Ийм нэртэй спорт байдгийг олон хүн анзаардаггүй байх. Мон­голын хувьд тийм чухал салбар биш. Гэхдээ биеийн тамир, спортыг судлаач гэж байдаг бол энэ спор­тын мөн чанараар эрдмийн зэрэг хамгаалчихаар сонирхолтой сэдэв байдаг юм. Мөн тэгээд зогсохгүй хүндийн өргөлтийн спортыг Ерөн­хий боловсролын сургуулийн хи­чээ­лийн программд оруулсан ч болохоор санагддаг. Энэ спортоор хичээллэж байсан юм гээд одоо сурталчлаад маньд ямар ч ашиг байхгүй л дээ. Яахав хүмүүст хэрэг болж юу магад гэсэн үүднээс бичиж байна. Дуустал нь уншчихаарай.

Энэ сарын эхээр Хүндийн өр­гөлтийн ээлжит ДАШТ Парист бо­лоод өнгөрсөн. Манайхаас хоёр эмэгтэй оролцсон. Мэргэжлийн бус хүний нүдээр бол тааруухан л орсон доо. Харин штанг өргөж байгааг харах тийм ч сонирхолгүй биш. Ихээхэн ойлгомжтой спортын төрөл тул хөөрхөн сэтгэл догдлуул­чихна. Үзэгчид тэмцээн дээр болж байгаа агшнаас нэг зүйл анзаар­даг­гүй.  Нөгөө төмрөө өргөх гэж байгаа нөхөр дэвжээн дээр гарч ирээд хэсэг хугацаанд зогтусдаг даа. Тэр агшинд эргэн тойрон дахь үзэгчид өөрийн мэдэлгүй чив чи­мээгүй болчихдог. Яагаад тамирчин өргөлтийг шууд очоод гүйцэтгэсэн­гүй вэ. Юугаа бодсон юм бол. Эсвэл маани уншив уу?

Тэгвэл юу ч боддоггүй ба юу ч бодогддоггүй юм. Энэ хооронд тамирчны элдэв сарнисан бүх анхаарал юун дээр гэж тайлбар­лахын аргагүй нэг юман дээр төвлөрч биенээс дотоод айдас аажмаар ширгэх шиг өөр мэдрэхүй төрдөг. Дараа нь өргөлт амжилттай амжилтгүй янз бүр л болдог.

Он жилүүд улиран өнгөрөхөд залуугийн бяр чадал, ааг омог аль хэдийнэ биенээс сугаран хоцорч гагцхүү тэр анхаарлаа төвлөрүүл­дэг арга мэх л үлджээ. Тэр нь хүний амьдралд дараа нь мөн ч их хэрэг болох юм даа. Энийг л спортын эрдэмтэд судалж олны хүртээл болгож өгвөл нэн сайн байна.

Хүндийн өргөлтийн дараа ер нь хэн нэгэнд их спортын дараахь амьдрал гэж байж таарнаадаа. Тэр үед тэр бодол санаагаа төв­лө­рүүлдэг эрхэм чанараа өөр олон салбарт ашиглаж байна. Тухайл­бал оюутан гэхэд багшийнхаа лекцнээс хамгийн чухал мэдээл­лийг бусад нь яаж ч шуугиж байсан  аравхан секундэд анзаараад л ойлгоод авчихдаг. Амьдрал дээр хүний бие, сэтгэл хоёр байсгээд л хяналтаас гарчих гээд байдаг. Хэт уурлах, баярлах, гомдох гээд юу эс мундахав. Тэр болгонд дотоод сэтгэлээ төвлөрүүлж, хэвд нь оруу­лах зарим юман дээр тооромз гишгэхэд энэ дадал сэтгэлийг авч гардаг. Хажуудаа байгаа бусад хү­мүүсийг анзаараад байхад  ихэнх нь аливаа үзэгдэлд анхаарлаа төвлөрүүлж сураагүй харагддаг. Ард түмний үгийг сонсож байгаа улстөрчид дотроо шал өөр юм бодож байгаа нь  бүр илт  мэдрэгд­дэг. Тэр мэдээж дараа нь олигтой "өргөхгүй" нь тодорхой.

Түрүүн хэлсэн. Сургуулийн хүүхдүүдэд штанг өргүүлж сургах тухай. Багшийн өдөржин хашгир­даг үг бол "Хөөш наашаа анхаа­раа­ч ээ". Хэрэв хүүхдэд нэлээд хугацаагаар хүндийн өргөлтийн зөвхөн техникийг заагаад байвал бусад хичээлийн сурлага илт сайж­раад явчихдаг юм.  Хожим эргээд харж байхад дэлхийн цуутай  улс­төрчдөөс цөөнгүй нь багадаа хүн­дийн өргөлтийн чамгүй тамирчин байсан нь одоо анхаарал татаж байна. Дашрамд дурдахад дотоод гадаадын нэрд гарсан маш олон зохиолч, сэтгүүлч нарын энгэрт хүндийн өргөлтийн медаль байдаг юм билээ. Одооны хүмүүсийн хошуураад байгаа иог, бясал­галын дасгалуудыг л залуудаа бүтээлчээр өөр маягаар хийгээд байсан юм билээ. Харин яг йогийн дамжаанд суусан бол сурахгүй дээ.

Хүндийн өргөлтөд бас нэг юм бий. Түрүүн цухас дурдсан айдас ширгэх тухай онол. Тамирчин зөвхөн тэмцээн дээр л хамгийн хүндийг өргөдөггүй. Өдөр бүр бэлт­гэл дээр өөртөө тохирсон бэрх­шээлийг сөрж тоглодог гэх юм уу бэлтгэлждэг ч гэх юм уу. Хүндийг өргөж зугаагаа гаргаж гэж арай болохгүй байх аа. Энэ утгаараа математиктай их адилхан.

Онгироо, сагсуу ч гэсэн тодор­хой хүнд жинг өргөхийн өмнө ядаж хөмхийгөө зууна. Орилно, чар­лана их юм болдог. Тэрнийг өргөж даах­гүй байлаа гээд дараа нь шийтгэл ирэхгүй гэдгийг мэдсээр байж  до­тор сэтгэлд түгшүүр үүссэн байдаг. Энэ бол ясны айдас юм. Тэгэхээр өдөр болгон айдастай учирдаг гэсэн үг.  Өчигдөр гөлөл­зөөд өргөж чадаагүй жингээ өнөө­дөр овоо зориг орчихсон толгой дээрээ гаргаад авчих жишээтэй. Энэ мэт­чилэнгээр сэтгэлийн тэнхээ биеийн чадамжтай хамт үргэлж хэрсүүж­сээр байдаг. Онолоор бол 100кг хүндийг өргөх бяртай этгээд сэт­гэлээрээ дахиад 50 кг хүртэл нэмж илүү өргөх боломжтой гэж үздэг. Энэ мэтчилэнгээр биенд орших айдсыг хэдийчинээ ширгээж чадаж байна тэр агуу тамирчин болдог.  За тэр тамирчин болох нь яахав тусдаа хэрэг. Нэлээд хэдэн жил энэ спортоор болсон болоогүй явчих­сан нөхөр хожим байгаль, нийг­мийн давагдашгүй хүчин зүйл л биш бол огт ажрахгүй сэтгэлийн тэнхээтэй болдог. Хүний амьдралд оготноос цочихоос өгсүүлээд  ну­дарга зөрүүлэх хүртэл айж цочсон үйлдэл тасардаггүй. Тэр нь ху­римтлагдсаар элдэв өвчний уурхай болдгийг шинжлэх ухаан тог­тоо­гоод байна. Хэдий гаднаа айх­гүй дүр үзүүлж нэрэлхэвч дотор сэт­гэлд түгшүүр оршсоор л байна. Тэрнийг зөвхөн дасгал сургуулиар л арилгах бөлгөө. Эсвэл нэг "зуу" татчихаж болох юм даа. Штанг өргөхийн өмнө болон бусад үед удаан хугацаагаар "бодоод" бай­хад аажмаар биенээс айдас га­раад явчихдагийг туршлагатай та­мирчид хэлдэг юм. Ямар нэгэн тарни, шившлэг уншилгүйгээр шүү.  Үүнийг философичид, сэтгэл зүй­чид илүү сайн тайлбарлах байх.

Спортод "Бодит үйлийг гүй­цэтгэх" гэж орчуулагдах тийм төрөл байдаг. Үүнд хүндийн өргөлт, өнд­рийн харайлтын спорт хамрагдана. Тамирчин нь өмнөө тухайлсан хүнд жинг килограммаар, эсвэл өндөр саадыг сантиметрээр хэмжиж та­вьж байгаад олны өмнө илбэ үзүү­лэхтэй адил үйлдэл гүйцэтгэхийг хэлээд байгаа юм. Өндөрт ба уртад харайх хоёр адилхан хөнгөн ат­летик мөртлөө мөн чанарын хувьд шал өөр онол явагддаг байх нь. Бусад спортын хувьд өрсөлдөгч нь голдуу хүн байх тул аз ёндоогоо үзэхээс өгсүүлээд авхаалж самбаа, мэх гэхчилэн ашиглаж чадвал горьдлого тасарчихгүй. Харин дээрх хоёр төрөлд боломжит хяз­гаар хэмжээнийхээ хүрээнд л за­хиалгаа өгдөг дүрэм үйлчилнэ. Юмыг яаж мэдэхэв гээд нэг санти­метр, нэг килограмм илүү тавьчих гэх амлагаа барагтай л бол бай­даггүй. Яагаад хэмжээнээсээ илүү өргөчихье, харайчихъя гэсэнгүй вэ? Яагаад гэвэл энэ хязгаараас хэ­тэрвэл би айна. Айж байгаа учраас өргөж чадахгүй. Гэтэл жирийн хүмүүс "юунаас ч айдаггүй". Ялан­гуяа агсардаг согтуу нөхдүүд арс­лан барс лугаа байх нь гайхалтай. Өнөөдөр нийгмийн харьцаанд үргэлж  "зориглох" нь  балмад явдал гэж тодорхойлогдож эр зори­гийн үнэ цэнийг хөсөрдүүлжээ. Үүнийг судлаад эрдэмтэд дүгнэлт гаргасан байна. Хамгийн аймхай хүмүүс хамгийн зоригтой  ажээ гэж. Сонирхолтой дүгнэлт шүү. Наад захын жишээ бол ихэнх алуурчид айснаасаа болж гэмт хэрэг хийдэг гээд баахан баримт иш татсан харагдана.

Ихэнх хүмүүсээс хачин хачин шийдвэр гараад байдаг нь нэг бол хүүхдийн гэнэн зөрүүдлэлт, эсвэл нохойд гүйцэгдсэн муурны аран­шин төдий л юм. Яс юмандаа түүнийг зориг гэдэггүй. Харин уур­ласан гомдсон байж магадгүй.

Өнөөдөр хүний амьдралд бо­ломжит эр зориг үгүйлэгдэж байна. Алба амины бүх ажилд шантарс­наас болж их юмнаас хоцордог. Хоцрох тусмаа сэргээш хэрэглэн улам буруудсаар. Магадгүй нийг­мээрээ архидах ч үүнтэй хамаатай байх.

Бид хүүхдэдээ "эр зоригийн хүмүүжил олгох" гээд нэг юм хай­гаад байдаг. Тэр нь энэ штанг өргөх онол дотор байсан юм билээ. Орчин үед бусад спортын салбар бүр дэргэдээ хүндийн өргөлтийн штанг тавьж тэр чиглэлийн мэр­гэжилтнүүд байршуулсан байдаг. Үүнийгээ тайлбарлахдаа хүчний дасгал хийж байна гэдэг. Бүр буудлагынхан хүртэл штанг хэрэг­лэх нь сэжигтэй.  Буугаа л дааж байвал барав гэмээр атал. Хүмүүс эрүүл амьдрахын тулд нэг хэсэг баахан гүйцгээдэг байлаа. Дараа нь гэнэт "боодий"-гоор хичээллээд унав. Бодибилдинг биеийг гоё болгодог. Одоо сүүлийн үеийн моод хүндийг өргөх болов. Хүндийн өргөлт нь биеийг муухай болгохгүй ч их өргөвөл хүүхдийн өсөлт ч зогсож магадгүй. Цаад зорилго нь дээр хэлсэн ухаан санаагаа төв­лөрүүлж сурах, амьд­рах эр зоригоо чангалах гэсэндээ гэнээ. Хичээл­лэгсэд мэргэжлийн­хэн шиг хамаа­гүй их хүндийг ч өргөдөггүй аж. Зарим эцэг эхчүү­дийн хэлэх нь бөхийн төрлийн спортоор хүүхдээ битгий хичээл­лүүлээрэй, уг спор­тын мөн чанар нь хожмоо мэх нь заль болж хувир­даг. Тэгээд ч иймэр­­хүү спорт хонж­ворт сугалаа хоёр адилхан. Зуун бөхөөс нэг нь аварга бусад нь хэн ч биш. Хайран залуу насаа авар­гын бие халаал­тын бээлий болгож өнгөрөөх ч юм билүү гэж захиж байна. Энэ бол гадаад хүний үг шүү.

"Айлын хүүхэд" их спортоор хичээллэхдээ хүртэл алсаа бодож заавал нэг ашиг авч байж салдаг байна шүү. Гэтэл бид баахан хөгжлийн бэрхшээлтэй нөхдүүдийг нийгэмд бэлдэж ядаж аварга бол­сон ч юмгүй, "алтан, мөнгөн" үе гэж ярихаас өөр юмгүй хоцрох нь ха­рамсалтай.