Монгол-Хятад-АНУ: Гурван талын эрх ашгийн тэнцвэр цоо шинээр томъёологдохын босгон дээр (2)
Хятад судлаач хоёр эрхмийн ярилцлага № 2
Дашдоржийн Баярхүү: – Бид хоёрын ярилцлага АНУ-ын ТНБД-ын айлчлал гээд түр завсарласан. Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэр айлчлал нотолсон. Ердөө 7-хон хоногийн өмнө нь манай Гадаад харилцааны сайд АНУ-д айлчлаад Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ хийсэн. Ингээд Монгол-Америкийн Эрчим хүчний яриа хэлэлцээг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцохоор болсныг хятадын блогчид, судлаачид хилэнтэйгээр хүлээн авч, манайхныг элдвээр харааж шүүмжилсэн тухай Та ярьж байсан даа.
Доржсүрэнгийн Болдбаатар: – Яг тийм. Тэр хүрээд бид хоёр зогссон. Нөгөө хятадын групт юу гэж бичиж вэ гэвэл Францын олон улсын радиогоос эшилсэн байгаа юм. АНУ-ын ТНБД-ын айлчлалтай холбогдуулан мэдээлэхдээ Блинкен нь Монголыг “Гол цөм түнш” хэмээн нэрийдсэн гэж гэжээ.
Д.Баярхүү: – Байзаарай,Улаанбаатарт тэр тухай тэгж нэрлэлээ гэсэн мэдээ огт дуулдаагүй дээ. Сонин содон нэршил гараад ирж. Стратегийн гуравдагч хөрш гэж бид нэрлэж байгаа. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байденээс ирүүлсэн мэндчилгээнд “Цаашид Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө байна” гэсэн байгаа.
Д.Болдбаатар: – Хятадууд манай гуравдагч хөрш гэдгийг гуравдагч түнш гэж буулгаад байгаа. Хүч оруулж хөрвүүлсэн гэх үү дээ. Тэр францын эх сурвалжаас ингэж буулгасан байгаа юм. Би нөгөө “China was a part of Mongolia” нэртэй facegroup-ээс л эшлээд байгаа хэрэг шүү дээ. Америкийн улс төрчдийн 1984 онд дэвшүүлсэн “Вашингтоны хамтын ойлголцол”-ын дагуу даяаршлын үйл явц албан ёсоор эхэлсэн гэдэг бол АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Салливан 2023 онд нэгэн их сургуульд хэлсэн үгэндээ “Вашингтоны шинэ хамтын ойлголцол” гэх тунхаглалаа томьёолсон нь даяаршлын үйл явц дуусаж, зөвхөн Америкийн язгуур эрх ашгийг дээдлэн цөөн тооны ашигтай түншүүдтэй түлхүү хамтран ажиллах бодлого хэрэгжүүлэх нь тодорхой боллоо гэж дүгнэжээ. Тэр тунхаглалын дагуу Монголыг “гол цөм түнш” (хятадаараа 和新伙伴) хэмээн онцолсон гэжээ. Ингэсэн нь л хятадуудын эгдүү дургүйг нэн илүү хүргэсэн байж таарах гээд байна.
Д.Баярхүү: – Монгол Улс эвийг эрхэмлэсэн, энх тайвны төлөө гадаад бодлого явуулдаг. Тиймдээ ч НҮБ-ын ЕНБД-аас энх тайвны бэлэг тэмдэг улс гэсэн нэр хүндтэй өргөмжлөл хүртсэн. Энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлоготой улсын хувьд манай улс хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өрнөдийн улс гүрнүүдтэй хөгжүүлж байна. Тэр нь ч улс орны хөгжил дэвшил, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмэр болж ирсэн. Хоёр хөрш улс руу сөргөөр нөлөөлөх хэмжээнд очсон тийм бодлого бид явуулж байна гэж үздэггүй. Гэтэл Монгол-Америкийн харилцаа хятадуудын хувьд ийм дээрээ тулсан эмзэг сэдэв болчихсон нь тун харамсалтай юм.
Д.Болдбаатар: – Харин тийм л зураглал буугаад байна. Үнэндээ одоо Америк, Хятад хоёрын дунд дарийн утаагүй маш том “дайн” өрнөсөөр байгаа нь тодорхой. Газрын ховор элемент АНУ тэргүүтэй өрнөдийн хөгжингүй улсуудыг боймлох гол зэвсэг болоод байгаа бол өндөр зэрэглэлийн чипний экспортын хориг америкчуудын зүгээс Хятадад өгч буй хариу том цохилт юм. Энэ бол зөвхөн үзэгдэх өнгөн талын илрэл болно. Үнэндээ энэ хоёр их гүрний гол өрсөлдөөн цахилгаан машин, робот, хамгийн гол нь хиймэл оюун ухааны салбарт өрнөж байна. Ялангуяа хиймэл оюун ухааны салбарт хэрхэн өрсөлдөж байгаагаар нь харилцааных нь өнгө төрхийг тодорхойлж болж байна. Энэ салбарт ялалтаа тунхаглаж чадсан тал нь урт хугацаанд дэлхий дахинд ноёрхох байр суурьтай байх нь ойлгомжтой. АНУ энэ тал дээр одоохондоо давуу талтай байгаа боловч Хятадын хувьд цаг сайхан байхад хиймэл оюуны салбарын шилдэг боловсон хүчнээ Америкт нь хангалттай хэмжээнд бэлтгээд авч чадсан. Дээр нь Төрийн хүчтэй дэмжлэгтэй зэрэг нь америкчуудын хувьд том дарамт, сорилт болж байна. Нөгөө талаар өндөр зэрэглэлийн чип үйлдвэрлэлийн салбарт том цөмрөлт, үсрэлт хийхээр асар их хөрөнгө хүч хаяж байгаа нь түрүүчээсээ үр дүнгээ өгч эхлэв бололтой.
Д.Баярхүү: – Та бид хоёр “China was a part of Mongolia” гэх face group-ээсээ халиад Хятад-Америкийн харилцаа руу орж явчив аа даа янз нь. Том панфлет түүх бичигдэнэ л дээ. “Хүйтэн дайн”-ы үед Зөвлөлтийн эсрэг бараг холбоотон болохын босгон дээр Хятад, Америк хоёр хоршиж байв. 1984 онд Рейган Хятадад төрийн айлчлал хийж, тэр айлчлалыг империализм-маоизмын үгсэл хуйвалдаан хэмээн бид зүхэж бичдэг байлаа шүү дээ. Тэр ч яахав. Одоо Орос-Украины дайны өнгөн дээр Хятад нь хоёрдмол, ацалсан, Путинд туслах боловч АНУ ба Өрнөдөөсөө санхүү-эдийн засгийн санкцанд орчихно гэсэн болгоомжлол бүхий бодлого барьж байна. АНУ-ын шахалтаар Хятадын банкнууд Оростой төлбөр тооцоо хийхээ болих дээрээ тулж ч байх шиг. Харин хиймэл оюуны салбарт ийм дээрээ тултал зөрчилдлөө гэдэг шинэ сонин мэдээлэл байна.
Д.Болдбаатар: – Энэ талаар би нэлээд судалгаа хийсэн, олон ч эх сурвалжтай ажиллаж байна. Энэ хоёр их гүрэн хиймэл оюуны салбарт шийдвэрлэх ялалт байгуулахад нь адилхан маш том бэрхшээл саад учирч байх бололтой. Тэр нь эрчим хүчний асар их нөөцтэй байх шаардлага тулгараад буй хэрэг юм. Саяхан Дональд Трамп Элон Масктай твиттерээр шууд ярилцлага хийх үеэр хиймэл оюуны салбарын найдвартай хөгжлийг хангахын тулд АНУ-д одоо үйлдвэрлэж байгаагаас хоёр дахин их цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шаардлагатай тухай ярьж байна лээ. Одоогийн байдлаар Google компани гэхэд л хиймэл оюуныг хөгжүүлж боловсруулахад бүхэл бүтэн Нидерландын хэрэглээтэй тэнцэх хэмжээний тог цахилгаан зарцуулж байна гэсэн мэдээ явж байна. Ердөө 2026 он гэхэд дэлхий нийтийн хэмжээнд хиймэл оюуныг хөгжүүлэхэд дэлхийн эдийн засгийн дөрөвдөгч том гүрэн болох Япон улсын зарцуулдагтай тэнцүү хэмжээний тог цахилгаан хэрэглэх тооцоо байна. Энэ үзүүлэлт цаашдаа геометрийн прогрессоор өсөх нь тодорхой. Тэгвэл Америк, Хятадын өрсөлдөөний гол талбарт дутагдаж байгаа цахилгаан эрчим хүчний нөөцийг хангах тал дээр Монгол Улс маш том үүрэг гүйцэтгэх боломжтой нь надад харагдаад байна.
Д.Баярхүү: – Бодвол бидний хийсэн бус, америк, хятадын хийсэн тооцоо судалгаан дээр суурилсан боломжийн тухай юу? Сонирхолтой байна. Өөрийн дотоодын өчүүхэн хэрэгцээнийхээ багагүй хэсгийг гадаадаас импортлон авдаг манай улс яахлаараа Америк, Хятад хоёр их гүрний дунд тун магадгүй ойрын үед эхлэх цахилгаан эрчим хүчний салбарын өрсөлдөөнд онцгой үүрэг гүйцэтгэх магадлалтай болчихдог билээ хэмээн монголчууд сортолзоод сонирхоод эхэлнэ л дээ? Монголчууд заавал тэгж асууж таарна. Төр, засгийнхан ч анхааралдаа авч таарна.
Д.Болдбаатар: – Энэ бол тун сонирхолтой сэдэв, сонирхолтой асуудал. Энэ талаар Хятадад ч, Америкт ч бүр нэлээд дээхнэ үеэс эрчимтэй судалгаа хийгдэж эхэлсэн гэж ойлгогддог. 2006 онд бил үү дээ. Монгол Улс нарны эрчим хүчний нөөцөөр дэлхийд гуравдугаарт орж байгаа талаар америкийн эрдэмтдийн судалгааны дүн байдаг тухай уншиж байсан. Тэгвэл саяхан “Хятадын эрчим хүч” сэтгүүлд “Монголын нар, салхины эрчим хүчний нөөц Хятадын эрчим хүчний нийт хэрэглээний гуравны нэгийг хангах боломжтой” тухай дурдсан байна билээ. Би өөрийнхөө олж уншсаныг ярьж байна. Одоо бол АНУ эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээний 5 хувийг нарны үүсгүүрээс, харин 9 хувийг салхины цахилгаан станцаас үйлдвэрлэж байгаа гэж үзвэл “Хятадын эрчим хүч” сэтгүүлийн дээрх дүгнэлт үнэний ортой байж болно. Америкчуудын хувьд нарны батарей үйлдвэрлэхэд нь түүний үндсэн гол түүхий эд болох газрын ховор элемент онцгой ихээр шаардлагатай. Тэр нь АНУ-д байхгүй болохоор Хятадад үйлдвэрлэсэн нарны цахилгаан үүсгүүрээс үнэ өртөг нь даруй 10 дахин өндөр болчхоод байгаа нь энэ салбарын өрсөлдөөнд маш ашиггүй, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх нь тодорхой. Нөгөө талаар Америк шиг хар салхи–тайфун торнадо жил болгон тохиодог газар салхин сэнсээр цахилгаан үйлдвэрлэх нь төдийлөн тохиромжтой тогтвортой эх үүсвэр болж чаддаггүй нь батлагджээ. Тийм болохоор Америкийн олон газарт салхин сэнсийг буулгаж газарт булж байгаа нь эдийн засгийн хувьд үр ашиггүй маш их зардал гаргаж байгаа болов уу.
Д.Баярхүү: – Монгол Улс маш том үүрэг гүйцэтгэх боломжтой талаас нь? Тэр л онц чухал сэдэв.
Д.Болдбаатар: – Манай улс нарны цахилгаан үүсгүүр үйлдвэрлэхэд нь хэрэг болох түүхий эдийн баялаг нөөцтэй. Шууд хэлбэл газрын ховор элементийн баялаг нөөцтэй. Монголын эх газрын талын салхи шуурга цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд тохиромжтой. Зөвхөн энэ хоёр үзүүлэлт гэхэд л Монгол, Америк хоёр улс энэ салбарын өргөн хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж бүрдүүлнэ. Нар салхины эрчим хүчний асар их нөөцтэй Монгол Улс хиймэл оюуныг хөгжүүлэхэд онцгой чухал дэвсгэр суурьтай болохыг америкчууд угтан харсан нь гарцаагүй гэж л би үзээд байгаа юм. Хэрэв энэ салбарт найдвартай хамтын ажиллагаа хөгжүүлж чадвал алсдаа Америк, Хятадын харилцаа хэвийн болох үед дэлхийн хоёрдох том зах зээл дээр цахилгаан эрчим хүчний том борлуулалт хийгээд ашиг олох боломжийг ч тооцсон байж таарна.
Д.Баярхүү: – Америк-Хятадын харилцаа алсдаа хэвийн болох гэж хэдий хугацааны асуудал вэ? Ямар нэгэн баримжаа хугацаа байна уу? Тэр болтол монголчууд хүлээж суух хэрэг үү?
Д.Болдбаатар: – Би баримттай ярина. Тань шиг л эшлэл авах дуртай. АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд нь саяхан “Америк-Хятадын сөргөлдөөн наанадаж 10 жил үргэлжлэх төлөвтэй байна” гэж мэдэгдсэн байна лээ. “Мөнхийн найз, мөнхийн дайсан гэж үгүй. Харин мөнхийн эрх ашиг гэж байдаг” хэмээх онч мэргэн үгийг бодолцвол дээрх дүгнэлт байж болох бүрэн үндэслэлтэй юм. Харин Монголын газрын ховор элемент, нар салхины эрчим хүчний асар их нөөцийн тухайд бол бидний стратегийн гуравдагч гол хөрш АНУ асар их сонирхож байгаа нь дээр дурдсан бүхнээс аяндаа ойлгогдоно. Монгол-Америкийн Эрчим хүчний яриа хэлэлцээг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцоно гэсэн албаны мэдээ ч үүнийг хэлээд өгч байна. Тийм учраас л энэ байдлыг ойлгосон хятадууд боож үхэхэд бор шидэмс дутна гээч болж байгааг олж харахад төвөгтэй биш. “Далай лам” гэдэг нэрийг дотоодын сүлжээнээсээ бүрэн хасаж чадсан, сүлжээний аюулгүй байдлаа онцгой анхаардаг Хятадын хувьд “тодорхой бүлэглэл” гал хамгаалах үзэл суртлын тэр хана хэрмийг даван гарч ирээд монголчууд руу дайрч давшилсан үг хэл үүсгээд байгаа нь Монгол-Америкийн Эрчим хүчний хамтын ажиллагаанаас үүдэлтэй хэмээн үзэх бүрэн үндэстэй.
Д.Баярхүү: – Далай ламын хувьд бол ойлгомжтой. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглалд “Монголын тал БНХАУ-ын Засгийн газар нь нийт Хятадыг төлөөлөх цорын ганц хууль ёсны Засгийн газар гэж үздэгээ нотлов. Монголын тал Тайвань, Төвд, Шинжааны асуудлаарх хятадын талын байр суурийг тууштай дэмжинэ” гээд заачихсан байгаа. Тэр заалтаасаа манай улс хазайхгүй мөрдөөд явж байна.
Д.Болдбаатар: –Харин тийм. Тэр амлалтдаа Монгол Улс үнэнч байгаа гэдгийг хятад нөхөд мэдэхийн цаагуур мэдэж байгаа л даа. Тэгээд л Далай лам” гэдэг нэрийг дотоодын сүлжээнээсээ бүрэн хассан байх.
Д.Баярхүү: – Нэгэнт сэдэв хазайгаад явсан тул мэдээллийн журмаар санаа сэдэл өгөх зорилгоор санал бодлоосоо хуваалцъя. Шашин гэснээс нэг чухал тайлбар хэлье. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 2023 онд буюу өнгөрсөн оны өдийд манай улсад айлчлахдаа “Монгол Улс бол шашин шүтлэгийн эрх чөлөөний билэг тэмдэг” хэмээн өргөмжилсөн шүү дээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Есдүгээр зүйлийг аваад үз. “1. Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ. 2. Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй. 3. Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” гэсэн заалт бий. Монголчууд энэ заалтаасаа айхтар хазайгаад явчихсан гэж би үздэггүй. Бид хоёрын ярилцаж байгаа сэдэвтэй холбоо бүхий өөр нэг өнцөг байна. Нуугаад яахав. Би уулзсан сонссоноо л асууя. Манай шашны зарим зүтгэлтэн ярьж байх юм. Юу гэвэл Хятадын талаас албан бус, далд хэлбэрээр манайх руу тавьж буй шаардлага бий, тэр нь “Монголын шинээр тодорсон Х Богд нь АНУ-д төрсөн, Дарамсала орж Далай ламаар батламжлагдсан, үүний цаана АНУ-ын бодлого нуугдаж байна. Иймээс Х Богдыг нь Хятадын Буддын шашны тэргүүн Банчинбогдод шавь оруулах хэрэгтэй” гэх маягийн байр сууриа албан бус шугамаар илэрхийлдэг гэж байх юм. Энэ үнэн үү? Нөгөө олон мянган чингэлгээ Хятадын боомтод түгжүүлсэн зарим иргэд ч “Энэ арваас боллоо” хэмээн хэл үг таталсан тухай мэр сэр дуулддаг. 2019 онд Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулгандаа Хятадын Буддын шашны тэргүүн Банчинбогдыг хүндэт зочноор урьж оролцуулаач гэсэн хүсэлтийг Хятадын талаас тавьсан гэх мэдээ сонсож байсан. Ингэхлээр монголчуудын шашин шүтэх эрх рүү гаднаас нөлөөлөх гэсэн оролдлого яваад байна уу, Та юу гэж үзэж байна?
Д.Болдбаатар: – Тэр тийм байх. Шашин шүтлэг бол эмзэг атлаа Монгол шиг эрх чөлөөтэй, ардчилсан улсад дээрээс хориглож болдоггүй, төр нь шашнаа захирах боломжгүй асуудал юм. Би тэгж үздэг. Монголчууд, монгол өрх гэр, гэр бүлийн доторх хувь хүн ямар шашин шүтэхийг дээрээс хянаад албадаад байна гэдэг үлгэр болно. Хятад нөхөд ч үүнийг ойлгох байх. Далай ламыг шүтэхээ боль гэж Монголын Төр, засаг албадах ямар ч нөхцөлгүйг бас ойлгох биз ээ. Таны эш татсанаар “Монгол Улс бол шашин шүтлэгийн эрх чөлөөний билэг тэмдэг” хэмээн Ромын Пап монголчуудыг ховсдох гэж хэлчхээгүй байх. Гэхдээ би энд шашны асуудлаас илүүтэй Монгол-Хятадын харилцааны ил далд зөрчлийн цаадын цаад утга начир нь Монгол-Америкийн Эрчим хүчний хамтын ажиллагаа, түүнд эмзэглэсэн Хятадын байр суурь гэж үзэж байна.
Д.Баярхүү: – Уучлаарай, Та түрүүн “Далай лам” гэдэг нэрийг дотоодын сүлжээнээсээ бүрэн хасаж чадсан гэснээс үүдээд би сэдвээсээ бага зэрэг хазайчихлаа. Таныхаар бол зөрчлийн цаана Хятадын бизнесийн эрх ашиг л яваад байна гэж хэлэх гээд байна даа?
Д.Болдбаатар: – Яг тийм. Тэгж л яриад байна. Хятадуудын санааг тэр шашнаас илүүтэй манай орны газрын ховор элемент, нар салхины эрчим хүчний асар их нөөц илүү ихээр зовоож шаналгаж байна. Харин манай нийгмийн хувьд тэр болгон хүн анзаардаггүй өөр нэг далд нөөц байгаа нь Монгол-Америкийн хамтын ажиллагаанд бүр илүү чухал байр суурьтай байж мэдэх талаар одоо өгүүлье. Ер нь ч энэ хөндөх асуудал удахгүй эхлэхээр тохиролцсон Монгол-Америкийн Эрчим хүчний хамтын ажиллагааны тухай хэлэлцээн дээр хөндөгдөж яригдах нь бараг тодорхой байж таарна.Тэр юу вэ гэвэл, Орос-Украины дайн дэгдсэний дараа дэлхийн голлох улс орнууд эрчим хүчний илүү найдвартай эх үүсвэрийн эрэлд гарцгаасан. Япон, Тайвань, Өмнөд Солонгост цөмийн бичил цахилгаан станц руу онцгой анхаарч байна. Тэдний хувьд бичил хэмээгдэж байгаа боловч нэг удаагийн түлш цэнэглэлтээр 30 жил тасралтгүй ажиллах боломжтой, ердөө 40 тонны чингэлэгт багтах хэмжээний тэрхүү төхөөрөмж 400 мянган хүний хэрэглээг найдвартай хангана гэдэг утгаар авч үзвэл манай улсын хувьд юуны түрүүнд шүүрч аваад хэрэгжүүлмээр төсөл гэж санагддаг л даа.
–Үргэлжлэл бий