ХӨГЖЛИЙН ЧӨДӨР БОЛ БИДНИЙ МУЛГУУ ТАРХИ
ХӨГЖЛИЙН ЧӨДӨР БОЛ БИДНИЙ МУЛГУУ ТАРХИ
Ураны төсөл. 3,5 сая зүдүү монголчуудыг өөд татах ураны төсөл гацаа туулах нь мадаггүй ч мухар төмөр зам, эрчим хүчний эх үүсвэрүүд шигээ сунжирна. Янз бүрийн хууралтаар эрчим хүчний шахаа удаан үргэлжилж, хожлоо нэмэх шунал залуурдана. Орос эх сурвалж: Монгол улс Францын уран олборлодог Нигер биш. Канад Францыг Монголд уран олборлохыг ОХУ хэзээ ч зөвшөөрөхгүй. Ийм мөрүүд уншсанаа санаад Францтай тохиролцож буй ураны төсөл явдаг л байгаа даа гэж эмзэглэв. ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко манайд морилоод Францтай хийж буй ураныхаа төслөөс татгалзвал ОХУ хариуд нь бага оврын атомын станц барьж өгье гэх найрсаг саналаас танил комбинаци ханхлав. Төслийг зүтгүүлж буй ерөнхийлөгч маань ганцаардах вий. УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй залуу гишүүд ерөнхийлөгчөө түшиж ураныхаа төслийг хөдөлгөх буй зээ.
Төгрөг нуурын ордоо харьд 250 сая доллароор хулгайгаар зарж хувьдаа завшаад өчнөөн жил өнгөрөхөд ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайдууд, УИХ-ын 76 гишүүд болон 230 гаруй мянган алба хаагчдаас нэг нь ч мэдээгүй гэхэд ямар ч тэнэг итгэхгүй. Мэдсээр байж тийм том хулгайг сөхөлгүй өдий хүрсэн нь ялзрал. Женкогоос хулчийлгүй Н.Учрал энэ хулгайг телевизээр цацахад олзуурхсан. Олзуурхах шалтгаан бол том бага зөрчилтэй тэмцдэг иргэд, тэр тусмаа эрх баригчид ихээр үгүйлэгдсэнийх. Авилгаас аль нам салгах вэ гэж үү?Аль нь ч салгахгүй. Гэгээрсэн олны хуйларсан давалгаа авилгаас цэвэрлэнэ. Олны хүч оломгүй далай. Оюунлаг масс уухайлан тэмцэхгүй бол авилгын эсрэг дайралт хол харайхгүй. Галт тэрэгний урт урт цуваагаар малтмалаа ихээр хямд тээвэрлэн хил давуулж панзлахыг мөн л гэгээрсэн олны овсгоо шийдэх гол хүч. Уранытөслөө нийтээр дэмждэгээ гадна дотны гацаагчдад харуул. Хөгжлийн хүчит зүтгүүр бол ямар ч нам биш оюунлаг олон шүү, Учрал дарга аа.
Эрчим хүчний эх үүсвэр барихыг Орос зөвшөөрдөггүйг шууд хэлэх эх оронч удирдагч гараагүй. Казахстан ОХУ-тай ойлголцож, ураныхаа өгөөжийг хүртээд сэхэв. Казахуудаас юугаар дутаж буйгаа шинж. Оросын барьж өгөх бага оврын АЦС эрчим хүчээ хэдэн онд түгээж эхлэхийг юуны өмнө тохир. ОХУ эрчим хүчээ олон жил шахахыг урьтал болгоно. Лав 10 жил шахна. Удах тусам хэт өндөр үнэтэй цахилгаан шахдаг оросуудад хожоотой. Орос гацаагаа далдалж, “гацаагчид нь хоорондоо хэрэлддэг харанхуй монголчууд” гэх ойлголт дэврээх ч өөрсдөө ил гарч сурталдахгүй. Хэдэн цаасны төлөө ураны цацрагт хордож зулбав гэх ичих эм мэдрэмжгүй балай хүүхэн, хээл хаясан малын гажиг улаан цурав телевизээр үзүүлэх малчин Монголоос олох түвэггүй юмсын нэг. Ураны төслөө зогсоохгүй бол хуруугаараа нүдийг чинь сохолно гэх галзууг дэвэргэгч олонтой улс хөгжих үү? Манай удирдагч өндөр хөгжилтэй барууны хүчирхэг гүрэнд айлчилж, гар барьж, тэврэлдэж, гэргийтэйгээ ёслолын хүндэт харуулын өмнүүр алхах-үзээгүй юмаа үзэж буй нь тэр. Яагаад гэвэл тийм боломж манай удирдагчдад Кремль олгож байгаагүй. Ёс зүй, соёлоор тэргүүлэгч гүрэнтэй зээ зүү болсон ураныхаа төслөөр тохирсондоо ерөнхийлөгч минь заавал хүр. Дараа нь орос сайдын өмнө чичрээд, үзэглэсэн гэрээнээсээ буцвал-Монгол сэвтэнэ.
Ураны төсөл зүтгүүлэхдээ өргөн төмөр замын мухардал одоо ч үргэлжилж, ихнаядаар шатсанаасаа сургамж ав. 2014 онд Ши Жиньпин Монголд зочлоход хоёр улс нарийн царигаар төмөр зам тавих гэрээнд гарын үсэг ёслол төгөлдөр зурсан. Гарын үсэг зурсанаас хойш БНХАУ нэг жилийн дотор Ганц мод хүртэл тавих төмөр замаа ашиглалтад оруулчаад манай талыг гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг 10-аад жил хүлээж, бүтээн байгуулалт нь сул зогссоноор орлого нь “шатсан”. (Орос ахаа бид тэгж хулхидвал юу амсах бол). Орос магнатуудын нөмөр нөөлөгт Монголдоо дураар дургисан Х.Баттулга дээд хэмжээнд үзэглэсэн нарийн царигаа өргөнөөр солиход манай төр засаг ганхийгээгүй. Кремлиэс хулчийсан биз. Ядмаг Монголын зовлонг мэдэх урд хөрш баян гүрний зангаар хохирлоо нэхэж сүр бадруулаагүй. Төмөр зам орос магнатуудын нууц тулгалтаар 17 жил гацсанаар 31,5 тэрбум долларын орлого замхарсан. Алдсан энэ их валютаар арьс шир ноос ноолуураа ХХI зууны технологиор дэлхийн стандартад нийцтэл боловсруулж, брэнд үйлдвэрлэж, мөнгөө үржүүлсэн бол өдгөө утаа түгжрэлгүй тансаг дэд бүтэцтэй чинээлэг Монгол болох бүрэн боломж байлаа. Элсэнд булагдаж буй мухар замыг урд хөрш холбож өгвөл Л.Оюун-Эрдэнэ өөрийн гавъяа болгохоор хөөрсөн ч тэрбээр тэнгэрт мөнх заларсангүй ойчив. Хосоо шувтруулбал түүнээс бохир бүү гараасай билээ.
Шүүмжлээгүй дутагдал Монголд үлдээгүй ч засарсан дутагдал бараг алга. Үр дүн гарахгүй бол жагсаад ашиггүй. Шатаж үхээд амины гарз. Насны эцэст би нэг дүгнэлтэд хүрэв. Тэр дүгнэлт маань “Хөгжлийн гол түгжээ бол хулхидахад эмзэглэх мэдрэмжгүй хүн ам” гэх гутрал. Хулхидуулаад байвал хөгжих бүү хэл сэхэх ч үгүй. Үнэнийг бичээд бичээд тоох амьтангүй болж. Далд дутагдал сөхөөд сөхөөд төр засаг хайхрахгүй тул хөндсөн сэдвээ засарч магадгүй гээд янших юм.
Шав тавих ёслол мега төслийн оршуулга болов. Хичнээн ч нүхэнд хадаг цай булж, тэр тоолонгоор хичнээн ч цахилгаан станцын төсөл унтрав даа. Бүтэн хагас сая кв. км нутгаасаа эрчим хүчний станц барих дов олсонгүй. Тууз хайчилж хуврагууд аргил шахмал хоолойгоор тарниа хүнгэнүүлж, хадаг цай өдий төдий нүхэнд булсны зардал юу шалиа. Гагцхүү булсан шав болгоны төслийн нэгж гэгчид шургалсан хэсэг этгээд цадсан. Хонхорт булсан шав гэхэд л 20-иод саяыг залгисан сурагтай. Булсан шавнуудаа эргээд олох уу?
V ДЦС. Ангела Меркель-Монголд хөрөнгө оруулахад хоёр бэрхшээл байдаг. Нэгд баялгийн ордууд нь олон зуун км-ийн чанад дэд бүтэцгүй цөлд оршдог, хоёрт хөршөөс нь зөвшөөрөл авахгүй бол төсөл нь явдаггүй гэж телевизээр мэдэгдэж харагдсан. V ДЦС-д хөрөнгө оруулахаар солонгос франц япончууд хэдэн жил тэвчээртэй хүлээсний эцэст энэ төслийг Орос хэзээ ч зөвшөөрөхгүйг мэдээд буцсан. Цөхөрсөн биз. Төсөл гацаасан эздийг олох нэхэл ковидын хомсдолоор сөхөгдмөгц манай эрх баригчид “монголчуудаас болоод гадны хөрөнгө оруулагчид V станцын төслийг орхисон” гэж орос ахаа хаацайлав.
Осол гарах аюул хутганы ирэн дээр өвөлждөг. Нас нь олон жилээр хэтэрсэн станцууд унтрах, Орос экспортоо хаах сонголтын аль нь ч дайрсан 1,7 сая оршин суугчтай хот 40 хэмийн тэсгим жаварт тэс хөлдөнө. Өвгөн станцууд оргил ачааллынхаа үед бүх тэнхээгээ шавхаж, дээр нь Оросоос авдаг өндөр үнэтэй цахилгаанаар сэлбэвч, нөхөх үүсвэр-зуух трубингүй учир нүүрсээ нүдээ аньж өрдсөөр осол гарах аюул хутганы ирэн дээр өвөлждөг. Багануурын станц бол эрчим хүчний доголдлыг арилгах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл байв! “Сүйрүүлэх хужаа төсөл” гээд юу ч биш болгосон. Багануурт станц баривал Хятад арми хяналтаа тогтоож, 5000 хужаа бүхий тосгон үүсэж, ах нарын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хужаа тогонд навс цохиулж шатна гэх инээдэмтэй марзан ухуулга цацсан. Энэ ухуулгын ил эзэн нь “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн, нууц ноён нь Ц.Даваасүрэн сайд байв. Өмнөд хөршөө үзэн ядагч сүргийн цөсийг хөөргөхөд тэнэг пиар чухам. Харанхуй тархи-тоглоом болдгийн тод жишээ. Багануур ДЦС-ыг Ц.Даваасүрэн бус “сүйрүүлэх хужаа төсөл гэх олны шаардлагаар” төр засаг царцаав гэх ойлголт хар массын вакум толгойд үлдсэн. Ингэснээр орос олигархын цахилгаан манай руу урсах хугацаа уртсав. Ийм аргаар шулахын тулд чадамж өндөр шинэ технологиор супер эх үүсвэр барихыг гацаадаг. Манай инженерүүд амбасын үеийн станцуудынхаа болохгүйг болгон монголчилж, тэсгим жаврыг давж яваа нь юутай их буян бэ. Хөлдөж үхэхээс аврагч та нарыг минь бурхан өршөөг. Хоёр хөршийн нэг нь мега төслүүд гацааж, нөгөө нь хамтдаа хожъё гээд зээл олгодог юм биш үү.
III ДЦС-д оросууд 655 сая долларын сэлбэг шахсан мэдээ цацагдаж байв. Багануур станцын нийт өртгийн талаас илүү үнэтэй сэлбэг?!(Багануур станцын нийт өртөг 1,2 тэрбум доллар). III ДЦС-ын элэгдсэн эд ангийг сэлбэх төслийг Оросын “Интер РАО-экспорт” компани гүйцэтгэхээр ТЭЗҮ-гээ ирүүлж, ОХУ-аас олгох өндөр хүүтэй зээлийг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулна гэх мэдээ уншиж байлаа. В.Путин Халх голын ойгоор дуулиантай зочлохдоо IIIДЦС-ын засварт дээр дурдсан 655 сая доллар бус 1,4 тэрбум евро гаргахыг тулгав. Хүчирхэг В.Путинд манай ураны төслийг гацаах тоглоом. Түүнд далдганагчид Монголд хог болж буй. Ерөнхилөгчийнхөө “хүнсний хувьсгал”, “тэрбум мод”, “цагаан алт” төслийг би уухайлан түрдэг. “Ураны төсөл монголчуудын хэрүүлд унтарснаас оросууд оролцоогүй” гэж мангайгаад хоцрохгүй юмсан. Төмөр замын гацаанаас учирсан хохирлоо Х.Баттулгаас нэхнэ гэж Л.Оюун-Эрдэнэ ил сүржигнэж рейтингээ ахиулдаг ч ачир дээрээ Х.Баттулгын зууны хулгайг далдуур хаацайлж буйд ХХI зууны залуус мань шиг хууртсангүй босов.
Хөгжлийн чөдөр-бидний мулгуу тархи. Төрөлхийн дүнхүү биш бол мухар сүсэг, их хаадын хийсвэр домог, коммунист хийрхэл хургасан харанхуй тархиндаа ХХI зууны шинжлэх ухааны гэгээ тусга. Хэнд хурц сэрэл мэдрэмж байна, түүнд монголчуудын хоцрогдол хөндүүр үүсгэж, ихээр ичиж шанална. Их ичсэн охид хөвгүүд Монголыг өөд татна. Ичих мэдрэмжээ сэрээ. Энэ бол зохиолч миний та нарын төлөөх залбирал. Налайж амьдарсан малчид технологийн үсрэнгүй хөгжлийн ХХI зуунд хөл алдав. Өдөр цагаар өөрчлөгдөж буй эрин зууны алхааг гүйцэхгүй аваас Монгол хаягдлаа. Хүн төрөлхтөний хөлд унаж гишгэлүүлсэн нүүдэлчид хэрхэн өндийх вэ? Хөгжихөд мөнгө чухал. Мөнгийг ухаантай гавал, уран гар, хувийн овсгоо, шургуу хөдөлмөрөөр олно. Татвар төлөгчдөөс цугларсан (намуудын шуналд бузартсан) цөөвтөр цаас руугаа шүлсээ савируулан алалцдаг хулгайчдыг төр засгаас хусах хүч бол намууд бус нийт олон. Тийм хүчирхэг 3,5 сая хүн ам болцгоо. Лус хичнээн хишиг хайрлаад, донор орнууд хичнээн зээл олгоод хүн ам нийтдээ журамгүй бол сэхдэггүй аж. Өндөр хөгжилтэй орны иргэнтэй өөрийгөө жишээд юугаар хоцорч буйгаа олоод үтэр түргэн засахаар тэдний араас шамд. Залуус та нарт тэднийг гүйцэх хурд-улстөр тушчихгүй бол бий. УИХ-д тодорч буй залуусыг бурхан өршөөг. Коммунист нийгмийн үлдэгдэл-бидний загварыг залуус бүү өвлө. Уршиг нь тасрахгүй. Хоцрогдол-бүдүүлгээсундаргатай. Харанхуй мануусын сэтгэлгээг өндөр хөгжилтэй орны хөгшдийн сэтгэлгээтэй жиш. Тэгээд монгол хөгшдийн хоцрогдлын дээгүүр залуус минь дүүл. Дүүлэхдээ Лениний онолоор мануусын капитализмыг харайсан онигоог давтуузай. Та нар хойшид социалист нийгмийн бүтээгдэхүүн-бидэн шиг дэлхий дээрх хамгийн харанхуй хэнхэгүүд бүү яв. Хорвоогийн шившиг явахгүйн тулд залуус минь сэтгэлгээгээ тэл. Монгол тархи чинь оргилоод өгнө. Япончууд оюунаараа баяжсан бол бид түүхий эдээрээ аргацаадаг. Тиймээс даруу бай. Оюуны баялгаараа амьдрах цаг иржээ. Түүхий эдээрээ панз үсэргэж хөлжөөд хэтдээ оюунаараа баяжвал хүн төрөлхтөний хүндлэлийг жинтэй татна гэж мэд. Лусын хишгээс гадна хүний тархи шийдвэрлэх нөлөөтэй баялаг аж.
Хөх туг мандуулагчид. АН-ынхны зодоон үзэл онолын зөрүү бус шуналын тэмцэл учраас наймаалцаад хумсаа түр нуусан. АН-ынхан албан тушаалд нугасгүй бөөн дур. Лу.Гантөмөр Х.Баттулгын зуучлалаар ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн атганд-тэргүүн шадар сайдын сэнтийд, Женко бүлгээс Ц.Туваан, О.Алтангэрэл, Ж.Батсуурь сайдаар, босоо Гамбаа “ураны аюулаас олноо аваръя” лоозонгоор хөх туг мандуулаад ирэх сонгуулиар ерөнхийлөгч болохоор мордож, Х.Баттулгын шүдний өвчин Ж.Оджаргалыг “хаягдал нүүрс гэгч хороор хүн алж байна” гээд Л.Мөнхбаясгалан “хөх туг” аянд дарцаглав. Кокс, хүрэн нүүрс гэх өнгөц ойлголттой би гишүүн хүүхний мэдэгдлээс “хаягдал нүүрс” гэх аюулт хор байдгийг мэдэв. Хотынхон шахмал түлшинд бус хаягдал нүүрсэнд үхээд буй юмсанж.
Гишигсэн мөр бол “хэн бэ”-г чинь хэлдэг анкет. Х.Баттулгын балгаар БНХАУ 10 гаруй жил хуримтлагдсан Ганц мод төмөр замын хохирлоо манайхыг нүүрсээ 5 хувиар хөнгөлөх төдийгөөр авалгаа цайруулахаар уучилсан ч манайхан 50 хувиар хямдруулна гэж баадуурчээ. Тонн нь 120 долларын ханштай нүүрсээ 57 доллароор зарахад тонн тутмаас унах 60 гаруй доллар хэний халаас руу урсахаар банжаа бол? Нарийн төмөр замаа 2012 онд Ж.Оджаргал нар хувийн хэвшлээрээ гүйцээсэн бол 31,5 тэрбум долларын ашгаа алдаагүй, 40 ихнаядын нүүрсний хулгай ч дэгдээгүй. Хүн ам ингэтлээ ядуураагүй байх боломжоо үрчжээ. Хэргийн гол эзэн Х.Баттулга аавын хаалга татах бүү хэл нөлөө нь нууц байдалд хүчжиж, түүнтэй Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан, О.Алтангэрэл нар дөрөө харшуулж явсандаа үнэнч үлдэхийг далдуур хичээх аж. Генерал Р.Чингисийг “засгийн газрыг огцруулах жагсаал санхүүжүүлсэн” гэж гөрдөөд халсны төлбөр 26,6 саяыг Л.Оюун-Эрдэнэ, О.Алтангэрэл хоёрын хэн нь гаргах вэ? Эсвэл татвар төлөгчид төлөх үү.
Мега төслүүд 20-30 жил гацаагч оросуудад үнэнийг түс тас хэлэх зориг-үхэхийн өмнөх агшинд төрдөг аж. Хэлэхгүй үхвэл нүгэл. Мега төслүүдийг гацаагч нь ОХУ гэж шууд зарлаад, гацаагаагүй атлаа гацаагч гэгдсэн ард олныхоо сэвтсэн нэрийг цэвэрлэе-амьд дээрээ. Зөв үү? Хаяа хатгасан хоёр их айлынхаа итгэлийг хүлээж чадсан цагт гурав дахь хөршүүдтэй лавхан түншлэх арга ухаан 1911 оноос эх орончид минь сүвэгчилж явсан түүхтэй. Хөгжил шуудрах тэр жимийг Монгол улс 1990 онд сонгосон нь зөвдсөн байх шүү. 12-р сарын 29-нийг угтаж шинэчлэн бичив.
(2025-12-12)


Жадамбаа