Хүний байхыг бизнес болгох Тиль
Тиль бол зөвхөн бизнес эрхлэгч биш. Тэр бол шинэ цагийн онтологийн стратегич. Түүний “ Zero to One” гэх бүтээл нь энгийн нэг бизнес зөвлөгөө бус, харин цаад агуулгаараа байхуйн тухай хариултыг бизнес болгох уриалга юм.
Хүний байхыг бизнес болгох Тиль
Монголд философийн хэл зүгширч чадахгүй байгаагаас болоод энэ чиглэлийн бүтээлүүдийг уншихад тун будилаантай. Нэн ялангуяа орчуулгын бүтээлүүд нь манай философич бүрийн өөр өөрийн хэлний амбицаар орчуулагдсан байдаг нь байдлыг бүр ч хэцүү болгодог.
Тухайлбал, оршихуй ба байх (байхуй, ахуй) гэсэн хоёр үгийн хоорондох ялгаа нь зарчмын хувьд маш чухал. Жишээ нь:би бол хүн хэмээх оршихуй, гэхдээ сурагч байсан, оюутан байсан, багш байсан, хувьсгалч байсан, улстөрч байсан гэх мэт явсаар эцэст нь тэтгэвэрт байгаа гээд олон байхын утга учрыг авч өдий хүрсэн оршихуй юм. Өөрөөр хэлбэл байх гэдэг бол тухайн цагт оршихуйн авч буй утга учир юм. Гэтэл манай философийн бүтээлүүдэд оршихуй, байх, ахуй зэрэг ойлголтуудыг ялгалгүй хооронд нь хольж хутгаад бөөн бантан!
Өнөөдөр манай философид учраад байгаа энэ хүндрэл, ХХ зууны эхээр барууны философид бас тохиож. 1927 онд германы философич Мартин Хайдеггер “Байх ба цаг хугацаа” гэдэг бүтээл хэвлэгдсэн. Эл бүтээлээрээ, оршихуй ба байхуйн хоорондын ялгааг тодруулсан. Ингэж тэр, Гегелээс хойш зогсонги байдалд ороод эцэстээ, нэг талаас шинжлэх ухааны нэр барьсан марксизм хэмээх болхи онтологи номлолын тоглоом болчихсон; нөгөө талаас шинжлэх ухааны ололтууд ба Витгенштейны хэлний философийн дайралтад өртсөн зэргээс болоод сүйрэх байдалд орчихсон байсан метафизикийг аварсан юм.
Түүгээр зогсохгүй, эрх чөлөө хэмээх ойлголтыг; улстөрийн эрх, эсхүл эдийн засгийн эрх гэх мэт ухагдахуунуудтай холбон жижгэрүүлсэн байсныг залруулан, хүний байхуйн суурь бүтээвэр гэдгийг уг бүтээлээрээ мөн нотолсон юм. Эрх чөлөө гэдэг бол хүн өөрийн хувь заяаны эзэн байгаа байдлыг илэрхийлэх ойлголт. Хувь заяаныхаа эзэн байж чадаж байгаа хүн л “Байх гэж юу вэ?” гэсэн асуултыг тавьж чадна. Боол хүн, дарангуйлал дор байгаа иргэн, амьтан гурав хэзээ ч энэ асуултыг тавьж чадахгүй, учир нь тэдний хэн байх заяаг эзэн захирагч нь шийднэ. Ийм лут онтологийг Хайдеггер нээсэн хүн юм уг нь.
Энэ дашрамд өгүүлэхэд, харамсалтай нь тэр бээр өөрөө Гитлерт урваж немецүүдийг; хувь заяагаа аугаа удирдагчдаа даатгахыг уриалсан, ингэж өөрийн нээсэн байхуйн сургаал буюу фундаменталь онтологиосоо урвасан юм.
Бас, түүний ухааныг нээсэн багш нь, ухаангүй дурласан нууц амраг нь еврейчүүд байсан, гэтэл тэднээсээ нүүр буруулсан матаач болсон. Хүнийхээ хувьд арчаагүй, жудаггүй нэгэн суут байжээ. Яагаад ч юм, түүний үзэл санааны залгамжлагчид; Сартр, Фуко, Мерло Понти нар бүгд, эрх чөлөөг тунхаглах атлаа, дарангуйлал руу уриалдаг онтологийн урвагчид болцгоосон байдаг. Сэтгэгчид, өөрийнхөө оюун ухааны эсрэг байдаг нь тун жигтэй парадокс юм!
За тэр яахав. Хайдеггерийн метафизикт “dasein (дазайн)” хэмээх толгой эргүүлсэн ойлголт байдаг. Энэ бол “байх гэж юу вэ?” гэсэн асуулт тавьж байгаа хүн юм. Гэхдээ Хайдеггер дазайныг хүнээс нь салгаад хийсвэр хоосон орон зай болгочхоод байдаг. Ийм орон зайд хэл маш төвөгтэй байдалд орно. Жишээ нь Дулмаагийн дулмаадаж байгаа нь дулмаагийн дулмаасах байдлыг харуулж байгаа юм гэдэг илэрхийллийг яаж ойлгох вэ? Үүнийг магадгүй Дулмааг маш сайн таних хүн л гадарлах байх. Хайдэггэрийн хэл нэг ийм л маягаар явж эхэлнэ дээ. Ерөөсөө “Байх ба цаг хугацаа” номын хэл нь үүгээрээ их төвөгтэй. “Байх-ын тухай Байгаанууд-ын Байх-ыг араас судлахгүй орхих гэнэн хэрэг” хэмээн Молор-Эрдэнэ орчуулсныг ойлгох гээд үзээрэй.
Хайдеггерийн бүтээлийг, хэлж болохгүй зүйлийг хэлэх гэж оролдсон, утга үгүй хэлний тоглоом гээд хаях гэхээр, хүн хэмээх метафизик конструкцийн метафизик компонент нь хаягдчих гээд нэг бэрхшээл байдаг юм. Үнэхээр, “бурхан гэж байдаг уу? эрх чөлөө гэж байдаг уу?” гэх мэт асуултууд нь “байх гэж юу вэ?” асуултыг зайлшгүй тавихад хүргэдэг шүү дээ. Дазайн гэдэг бол энэ асуултыг өөрийнхөөрөө нээж байгаа онтологийн “тооллын систем” буюу “интерфэйс” юм. Бурхан байдаг гэдэг итгэдэг хүний ертөнц ба атеист хүний ертөнц хоёр өөр өөр байдгийн учир ийм. Байхын утга учраа алдсан хүний ертөнц аймшиг болж хувирдаг учир ийм.
Мэдээллийн болон биотехнологийн хувьсгал нь “Байх гэж юу вэ?” гэсэн асуултыг хүн бүр байнга тавьж байх ёстой асуулт болгон хувиргасан. Өнөөдөр бид дазайны ямар ертөнцөд амьдраад байна вэ? Хэн түүнийг бүтээгээд байна вэ? Үнэхээр хүн өөрөө өөрийгөө бүтээж байна уу, ямар нэг бизнес, стартап, платформ түүнийг тодорхойлж, хөтөлж байна уу? Фейсбүүк, твиттер, инстаграм, тик ток гэх мэт универсал интерфейсүүдээр дамжин ертөнцтэй харьцаж байгаа хүний, байх нь яаж байгаа бол? Нүдээ нээгээд л виртуал ертөнцөд донтон өсөж байгаа нялх хүүхдүүд маань ирээдүйд ямар хүн болох бол? Ийнхүү, хүний байхын тухай асуултууд нэгэнт маш хүчтэй сөхөгджээ.
Гэтэл, Америкийн дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнсийн үзэл санааных нь номлогч Питер Тиль, шинэ шинэ дизайнуудыг бүтээх стартап бизнес хийхийг уриалаад байдаг.
Тиль бол зөвхөн бизнес эрхлэгч биш.Тэр бол шинэ цагийн онтологийн стратегич.Түүний “ Zero to One” гэх бүтээл нь энгийн нэг бизнес зөвлөгөө бус, харин цаад агуулгаараа байхуйн тухай хариултыг бизнес болгох уриалга юм.
Тэр, “0”-г “юу ч биш”, “1”-г “буй юм” хэмээн тайлбарладаг. Тэгээд стартапыг яг энэ хоосон “юу ч биш”-ээс,утгатай “ буй юм” бүтээх механизм гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, стартап бол хүний байхуйг шинээр төрүүлдэг онтологийн бүтэц болох ёстой гэдэг. Бизнес бол жинхэнэ амьдрал, стартап бол шинэ ертөнц, хэрэглэгч бол өөрийн утгаа олсон дазайн болж хувирна.Энэ бол философийн үүднээс авч үзэхэд тун ноцтой онол юм.Тиль хүний байхуйн эргэлзээтэй,тодорхойгүй байдлыг сайн мэддэг нэгэн. Тэр, бидний виртуал төсөөлөл, ирээдүй рүү тэмүүлэх чадварыг ойлгодог. Ингээд тэр бээр,хүний “юу ч биш”-тэй нүүр тулах айдсыг,эдийн засгийн “боломж” болгон хувиргаж,“стартап байгуул, мөнгө босго, ертөнц бүтээ” гэж уриалдаг. Трансцендентийг технологийн платформоор орлуулж, хүний байхуйг капитал болгон дахин бичих санал гаргасан.
Тийм ч учраас Тиль “ирээдүй бол бүтээгдэх ёстой зүйл” гэдэг. Энэ нь гаднаасаа урам зориг өгч байгаа мэт харагдавч, дотоод агуулгаараа тун гүн гажуудал агуулж байна. Учир нь энэ “бүтээх” үйл ажиллагаа нь хүний ухамсар, хүсэл,мэдрэмж, зөн совин, үхлээс байхуйг ухаарах чадварыг хүнд нь үлдээдэггүй. Харин, энэ бүхнийг стартапын эрх мэдэл, бүтэц, төлөвлөгөө, хэмжүүр рүү шилжүүлдэг.
Ийм байдлаар, хүн өөрийн байхын утгыг өөрөөсөө асуух чадвараа алдаж, стартапуудын зохион байгуулсан “байх”-ын дүр эсгэсэн тоглоомд ордог. Тэр стартап бол ердөө нэг бизнес биш,хүний байхуйн утгыг нь зохиож өгдөг засаглалын хэлбэр. Стартап нь хүний оршихуйн орон зайг бүтээж өгдөг. Хүн энэ бүтээц рүү шингэж, өөрийгөө бусдын гаргасан төлөвлөгөөгөөр амьдруулдаг.
Ингэж хүн өөрөө бие даасан дазайн биш болж хувирдаг. Харин хүн нь өөрийг нь “ даатгасан бүтэц” — стартапын иргэн, албат, хамжлага болж хувирна. Тэр өөрийнхөө амьдралыг амьдарч байгаа мэт мэдрэмжтэй ч,үнэндээ бусдын боловсруулсан утгыг амьдруулж,бусдын зохиосон реалитид орших болно.
Тилийн маш нарийн ажиглалт бий. Хүний ухамсар ертөнцтэй шууд харьцдаггүй, интефэйс төсөөллөөр дамжиж харьцдаг. Тэр хооронд орших “виртуал реалити” бол хүний итгэл, хүсэл, ирээдүйн мэдрэмж бүрэлдэх орон зай юм. Энэ бол философи, урлаг, ёс суртахуун, утга зохиолын орон зайн үндэс.
Ингээд, Тиль гүн гүнзгий,яруу орон зайг өөрийн зорилгод ашиглаж байна: хэрвээ хүн ирээдүйгээ төсөөлж чаддаг юм бол түүнд бэлэн “ирээдүй” амла, хэрвээ тэр утга учир хүсэж байвал түүнд “утгатай бүтээгдэхүүн” санал болго. Ингэснээр чи хүний байхуйг эзэлж чадна.Ингэж чадвал өрсөлдөгч үгүй монополь бизнестэй болно.Зах зээлийн чөлөөт өрсөлдөөн бол бизнесийг чинь нураадаг хортой инститүүц. Тийм болохоор стартапууд, хүний ирээдүйг олон жилээр “барьцаалж” чадах тийм монополь бизнес рүү тэмүүлэх ёстой гэжээ!Ийн, хүний трансцендент рүү тэмүүлэх хүч нь бизнесийн маркетингийн зэвсэг болж хувирдаг. Байхуйн төгсгөлгүй шаналал,утга учрын эрэлхийлэл, ирээдүйн тухай анир чимээгүй асуултууд бүгд хөрөнгө оруулалтын өгөөжтэй “user journey” болж хувирна.
Тэгээд эцэст нь хүн өөрөө юу болох вэ? Өөрийн дазайныг зах зээлд даатгасан хүний байхуй өөрөө юу болох вэ? Хүн хэзээ нэгэн цагт “би хэн бэ?” гэж асуухдаа өөрөөсөө биш, харин платформоос хариу хайдаг болно. Яг энэ мөчөөс эхлэн хүн дазайн биш, харин бүтээгдэхүүн болно. Чөлөөтэй хүн биш, харин өөрийн төсөөллөөрөө барьцаалагдсан “боол” байх болно.
Тийм ээ,энэ бол шинэ боолчлолын философи. Хүний эрх чөлөөг хүчээр бус, оршихуйн утгаар барьцаалах боолчлол. Хүнийг,байхын мөрөөдөлтэй нь барьцаалах боолчлол. Ингэж хүн “чөлөөт” мэт орших боловч, яг үнэндээ хэн нэгний бүтээсэн реалитийн доторх дүр болж хувирдаг. Энэ нь Сократын хэлээр хэлбэл “ мэдэхгүйгээ мэдэхгүй байх”-ын төгс хэлбэр юм. Бид өөрсдийгөө асуух эрхээ алдсан цагт л, бусдын зохиосон “утга” бидний оршихуйн цорын ганц хэлбэр болж хувирдаг.
Тиль яг үүнийг хийж байна, тэр хүний дазайныг өөрт нь биш, стартапт нь даатгах шинэ системийг онолдож байна.Яг үнэндээ хүн бүрийг нэг том онтологийн корпорацын нэгж болгон нэгтгэж байна.Тун эелдэг,тун найдвар төрүүлсэн,гэхдээ тун аюултай боолчлол.
Жинхэнэ дазайн бол хэзээ ч бэлэн утга руу тэмүүлдэггүй.Харин өөрийн байхуйг нээлттэй, асуусан, эрсдэлтэй, эмзэг орон зайн дотор л бүтээдэг. Хүн байхын жинхэнэ үнэ цэнэ бол төлөвлөгөөнөөс бус, асуултаас эхэлдэг. Харин,Питер Тилийн стартапууд нь өнөө цагийн утга учрыг бүтээгч мэт харагдаж магадгүй ч, гүн утгаараа бол хариултыг өмчлөгч байх болно.Дазайнаа өмчлөхийг зөвшөөрнө гэдэг бол эрх чөлөөгөө үүрд орхих явдал.Уг нь хүн бүрийн байх бол дахин худалдаалах зориулалттай “нэгж” биш, харин өөр хэн нэгэн нэвтэрч болдоггүй нандин нээлт юм. Бид үүнийгээ бусдад даатгах эрхгүй. Бид өөрсдийн хувь заяаны эзэд байх зоригтой байх ёстой. Стартап нь утга өгч чадах ч, амьдруулах чадваргүй. Харин амьдрал гэдэг нь асуултаас эхэлж, эргэлзээгээр дамжин, хариуцлага дээр тогтдог. Тиймээс Сократын хэлснээр “асуу, тэр л чамайг хүн болгоно” гэдэг нь өнөөдөр: өөрийн чинь байхуйг хэн зохиож байгааг асуу” гэсэн үг юм!
Түүх бол чиний хэн байхыг өөр хэн нэгэн мэдэх гэсэн тэмцлийн түүх юм. Боолын эзэд,эзэн ноёд,хаад,хамба лам нар,улстөрчид,дарангуйлагчид бүгд эцсийн эцэст; айдсыг чинь,зовлонг чинь, мунхгийг чинь,мэдлэггүйг чинь,хийрхүү хөөрлийг чинь,буй байдлаасаа чандад гарах тэмүүллийг чинь ашиглаж хэн байхыг чинь эзэмдэж ирсэн билээ!!!
Гэхдээ хүнд,гээгдсэн мэдлэгээ олж аваад,хазайсан фантаазаа засаж чадаад,актуализаци хийх чадвараа эргүүлэн олоод, урагшлах боломж гарч ирсэн юм. Тэр боломжийг Соён гэгээрлийн хувьсгал олгосон. Түүний ачаар хүмүүс шинжлэх ухааны мэдлэг, яруу найргийн онгод хоёрт найдлага тавих ёстойгоо ойлгосон билээ.
Харамсалтай нь өнөөдөр дэлхийд, галзуу Трамп, чөлөөт зах зээлийг үл тэвчигч Питер Тиль нарын тэргүүлсэн Соён Гэгээрлийн эсрэг хувьсгал ид явагдаж байна.Амьтан шиг өдрийн хоолоо олж идэх гэж зовж амьдардаг хүмүүнийг, Ангараг гариг руу нисгэх хүч чадалтай болгосон Соён Гэгээрлийн ач гавьяа эмпирик нотлогдчихоод байхад шүү дээ?!
Гэхдээ, энэ удаа ч мэдлэг, фантааз хоёр хүмүүний найдлагыг хөсөрдүүлэхгүй. Үүний тулд, өөрийнхөө байхыг мэдэх эрхийг стартапуудад алдахгүй байх арга зам бол мэдлэг, яруу найргийн онгодоо л хүн бүр төгөлдөржүүлэх хэрэгтэй.Энэ хоёрын маань дээр хиймэл оюун ухаан хэзээ ч гарч чадахгүй.Тэр ердөө л амьд биегүй логикийн машин!