Эрх чөлөөт, ардчилсан Монгол "агаарын сэгсрэлтийн бүс"-д орж байна! Дарангуйлал айсуй!

Уг нь бидний үеийнхэн дарангуйлал, захиргаадалтын доор амьдрахын гуриаг мэднэ. Гэхдээ зарим хэсэг маань "эрх чөлөөтэй байхаар заагдсан"-даа залхжээ.

Өөрийнхөө хувь заяаг өөрөө хариуцаж, байнга чөлөөт сонголт хийх "ял оноосон" эрх чөлөөтэй явсаар ядарчээ. Төрд, өөрийн амьдрал хувь заяагаа даатгачихдаг төвөггүй байдлаа санажээ. Насан турш шоронгоор явсан хүн шоронгоо санадаг шиг! 

Бас хажуугаар нь дарлуулж, захиргаадуулж байх үедээ битүүхэн аваад зуршчихсан мазохист, садист маягийн таашаалаа санажээ.

Даргадаа зад загнуулж, доодхоо зад загнаж кайф авдаг байсан олон хүн, даргын засаглалыг тогтоож асан захиргаадалтын үеээ дахин хүсэж байна. Тэд, хуулийн засаглал дор эрх чөлөөтэй байх байдлаас сэтгэл ханамж авахгүй байна. Чанга гар, дэг журам гээчийг нэхэхдээ мөнөөх "битүүхэн сэтгэл ханамж" өгдөг даргын засаглал буюу захиргаадалтаа нэхэж буй!




Ийнхүү маний үеийн олон хүн, дарангуйлал эргэн ирж буй сургийг дуулаад баярлацгааж байна!

Бидний үеийнхэн дарангуйлал дор амиа хоохойлоод амьдарч чадна. Яагаад гэвэл тийм нийгэмд төрж өссөн юм болохоор.

Харин, өнөөгийн дөчөөд насныхнаас доош насныхан бол чадахгүй. Тэд эрх чөлөөнд эрхэлж өссөн. Тэд дарангуйлалд хүчиндүүлэхийг биеэр үзээгүй. 

Манай залуус дарангуйлал ямар болохыг төсөөлөх ч үгүй. Магадгүй тэд, бид бас Хойд Солонгос, Венесуэл зэрэг дарангуйллын туйлширсан дэглэмтэй улсын тухай сонсож, харж байгаа гэж мэтгэж мэднэ. Гэхдээ сонсох харах нэг хэрэг, биеэрээ үзэж туулах гэдэг бүр өөр хэрэг юм.

Дарангуйлагч таалалдаа нийцээгүй бүгдийг хүчинддэг. Тийм цаг тохиоход өнөөгийн манай залуус, ганц олдох амьдралынхаа үнэ цэнийг ухаарч, "бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовъё" хэмээх Монголын гайхамшигт "мессеж"-ийн гүн утгыг биеэр мэдрэх болно. Гэхдээ хожимдсон байх болно. Зүгээр л гасалж хэвтэх болно.

Дарангуйллын доор орсон золгүй хүмүүсийн тухай сэтгэлд тултал илэрхийлэхэд ямар ч суу билэгтэй найрагчийн үг дутдаг нь үнэхээр гай шүү! Үг хүрдэгсэн бол "шорон"-гоо нэхэн дурсах маний үеийнхний балагт "үглэл дуулал"-д өлгийдүүлж өсөөд төөрсөн залуу үеэ дарангуйллын аюулаас хамгаалж чадах байлаа. Даанч, үг дутсан газар биеэр үздэг хойно яалтай билээ.

Гэхдээ, "рецетив захиргаадагчид"-д уруу татагдаад дарангуйлал руу тэмүүлэх залуусаа, тэнэглэлээс нь хамгаалж чаддаггүй юмаа гэхэд ядахдаа, дарангуйллын дэглэмийг биеэр үзэж мэдсэн хүний хувьд би, аюулгүй байдлын заавар буюу дарангуйлалд бэлдэх зааврыг бол өгч чадна аа!


Нэгдүгээр заавар: "Ногоон малгайтан" болж болзошгүй хүмүүсийг
хэрхэн сэмхэн бүртгэх тухай

Энэ заавар нилээд хойгуур бичигдэх ёстой юм. Яагаад гэвэл Монголд тогтох дарангуйлал юу юугүй шууд терророор эхэлж чадахгүй байх. Баабарын хэлдэгчлэн "тайван шилжилт" болох байх.

Гэхдээ, манай интернэт орон зайг харах юм бол хүчирхийлэлд адган тэмүүлж байгаа этгээдүүдийн тоо хэвийн нийгэмд байдаг 3 хувийн хэмжээнээс маш хол давсан байна. Тийм учраас хүчирхийллийг гардан хийх хүмүүс буюу "ногоон малгайтан" болж болзошгүй хүмүүсийг сэмхэн бүртгэх зааврыг хамгийн эхэнд орууллаа. 

Хүчирхийлэлд донтох хүмүүс дотроо төрмөл ба олдмол гэж хоёр янз байдаг. Төрмөл нь бас дотроо хоёр янз. Шалтгаангүйгээр шууд өдөөгддөг болон нөхцөлтэй өдөөгддөг гэсэн хоёр янз.

(үргэлжлэл бий)