Өмнөх хэсгийг ЭНДЭЭС уншина уу.


Ойрыг харсан ашиг хонжоог зогсоох боломжгүй

Капиталист нийгэм ба бусад нийгмүүдийн хоорондох ялгаа юу вэ? Энэ хүртэл өгүүлж ирсэн 1 ялгаа нь капитализмд бүхий л зүйл товарчлагдаж, нийгмийн баялаг “товар” болон төрхөө хувиргах явдал байсан.

Үүн дээр нэмээд Маркс “товар үйлдвэрлэл бүх талаар нэвчсэн нийгэм” буюу бүхий л зүйл товарчлагдан хувирдаг капиталист нийгэмд юм хийхийн зорилго, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн зорилго нь бусад нийгмээс эрс ялгаатай тухай тайлбарлажээ.

Эрт цагаас нааш хүмүүс хөдөлмөрийнхөө үр дүн болгож зүсэн зүйлийн юмс бүтээж ирсэн. Гэхдээ капитализмаас өмнөх цаг үеийн хөдөлмөр үндсэндээ бол “хүн хүсэл шаардлагаа хангах” гэдэг зорилгын дор үйлдэгддэг байсан гэж Маркс хэлнэ.

Жишээ нь хүсэл шаардлагаа хангахын төлөө эх газрыг хагалж, тариа ногоо тарина. Эсвэл аадар бороо, хүйтэн салхинаас биеэ хамгаалахын төлөө дулаан чанартай хувцас оёно. Өөрийгөө үзэсгэлэнтэй харагдуулах гэсэн хүсэл шаардлагын төлөө зүүлт чимэглэл хийж, эрх мэдэл хүч чадлаа харуулахын төлөөх сүм бунхан, газар нутгаа улам тэлэх гэсэн хааны хүсэл тачаалыг хангахын төлөөх дайн тулаан гээд цар хүрээ нь харилцан адилгүй болохоос үндсэн зорилго нь ижил байж. Аль аль нь “идэх юм”, “хувцас”, “өргөн газар нутаг” гэх зэргээр тухайн нэг зүйл рүү чиглэсэн хүсэл шаардлага байсан.

Энэ мэт тодорхой бодит хүсэл шаадлагаа хангахын төлөө хүмүүс хөдөлмөрлөж, мөнхүү бусдыг хөдөлмөрлүүлж ирсэн учиртай боловч иймэрхүү бүтээх үйл ажиллагаанд ямагт хэмжээ хязгаар гэж юм байдаг. Хэчнээн их идмээр байлаа гээд идэж чадах хэмжээнд хязгаар бий. Хэтийдсэн шуналтай хаан байлаа ч аварга том бунхан 100, 100-аар нь бариулъя гэдэггүй. Чухам энэ л капиталист нийгмээс ялгарах шийдвэрлэх ялгаа юм.

Амазон компанийн эзэн Жефф Безос дэлхийн хамгийн баян хүн гээд өмч хөрөнгө нь 200 тэрбум долларыг давлаа ч огт ажлаа орхих шинжгүй, тэгсэн хэрнээ пирамид бүтээмээр байна маягийн товхийсэн бодит зорилго ч байхгүй шиг харагддаг. Номын худалдаагаар ашиг олж, дараа нь компьютер, хүнс, өргөн хэрэглээний бараа гэсээр учир зүггүй зөвхөн тэлсээр.

Яагаад вэ гэхээр капиталист нийгэмд “капиталыг үржүүлэх” нь өөрөө зорилго байдаг болохоор тэр юм. Түүний дотоод механизмын талаар 2-р бүлэгт нарийвчлан харах ба ямартай ч капитализмд ашиг хонжоотой хөөцөлдөх явдал хэзээ ч зогсохгүй. Компанийн цар хүрээ, хувь хүний өмч хөрөнгө яаж ч данхайн томордог бай, хэдий үр дүнд нь хотын гудамжаас бүх номын дэлгүүрийг дампууруулан арчихуйц сүйрлийн үр дагавар нийгмийн “баялаг”-т нүүрлэхдээ тулсан ч хамаагүй, ойрыг харсан ашиг хонжооны хойноос хөөцөлдсөөр байдаг нь капитализм юм.


Шаардлагатай зүйлээс илүүтэй “Гүйлгээтэй” зүйл

Бүтээх үйл ажиллагааны голлох зорилго “хүний хүсэл шаардлагыг хангах” явдлаас шилжин “капиталыг үржүүлэх” болж хувирвал мэдээж хэрэг бүтээдэг зүйл нь ч өөрчлөгдөж таарна.

Капиталист нийгэмд бүтээгддэг товар бол хүмүүсийн аж амьдралд үнэхээр шаардлагатай зүйл, чухал зүйл гэхээсээ илүүтэйгээр ямар үнээр хэр зэрэг зарагдах вэ ー өөр үгээр хэлбэл капиталын өсөлтөд хэдий хэр нэмэр болох вэ ー гэдэг нь илүүтэй чухалчлагдана. Гэв гэнэт хаа сайгүй bubble tea дэлгүүрүүд булцайтал ярайж ирсэнээ пэлцийтэл хагаран замхарч буй үзэгдэл ч, маск болон ариутгагч бодисуудыг шинэ төрлийн халдварт өвчний гэнэтийн дэлгэрэлтэд зориулан нөөцөлж хадгалах шаардлагатай талаар салбарын мэргэжилтнүүд хэлж дүгнэсээр байтал хий дэмий (буюу капиталын өсөлтөд нэмэр болохгүй) бараагаар агуулах дүүргэхгүй гэсэн оптималчлалыг тууштай хэрэгжүүлсэний үр дүнд коронагийн цар тахлаар нийлүүлэлтийн хомсдол үүсэж, үнэ нь огцом савласан нь ч бас үүнтэй холбоотой.

Үйлдвэрлэгч нэг бүрийг шүүмжлэх гэсэн юм биш, ерөөс капитализм гэдэг нь өөрөө ийм юм. Компаниуд энх цагийн үед хязгаарлагдмал эрэлттэй маск үйлдвэрлэх бус илүү “сайн зарагдчихаар” бараа үйлдвэрлэхгүй бол болохгүй байсан. Тэгтэл гэнэт маск зарагдаад эхэлмэгц спорт бараа үйлдвэрлэгчид, fashion бараа үйлдвэрлэгчид гээд сувгаа андуурсан нөхдүүд ташираараа гүйлдэн орж ирсэнээр маскны зах зээл тэр дороо ханасан төлөв. Одоо бол эсрэгээрээ нийлүүлэлтийн илүүдэлд орж, үнэ нь навс унаж байна. Яадаг ч бай “гүйлгээтэй” бараа үйлдвэрлэх нь л капитализмын үндсэн механизм юм хойно энэ бүх өрнөл ч жам ёсных юм болов уу.

Ингэхэд Марксын үгээр бол “товар”-т хоёр нүүр байдаг юм гэнэ. Түүний нэг нь “хэрэглээний үнэ цэн” гэх нүүр.

“Хэрэглээний үнэ цэн” гэдэг нь хүний хувь дахь хэрэгцээтэй байдал (ашиг тус), хүний янз бүрийн хүсэл шаардлагыг хангах чадлыг хэлж буй. Усанд цангасан хоолойг чийглэх хүч байдаг, хоолонд өлссөн ходоодыг цатгах хүч байдаг. Маск ч бас халдварын тархалтын цар хүрээг хязгаарлах гэсэн “хэрэглээний үнэ цэн”-тэй. Чухам “хэрэглээний үнэ цэн” л капитализмаас өмнөх нийгмүүд дэх үйлдвэрлэлийн зорилго байсан.

Харин капитализмд товарын нөгөө нэг нүүр болох “үнэ цэн” илүүтэй чухал юм гэнэ.

“Товар” байхын тулд өөр ямар нэг зүйлтэй солилцохгүй бол болохгүй. Солилцдоггүй сандал бол сууж болдог гэх “хэрэглээний үнэ цэн”-ийг агуулах ч тэр бол ердөө л сандал. Харин “товар” хэлбэрээр оршин буй сандал зах зээлд 100,000 төгрөгөөр үнэлэгдэж, 200 өндөг ч юм уу 20 цамц гэх мэт өөр зүйлстэй дүйцүүлэн солилцох боломжтой байх ёстой. Гэтэл сандал ба өндөгний “хэрэглээний үнэ цэн” ижил биш. Сандал ба өндөг, аль нь илүү хэрэгцээтэй вэ? Гэдэс өлсөж байвал өндөг нь, гэдэс цатгалан боловч ажил хийх шаардлагатай бол сандал нь илүү шаардлагатай биз. “Аль нь илүү хэрэгцээтэй вэ?” гээд хэрэглээний үнэ цэнээр нь жишээд байвал яагаад ч солилцоо өрнөхгүй. Ямар нэг өөр юмаар “Энэ сандал 100 өндөгтэй яг тэнцэнэ” гэж аль аль тал нь хүлээн зөвшөөрөхүйц “нийтлэг стандарт”-аар харьцуулж чадсанаар сая солилцоо биелнэ. Тэрхүү нийтлэг стандарт нь “үнэ цэн” юм.

Нэг ёсондоо аливаа зүйл товар болж солилцоонд орохдоо харилцан тэнцүү “үнэ цэн”-тэй байдаг. Тэгээд тэрхүү үнэ цэн гэдэг нь тухайн товарыг үйлдвэрлэхэд хэдий хэр хөдөлмөр шаардагдахаар шийдэгддэг гэх нь Марксын “Хөдөлмөрийн үнэ цэнийн тайлбар” юм.

Үнэ цэн ба хэрэглээний үнэ цэн гэхээр адилхан утгатай ч юм шиг толгой эргэмээр санагдаж буй байх. Гэхдээ жишээ нь агаар гэх мэт түүнгүйгээр амьдрах ямар ч боломжгүй асар том хэрэглээний үнэ цэн бүхий зүйл үнэгүй байхад, алмаз гэх мэт бараг хэрэглээний үнэ цэн байхгүй зүйл аймшигтай өндөр үнэтэй байдаг гэх жишээнээс энэ хоёрыг хольж солихын аргагүй тэс өөр зүйл болохыг ойлгон анзаарах болов уу. Агаар бол хүний хөдөлмөр үгүйгээр ч оршин байдаг тул “үнэ цэн” үгүй. Харин алмаз олборлоход тоймгүй их хөдөлмөр шаардагддаг учраас “үнэ цэн” нь ч том байдаг.

“Хэрэглээний үнэ цэн”-ийг ямар нэг байдлаар мэдрэх боломжтой байдаг бол “үнэ цэн”-ийг хүн 5 мэдрэхүйгээрээ баримжаалах боломжгүй, нэг тийм зэрэглээ шиг төөрөгдөл төрүүлэм шинжтэй зүйл. Өдөр тутмын амьдралд бараан дээр бичээтэй “үнэ”-ийг хараад түүнийг бүүр түүрхэн баримжаалж чадах авч нүдэнд харагдахгүй хачирхалтай увдис аль ч бараанд бий.


Юмсад ашиглагдан дүүгүүрдүүлэх хүмүүс

“Товар”-ын энэхүү 2 нүүрийг ангилсанаар капитализмын маш олон зөрчил болон ухаалаг бус шинжүүдийн цаад механизм тайлбарлахад тун ч хялбар болно.

Капитализмд борлогдох эсэх, эсвэл үнэ гэдэг хэлбэрээр гарч ирдэг “үнэ цэн” л дээгүүрт эрэмбэлэгдэж, чухал нь байх учиртай “хэрэглээний үнэ цэн” хоёрт бичигдэнэ. Маскны “хэрэглээний үнэ цэн” цар тахлын өмнө ч одоо ч өөрчлөгдөөгүй. Аж амьдралд хэрэгцээтэй маск үйлдвэрлэх чадваргүй нийгэм биш атал маскнаас болж баруун зүүн рүү савчин, урт очер үүсгэж, байж боломгүй үнээр зарагдаж байснаа одоо болсон чинь нөөцийн илүүдэл үүсэж үнэ нь газар унав. Ёстой л бид өөрсдөө маскны үнэ цэнд дүүгүүрдүүлж байна.

Гэхдээ зөвхөн хэрэглэгчид л дүүгүүрдүүлээд байгаа юм биш. Хөрөнгөтнүүд ч бас “гүйлгээтэй” гэж бодоод үйлдвэрлэтэл байгаа онолгүй баахан хогоор агуулахаа дүүргээд дампуурсан нь ч гараа биз. Тэрүүхэндээ ашиг олсон ч bubble tea шиг шавар хаасан олон компаниуд гарч ирээд нийлүүлэлтийн илүүдэл үүсгэвэл мөн л борлуулалт саарч санхүүгийн хүндрэлд орох магадлал үүснэ. Дампуурал, санхүүгийн хүндрэл ажилгүйчүүдийг бий болгож, ажилгүйдэл газар авбал хэрэглээ ч царцаж, санхүүгийн нөхцөл байдал улам хүндэрнэ.

Үнэ цэнийн хэмжээ солилцогч талуудын хүсэл зориг, хэтийн бодол, үйл хөдлөлөөс мултран бие дааж тасралтгүй савлана. Солилцогч талуудын бие даасан нийгмийн шинжтэй үйлдлүүд тэдний хувьд юмсын хөдөлгөөн хэлбэрээр илэрч, тэд тэдгээр хөдөлгөөнийг удирдах бус харин ч эсрэгээрээ тэр хөдөлгөөндөө удирдуулна. (89)

Марксын хэлж буйчлан “үнэ цэн” бидний бодол ухаанаас үл хамааран яг л цаг агаар шиг тасралтгүй бас огцом хувиран өөрчлөгдөнө. Үр дүнд нь хүнд зориулж хүний бүтээсэн юмс “үнэ цэн” гэдэг шидэт увдисыг олоод тааварлах боломжгүй хөдөлгөөн хийсээр эцэстээ буцаагаад хүмүүсийг дүүгүүрдэж гарна.

“Хэрэглээний үнэ цэн”-ийн төлөө юм бүтээдэг байсан үед шууд утгаараа хүн “юмыг хэрэглэдэг” байсан бол “үнэ цэн”-ийн төлөө юм бүтээдэг капитализмын дор байр суурь нь эсрэгээрээ эргэж, хүн юмсад дүүгүүрдүүлж, захирагддаг болно. Энэ үзэгдлийг Маркс “Материйн амь оролт (Versachlichung)” гэж томьёолсон байдаг. Нэг ёсондоо хүний хөдөлмөрөөр бий болсон юмс “товар” болно уу үгүй юү хүн удирдахын аргагүй хачирхалтай увдисаар хүний аж амьдрал хийгээд үйл хөдлөлийг удирдана гэж буй учиртай.

Цар тахлын үеэр Японд компьютер тоглоом эрэлтээ гүйцэхгүй болтлоо зарагдаж, бараа ирсэн сургаар хүмүүс халдвараас ч айхаа мартан үүрийн бүрийнээс очерлож гарсан гэж байгаа. Хүний бүтээсэн юмс ер бусын амьд увдисыг өөртөө цогцлоож, хүмүүсийг “дуусчих вий” гэсэн айдаст автуулж, халдварын эрсдлийг сөрөн байж очерлуулан жагсаана. Энэ мэтээр хүн ба юмсын байр суурь солигдож юмсын төлөө хүн хөдлөхийг “материйн амь оролт” гээд байгаа юм. Түүний хачин жигтэй байдлыг Маркс дараах маягаар илэрхийлсэн байдаг.

Жишээ нь модоор ширээ хийвэл модны харагдах хэлбэр өөрчлөгдөнө. Гэлээ гээд ширээ нь нөгөө л янзаараа мод бөгөөд хаана ч байдаг тэр л шинж чанараараа оршино. Тэгтэл нөгөө ширээ чинь товар болон гарч ирнэ үү үгүй юү супер шинж чанар бүхий болон хувирна. Ширээ өөрийн хөлөөрөө шалан дээр зогсох төдийгүй бусад бүх бараатай тавцангаараа тулан зогсоод зоргоороо бүжиглэж гарахаас ч хавьгүй хачирхам хий үзэгдэл болон өрнөх болой. (85)

Тун ч өвөрмөц зүйрлэл боловч огтоос хэцүү зүйл хэлсэн юм биш. Жишээлбэл өөрийн гараар модон ширээ хийжээ гэж бодъё. Хөдөлмөрийн үр дүнд мод нь ширээ болон хэлбэрээ өөрчлөх хэдий ч урьдын адил харж, хүрч, үнэрлэхэд мэдрэгддэг тэр шинж чанараараа л байна. Мод байснаа ширээ болон хувирлаа гээд түүнийг өөрөө хэрэглэх бол хоол идэж, ном уншиж, цэцгээр чимэглэх гээд “хэрэглээний үнэ цэн” талаасаа бусад бүхий л ширээнээс ялгарах юм үгүй.

Харин түүнийг “товар” болгон хэн нэгэнд заръя гэх л юм бол нөгөө ширээ чинь “супер шинж чанартай” буюу хүний 5 мэдрэхүйгээр тодорхойлохын аргагүй “үнэ цэн”-тэй ЮМ болон хувирна. Товар болсон ширээ зах зээл дээрх бусад бараануудын өөдөөс ганцаараа бүжиглэн босож, хүүе гэхийн завдалгүй хүмүүсийг өөрийн бүжгэндээ татан оруулаад үймүүлж гарна.

Капиталист нийгэмд амьдарч байгаа л бол ширээний хачирхам бүжгийг бүжиглэхээс өөр замгүй. Ширээ зарагдахгүй тохиолдолд муугаар бодвол дампуурал, ажилгүйдэл, эвгүйтвэл бүр амиа хорлохдоо тулахыг ч байг гэхгүй. Эсрэгээрээ байндаа тусвал хагартлаа баяжиж ч болно. Тийм ч болохоор зарагдаж мэдэхээр товарыг хүмүүс зогсоо зайгүй үйлдвэрлэнэ. Шальтай хэрэгцээгүй юмс байсан ч зарагдана л гэвэл хийгээд л байна. Яагаад гэвэл хэдий “хэрэглээний үнэ цэн”-ээр ядмаг байлаа ч зарагдчих л юм бол тэр эгшинд “үнэ цэн” бодит болдог учраас тэр юм.

Зах зээлийн хамрах хүрээ тэлэх тусам товарын хачирхам увдис улам чангарна. Бидний нийгэмд материйн амь оролт хэр гүн нэвчсэн бэ? Үүнийг илтгэх тод томруун жишээ гэвэл COVID-19 тархалтын эсрэг Японы засгийн газраас санаачилсан “GO TO кампанит ажил”-ыг нэрлэж болно (царцсан эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор аялал жуулчлалын секторын товар худалдан авсан хэрэглэгчдэд үнийн дүнгийн талтай тэнцэхүйц купон тараах “GO TO travel” аян, онлайн хоол захиалгын сайтаар дамжуулан хоол хүнс захиалсан хэрэглэгчдэд хоолны газруудад хэрэглэж болох пойнт тараах “GO TO eat” аян гэх мэт). Аяллаар явж, гадуур хоолловол халдвар тархах эсрдэл байх нь байх ч эдийн засаг эргэлдэхгүй бол нийгмээрээ оршин үргэлжилж чадахгүй. Тиймээс юу ч болдог бай хамаагүй яаж ийгээд эдийн засгийг “эргэлдүүлье” ー гэж хэлж байгаа ч үнэндээ бол “өөрсдөө эргэлдье” гэсэн нь илүү зөв юм. Хүний төлөө эдийн засгийг эргэлдүүлэх бус эдийн засгийг эргэлдүүлэх нь өөрөө нэг төрлийн үндсэн зорилго болж, хүмүүс капиталист эдийн засаг гэх автомат машины эрэг шураг болон амь зууж байна. Материйн амь оролт хэмээн Марксын заан дүрсэлсэн тэр ертөнц гэж чухам үүнийг хэлэх билээ.


Хувьчлал нэртэй бүслэн хүрээлэл

Материйн амь оролтыг үүсгэж буй нь мэдээж хэрэг бид бүхний өөрсдийн өдөр тутмын үйл хөдлөл. Хүний хөдөлмөрийн үр дүнд төрөн гарсан “товар” үнэ цэн гэх жигтэй увдисаар хүнийг хөдөлгөн дүүгүүрдэнэ. “Товар”-ын хамрах хүрээ томрох тусам материйн амь оролт хүчирхэгжиж, улам бүр хүмүүсийг дүүгүүрдэж гарна.

20-р зууны сүүлээр капиталист эдийн засгийн саажилт мэдэгдэхүйц болж ирэхэд олон улс оронд нийтийн үйлчилгээний хувьчлал болон төрийн зохьцуулалтыг багасгах аргаар эдийн засгийн чөлөөт байдлыг дэмжих болсон. Нэг үгээр “Неолиберализм”-ийн бодлого. Өрсөлдөөний зарчим ажиллах тул зах зээлд бүхнийг даатгаад орхисон нь илүү оновчтой гэж үзсэнийх. Гэсэн ч тэндээс материйн амь оролт улам эрчимжсэний үр дүнд олон тооны тэнэглэл хийгээд үр ашиггүй байдлууд бий болсоор байна.

Хувьчлал гэхээр нийтийн, улсын “монополь” бөгөөд үр ашиггүй бизнесүүд хувь хүмүүсийн гарт шилжин “ардчилсан” хэлбэрийн үр дүнтэй менежментэд орно гэж төсөөлөх хүмүүс олон байдаг байх. Гэтэл үнэн байдал гэвэл тухайн нэг компанийн эрх л монопольчлогддог ба тэр бол товаржилтыг тэлэхийн төлөөх “коммун буюу дундын өмчийн бүслэн хүрээлэл”-ийн орчин үеийн хувилбар төдий л юм.

Зах зээл хэзээ ч ардчилсан байдаггүй. Өмнө хэлсэнчлэн зах зээлд холбогдож чадах нь мөнгөтэй хүмүүс л байдаг. Хувьчлал өрнөснөөр нийтийн буюу улсын байх үед холбогдож болдог байсан эрүүл мэндийн, боловсролын гэх мэт үйлчилгээнүүдээс олон хүн шахагдан хагацсан. Испанид цахилгааны үнэ тэнгэрт хадаж, цахилгааны төлбөрөө төлж чадаагүй настай эмэгтэй лаанаас болж түймэрт автан нас барсанаар “инергийн ядуурал” гэх асуудал ч босож ирсэн байдаг.

Мөн зах зээлд “ашиг” чухалчлагддаг тул ашиггүй юмс хийгээд үйлчилгээнүүд хайр найргүй арчигдана. Төсөв ч, хүн хүч ч танагдана. Үнэхээр хэрэгцээгүй зүйлийг мэдээж хэрэг танах ёстой л байх. Гэтэл “хэрэглээний үнэ цэн”-ийг бодолцоогүй оптималчлал шаардлагатай юмс хийгээд үйлчилгээг ч үгүй хийж, эс бол чанарыг нь муутгаж, нийгмийн “баялаг” хомсдон турна. Тиймэрхүү хэтийдсэн оновчлолоос болж буланд шахагдаад буй нийгмийн баялгийн бэлэн жишээ гэвэл Японы нийтийн номын сангийн өнөөгийн байдлыг хэлж болно. Орон даяар номын сангуудад үндсэн бус ажилчдын тоо ихэсч, зарим аймагт тэр тоо 80%-д ойртсон гэх (номын сангийн ажилчдын 80% орчим нь цагийн ажилчид). Ингэж үндсэн бус ажилчдын тоо ихэсч буй нь номын сангийн үйл ажиллагааны “оновчлол” буюу “зардлын таналт”-тай холбоотой. Энэ янзаараа явбал номын санд ажиллах сонирхолтой хүмүүс цөөрч, үйлчилгээний чанар ч муудаж, үнэ цэнтэй баримт сэлтийг зохистойгоор хадгалж чадахаа байх ч юм уу ашиглах аргагүй болох эрсдэл ч үүсэхийг байг гэхгүй.

Нийтийн номын сан гэх орчин, бас тэнд хадгалагддаг ном хэвлэлүүд бол чухамхүү нийгмийн баялаг, эрхэм чухал дундын өмч мөн. Даанч “товар” биш тул ашиг авчрахгүй. “Хэрэглээний үнэ цэн”-ээс илүүтэй “үнэ цэн”-ийг дээгүүрт тавих капитализмын онолоор номын сангийн үйл ажиллагааг “шинэчлэх” юм бол нийгмийн баялаг хорчийн турж орхино.

“Баялаг”-ийг танаж “товар”-ыг ихэсгэх хөдөлгөөн өөр ч бас бий. Жишээ нь хотын ногоон бүс. Ногоон бүсийг засаж сэлбэн тохижуулахад зардал шаардагдах боловч ногоон бүс өөрөөсөө мөнгө гаргаж өгөхгүй. Тийм бол идэж ууж зугаацаж цэнгэж болдог үйлчилгээний комплекс болгож хувиргаад буланд нь жаахан мод үлдээчихэд л хангалттай. Ингэж дахин бүтээн байгуулалт нэрийн дор бүслэн хүрээлэх нь нээрээ л мөнгө олж чадна. Гэтэл нийтийн ногоон бүс байхад нь очиж болдог байсан мөнгөгүй хүмүүсийн хувьд нөгөө газар чинь “хориотой бүс” болон хувирна.

Баялаг “хэрэглээний үнэ цэн”-ийн онолоор дэмжигдэж, харин товар “үнэ цэн”-ийн онолоор хөдөлдөг. “Үнэ цэн”-ийн онолд захирагдах капитализмын дор “үнэ цэн”-ийг өсгөн үржүүлэх нь бүтээлч үйл ажиллагааны хамгийн чухал зорилго. Харин “хэрэглээний үнэ цэн” үл ойшоогдож, “үнэ цэн”-ийн хэмжүүрт гологдоно. Ингэж “хэрэглээний үнэ цэн ба үнэ цэнийн талцал”, “баялаг ба товарын талцал” хүнд ч байгальд ч сүйрлийн үр дагавар авчирна хэмээн Маркс анхааруулжээ.

Өмнө ч өгүүлсэнчлэн товарт түшиглэлгүй амьдрах нь өнөөгийн нийгэмд аль хэдийнэ боломжгүй болсон. Гудамжаар дүүрэн гоё бараанууд бялхах ч түүнийг өөрийн болгохын тулд мөнгө хэрэгтэй. Тиймээс бид ажил хийхгүй бол болохгүй. Гэвч асуудал нь яаж ч үхэн хатан ажиллаад амьдралд хүрэлцэхүйц мөнгөтэй болж чадахгүй өр, ядуурал, хэтрүүлэн хөдөлмөр эрхлэлт, тэгээд ажилгүйдлын заналхийлэлд айн дагжих хүмүүс байсаар байгаа явдал юм.

Дээр нь олон хүмүүс баялгаас ашиглах боломжгүй болсон чухам тэр фактаас болж цөөн хэсэг хүмүүст улам бүр хөрөнгө хуримтлагдсаар. Энэхүү эсрэгцэл хийгээд ялгарлыг гүнзгийрүүлж буй нь “капиталист үйлдвэрлэлийн хэв маяг” ー тодруулж хэлбэл үнэ цэнийг өсгөж, капиталыг үржүүлэхийг зорилгоо болгодог товар үйлдвэрлэл ー ба түүний улмаас гажуудан сэнсэрсэн “хөдөлмөр” юм. Капитализмын дор “хөдөлмөр” хэрхэн гажуудаж буй талаарх Марксын эргэцүүллийг II ба III бүлэгт нарийвчлан харахаар тогтъё.

Мэдээж хэрэг зөрчлийн шалтгаан болон механизмыг ойлголоо гээд харамсалтай нь зөрчил арилчихгүй. Гэхдээ л эмчилгээний жорыг аль болох түргэн олж тогтоож болох биз. Маркс “Капитал” бүтээлийнхээ зорилгын талаар дараах байдлаар өгүүлсэн байдаг.

Уг номын эцсийн зорилго бол орчин үеийн нийгмийн эдийн засгийн хөдөлгөөний зарчмыг илрүүлэн илчлэх явдал юм. Орчин үеийн нийгэм байгалийн хөгжлийн үе шатуудыг алгасан давж ч, хуулиар өөрчлөн арилгаж ч чадахгүй. Гэхдээ орчин үеийн нийгэм процессийг түргэсгэж, өвдөлтийг богиносгож бол чадна. (15 ~ 16)

Маркс капиталист нийгмийн дотор нуугдах зөрчлийг ил болгосноор капитализмаас өөр илүү дэвшилтэт нийгэм бүтээх дөт замыг заан харуулахыг зорьсон байдаг. Тиймээс цаашдын бүлгүүдэд зөвхөн эдийн засгийн онол гэдэг утгаар бус ялгарал хийгээд илүү цагийн хөдөлмөр эрхлэлт зэрэг өнөөгийн нийгэмд тулгарч буй асуудлыг шийдэх сэжүүр олох зорилгоор “Капитал” бүтээлийг бидний өнөөдрийн бодит байдалтай харьцуулан жишиж уншицгаах болно оо.