Хүсэл шуналын капитализм - Шунал үржихийг л хүсдэг
Чехийн эдийн засагч Томаш Седлачекийн NHK телевизэд өгсөн ярилцлагаас.
Өмнөх хэсгийг ЭНДЭЭС унших
Аж үйлдвэрийн хувьсгалаар хүмүүс амьдралын утга учраа алдсан
ー Тэгвэл одоо өнөөгийн бага хүүний бодлого, зогсонги эдийн засгийн асуудлаас бага зэрэг холдож, түүхийг сөхөж харцгаая. Аж үйлдвэрийн хувьсгал бол өнөө цагтай шууд холбогдох орчин үеийн капиталист нийгэм бүрэлдэн гарч ирэх хүчин зүйл болсон эдийн засгийн түүхэн дэх эргэлтийн үе байсан. Аж үйлдвэрийн хувьсгал хүмүүсийн хүсэл мөрөөдөл, бодол сэтгэлгээ, капитализмын хэлбэр төрхийг хэрхэн өөрчилсөн гэж боддог вэ?
Седлачек ー Аж үйлдвэрийн хувьсгал хүн ба эд юмсын хооронд маш том ангал бий болгосон. Гар утсаар жишээлж хэлье. Хүн бүхэн хэрэглэдэг, тэрүүхэндээ дотны хамтрагч маягийн зүйл. Өдрийн туршид халаасалж явдаг хүмүүс ч олон. Жорлонд ч хамт орно, шөнө унтахдаа ч дэргэдээ тавина. Найзууд дунд тэгвэл тийм дотно хүн бий юү?
Тэгсэн хэр нь ээ би гар утасны цаад механизмыг мэдэхгүй. Гар утас ажиллах зарчмыг бүхэлд нь ойлгож мэддэг хүн аягүй бол энэ дэлхийд ганц ч байхгүй. Хэсэгчилсэн байдлаар, жишээ нь дэлгэцийг нь л мэддэг, баттерейг нь л мэддэг хүн бол байгаа байх. Нэг ёсондоо гар утас бид хоёрын хооронд ангал гэх үү, хөндийрлийн мэдрэмж байгаа юм.
Миний өмсөж буй хувцасыг хэн хийснийг би мэдэхгүй. “Made in Italy” гэж бичсэн байгаа ч хэн оёсон нь тодорхойгүй. Уудаг усаа өөрөө худгаас татаж ч чадахгүй, иддэг махаа авлаж ч чадахгүй. Өдөр бүр иддэг хэр нь ээ будаа яаж тарьдгийг ч мэдэхгүй.
Аж үйлдвэрээс өмнө хүн ба эд юмсын хоорондын зай хамаагүй ойрхон байсан байх учиртай. “Энэ үхрийг Жон тэжээсэн” гэдэг ч юм уу. Хүмүүс харилцан биесээ хүсэмжилж, нягт холбогддог байсан. Мөн үндсэндээ бол тосгон дотор мэргэжлийн ажлын байрны тоо хязгаартай байсан.
Чаплины “Орчин үе (Modern Times)” гээд кинонд таны асуултын хариулт болохуйц дүрслэл гардаг. Гол дүрийн Чаплин үйлдвэрийн ажилчин. Тэнд хүмүүс техникийн нэг эд ангийн нэг хэсэг болсон байдаг. Техник шигээ ажиллаж байхад асуудалгүй л дээ, харин биеэ жаахан маажих төдийд л ажил амжихаа байж ирнэ. Тэгээд сандарч яарч байтал нэг мэдэхэд техниктэйгээ орооцолдоод дотор нь орчихно. Аж үйлдвэржилтийн цаг үеийг илэрхийлсэн гайхалтай кард (scene). Манай хүн техникийн аварга том араа шүдэнд хавчуулагдаад бяцрах гэж байж л ажлаа хийгээд л байдаг.
ー Аж үйлдвэрийн хувьсгал, эсвэл үйлдвэржилтийн үр дүнд хөдөлмөр өөрчлөгдсөн л дөө.
Седлачек ー Тэгсэн. Хүмүүс өөрийнхөө төлөө ажиллахаа болиод, “ажилдаа явдаг” болсон. Тэгснээ “амралт” авдаг болсон. Урьд нь бол ажил, амралт хоёр тэгж тусдаа байгаагүй. Энэ бол үйлдвэржилтийн онцлогийг тодотгосон үзэгдлүүдийн нэг. Тэр өөрчлөлтийг авчирсан нь капитализм биш үйлдвэржилт, хотжилт байсан. Учир нь Орос, Чех зэрэг коммунист оронд ч ижил үзэгдэл өрнөсөн. Капитализм гэхээсээ үйлдвэржилтээс бий болсон өөрчлөлт.
Тэгээд энэ өөрчлөлтийн нөлөөгөөр хүмүүс амьдралын утга учраа алдсан. Уул шугамандаа ажил хөдөлмөр хүний амьдралд утга учир оноодог. Өдөрт 8-с олон цагаар ажиллаж байгаа бол бүр ч тэр тусмаа. Тиймээс ажлыг энгийн урсгал ажилд хуваарилчихаар түүнийг байнга хийх нь оюун санааны хувьд маш хэцүү. Өнөөдөр гэр бүлийн хүрээний жижиг компани, эсвэл гар хийцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл бага ч болов эргэж дэлгэрч байгаа нь үүнтэй холбоотой ч байхыг үгүйсгэхгүй.
Ийм нэг хошин яриа байдаг. Өрнийн баян хүн загасчилж буй эрийн дэргэд ирээд, юу хийж байгааг нь асууж гэнэ. Эр “Загас барьж байна аа” гэж. Тэгтэл баян нөхөр “Тор худалдаж аваад бизнес болгох хэрэгтэй. Тэгвэл хүн хөлслөөд загас бариулаад байж болно” гэж санал болгож. “Юуны төлөө?” гэж асуутал баян нөхөр “Өөрөө ажлаас чөлөөлөгдөж, тааваараа сайхан загасчлахгүй юү” гэсэн гэдэг. Ерөөсөө тэр залуу анхнаасаа л аз жаргалтай байхгүй юү. Баян нөхрийн санал болгосноор тор худалдаж аваад бизнес хийгээд аз жаргалтай болж магадгүй л дээ. Гэхдээ тэр явцад маш их зовлон бэрхшээлийг туулна. Эрсдэл ч үүрнэ, амжилтад хүрэх баталгаа ч байхгүй.
ー Олон хүн мөнгө, карьерын төлөө ажиллаж байгаа ч, карьер нь бэхжиж, хангалттай мөнгө олсныхоо дараа юу хийхээ нухацтайгаар эргэцүүлж боддог хүн тийм ч олон байдаггүйг илэрхийлсэн ёжлол бололтой. Нэг бодлын гүнзгий ч юм шиг, нөгөө бодлын ойлгомжгүй ч юм шиг. Яагаад юм бол?
Седлачек ー Харин тийм. Яагаад гэхээр ажил хөдөлмөр болон амралт зугаа хоёр чинь санамсаргүй юм. Бодоод үз дээ. Хэрэв зээ Аристотель эргэж төрөөд өнөөгийн нийгэмд бидний хэрхэн ажиллаж буйг харвал гайхшаа барах биз. Компьютерын өмнө суугаад кофе уунгаа ярилцлага өгнө. Өдрийн цайгаараа мэдээллийг нэгээс нөгөө рүү дамжуулна. “Мэдээллийн урсгал” бол үндсэндээ хөгжингүй орны эдийн засгийн голлох үйчилгээний дийлэнх хагас буюу товхийсэн “ажил”-даа орно. Аристотель харвал тоглож байна л гэж бодох байх.
Гэтэл чөлөөт цагаараа юу хийх вэ? Гүйж, алхаж, юм өргөж, ан хийнэ. Цэцэрлэгээ тордоно. Хоолоо ч хийнэ. Аристотелийн өнцгөөс харвал энэ нь ажил. Харин бидний хувьд амралт зугаа.
Ажил хөдөлмөр дээр нэг сонин нь, зарим ажилд урамшуулал хөлс зоохоор мотиваци унах тохиолдол бий. Жишээ нь цусны донор. Цусны донорыг ажил мөн эсэхийг түр орхиод, цус хандивласны төлөө мөнгө төлөхөөр донорын цус нийлүүлэлт багасаж, чанар нь ч мууддаг юм гэсэн. Урамшуулал хэрэггүй. Цусаа бэлэглэмээр байна аа гэсэн үг. Сонгодог эдийн засгийн онолоор бол талархаад, дээр нь урамшуулал өгвөл улам их цус цуглах ёстой байтал бодит байдал дээр тэгдэггүй.
Нэг группэд цалин хөлсгүйгээр ажил хийлгэж, өөр группэд ижил ажлыг урамшуулалтай хийлгэе. Тэр үед цалингүй групп нь нөгөөхөөсөө илүү хурдан шалмаг бас чанартай ажил хийх нь их гэдэг судалгааны үр дүн ч байдаг.
Юуг ажил, юуг амралт зугаа гэх нь өөрөө маш санамсаргүй зүйл. Цаг үеэсээ ч болно, хүмүүсийн сэтгэлзүйн нөлөө ч бас том.
Хориотой жимс AI
ー Өөрийн хүч л өөрийгөө нураах чадалтай
ー Үйлдвэржилт тэгэхээр хориотой жимс байсан гэсэн үг үү? Таныхаар капитализмын хувьд юу хориотой жимс вэ?
Седлачек ー Адам, Ева ба диваажингийн цэцэрлэгийн үлгэрт гардаг “хориотой жимс” нь хэт хэрэглээ байсан. Өгснөөс илүүг хэрэглэсэн явдал. Хүү ч бас “хориотой жимс”, асар их баялгийн хажуугаар үй олон асуудлыг ч далласан.
Бид хөгжил дэвшлийг хүсдэг ч зэрэгцээд бас айдаг. “Матрикс” ч бас тэгдэг биз дээ? Бараг бүх SF (уран зөгнөлт) кинонд ирээдүйг өөдрөгөөр дүрсэлсэн юм байдаггүй. Алийг нь ч үзсэн “Бид өөрсдийгөө мөхөл рүү түлхэх ямар нэг зүйлийг бүтээчихлээ” гэх маягтай юмс л гардаг.
Үлгэр домгууд ч тийм. Христийн шашин түүний гоё жишээ. Хүнийг бүтээсэн нь бурхан боловч ямар нэг алдаа гарч, хүн бурхныг алдаг. Ницше “Бурхан үхсэн” гэсэн. Прагын голем ч бас адилхан. Шившлэг хэлтэл шавар хүний дүрс амь орж голем болоод еврейчүүдийг хамгаалдаг боловч буруу ашигласнаас болоод нөгөөх нь мангас болдог. Бид өөрсдийнхөө төлөө ажилладаг багаж хэрэгсэл, компьютер бүтээсэн байтал гэнэт тэдгээр нь бидэн рүү халдаж эхэлдэг.
Үүнийг би “Эзэн боолын хөмрөлт” гэж нэрлэдэг юм. Өөртөө зориулж ямар нэг юманд учиргүй их энерги зарцуулахаар олон тохиолдолд эцсийн дүндээ өөрсдөө түүндээ захирагдаж орхино.
Үйлдвэржилтээс ч бас үүнийг харж болно. Үйлдвэржилт өрнөсөн нь баярлууштай ч түүнд ч бас хоёр нүүр бий. Яг л Янус шиг (Ромын үлгэр домогт гардаг хаалганы сахиул бурхан. Толгой нь баруун зүүн тийш харсан хоёр нүүртэй). Бид өөрсдөө л “хориотой жимс” бүтээдэг.
Өнөө үед IT (мэдээллийн технологи), AI (хиймэл оюун) байна. Бид өөрсдөө хүсэж, олон сайн ургац тэндээс хурааж болох ч нөгөө талаар гоо зүй, философи өнцгөөс нь харвал бид хурдаа жаахан сааруулах ёстой юм шиг сэтгэгдэл төрдөг.
AI-ийн гайхмаар нь, бид аль хэдийнэ аюулыг мэдэрч, биднийг мөхөөх ч эрсдэлтэйг ойлгож, хөгжүүлэхээ зогсоох ёстой гэж бодсон ч зогсоож чадахгүй байгаа явдал. Интернет ч бас адилхан. Интернетийг зогсооно гэдэг бараг боломжгүй хэрэг. Маш аюултай, сүйрлийн эрсдэлтэй гэдгийг мэдсээр байж л үргэлжлүүлээд байдаг салбар бидний нийгэмд үнэхээр байдаг.
Төсөөлөөд үз дээ. Одооноос 100 жилийн дараа компьютер бидний оронд биеийн хүчний ажлыг хийгээд зогсохгүй оюуны ажлыг ч хийдэг болохыг байг гэхгүй. Тэгвэл тэр үед хүн юу болох вэ? Ямар ажил хийх вэ? Морь шиг л хэрэглээнээс гарах уу? Урьд цагт ажилд морийг ашигладаг байсан бол өнөөдөр бараг хэрэглэхээ байсан. Хүн, морь хоёр ижил замаар орох уу? Эдийн засагчдын байнга өөрсдөөсөө асуудал зүйл.
Бид AI-тай хэрхэн харьцахаа одооноос бодож эхлэх хэрэгтэй. AI бидний оронд ажиллах юм гэвэл Basic Income (суурь орлогын баталгаа. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших) системийг нэвтрүүлж, хүмүүс улам их зав чөлөөгөө таашаах ёстой бус уу?
AI хүмүүсийн ажлыг булаана. Бид ч тэр утгаар нь AI-ийг хүсэж буй. Тиймээс үнэхээр хүний оронд компьютерыг ажиллуулмаар байгаа л бол AI-ийн бүтээсэн баялгийг нийгэмд хэрхэн хуваарилах талаар бодох л хэрэгтэй. Одооноос л бодохгүй бол оройтож ч мэднэ. Тэр баялаг нэг хүний гарт монополчлогдох ч боломжтой. Тэгээд тэр ганц хүн нь нөхцөлгүй баян болж, үлдсэн бүх хүмүүс ажил ч гүй, мөрөөдөл ч гүй, мөнгө ч гүй хоцрохыг ч хэн мэдлээ.
Мэдээж AI-аас бий болсон баялгийг нийгмээрээ хамтран эзэмших ч боломжтой л доо. Энэ бол шинээр ярилцах ёстой сэдэв. Роберт Скиделски (Английн эдийн засагч, түүх судлаач) капиталын өгөөжийг төрд шилжүүлэх ёстой гэсэн санал дэвшүүлдэг. Жосеф Шумпетер (эдийн засагч, анхны “эдийн засгийн өсөлт” гэх нэршлийг ашиглаж, инновацийг томъёолсон) ирээдүйг урьдчилан зөгнөөд ингэж хэлсэн байдаг: “Капитализмд бүгд ижил хэмжээгээр хувьцаа эзэмшвэл нэг төрлийн капиталын коммунизм болох юм биш үү?” гэж. Ойлгож байна уу? Тэр бол агуу эдийн засагч.
Эд бүгдээрээ өнөөдөр бидний нэн даруй ярилцах ёстой сэдвүүд. Тэгэхгүй л бол оройтно. Хэрвээ сайтар тооцож, удирдаж чадвал дэвшил сайн зүйл, өгөөжтэй зүйл байх боломжтой. Амьдрал илүү зугаатай, илүү эрүүл ч болох байх. Өөрсдөө хариуцаж буй бүхэн өөрсдийн л хариуцлага.
ー Сонирхолтой юм. Энэ бүх элементүүдийг “хориотой жимс” гэж хэлж байгаа ч гол асуудал нь эдгээрийг хорих үр дүнтэй арга байхгүйд л байна шүү дээ?
Седлачек ー Яг зөв, байхгүй. Маш хүчирхэг зүйлийг бүтээчхээр түүнийгээ хориглож чадахаа больчихно. “Full throttle дампуурал”-тай адил. Улаан гэрэл асаад байхад л тэр эрчээрээ давхиад байна.
Тиймээс анхааралтай байх хэрэгтэй. Бид юуг ч бүтээж мэднэ. Олон бүс нутгийн олон үлгэр домгуудад өөрийн хүч л өөрийгөө нураах чадалтайг сургадаг. Надад бидний сул доройгоос илүү хүч чадал нь аймшигтай гэж санагддаг.
ー “Хориотой жимс” идэхийг хориглох нь боломжгүй, эсвэл хэцүү бол магад хамгийн сайн сонголт нь хурдаа хасах юм болов уу?
Седлачек ー Тийм ээ. Бид хаашаа чиглэж яваагаа мэдэхгүй шүү дээ. Бидний нийгэм мэдлэгийн дутуугаа хурдаар нөхөж байна. Гэтэл хаашаа чиглэж буйгаа мэдэхгүй бол эхлээд нэг зогсоод, эргэн тойрноо харж, замаа олох хэрэгтэй. Хурдаа нэмэх нь олон тохиолдолд асуудлын шийдэл болохгүй.
Шунал ханадаггүй
ー Энэ завшааныг ашиглаад бас нэг асуух зүйл байна. Таны бүтээлд Мандевиллийн (18-р зууны Английн сэтгэн бодогч, сэтгэцийн эмч. Эдийн засгийн талаар ч хувийн эргэцүүллээ дэвшүүлсэн) талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Мандевилль танаас чанх эсрэг зүйлийг хэлдэг шүү дээ. Өр нийгэмд сайн сайхныг авчрах боломжтой гээд.
Седлачек ー Мандевиллийн “Зөгийний ёгт үлгэр”-т хувь хүний ёс бус үйлдлүүд нийгэмд ашиг авчирна гэсэн санаа гардаг. Яагаад ч санал нийлэхгүй яриа боловч маш зэвүүн гоё бичигдсэн үлгэр л дээ. Нэг бодлын маш ухуулах хүчтэй.
Мандевилль хүнийг хүсэл шуналаа хангахын төлөө амьдардаг гэдэгт итгэдэг байсан. Гэтэл шуналд дор хаяж хоёр асуудал бий. Сайн бодож үзвэл санал нийлэх байх, шунал өөрөө хангагдахыг хүсдэггүй. Шунал үржихийг л хүсдэг. Хүний шуналын мөн чанар нь шуналын бай болсон тэр зүйлээ өөрийн болгох бус, өөрийн болгосны дараа шинээр улам илүү юм хүсдэгт бий.
ー Тэр нь хэт хэрэглээтэй холбогддог гэж үү?
Седлачек ー Яг тийм. Тэгээд шунал хэзээ ч ханадаггүй. “Хүн төрөлхтөн хэзээ ч аз жаргалтай болохгүй. Ямагт ар араас нь шинэ зүйлийг хүсээд л байна” ー. Чикаго урсгалын эдийн засагч Франк Найтын хэлсэн үг.
Эртний Грекийн стоик урсгал (Хэленизмын философийн урсгал. Үндэслэгч нь Зенон) ба Эпикурос урсгал (Хэленизмын үеийн философич Эпикуросын үндэслэсэн урсгал. Таашаал цэнгэлд өндөр үнэ цэн өгдөг) хоорондоо мэтгэлцэж байна. Эпикурос урсгал “Хүсмээр зүйлс ийм их байхад надад ердөө л иймхэн байна” гээд эрэлттэй харьцуулахад нийлүүлэлт хүрэлцэхгүй байгааг онцолдог. Эпикурос урсгалын хувьд аз жаргалын жор нь эрэлтийг хангахуйцаар нийлүүлэлтийг ихэсгэх явдал.
Нөгөө талд Стоик урсгал эрэлттэй харьцуулахад нийлүүлэлт хүрэлцэхгүй байгаатай нь санал нийлэх ч “Нийлүүлэлтэд тааруулж эрэлтээ багасгах нь аз жаргалын зам бус уу?” гэж няцаадаг.
“Whatever Lola wants, Lola gets (Лола хүссэн болгоноо өөрийн болгодог)” гэдэг дуу байдаг даа, тэрийг “Whatever Lola has, Lola wants (Лолад байгаа бүхэн түүний хүссэн зүйлс)” гэж өөрчилбөл Лола илүү аз жаргалтай биш гэж үү?
Эдийн засгийн асуудал руу хөрвүүлж харъя. Үл ханамжийг ДНБ-ий өсөлтийн мотор гэж хэлбэл нэг хэрэг, харин ханахгүй байгаа юманд гомдол хэлэх нь утгагүй хэрэг. “Байгаадаа ханалгүй улайран ажиллаж болох ч тэглээ гээд хэзээ ч ханахгүй” байхыг сонгох уу, эсрэгээрээ “Байгаадаа ханаад тайвшрах”-ыг сонгох уу. Хоёр л сонголт байна.
Чех улс 30-аад жилийн өмнөх ДНБ-дээ ханасан байсан бол яах вэ? 30 жилийн өмнө, 25 жилийн өмнө, 20 жилийн өмнө хүмүүс нийлүүлэлт хүрэхгүй байна гээд зовж байсан уу? Тийм юм байхгүй. Ядуу байсан 20 жилийн өмнөхөөс ч илүүгээр элбэг хангалуун болсон өнөөгийн хүмүүсийн шунал томорсон.
20 жилийн өмнөх ДНБ-ий түвшин хангалттай гэвэл ижил ханамж авахын тулд өнөөдөр 7 хоногтоо 3 өдөр ажиллахад л хангалттай. Гэтэл бид өсөлтөөс бий болсон энергиэ бүгдийг нь улам их баялгийн төлөө зарцуулсан. Үр дүнд нь зарим талаараа 20 жилийн өмнөхөөс ч ихээр ажиллах шаардлагатай болоод байна. Үнэхээр утгагүй явдал. Яагаад гэвэл шуналд нэг л автвал шуналыг удирдаж чадахгүй түүндээ удирдуулж орхидог болохоор тэр.
ー Санал нэг байна. Тийм шунал ямар ч байсан эрүүл гэж харагдахгүй.
Гэтэл нөгөө талаар компани болон хувь хүмүүсийн хүчтэй хүсэл шунал капитализм, зах зээлийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болж, үр дүнд нь ядуу хүмүүсийн нөхцөл байдал дээрдэх үзэгдэл ч байх боломжтой гэж бодож байна.
Сүүлийн 50 - 100 жилийн хугацаанд улс орнуудын амьдралын орчин, ялангуяа хүмүүсийн эрүүл мэндийн төлөв сайжирсан. Хэрвээ 100 жилийн өмнөх хүмүүс байгаадаа сэтгэл ханаад, улам их өсөлт, хэрэглээнд шунаагүй сэн бол юу болох байсан бол? Өнөөгийн бидний орчин нөхцөл 100 жилийн өмнөхөөс тэгтлээ өөрчлөгдөөгүй байсан ч байж мэднэ.
Миний хэлмээр байгаа нь “Энэ хүрвэл ханана” гэж шийдэж тогтооход хэцүү. Хэн шийдэх билээ? Шунал, хэрэглээ хэтрэх үе байдаг л байх, гэхдээ ирээдүйд хэрэг болох магадлал ч бас байгаа гэж бодож байна.
Седлачек ー Нээлт ч бас ихэвчлэн эхэндээ бизнесийн зорилгогүй байх нь элбэг. Бизнес бол дараагийн асуудал. Интернетийн нээлт бизнесийн зорилготой байгаагүй, онгоцыг сониуч зангаараа л бүтээсэн. Тэдгээрийг маркетинг хийж зарах нь дайвар үйлдэл бөгөөд бизнесмэнүүдийн үүрэг ролийн асуудал. Бизнесмэнүүд шинийг бүтээгчид биш. Инноватор байж болох ч шинийг бүтээгч биш.
Би хөгжил дэвшлийг эсэргүүцсэн юм биш. Зүгээр л түүхийг сөхөж харвал, жишээ нь аж үйлдвэрийн хувьсгалын үед ч хөгжил дэвшил гайхмаар зүйл байсан. Цахилгаан, утас, цахилгаан шуудан, машин гээд бүгд уулга алдуулан гарч ирсэн. Гэвч хүмүүс яваандаа хөгжил дэвшилд дасаж, одоо бол түүнээс хараат болсон байна. Яг л хар тамхи шиг. Хоолтой адилаар, хоол өөрөө муу зүйл биш байлаа ч хэтрүүлж идвэл сайнгүй.
Давтаж хэлэхэд би хөгжил дэвшлийг эсэргүүцэхгүй. Миний хэлж буй нь ДНБ-ий өсөлтийн дундаж 0 эсвэл багахаан хувьтай байсан ч ганхдаггүй эдийн засгийг босгож ирэх ёстой. Өсөлтийг баярлан хүлээж авдаг, гэхдээ өсөхгүй байсан ч хэвийн ажилладаг тийм эдийн засгийг хүсэж байна. Оюун санааны хувьд ч, төсвийн болоод мөнгөний бодлогын хувьд ч үүнийг боломжтой шилжилт гэж бодож байна.
Эдийн засгийн хямрал гарцаагүй ирнэ. Орлого, зарлагаа тэнцүүл
ー Ирээдүйн талаар асууя. Саяхны эдийн засгийн хямрал гэвэл 2008 оны санхүүгийн хямрал байсан. Ойрын ирээдүйд ахиад том хямрал дэгдэх магадлалтай юу? Эсвэл хямралыг эвтэйхнээр тойрч гарч чадах уу?
Седлачек ー Өрнөдийн орнуудад өрийн түвшнээ багасгах бага сага хугацаа байна. Хэрвээ өрийн түвшнээ бууруулж чадахгүй бол хэзээг хэлж мэдэхгүй ч гарцаагүй хямрал ирнэ. Бизнесийн цикл давтагддаг. Хямрал бол циклийн нэг хэсэг гэдгийг мартаж болохгүй. Энэ бол трэнд биш.
Урьд цагт ирээдүйг зөнчид зөгнөдөг байсан бол өнөөдөр эдийн засагчид ирээдүйн тухай ярьдаг болж. Нийгэм судлаачид, улс төрчид ч ирээдүйн тухай тэгж их ярихгүй. Эдийн засагчид л ирээдүйг таслалаас хойш хэдэн орны нарийвчлалтай хүүрнэж байна.
Ямар ч байсан дараагийн хямрал гарцаагүй ирнэ. Одоогийн өрийн түвшинтэйгээ хямралтай золговол бид сүйрч ч мэднэ. Дараагийн хямралаар сүйрчихдэггүй юм гэхэд тэр нь сүүлийнх, эсвэл сүүлээсээ хоёр дахь сануулга байх болов уу.
“Орлого, зарлагаа тэнцүүл” гэсэн сануулга.
Би аймшгийн кинонд дуртай болохоор Японы аймшгийн кинонуудыг ч үздэг л дээ, үнэхээр аймар. Би хүртэл “Ямар аймар юм бэ?” гэж боддог ч хобби юм хойно үзэхээс өөр замгүй.
Чөтгөр бидэнд ямар нэг зүйлийг хэлэх гэдэг. Тэр мессежийг нь бид сонсмогц чөтгөр алга болно. Чөтгөр бидэнд юу хэлэх гэсэн бэ? Надад бол ийм мессеж сонсогддог. “Орлого, зарлагаа тэнцүүл. Үгүй бол муугаа үзнэ шүү. Өр чинь хэтрээд өсөлтөд хэт улайраад байвал хэдий 20% өссөн ч чамайг болгож тавина гэж мэдээрэй. Орлого, зарлага чинь тэнцэхгүй байгаа хойно, яая гэхэв” ー
Тийм болохоор би өрөө багасгахыг хатуу сануулмаар байна. Өсөлтөөс илүү өрөө дарах нь эхний асуудал. Өмнө хэлсэнчлэн 2007 онд хангалттай өсөлттэй байх үед зээлийн хямрал болсон. Мөнгөний хямралаас иргэншлийн (өнөөгийн нийгмийн) кароши ч болохыг үгүйсгэхгүй. Тийм юм бүү болоосой л гэж залбирч байна. Гэхдээ энэ бол хэрхэвч дутуу үнэлж болохгүй эрсдэл.
Мөнгө гэж юу вэ?
ー Мөнгө бол тохиролцооны бичиг
ー Сүүлийн асуулт. Таныхаар мөнгө гэж юу вэ?
Седлачек ー Миний хувьд мөнгө бол…, явж явж оюун санааны зүйл. Мөнгө бол тохиролцооны бичиг. Ив ижил цаасан дээр 5000 гэж бичсэн байвал 5000, 5 гэж бичсэн байвал 5. Үнэндээ яг л тийм тохиролцооны бичиг.
Мөнгө өөрөө тэр байгаагаараа оршдоггүй. Мөнгө бол харилцан хамааралд суурилдаг. Мөнгө хүмүүсийн хооронд л оршдог. Зөвхөн өөртөө зориулж мөнгө бүтээлээ гээд зөвхөн өөрөө л ярьдаг хэл шиг юунд ч хэрэг болохгүй. Хэл ч, мөнгө ч дор хаяж хоёроос дээш хүний дунд эргэлдэж, зөвшөөрөгдөхгүй бол байхгүйтэй ижил.
Мөнгө бол энергийг хэлбэрт оруулсан зүйл ч бас мөн. Би болон миний ажил хөдөлмөрийн үнэ цэн биш. Мөнгө бол миний хэн нэгэнд илгээж, хэн нэгнээс авдаг энергийн хэлбэр. Цаг хугацааг давуулан илгээж ч болно, хадгалж байгаад ирээдүйн өөртөө бэлэглэх ч боломжтой. Бас зээл хэлбэрээр ирээдүйн өөрөөсөө уусгаад авч ч болно.
Миний хувьд мөнгө гэж тийм л юм. Цаасны өөдөс биш. Дэвсгэрт бол мөнгийг биежүүлсэн зүйл. Мөнгө оюун санааны зүйл учраас цаг хугацаа, орон зайг даван гэрлийн хурдаар шилжиж чаддаг.
Дээр нь мөнгө бол маш нууцлаг зүйл. Нөгөө юутай төстэй. 3-р зууны Христийн шашны сэтгэгч Августин хэлсэн байдаг. “Хэн ч асуухгүй бол би цаг хугацаа гэж юу болохыг мэддэг. Түүнийг төгс танин мэднэ. Гэвч хэн нэг нь «Цаг хугацаа гэж юу вэ?» гэж асуух л юм бол мэдэхээ байдаг” ー. Мөнгийг ч бас тиймэрхүү зүйл гэж боддог. Юу вэ гэж асуух хүртлээ хэн ч мөнгийг маш сайн мэддэг. Даанч асуухаар л мэдэхээ больчихно.
ー Ярилцсанд баярлалаа.
Седлачек ー Баярлалаа. Маш зугаатай байлаа.
Tamir