчим хүчний асар их нөөцтэй бол хөрш Хятадад нар салхины эрчим хүчний төхөөрөмжийн үйлдвэрлэл илүүдэлд орчихсон байна. Маш хямд төсөр, нөөц ихтэй, гэхдээ борлуулалтгүй байгаа талаар мэдээлж байна. Тийм нөөц төхөөрөмжүүдийг оруулж ирээд томхон хэмжээний нар салхины цахилгаан үйлдвэрлэх паркуудыг байгуулж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад илүүдэл бүтэгдэхүүнийг Хятад руу нь буцааж экспортлох бүрэн боломжтой. Түүний сацуу үйлдвэрлэсэн эрчим хүчний нөөцөд тулгуурлан хиймэл оюуны үйлдвэрлэлийн паркуудыг байгуулж дэлхийн тэр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг томхон компаниуд манай улсад салбараа байгуулах боломж олгож яагаад болохгүй байх вэ?

Д.Баярхүү:–Яг энэ тал дээр давын өмнө хийчихээр тодорхой ямар ажил байвал зүйтэй вэ?

Д.Болдбаатар:–Би тэмдэглэн хэлж анхааруулахгүй бол болохгүй байх. Та бид хоёр тэнгэрийн, үлгэрийн юм яриад байна гэж олон хүн шүүмжлэх биз. Мөрөөдөхгүй бол ажил бүтэхгүй гэдэг зарчмаар л би санаа оноо хэлээд, болж өгдөг сөн бол Төр, засаг маань шүүрч аваад судлаасай, тэгээд ажил болгоосой гээд жагсаагаад байна. Надад олон судалгаа бий. Түүнээсээ Монголд хэрэг болох болов уу гэснээ л яриад байна. Давын өмнө хийж хэрэгжүүлмээр ажил бол хүний нөөц–үндэсний мэргэжилтнээ бэлтгэх явдал юм. Газрын гүний дулааны нөөц баялгийг тогтоох геологи хайгуулын ажлын хур туршлагатай АНУ, Турк, Исланд улсад залуусаа илгээж суралцуулъя. Энэ тал дээр Төр, засаг төсөв мөнгөө зарцуулах хэрэгтэй. Тэгж чадвал газрын гүний дулааны эрчим хүчний хүний нөөцтэй болж чадна. Тэгээд энэ ажлыг эхлүүлж эрчимжүүлэх замдаа жигдэрч чадна. Нэр бүхий гурван улс бол уг салбарт хөгжлөөрөө тэргүүлж байгааг бид яагаад ашиглаж болохгүй гэж? 


–Үргэлжлэл бий