-Сайхан хаваржиж байна уу. Та Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед түүний ОХУ-тай харилцах бие төлөөлөгчөөр ажиллаж байсан. Одоо ямар ажил эрхэлж байна вэ?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа дуусахаар мэдээж би бас чөлөөлөгдөж таарна шүү дээ. Одоо би Шадар сайдын болон Зам, тээврийн хөгжлийн сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Шадар сайд маань Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссыг Монголын талаас даргалдаг. Тэгээд надад орон тооны бус зөвлөхөөр ажиллах санал тавьсан юм.

-ОХУ-ын талтай төмөр замын дамжин өнгөрөх тээврийн тарифын асуудлаар хийсэн хэлэлцээрт гарын үсэг зурах гэж байна. Та энэ талаар хамгийн сайн мэдэх хүний хувьд хэр ач холбогдол өгч байна вэ. Дипломат арга хэмжээний нөлөө тодорхой хэмжээнд байсан уу?

-Энэ талаар салбар яамныхнаас асуусан нь дээр. Дипломат тактик байв уу гэж их хардах юм. Би хувьдаа тийм арга тактик ороогүй гэж боддог. Цаг үе, нөхцөл байдалтай холбоотой байсан гэж ойлгож болно. Оросын тал судална, тооцоо хийнэ. Тэр үед болон одоо ажиллаж буй хүмүүсээс бас шалтгаална. Энэ асуудлыг ер нь Х.Баттулга сайдын үед л ярьж эхэлсэн. Яагаад есөн жил шийдэгдээгүй өнөөг хүрэв гэдгийн гол шалтгаан нь эдийн засгийн үр ашгийн тооцоо л доо.

-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын айлчлалын товыг болон айлчлалыг та анхааралтай ажиглаж байна уу. Хэн нь аль улсад, хэзээ айлчилж, ямар асуудал шийдэж байгаа талаар судлаач, ажиглагчид байтугай олон нийт анхаарч янз бүрийн таамаглал дэвшүүлдэг болсон байна шүү дээ.

-Манай улсын төр, засгийн тэргүүний айлчлалын үеэр шийдэгдэх асуудал ер нь тодорхой байдаг. Жишээ нь, бидэнд хөршүүдтэйгээ хилийн талаар маргаантай, улс төрийн хувьд зөрчилтэй асуудал байхгүй. Гол нь эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал л байна шүү дээ.

-Та ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан, тэдний Ерөнхийлөгчийн Тамгын газрынхантай одоо ч холбоотой байдаг хүний хувьд хэлээд өгөөч. Манай Ерөнхийлөгчийг Кремль хүлээж авах зөвшөөрөл өгөөгүй байна гэдэг албан бус яриа хэр ортой бол. Хэрэв үнэн бол шалтгаан нь юундаа байна вэ?

-Цаад тал хүлээж авахад бэлэн үү, үгүй юу гэдэг бол байдаг л асуудал шүү дээ. Айлчлалд бэлтгэхэд айлчлалын агуулга гэж чухал юм бий. Төрийн айлчлал байх уу, ажлын айлчлал байх уу, ямар асуудлыг шийдэж, ямар баримт бичгүүдэд гарын үсэг зурах вэ гээд бэлтгэл хэрэгтэй. Хоёр том хөрш маань их гүрнүүд. Их гүрний удирдагчдын ажлын цагийн хуваарь өөр. Айлчлал бүхэн чухал. Уулзчихаад зургаа авахуулаад ирэх хэмжээнд хийсвэрлэн ойлгож болохгүй. Манайхан гуравдагч хөрш гэж их ярих болсон. Гуравдагч хөрш чухал. Гэхдээ энэ хоёр хөршийн маань аль нэгийг заавал дамжиж очдогийг мартаж болохгүй.

-Хятад, Монголын харилцааны тухайд?

-Манайхны зарим нь Монгол маань геополитикийн хувьд их “тэнэг” байрлалтай гэдэг юм. Харин ч эсрэгээр хэлэх байна. Өнөөдөр бүх улс орон Хятадтай худалдаа хийхийг хүсч байна. Газрын зургийг хар даа. Хятадын нутаг руу бараг ухаад орчихсон мэт байрлалтай харагдаж байгаа биз дээ. Хятадтай эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх, бүс нутгийн интеграцчлалд оролцох гээд бусад орныг атаархуулах юм олон бий. ОХУ ч мөн адил. Байгалийн асар их баялагтай. “Нэг оронд ийм их баялаг заяасан нь шударга биш байна” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан М.Олбрайт дуу алдсан гээд дуулиан болж байсан шүү дээ. Баялаг арвинтай, худалдан авах чадвар өндөртэй хоёр их гүрний дундаас яагаад бид хожихгүй гэж. Хятадын “Нэг бүс, нэг зам” бодлогын цаана түүхий эдийн эрэлт бий. Хүн ам олонтой орны хувьд хэрэглээгээ хангах, эдийн засгаа хөгжүүлэх том зорилт цаг үргэлж тулгарч байна. Хятад хүний хэрэглээ урьд урьдынхаас эрс өсч, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 750 ам.долларт хүрчихлээ. Манай эдийн засаг хүссэн хүсээгүй Хятадаас ч, ОХУ-аас ч хараат байдаг. Одоо харин нэмээд ОУВС-аас хараат болчихлоо.

-Хараат нөхцөл яах аргагүй байдаг ч энэ харилцаагаа хөршийн хэмжээнд барих нь илүү чухал байх. Ингэхэд Хятад биднийг хөршөө гэж хандаж байна уу, үгүй юу гэдэг ч эргэлзээтэй болчихоод байна. Монголын эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой, бидэнд амласан бүхнээ бидэнгүйгээр хийсээр байна. Бид тэдний урьсан хөгжлийн галт тэргэнд сууж чадах уу, даллаад хоцрох уу гэдэг нь манай эрх баригчдаас л шалтгаална, тийм үү?

-Хятад улс хөрш орнуудтайгаа харилцан ашигтай хамтарч ажиллана, эв найрамдалтайгаар хамтдаа хөгжинө гэж зарлаад байгаа. Үүнд би хувьдаа итгээд байгаа юм. Би гэнэн байж болно. Гэхдээ итгэж байна. 

-Ши Жиньпин дарга өнгөрсөн баасан гаригт Шинзо Абэтэй, Мүн Жэ Интэй хамтын ажиллагаагаа бататгах сэдвээр утсаар ярилаа. Манай дарга нар руу ч гэсэн ярьдаг л байг л дээ.

-Энд чинь дарга удирдагчдын хоорондынхоос илүү тухайн хоёр орны харилцаа чухал шүү дээ. Түүнээс биш Япон, Солонгосын дараа Монголыг тавьсан хэрэг биш ээ. Одоо манай Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж зэргийг том төсөл гээд ярьж байна. Би үүнээс том төслийн тухай ярих хэрэгтэй гэж боддог. Тухайлбал, Орос, Хятадыг холбосон төслүүд жинхэнэ мега төслүүд юм шүү дээ.  Жишээ нь, хийн хоолойн төслийг нэрлэж болно. Үүн дээр яг өөрийн чинь хэлсэн шиг Монголыг тойруулчихлаа гэж гомдоллох хүн олон байна. Эдийн засгийн хувьд ашигтай бол дайруулаад, ашиггүй бол тойруулаад л хийнэ шүү дээ. “Сила Сибири” хэмээх хийн хоолойн төслийн тухайд Ази, Номхон далайн орнуудын зах зээлд гарах гэж анхнаасаа Номхон далайн боомтуудад л хүрэх зорилготой төсөл учраас үүнд бид эмзэглэх хэрэггүй. 

-Эдийн засгийн коридорийн талаарх төсөл хөтөлбөрүүдээс хийн хоолойн төсөл маш чухал. Та энэ талаар олон ч нийтлэл бичсэн. Тэдгээр нийтлэл, тэнд дурдсан санаа шийдвэр гаргагчдад хүрсэн эсэхийг мэдэхгүй юм. Одоо танд харагдаж байгаагаар хийн хоолойн төслийг Монголд ашигтайгаар хэрэгжүүлэх, Монголыг багтаах ямар боломж байна вэ?

-Тийм ээ, үнэн. Энэ бол цаг нь болчихсон, бас хоцорч мэдэх, хоцорвол том ашиг алдах төсөл. Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны протоколд хийн хоолой тавих төслийг судална гэж орсон. Ерөнхий сайд энэ талаар сая БНХАУ-д айлчлахдаа асуудал тавьсан. Хятадын тал судалж, нааштайгаар шийдвэрлэх талаар анхаарч ажиллая гэсэн хариу өгчихлөө. Одоо яриад л яваад байх хэрэгтэй. Хэрэвзээ хийн хоолой манайхаар дайран өнгөрөх юм бол бид нутаг дээгүүрээ хий дамжуулсны төлбөр авна, Улаанбаатарын утааны асуудлыг иж бүрэн шийднэ гээд олон талын ашигтай л даа.

-Яагаад үүнийг одоо л ярихгүй бол болохгүй, цаг нь ирсэн гээд байгаа юм бэ. Зөвхөн утааны асуудал биш гэдэг нь ойлгомжтой шүү дээ?

-Эрхүүгээс 400 гаруй километрийн цаана байдаг Ковыктын байгалийн хийн томоохон ордоос (тогтоогдсон нөөц нь 1900 тэрбум шоо метр) Эрхүү хүртэл хоолой тавих гэж байгаа. Хэрэв Эрхүү хүртэл хоолой тавих юм бол түүнийг үргэлжлүүлээд манай улсын нутгаар дайруулан Бээжин хүртэл тавьж болох тул энэ тухай нэн даруй ярьж эхлэх хэрэгтэй. Хятад улс “Цэвэр хөх тэнгэрийн дор амьдаръя” гэдэг уриа дэвшүүлээд эхний ээлжинд Бээжин орчмын агаарын бохирдлыг бууруулах асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед энэ төсөл дэмжлэг авах магадлал тун өндөр гэж бодож байна. Уг хоолойн маршрут нь трансмонголын буюу УБТЗ болон автозамын дагуу голдуу тал хээрийн нутгаар өнгөрөх учраас богино хугацаанд барих бололцоотой. Тухайн үед Ковыктын ордын лиценз эзэмшиж байсан “РУСИА Петролеум” компани энэ маршрутаар хоолой барих урьдчилсан судалгааг бүр 2000 онд хийсэн байдаг. Уг судалгаанд Монголын нутгаар өнгөрөх хоолойг гурван жилд, компрессорын найман станцыг дөрвөн жилд багтаан барина гэж тооцжээ. Барилгын ажлын оргил үед 3700 хүн, барьж дууссаны дараа 1354 хүн тогтмол ажиллана гэх мэтээр нарийн тооцоо гаргасан байна лээ. Оросын “Газпром” компаний шинжлэх ухаан-техникийн төвийн судалгаагаар хийн аж ахуйн салбарын нэг ажилтныг дагаад эдийн засгийн бусад салбарт 4-6 ажлын байр шинээр бий болдог байна. Манай улсын байгалийн хийн жилийн хэрэгцээ нэг тэрбум орчим шоо метр гэнэ. БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны албаны хүмүүстэй уулзахад ч тэд хэрэв Оросын тал зөвшөөрвөл хийн хоолойг Монголын нутгаар дайруулахад татгалзах зүйлгүй гэж ярьж байсан. Сая Ерөнхий сайдын айлчлалын үеэр ч баталгаажуулаад хэлчих шиг боллоо. Тэгээд ч гол хэрэглэгч нь Бээжин гээд бодоход хамгийн дөт зам нь Монголоор дайруулах явдал юм. Улс төрийн нэг момент бий. Тэр нь юу вэ гэвэл худалдагч, худалдан авагч хоёр гуравдагч орноор дамжуулах дургүй байдаг. Украинаас болоод ийм хандлагатай болчихлоо шүү дээ. Тиймээс Монголын тал энэ тухай яриа хэлэлцээндээ Монгол бол Украин биш гэдгээ л ойлгуулах хэрэгтэй. Украин бол Монголоос 15 дахин их буюу 45 сая хүн амтай. Хүнд үйлдвэр, металлургийн болон химийн үйлдвэрүүд ихээхэн хөгжсөн учраас хийн асар өндөр хэрэглээтэй. Монголд бол тийм өндөр хэрэглээ байхгүй, хамгийн дөт замаар тээвэрлэх боломжтой гэдгээ сайн ойлгуулах ёстой. Нефтийн хоолойн хувьд гэвэл ОХУ-ын Сковородиногоос БНХАУ-ын Дачин хүртэлх хоолойг 2011 онд ашиглалтад оруулсан. Иймээс манайхаар дамжуулж нефтийн шинэ хоолой тавих асуудлыг ойрын үед бараг л ярихгүй болов уу. Харин Монголын нутгаар дайруулан төмөр замаар нефть нийлүүлэх сонирхолтой байгаа.

-Энэ талаар та одоогийн эрх баригчдад танилцуулж байв уу. Хэрхэн хүлээн авч байна вэ?

-Би ямар ч байсан нийтлэлүүд бичээд, олон улсын хурал зөвлөгөөн, форумуудад илтгэл тавиад явж байна. Манайхнаас илүү гаднынхан их сонирхож байна. Өнгөрсөн жил би БНХАУ руу хэд хэдэн удаа явлаа. Олон улсын хоёр форум, Монгол, Орос, Хятадад болсон хуралдаануудад оролцож, Эдийн засгийн коридор, гурван орны эдийн засгийн харилцааны сэдвээр илтгэл тавьсан. Өөрсдийгөө шантралгүй байнга танилцуулж, саналаа зөв тавьж чадвал хөрөнгө оруулагчид болон олон улсын банк санхүүгийн байгууллагууд хүртэл сонирхож дэмжинэ. Үүнд эргэлзэх хэрэггүй.

-Тухайлбал, ямар хөрөнгө оруулагчид сонирхож байна вэ? Ямар эх үүсвэрүүд байж болохоор байна?

-Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байна. Дүрмийн сандаа 100 тэрбум ам.доллартай. “Торгоны зам” сан л гэхэд “Нэг бүс, нэг зам” төсөлд хөрөнгө оруулалт хийгээд эхэлчихсэн. Пакистанд 15 тэрбум ам.доллар, ОХУ-ын “Новатек” компанид нэг тэрбум ам.долларын зээл өгчихлөө. Томоохон хөрөнгө оруулагчид том төслийг сонирхож байна. Тэгэхэд бид нэг яамны хэмжээний ажил болох цэвэрлэх байгууламжаар хязгаарлагдаж болохгүй. Бид л очиж саналаа тавихгүй бол танай улсад хөрөнгө оруулчихмаар төсөл байна уу гэж, жишээ нь, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк гуйж ирэхгүй. Том төслүүдээ судлах ёстой, тайлбарлан таниулах хэрэгтэй.

-Хий дамжуулах хоолой барих төсөл маань Монгол, ОХУ, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтад байгаа. Хэрэгжинэ гэсэн баталгаа гэж ойлгож болох уу?

-“Тодорхой санал гарсан тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулж ОХУ-аас БНХАУ руу газрын тос болон хий дамжуулах хоолой барих эдийн засгийн үндэслэлийг судална” гэж уг хөтөлбөрт заасан байна. Яаж санхүүжүүлэхийг ч тодорхой тусгасан. Хөтөлбөрт хамрагдсан төслүүдийн санхүүжилтийг төр–хувийн хэвшил, төр–хувийн хэвшлийн түншлэл, мөн олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрээс, түүний дотор Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, БРИКС-ийн хөгжлийн шинэ банк, Торгоны зам сан зэрэг байгууллагын санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр тухай бүрт нь тусгайлан тохиролцсоны дагуу хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөр нь түүнд талууд гарын үсэг зурснаас хойш таван жилийн дотор хэрэгжинэ гээд монгол, орос, хятад хэлээр бичиж гарын үсгээр баталгаажуулсан байна.

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн шадар туслах И.Е.Левитинтай Та холбоотой байдаг.  Сая хүртэл ЗГХК-ын хуралдааны үеэр Москвад уулзсан гэсэн. Та хоёр юуны тухай ярьснаа дэлгэж болохгүй юу?

-Дээр би томоохон төслүүдээ судалж байдаг байгууллага хэрэгтэй байна гэж хэлсэн дээ. Үүнийг өчигдөрхөн байгуулагдсан хувийн компани хийж чадахгүй. Дүрмийн сандаа 100 тэрбум ам.доллартай Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, 40 тэрбум ам.доллартай “Торгоны зам сан” тийм шинэ компанитай ярихгүй. Төрийн байгууллага бас хэцүү. Танайх Засгийн газраа өөрчлөхдөө хүмүүсийг нь сольчихно, хамтрахад хэцүү гэдэг. Тиймээс “Эрдэнэс Монгол” шиг гадныханд танигдсан, банк, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын байгууллагуудтай яриа хэлэлцээ хийх туршлагатай байгууллага хэрэгтэй юм. Энэ компани чинь үйл ажиллагааны хүрээ томтой, аль нэг яамны харьяа биш шууд Засгийн газартаа харьяалагдаж байгаа биз дээ. Миний бие “Олон улсын санхүү, хөрөнгө оруулалтын төсөл судалгааны төв байгуулах төсөл” хийснээ танилцуулж эхлээд байна. Монголоос “Эрдэнэс Монгол”, Хятадаас “Торгоны зам сан”, ОХУ-аас Евроазийн эдийн засгийн холбооны хөгжлийн банк байж болох юм. Оролцогч байгууллагын төлөөлөл нь ТУЗ-д орж, мэргэжлийн хүмүүсийг ажиллуулна. Нэг талаас энэ хөтөлбөр Монгол Улстай шууд хамааралтай, нөгөө талаас манайх ОХУ, БНХАУ-ын дунд байрладаг учраас  энэхүү олон улсын төвийг Улаанбаатарт байгуулах нь зүйтэй юм. Санхүүжилтийн хувьд эхний ээлжинд дүрмийн сангийн хөрөнгөөр санхүүжинэ. Цаашдаа өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана. Эдийн засгийн коридорын төсөл яригдаж байх үед би энэ төвийн талаар И.Е.Левитинд ярьсан нь үнэн. И.Е.Левитин “Нэг бүс, нэг зам” санаачилгад ОХУ Евроазийн эдийн засгийн холбоог төлөөлж оролцоно, Евроазийн эдийн засгийн холбооны хөгжлийн банк гэж байдаг юм, үүнийг оролцуулах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн. Энэ банк хөрөнгө оруулалтын өмнөх төслийн ажлыг санхүүжүүлдэг гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл төслийг нь бүхэлд нь санхүүжүүлж чадахгүй, ТЭЗҮ-ийг санхүүжүүлдэг гэж ойлгож болно. Тиймээс Хятадын тал дэмжсэн тохиолдолд Оросын тал Олон улсын төсөл, хөрөнгө оруулалтын судалгааны төв байгуулахыг дэмжинэ гэж боддог. Тэр төвөөр дэмжигдсэн төслүүд санхүүгийн эх үүсвэрээ түргэн олж саадгүй хэрэгжих боломжтой гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.


У.ОРГИЛМАА

NEWS.MN