Урлагийн дээд агуулга, түүний хоосон чанар болон урлагийн эрхэм дээд зорилгын утгыг гүн ухаантан Бердяев 1925 онд "Бид эрхэмсэг дээд язгуурын оюун бодол, үзэл санааг хамгаалж, оюунлаг эрхэмсэг бүтээлчдийг ямар ч хэрэггүй, шаардлагагүй гэсэн үзэл бодлоос  хамгаалсан... Большевизм нь амир амирлингуй бодол санаа, оюун бодлын бүтээлч эрхэмсэг оршихуйг түвэгтэй хэмээн үгүйсгэдэг нигилист большевик үзэлтэй тэмцэж ирсэн" гэжээ.

Төвлөрсөн эдийн засаг, захиран тушаал, хүнд суртлын хуарангийн  социализмаас  капиталист чөлөөт зах зээл, хэвлэлийн эрх чөлөөт, олон ургальч үзэл санаа, олон намын тогтолцоо руу шилжих хэцүү мөртөө нэн сонирхолтой цаг үед амьдрах хувь тавилантай байж дээ, бидний цөөхөн монголчууд!

Өвлийн зуд турханд монголчууд маань хөдөөгийн малчдадаа сэтгэлийн дэм өгье өө гэж тусламжийн аян зохион байгуулж байгаа нь туйлын зөв хэрэг. Монгол хүн хэзээний мал амьтай, нүүдэлчин удамтай.

Энэ сэтгэл нь л манай эрхэм гишүүн хийгээд гишүүн болохоор төлөвлөгчдийг нутаг руу нь залж, ядарч зутарсан малчдад сэтгэл санаа, эд материалын тусламж хүргэж яваа болов уу. Бас ирээдүйн сонгуулийн сурталчилгаа биз ээ. Xүн хүндээ тусална гэдэг сайн хэрэг, сайхан үйлс.

Mалчнаас дутуугүй чухал жүжигчин, уран бүтээлч, сэхээтэн аавын маань оюутан нэгэн бээр, түүний гэргий нарын тухай энэ агшинд бодогдож, тэр сайхан авьяаслаг жүжигчид энэ цагийн өнгөнд хаагуурхан яваа бол доо хэмээн бодлоо.

Эргэн дурсахад... XX зууны наяад онуудад УБДС-ийн кино драмын ангийг багш Х.Хайнзан, зөвлөх багш А.Гончаров нарын удирдлага доор одоогийн олноо танигдсан жүжигчин Адилбиш агсан, Сүхбаатар аймгийн театрын ерөнхий найруулагч, УГЗ Гомбосүрэн, Ардын  жүжигчин С.Сарантуяа, Баян-Өлгий аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга, УГЗ С.Өсөрхан, Увс аймгийн Театрын дарга, найруулагч Ширэндэвийн Амарсайхан, СУИС-ийн драмын тэнхимийн багш, СГЗ Н.Ганхуяг, Завханы театрын найруулагч Бямбажав, УГЖ Гүрсэд ... гээд олон сайхан шижигнэсэн залуус төгсөж байв даа.

Харин тэднийг Монгол улсынхаа өнцөг булан болгоноор явж, УБДС-ийн Кино драмын ангид шалган авсан багш нь Ардын жүжигчин, Драмын театрын ерөнхий найруулагч Бирваагийн Мөнхдорж байлаа.


Москвагаас дөнгөж ирээд шинээр УДБС-д багшаар томилогдсон аавын маань анхны оюутнууд болохоор би бээр тэднийг сайн мэддэг байв.

Эрдэнэ засгийн унага хэмээн хожим драмынхан дууддаг байсан тэр цагт тавьж байсан хатуу шаардлагыг даван туулж “Говийн зэрэглээ” кинонд сумын сургуулийн залуухан захирал багшийн гол дүрийг бүтээсэн Г.Эрдэнэтогтох, мөн түүний гэргий, авьяаслаг жүжигчин Долгорсүрэн нар энэ цагт тэр тайзнаа байх ёстой жүжигчид гэж боддог юм.

Тэд гал халуун залуу зандан цагтаа хоёргүй сэтгэлээр драм, кино урлагт зүтгэж, олон сайхан дүр бүтээж, тэр үеийнхний ярьдгаар “ведущий” жүжигчид болсон байв даа.

Дипломын ажлaa Х.Хайнзангийн орчуулга, А.Гончаровын найруулгаар Губаревийн “Ид шидтэн” жүжгээрээ драмын их тайзнаа анх гарсан бөлгөө. Дараахан нь театрын ерөнхий найруулагч Бирваагийн Мөнхдорж шинэчлэн,  Драмын театрын бригадын тоглолтын гол жүжгүүдийн нэг болсон байлаа.

Драмын театрын тайзнаа зохиолч Ч.Чимидийн “Арын албаныхан”, Д.Мягмарын “Найрын ширээний ууц”, наяад оны залуусын хайрын дуулал болсон, зохиолч Дожоодоржийн “Унаган хайр” жүжгийн хоёр гол дүрд туйлын амжилттай тоглож билээ. Цаашлан Oросын сонгодог, Москвагийн Уран сайхны Их театрын суурь жүжиг болсон А.Чеховын “Интоорын цэцэрлэг”, Ц.Балдорж агсны цаг үеийн өөрчлөлтийг анхлан мэдэрсэн “Зэрэглээ”,  Ш.Амарсайхан, Р.Мөнхсайхан нарын найруулсан С. Михалковын “Бардам туулай”, Монголын сонгодог зохиолч Сэнгийн Эрдэнийн “Сандрал”, С.Жаргалсайханы “Халуун газар”, Б.Брехтийн “Галилейн амьдрал”, шинэ үеийн драмын урлагийг үндэслэгч Д.Намдагийн “Ээдрээ” зэрэг олон жүжигт бахархам сайхан тоглож, урамтай явсан нь саяхан шүү дээ. Өөрсдөө бие дааж кино бүтээж, тоглолт хийсэн ч байх.

Гэхдээ Эрдэнэтогтох гэдэг хүн чинь Драмын урлагийн уран бүтээлч байх. Өглөө яаран босож ажил руугаа явахаас эхлэн цаг мөч бүхэн нь журам горимд орсон энэ цаг үед орхигдсон хүн болгоныг санаж чадахгүйг уучилж болох мэт санагдавч үнэндээ тийм биш юм аа. Энэ амьдрал ганцхан, хүн болгоны амьдрал нэгэн хэмээр явж байдаг шүү дээ. Монголын эр зориг болсон нэрт найрагч О.Дашбалбарын

Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ!
Алив сайхнаа бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгсийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул!
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
гэсэн энэ нандин мөрүүдийг цээжиндээ санаж явмаар, сэхээтнүүд минь...

Өнөөдөр Монголын нийгэм алдар нэр, мөнгө төгрөгт хэтэрхий шунаж, өнөөдрийн өнгөтэй, хүчтэй болгоныг долдой мэт даган баясаж, алдар нэртэй болгон бух юмыг бүтээсэн юм шиг долигонож бялдуучилж байсан хахир цаг үеийнхээ алдаа завхралыг улам гашуунаар, улам эмгэнэлтэйгээр давтах зураг харагдаж байна. Энд эмгэнэл оршиж буй.

Үүнийгээ сэхээрээгүй цагт хүнлэг ёс, сайхан сэтгэл, оюун ухаан, элбэрэл энэрэл ОГТ ОРГҮЙ болж, урлагийн туйлын зорилго арилсан дотортой хүн дүртэй манкуртуудын гарт үрэгдэж алга болно. Эхнээсээ аваад алга болж байгаагийн гaшуун гэрч болж байгаа биз дээ, бид. Эрэг нурж эр алдана гэж бид хэлдэг. Ид  дунд үеийн жүжигчин Эрдэнэтогтох, Долгорсүрэн нарын маань “зуд” хурдан дуусаж, их урлагтаа хурдан эргэж ороосой.

Энэ хоёрын жишээгээр олон сайхан уран бүтээлчдийг нэрлэж болох.
Цэгмидийн Төмөрхуяг, Цэгмидийн Төмөрбаатар, Д.Сосорбарам, Бямбацогт, И.Одончимэг, Ш.Доржсүрэн, Өлзийхүү, Уранчимэг, Энхтуул гээд энэ жагсаалт үргэлжлэх нь урт аа...


Шинэ нийгэмд хуучин барилаар удирдана гэж юу байх вэ? Маркетинг, менежментийн цоо шинэ барил, өөрчлөн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, цалин урамшлын цоо шинэ зах зээлийн эдийн засагтай уялдсан тогтолцоо, зохион байгуулалтын шинэ Дэг журам, Монголын цорын ганц Академик Драмын театр (Эрдэмтэн Жүжгийн Хүрээлэн гэсэн үг шүү дээ) статус, санхүүжилт, сахилга дэг, ёс суртахуун тэр хэмжээнд нэгэнтээ нээлттэй болсон хорвоо ертөнцтэй харилцах үүд хаалга нээлттэй, урлаг гоо сайхан, ёс зүй, урын сан, захиргаа аж ахуйг удирдаж байгаа хүмүүс, илүү өндөр шаардлага гэхээр нь дэндүү ойлгомжтой.
 
Дэлхийн өндөр түвшний театрын найруулагч, антрепренёр нарыг өндөр хөгжилтэй орнуудаас урин авч, ажиллуулж болно шүү дээ.

Монголын үндэсний ганц том МИАТ, ХААН банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Улаан номд орсон ирвэс хамгаалах ажил хүртэл дэлхийн хэмжээний мэргэжилтэн урин авчирч, гэрээгээр ажиллуулж, өндөр амжилтад хүрсэн нь нүдэн дээр ил байгаа.

Энэ бодлого, тэр MONGOL ухаан гэхээсээ илүү хүний чанар л дутаж байгаа шүү!

Амиа л хоохойлох арилсан дотортой эгоизм ханхалсан хандлагаар хол явахгүй, тойрон хүрээлэгчдийн бяцхан тойрогтоо л хий эргэх болно.

Мал мэнд байх нь туйлын чухал. Xүмүүний бие, сүнсийг олсон хүмүүн малаас ч, алтнаас ч үнэтэй бус уу.

Яагаа вэ, тэр гээд хэлэхэд хоолой зангирч хожимдсон байх үе бидэнд олон байх. Цөвүүн цаг дахин Монголын нийгэмд ирж байна даа.

Дэндүү богино шүү дээ, энэ замбуу тивийн амьдрал.