Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монголын нутгаар дайруулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих асуудал яригдсан.ОХУ-ын “Газпром” компаний тэргүүн А.Миллертэй манай Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Санамж бичигт хүртэл гарын үсэг зурсан билээ. Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайд асан Л.Хангай гуай гурван орны эдийн засгийн коридор, хийн хоолойн талаар мэдээлэл хүргэдэг. Түүнтэй уг асуудлаар ярилцлаа.


 

Description: C:\Users\tsatsralt\Desktop\putin_miller_21112012.jpg

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалаас хойш хийгдсэн ажлын талаар ярилцлагаа эхлэх үү?

-Юуны өмнө аливаа өндөр, дээд хэмжээний айлчлалын дараа “айлчлал сайхан боллоо” хэмээн санаа амарч тайвширч болохгүй, харин айлчлалын үеэр яригдсан, тохирсон зүйлүүдийг хэрэгжүүлэх их ажлын эхлэл гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Айлчлалаас хойш нэг сарын дараа буюу энэ оны нэгдүгээр сарын 6-нд Ерөнхий сайдын захирамжаар хийн хоолой барих төслийн бэлтгэл ажлыг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах үүрэг бүхий сайд, яамдын төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нараас бүрдсэн ажлын хэсгийг Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулж, уг ажлын хэсэг нэг удаа хуралдсан сурагтай. Ийм ажлын хэсэг байгуулах хэрэгтэй байх л даа. Гэхдээ сонгууль ойртоод дарга, даамал нар маань завтай байх уу, үгүй юу, сонгуулийн дараагаар өөрчлөгдөх үү, үлдэх үү гээд асуудлууд бас бий. Үүний зэрэгцээ хоёр талын хийх ажлыг тодорхой заасан Харилцан ойлголцлын санамж бичигт заагдсан хамтарсан ажлын хэсгийг нэн даруй байгуулж, ажилд нь оруулах хэрэгтэй. Санамж бичигт Оросын талаас “Газпром” компани гарын үсэг зурсан учраас уг хамтарсан ажлын хэсэгт манай талаас ч гэсэн аж ахуйн нэгжийн төлөөллийг голлон оролцуулах юм бол илүү ажил хэрэгч болох байх.

-Манай талаас ямар аж ахуйн нэгж оролцох ёстой гэж үзэж байна?

-Би нэг биш удаа ярьж, бичиж байна. “Эрдэнэс Монгол” компани гэж. Яагаад гэвэл, уг компани нэгдүгээрт, төрийн өмчийн;хоёрдугаарт, Засгийн газарт шууд харъяалагддаг; гуравдугаарт, Монголын бүх төрийн томоохон компаниудыг нэгтгэдэг; дөрөвдүгээрт, олон улсад танигдсан; тавдугаарт, компаний гол зорилго нь томоохон төсөл хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах. 

Чухам ийм компани л Оросын “Газпром”, Хятадын CNPC гэсэн дэлхийн хэмжээний аваргууд болон олон улсын банк-санхүүгийн байгууллагуудтай харилцана. Улс дамнасан хийн хоолой барина гэдэг бол төр, засгийн дэмжлэг, оролцоотой хэрэгждэг аварга төсөл хэдий ч бизнес төсөл гэдгийг бодох хэрэгтэй. Саяхан ашиглалтад орсон “Сила Сибири-1” хоолой барих төслийг “Газпром”болон CNPC компани гэрээ байгуулан хэрэгжүүлсэн. Монголоор дайруулан хийн хоолой барих боломжийг судлахыг Ерөнхийлөгч В.Путин сайддаа биш, “Газпром” компанийн удирдлагад үүрэг болгосон нь ийм учиртай. Ер нь ажиглаад байхад манайд компанийн хийх ажлыг яам, яамны хийх ажлыг Засгийн газар нь хийгээд, үүнээсээ болоод сүүлдээ асуудал болдог.

-Оросын тал ямар ажил хийж буй талаар мэдээлэл байна уу?

-Оросын тал манайхаар дамжин өнгөрөх хийн хоолой барих боломжийг судлах ажлыг зургаан сарын хугацаанд багтааж дуусгана гэж мэдэгдсэн. Өөрийн шаардлагатай гэж үзэж байгаа баримт бичгийн жагсаалтыг гаргаж, манай талд ирүүлсэн байна билээ. Мэдээж үүний дараа олон асуулт тавьж, янз бүрийн судалгаа шаардаж таарна. Бид дор дор нь хариу өгч байх ёстой. Бас зэрэгцүүлээд өөрсдийн жишээ нь, маршрутын талаар ч юм уу саналаа тавих хэрэгтэй. Энэ дашрамд дурьдахад, Эрхүү мужийн захиргаа хийн хоолойтой хамт нефтийн хоолой, эрчим хүчний шугам, өндөр хурдны шилэн кабель, төмөр болон авто замыг Байгаль нуурын баруун урдаас шууд Монголын хил хүртэл тавихыг санал болгодог юм. Яагаад гэвэл,ихээхэн дөт учраас асар их хөрөнгө хэмнэнэ. Судлах л хэрэгтэй байх. Нэмж хэлэхэд, бид хийн хоолойн талаар Эрхүү муж, Буриадын удирдлагуудтай байнгын нягт холбоотой ажиллах хэрэгтэй байгаа юм. Тэд хийн хоолой бариулах ажлыг манайхаас дутуугүй аль болох түргэн эхлүүлэх сонирхолтой. 

-Хийн хоолойг нутгаараа дайруулснаар манай улс ямар ашиг хэрхэн хүртэх нь хамгийн чухал асуудал. Та энэ талаар юу гэж бодож байна?

-Манайхаар хийн хоолой дайран өнгөрвөл ямар хэмжээний өгөөж хүртэх боломжтой талаар нэг биш удаа ярьж бичсэн тул дахин давтаад хэрэггүй гэж бодож байна. Харин тодруулж хэдэн зүйл хэлье. Нутаг дэвсгэр дээгүүрээ хийн болон нефть дамжуулах транзит хоолой барьсан орнуудын туршлагаас үзэхэд үндсэн хоёр арга хэлбэр байдаг:

-Өөрийн нутгаар өнгөрөх хоолойг гадны хөрөнгөөр буюу компаниудаар бариулж, хий болон нефть дамжуулсны төлөө үнийн тодорхой хувийг төлбөр (Transit fee) болгон авдаг;

-Мөн өөрийн хөрөнгөөр буюу оролцоотойгоор хоолой барьж байгуулан ашиглалтыг нь хариуцан, дамжуулах тээвэрлэлтийн тариф (Transportation fee) тогтоож төлбөр авдаг. Бас өөр арга хэлбэр ч байдаг байх.Чухам ямрыг сонгохыг манай төр, засаг эдийн засгийн үр ашгийн тооцоо, өөрийн орны чадавх, аюулгүй байдлын асуудал зэргийг харгалзан шийдэх ёстой. 

-Хийн хоолойг Монголын нутгаар дайруулан барина гэдэг бүтэшгүй зүйл гэх хүмүүс байна. Энэ талаар юу гэж хэлмээр байна?

-Хойд хөршийн төр, засгийн тэргүүн нар энэ асуудлыг судална гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Өмнөд хөршийн удирдлага ч гэсэн сонирхож байгаагаа хэлсэн шүү дээ. Гэхдээ бид тайвширч болохгүй, шуурхай ажиллах хэрэгтэй. Энэ сарын 12-нд Казахстаны Эрчим хүчний сайд Н.Ногаев ОХУ-ын Эрчим хүчний сайд А.Новактай уулзахдаа Орос-Хятадыг холбох хийн хоолойг өөрийн нутгаар тавих сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Оросын сайд үүний өмнөхөн нь “Энергетическая политика” (Эрчим хүчний бодлого) сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хийн хоолойг Монголоор дайруулах хувилбарыг судалж байгаа гэсэн учир зөвшөөрсөн хариу өгөөгүй гэж найдаж байна. Энэ асуудал дээр манайхан Казахстанаас өрсөөд тохироо хийсэн гэж болно. Гэхдээ бид тайвширч болохгүй, шуурхайлах хэрэгтэй.Яагаад гэхээр энэ хоёр улс дэндүү ойр дотно харилцаатай. Бас нэгэн шинэ мэдээ хэвлэлээр гараад байна. ОХУ-ын “Газпром” компаний тэргүүн А.Миллер өнгөрсөн 18-ны өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Давааг хүлээн авч уулзан Монголын нутгаар дайруулан хийн хоолой барих төслийн талаар ярилцаж хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлаар санал солилцжээ. Түүнчлэн өөрийн охин компанийг Монголд байгуулах сонирхолтой байгаагаа ч хэлсэн байна. 

-Та өөрөө энэ ажилд ямар оролцоотой байгаа вэ?

-Би Шадар сайдын болоод “Эрдэнэс Монгол” компанийн орон тооны бус зөвлөх. Ямар нэгэн ажлын хэсэгт ордоггүй. Оросуудтай гайгүй харилцаатай байдаг. “Газпром” компани, уг компанийн судалгааны хүрээлэн болон бусад байгууллагын хүмүүстэй холбоотой. Жишээ нь, хийн хоолойн асуудлаар оросууд Монголд олон улсын хурал зохион байгуулах санал гаргасныг холбогдох дарга нарт танилцуулаад байна. Хятадад хэд хэдэн уулзалт, хуралд оролцлоо. Энэ бүгдийн тухай хэвлэлээр дамжуулан олон нийтэд хүргэхийг бас хичээж явдгаа хэлье. Хийн хоолой тавих, ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх, нормативуудыг боловсруулах, Орос, Хятадынхыг судлах гээд цаашдаа их ажил ундарч таарна. Энэ талаар сонирхогч байгууллагуудтай хамтарч ажиллах санаатай. Яриа хэлэлцээ ч хийж байна.