Саяхан Шинжлэх ухааны академи “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үе ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байна. Хэрэвзээ манай улс дэлхий нийтийн хөгжлөөс хоцрохгүй гэж байгаа бол энэ асуудалд заавал анхаарал хандуулж нэн даруй тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй байгаа юм. Эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчдын анхаарлыг татах зорилгоор миний бие хоёр жилийн өмнө доорх нийтлэлийг бичиж байсан билээ. Сонин байж магадгүй хэмээн дахин нийтлүүлж байна.

Description: C:\Users\user\AppData\Local\Microsoft\Windows\Temporary Internet Files\Content.Word\1.jpgЭнэ оны 1 дүгээр сарын сүүлээр Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулганы үндсэн сэдвийн нэг нь “Аж үйлдвэрийн IV хувьсгал” буюу “industry 4.0” байлаа. Уг чуулганыг санаачлагч болох Швейцарийн профессор К.Шваб “аж үйлдвэрийн IV хувьсгалын үр шимийг хүртэх, алдаанаас зайлсхийхийн тулд хүмүүс нийгэм-эдийн засгийн хөгжил, үнэт зүйлс, хувь хүний халдашгүй байдлын талаарх төсөөллөө өөрчлөхөөс аргагүйд хүрнэ” гэсэн байна.


Дэлхий ийм том өөрчлөлтийн өмнө тулж ирээд байгааг олон улсын томоохон чуулган дээр хэлэлцэж, улс төрчид, эдийн засагчид, эрдэмтэн судлаачид ярьж, бичээд байхад монголчууд бид анхаарахгүй байж болохгүй.


Аж үйлдвэрийн хувьсгалуудын тухай

XVIII зуунд Англид эхэлсэн аж үйлдвэрийн үсрэнгүй дэвшлийг анх Ф.Энгельс өөрийн бүтээлүүддээ “аж үйлдвэрийн хувьсгал” хэмээн нэрлэснээр энэ нэр томъёо түгэн тархсан гэж үздэг юм билээ. I хувьсгалыг (XVIII зууны сүүл үеэс XX зууны эхэн үе хүртэл үргэлжилсэн) уурын хөдөлгүүр бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэнтэй холбодог. Чухам энэ үед паровоз (уурын тэрэг) бий болж төмөр замын, пароход (уурын хөдөлгүүртэй усан онгоц) бий болж далайн тээвэр эрчимтэй хөгжсөн. Аж үйлдвэрийн I хувьсгал үйлдвэрлэлд хүчтэй нөлөөлөөд зогсохгүй түүний үр дүнд хүн амын төвлөрөл (хотжилт) эрчимтэй явагдаж, олон шинэ мэргэжил бий болох зэргээр хүний нийгэмд огцом өөрчлөлтүүдийг авчирсан.

II хувьсгалыг (ХХ зууны эхэн үеэс эхэлсэн) цахилгаанжуулалт, үйлдвэрлэлд конвейер нэвтэрсэнтэй холбож үздэг. Энэ хувьсгалын үр дүнд хөдөлмөрийн бүтээмж огцом өсч үйлдвэрлэлийн процессийн удирдлага үндсээрээ өөрчлөгдөв. Бидний өнөөгийн амьдрал ерөнхийдөө энэ хувьсгалын үр дүн гэж хэлж болох байх.

III хувьсгалыг электронжуулалт, үйлдвэрлэлийн автоматжуулалт, мэдээллийн технологитой холбодог бөгөөд үндсэндээ XX зууны 70-80-аад оноос эхэлсэн гэж үздэг юм билээ. Энэ хувьсгалын үр шимийг өнөөдөр монголчууд бараг бүгд хүртэж байна. 20-иод жилийн өмнөөс гар утас, компьютер, интернет бидний амьдралд эрчимтэй түрэн орж ирлээ. Эхэндээ тал туйпууны хэмжээтэй зөвхөн ярихад зориулагдсан гар утас байсан бол одоо олон төрлийн үйлдэл хийдэг ухаалаг утас бий болж хүүхэд, хөгшидгүй хэрэглэх боллоо. Интернетээс шаардлагатай бүхий л мэдээллийг авах боломжтой болов. Одоо ямар ч байгууллага, компаний ажлыг компьютергүйгээр төсөөлөх аргагүй юм.

Өнөөдөр III хувьсгал дуусаагүй байгаа хэдий ч IV хувьсгалын шинж тэмдэг улам бүр тод илэрч байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Ажиглагдаж байгаа эдгээр өөрчлөлтийг III хувьсгалын үргэлжлэл биш, харин IV хувьсгалын эхлэл гэдгийг профессор К.Шваб дараах 3 шинж тэмдгээр тодорхойлж байгаа юм: нэгдүгээрт, явагдаж байгаа өөрчлөлтүүдийн хурд; хоёрдугаарт, тэдгээрийн далайц; гуравдугаарт, эдгээр өөрчлөлтийн үр дагавар. IV хувьсгалыг дижитал буюу цахим хувьсгалын эрин гэж нэрлэж болно. Хэрэв өмнөх хувьсгалууд эдийн засгийн тодорхой салбаруудыг хамаарч байсан бол энэ хувьсгал нь бүх салбарыг хамрах гэнэ. Ухаалаг (өөрөөр хэлбэл хүний оролцоогүй буюу хүний оролцоо туйлын бага) үйлдвэр, хөдөө аж ахуйн ферм, үйлчилгээ, тээврийн хэрэгслүүд бий болж, цоо шинэ материалууд амьдралд нэвтэрч, нано болон биотехнологи, анагаах ухаан үсрэнгүй хөгжсөнөөр хүний амьдрах орчин эрс өөрчлөгдөнө гэж үзэж байна.

Хүн гэрийн роботын бэлтгэсэн өглөөний цайгаа уугаад үүднээсээ цахилгаанаар эсвэл устөрөгчөөр ажилладаг ухаалаг (жолоочгүй гэсэн үг) машинаар хэрэгтэй газар руугаа хүргүүлнэ. Ихэнх хүмүүсийн хувьд албан ажлаа байгаа газраасаа интернетээр амжуулна, мөн интернетээр хоол хүнс, бусад зүйлээ худалдан авч шаардлагатай бүх үйлчилгээг хийлгэнэ. Таны эрүүл мэндийг гарт байгаа бугуйвч байнга хянана. Хэрэв өвдвөл компьютер өвчний чинь оношийг нарийн тогтоож шаардлагатай бол 3D-гээр бүтээсэн хиймэл эрхтэнгээр өвчтэй эрхтэнг ямар ч төвөггүй солино. Хүний дундаж наслалт 100-120 болно гэх зэргээр шинэ эрин үе дэх хүний амьдралыг төсөөлөн бичсэн байх юм.

Шинэ эрин үе буюу IV хувьсгалын сөрөг үр дагавар гэх юм бол ирэх 20 жилд нийт ажлын байрны 47% нь автоматжсанаар олон сая хүн ажилгүй болохын дээр хөгжилтэй болон буурай хөгжилтэй орнуудын ялгаа улам бүр нэмэгдэх гэнэ. Үйлдвэрүүдийг автоматжуулах, роботжуулах процесс явагдаж байгаа тул ажиллах хүч хямд Хятад болон Азийн орнуудад байгуулагдсан үйлдвэрүүд хаагдаж хөгжингүй орнууд өөрсдөө үйлдвэрлэл эрхлэх хандлага байгаа гэдгийг мөн тэмдэглэж байна.

Аж үйлдвэрийн IV хувьсгал нь өнөөдөр хамгийн их яригдаж байгаа сэдэв хэдий ч энэ чухам юу юм бэ гэдгийг би хүүдээ ч тайлбарлаж чадахгүй байна гэж уг хувьсгалын тэргүүн эгнээнд явж байгаа Германы “Audi” компаний үйлдвэрлэл эрхэлсэн захирал бичсэнийг энд бас дурьдах хэрэгтэй байх.

Аж үйлдвэрийн I хувьсгал дэлхийгээр тархахад хэдэн зуун жил шаардагдсан бол II хувьсгалд зуу орчим жил, харин III хувьсгалд ердөө хэдэн арван жил шаардагдсан байдаг. Ингээд бодохоор IV хувьсгалын үр нөлөөг монголчууд тун удахгүй өөрсдийн амьдрал дээр мэдэрч эхлэх болов уу. Тэгэх тусмаа энэ хувьсгал өнөөдөр хөгжингүй орнуудад нэгэнт эхэлчихээд байна. Зөвхөн роботууд ажилладаг үйлдвэрүүд олноороо бий болж, “Тесла” нэртэй ухаалаг автомашин гараад ирлээ.

Зарим орны төр, засаг энэхүү хувьсгалд ихээхэн анхаарч байна. Бүр зөвхөн энэ асуудлыг хариуцсан сайдын тусгай орон тоо хүртэл бий болгосон байх юм. Манайтай хөгжлийн түвшингөөр ойролцоо байдаг Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев энэ оны эхээр эрх баригч намынхаа их хурал дээр аж үйлдвэрийн IV хувьсгалыг угтаж тодорхой цогц арга хэмжээ авах чиглэл өгсөн байх жишээтэй.

Тэгэхээр Монгол Улс, монголын төр яах ёстой вэ?

Ямар ч байсан зүгээр суугаад байж болохгүй. Миний бодлоор эхний ээлжинд нүүрлээд байгаа энэхүү өөрчлөлт буюу IV хувьсгалын талаар тодорхой ойлголт авахын тулд профессор К.Шваб болоод бусад нэртэй мэргэжилтнүүдийг ямар ч үнээр хамаагүй урьж ирүүлэн лекц уншуулах ажлыг ойрын үед зохион байгуулах хэрэгтэй байх. Мөн Ерөнхийлөгчийн эсвэл Засгийн газрын дэргэд энэ асуудлыг хариуцсан зөвлөл байгуулж түүн дээрээ ойр ойрхон санал солилцож байх нь зүйтэй юм (Засгийн газар улс орны өмнө тулгараад байгаа эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх гээд юун IV хувьсгал мантай байх шиг байна).

Хамгийн гол асуудал нь боловсрол, боловсон хүчний асуудал юм билээ. Математик, хими, физик дээр тулгуурласан мэргэжлээр хүмүүсийг түлхүү сургах, тэр ч байтугай боловсролын системийг өөрчлөх шаардлага гарах байх. Өнөөдөр ажиглаад байхад залуучууд эрх зүйч, эдийн засагч зэрэг нийгмийн ухааны мэргэжлээр суралцах илүү сонирхолтой байна. Залуустай уулзаж ярихад ихэнх нь төрийн болон бизнесийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан эсвэл суралцаж байна гэх юм. Гэтэл IV хувьсгалын үед албан хаагч, түшмэдийн тоо эрс цөөрч харин нарийн мэргэжлийн инженерүүд эрэлт хэрэгцээтэй байх болно гэдгийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй.

Бид дэд бүтцээ хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Аж үйлдвэрийн шинэ хувьсгалын эрин үед түүхий эд болоод бэлэн бараа бүтээгдэхүүний урсгал улам бүр нэмэгдэж таарна. Үйлдвэрлэлд робот нэвтэрснээр хүмүүс чөлөөт цаг ихтэй болох тул аялал жуулчлал хөгжинө. Ази-Европыг холбосон хамгийн дөт зам манайхаар дайран өнгөрдөг учраас ачаа бараа болон жуулчдын урсгалыг нэмэгдүүлж ашиг олох боломжтой. Мөн манай улсыг зорих жуулчдын тоо ч нэмэгдэнэ.

Манай төрийн байгууллагууд шийдвэр гаргахдаа дэндүү удаан байна (үүнээс болж сайхан боломж алдсан жишээ олон бий). Компаний түвшинд шийдэх асуудлыг Засгийн газар нь, Засгийн газрын түвшинд шийдэх асуудлыг Их Хурал хэлэлцэх юм. Хариуцлагын тогтолцоо алга. Энэ бүхнийг яаралтай засахгүй бол дэлхий эрчимтэй өөрчлөгдөж байгаа өнөө үед бид бусад оронтой хөл нийлүүлэн хөгжиж чадахгүй.

Олон нийтийн дунд аж үйлдвэрийн IV хувьсгалын талаар өргөн хэлэлцүүлэг явагдаасай, төр, засаг энэ асуудалд анхаарал тавьж эхлээсэй хэмээн энэхүү нийтлэлийг бичив.


2016-02-29