Хөгжлийн амин дэм
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий даяар хамгийн их яригдаж буй зүйл тогтвортой хөгжлийн зорилтууд болов. Үүнтэй холбоотойгоор Reduce, Reuse, Recycle буюу нөөцийн үр ашигтай зарцуулалт, дахин хэрэглээ, дахин боловсруулах концепц бүх салбарт жишиг болж эхэлжээ. Үүний сонгодог жишээ нь дэлхийн ураны салбар аж.
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий даяар хамгийн их яригдаж буй зүйл тогтвортой хөгжлийн зорилтууд болов. Үүнтэй холбоотойгоор Reduce, Reuse, Recycle буюу нөөцийн үр ашигтай зарцуулалт, дахин хэрэглээ, дахин боловсруулах концепц бүх салбарт жишиг болж эхэлжээ. Үүний сонгодог жишээ нь дэлхийн ураны салбар аж.
Тогтвортой хөгжлийн багц зорилтыг хангах нэг тулгуур нь яах аргагүй уул уурхай, тэр дундаа ураны салбартай холбогдоно. Уул уурхайн салбар та бидний цорын ганц сонголт биш хэдий ч зөв ашиглаж чадвар хөгжлийн хурдасгуур, шинжлэх ухааны гайхамшиг, тогтвортой хөгжлийн гарцад яах аргагүй тооцогдож байна.
Уул уурхай ба уран
Өдгөөгөөс 13 жилийн өмнө Токиогийн Их Сургуулийн Цөмийн инженер ба удирдлагын тэнхим дээр “North-East Asia and Mongolian Nuclear Initiative” гэсэн хэлэлцүүлэгт оролцож, Токиогийн их сургууль, Токиогийн технологийн институтийн цөмийн энергийн салбарын хэд хэдэн профессор, эрдэмтэдтэй танилцан ярилцаж байв. Япон эрдэмтдийн дурдсанаар аливаа улс хэдий чинээ их эрчим хүч үйлдвэрлэж чадна төдий чинээгээр хөгжлийн манлайд хүрнэ гэж томъёолж байв. Түүнчлэн дэлхийн 7 тэрбум хүний 2 гаруй тэрбум гаруй нь өнөөг хүртэл цахилгаан хэрэглэх боломжгүй нөхцөлд амьдарч байгаагийн сацуу дахиад өдий тооны хүмүүс цахилгаан найдвартай эх үүсвэртэй холбогдож чадаагүй л байгаа аж. Цөмийн эрчим хүчний технологи нь бусад эх үүсвэрийг бодвол маш том боломж, хүчин чадалтай боловч эргээд нөгөө талаасаа сүүлийн үеийн технологи, аюулгүй байдал, боловсон хүчний өндөр стандартыг шаардах нь гарцаагүй юм. Монгол улс өөрийгөө 1992 онд цөмийн зэвсэггүй бүс гэж зарласан бөгөөд цөмийн эрчим хүчний салбарт уран олборлох, цаашилбал анхан болон дунд шатны боловсруулалт хийх, цөмийн реактор барих асуудлууд одоо ч гэсэн бүх түвшинд яригдсаар байна. Энэ салбараа та бүхэн зөв хөгжүүлж чадвал монголчууд сүмогоор Японыг эзэлсэн шигээ цөмийн салбарын сүмочин болж чадна шүү гээд тоглоом шоглоомоор япон эрдэмтэд онцолж байсныг санаж байна.
Шинжлэх ухаан ба өндөр технологи
“Flying geese” гэсэн ойлголтыг анх Японы эрдэмтэн Kaname Akamatsu 1930-аад оны үед гаргасан бөгөөд дайны дараа буюу 1960-аад оны үед ид хүчээ авч байв. Зэллэн нисэн буй шувуудын түүчээ нь Япон Улс бөгөөд дараа дараагийн шатны шувууд буюу бусад орнуудад технологи, хөгжлөө дамжуулж явдаг, хөгжиж буй орнууд нь энэ маягаар ашиг хүртдэг тухай хүүрнэж байжээ. Монгол улс энэхүү шувуун цувааны сүүл хавиар нисч байгаа нь тодорхой бөгөөд зиндаагаа ахиулахын тулд хүссэн хүсээгүй хөгжиж буй орнуудаас суралцах, өөрсдийгөө нийтэд нээх, зарим хэмжээний эрсдлийг хүлээн зоригтой шийдвэрүүдийг гаргах ёстой болов уу. Тэр дундаа технологи гэгч зүйл хамгийн чухалд тооцогдно.
Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг Америк, Канад, Орос, Өмнөд Солонгос, Чех, Франц, Энэтхэг, Япон улстай байгуулсан байдаг. Гэсэн хэдий ч миний мэдэхийн сүүлийн 20 гаруй жил энэ салбарт дорвитой ахиц гарч чадаагүй хэвээр байна. Үүнийг нэг шалтгаан нь нийгэм дэх мэдлэг, мэдээллийг зөрүү гэж хэлж болно.
“Жохарийн цонх” гэдэг загвар байдаг. Үүнийг 1950 оны үед Америкийн сэтгэл судлаачид болох Luft, Harry нар боловсруулж өөрсдийнхөө нэрээ нийлүүлж энэхүү загвараа нэрлэсэн түүхтэй. Энэхүү загвар нь тун удалгүй дэлхий даяар хүний нөөц, сэтгэлзүйн салбарт хүн өөрийгөө нээх, танин мэдэх, хөгжүүлэх, бусадтай харилцах харилцаа, ойлголцлоо сайжруулах хувь хүний болон багийн сургалтын том хэрэгсэл болжээ. Энэхүү загвар маань 4 цонхтой бөгөөд чухам энэхүү 4 квадратад өнөөгийн манай нийгмийн бараг шахуу бүх оношийг багтаажээ.
Зүүн дээд булангийн квадратад миний, бидний мэддэг болон бусдын мэддэг оршихуй байх аж. Үүнийгээ нийгэмшсэн буюу нээлттэй хэсэг гэнэ. Нийгэмшсэн, хөгжилтэй улс, хамт олны нэг давуу тал нь асуудал, проблемийг олон талаас харах хирнээ уг асуудлыг шийдэх шийдлийг бүгдээрээ нэг талаас нь харж зөвшилцөж чаддагт оршдог.
Жохарийн цонхны зүүн доод булан бол миний, бидний л мэдэх боловч бусад хүмүүс мэдэхгүй хэсэг оршино. Бидний мэдээд байгаа юмыг бусад хүмүүс мэдэхгүй байна аа гэдэг нь бид өөрсдөө ямар нэг шалтгаанаар бусдад үнэнээ хэлэхгүй, эсвэл мэдээллээ дэлгэхгүй л байна гэсэн үг. Магадгүй бусад хүн мэдчих вий гэсэн том айдас ч үүнд хамаарах байх. Мэддэг зүйлсээ бусадтай хуваалцах нь хувь хүний нийгмийн хариуцлага гэж би хувьдаа ойлгодог. Манай нийгэмд бол цагаан хэл ам хүрнэ гэдэг шалтгаанаар хувь, хувьсгалын их мэдээллийг дотроо хадгалж, тэр хирээрээ бодитой ажил хэрэг болгож чаддаггүй тал бий. Шүүмжлэлээс айж мэдлэг, мэдээллээ бусдаас нууцалдаг бол энэ нь жинхэнэ мэдлэг, мэдээлэл биш болж таарах болов уу. Харин эсрэгээрээ баримт, үндэслэл тааруу шүүмжлэл нь өөрөө эргээд шүүмжлэгч этгээдийн айдсын синдром болж эхэлдэг нигууртай мэт.
Харин Жохарийн цонхны баруун дээд булангийн дөрвөлжин бол миний, бидний мэдэхгүй боловч бусдын мэддэг хэсэг аж. Үүнийг “Харанхуй толбо” гэж нэрийджээ. Бусдын мэдэж буйг бид мэдэхийн тулд яах ч аргагүй бусдаас асуух, хамтрах хэрэгтэй болно. Алив нийгэм, систем бусдаас огт хамааралгүй байна гэж бараг боломжгүй. Бүх зүйлсийг өөрсдөө хийнэ, бүтээнэ гэдэг нь агуу зорилго боловч биднээс богино хугацаанд, хямд өртгөөр, хамаагүй чанартай хийж байгаа тэр хэсэгтэй бид барьцан өрсөлдөх нь лав бизнесийн хувьд ямар ч утга заахгүй. Чухам эндээс олон “Яагаад” гэдэг асуултыг хариултыг бид өөрсдөө хүссэн хүсээгүй олох боломжтой санагдах.
Жохарийн цонхны баруун доод булан бол миний ч, тэрний ч, ер нь хэний ч сайн мэдэхгүй хэсэг гэж томъёолжээ. Нийгмийн олонлог энэ дөрвөлжинд цугласан байхад чухам далдыг харагч, мэргэч төлөгч, элдэв янзын шашин хүчээ авдаг мэт. Өөрөөр хэлбэл мэдээлэл, мэдлэг, мэдрэмж, чадвар, хандлага, туршлагын дутагдал биднийг байнга хойш чангаадаг ажээ.
Өнөөдөр нийгэмд үүсээд буй талцал, нийгмийн айдас, уул уурхайн салбарын зөрүүтэй ойлголтуудын суур шалтгааныг дээрх загвар дээр буулгаж харвал “Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан нь болдог” гэх үг санаанд орно. Үүнээс үүдээд шинжлэх ухааны үнэлэмж, өндөр технологийн хэрэглээ, бодлогын дэмжлэг, нийгмийн ойлголт хангалттай түвшинд байж чадахгүй хэвээр байна.
Тогтвортой хөгжил ба Дахин төлөвлөлт
Баялгийн шударга хуваарилалт, хөгжлийн тэгш боломжийг бүгдэд олгох боломж уул уурхайн салбартай хүссэн хүсээгүй шууд холбогдоно. Бидний нэг алдаа бол уул уурхайн салбарт зарцуулагдаж буй хөрөнгө оруулалт зардал талыг илүү анхаарч мэтгэлцэхээс биш тухай салбараас орж ирж буй бодит орлого ба уурхай хаагдсаны дараах нөхөн сэргээх процесс, түүнд оруулдаг хөрөнгө оруулалтыг барагтай дурддаггүй.
Хариуцлагатай уул уурхай гэдэг ойлголт өнөөдөр “байхгүй” болж байна. Учир нь угаасаа уул уурхай судалгаа шинжилгээний шатнаасаа эхлээд л хариуцлагатай байх ёстой. Зарим нэг хувиараа уурхай эрхлэгчид, хууль бус, ёс бус үйл ажиллагаа явуулдаг компаниудын үрээр уул уурхай муухай, байгаль орчин сүйдэлдэг, хүн амьтны эрүүл мэндэд хортой гэх ойлголт нийгэмд түгээд удаж байна. Харамсалтай нь үүн дээр дөрөөлж шантааж хийж, нийгэмд албаар буруу ойлголт хийж амиа зогоодог хэсэг бүлэг хүмүүс ч хэдийнэ үүсчээ.
Ураны өндөр технологи, цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой гол айдас хүн ба байгаль нөлөөлөх нөлөө, эрүүл мэндэд учруулж болох эрсдлээр дүгнэгддэг. Энэ айдаст хүлүүлж хэсэг явсан хүний нэг нь би өөрөө. Тэр ч утгаараа энэ салбарыг судлан сонирхох хүсэл нэмэгдэж, хариуцлагатай уул уурхай, ураны уурхайн нөхөн сэргээлтийг энэ салбартаа дэлхийд тэрүүлдэг Франц улс хэрхэн хийдгийг өөрийн биеэр зочлон үзэх завшаан тохиосон юм. Уул уурхайн салбарт ажиллаж буй ямар ч компани судалгаа хайгуулын ажлаасаа эхлэн уурхай хаагдсаны дараах процесс ба нөхөн сэргээлттэй холбоотой хөрөнгө оруулалтыг эхнээс нь төлөвлөж төсөвлөж явах ёстой. Ингэхдээ ус, агаар, хөрс, байгаль, ан амьтан, ургамлын цацраг идэвхт бодисын хэмжээг тогтмол хэмжиж судалж, байгаль орчны нөлөөллийн удирдлагыг хэрэгжүүлдэг аж.
1949 оноос эхлэн Франц улс эрчим хүчний салбараа хэн нэгнээс хараат биш байлгах том зорилт тавьжээ. Үүний үр дүнд уран, цөмийн эрчим хүчний салбараа тултал хөгжүүлж чадсан байна. Улмаар 2001 онд гэхэд энэ улс дотоодын бүх ураны нөөцөө олборлон ашиглаж дуусчээ. Энэ цаг үеэс эхлэн хаагдсан уурхайн нөхөн сэргээлт дээрээ өндөр ач холбогдол өгөн ажиллаж эхэлсэн аж. Уул уурхай, тэр дундаа ураны салбарт нөхөн сэргээлт хийдэг туршлагаараа дэлхийд толгой цохидог компани яах аргагүй Орано групп юм байна. Энэ аварга групп нийт 80 мянган тон уран олборлон боловсруулснаас гадна нийт 248 уран олборлосон талбайн нөхөн сэргээлтийн процессийг удирдан ажилласан туршлагатай. Уг 248 талбайн 55 гаруй хувьд нь Орано групп өөрөө ураны олборлолтыг хийжээ.
Дээрх ажлын хүрээнд нөхөн сэргээлт хийсэн уурхайнуудаас жил бүр агаар, ус, био зүйлийн 6500 дээжийг цуглуулан 30 мянга гаруй төрлийн тооцоо, нөлөөллийн судалгааны дээжлэлт шинжилгээг хийж, байгаль орчны үнэлгээг тогтмол хянаж, эдгээр ажилдаа жил бүр 10 гаруй сая евро зарцуулдаг ажээ. Хамгийн сонирхолтой нь хаагдсан уурхайн газруудын үнэ цэнэ хуучнаараа эрс өсдөг юм байна. Учир нь орон нутгийн иргэдтэйгээ зөвшилцөж байгаад эдгээр газруудаа эдийн засаг, байгаль орчин, нийгмийн эргэлтэнд дахин оруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудаа хангадаг ажээ.
Тухайлбал, иж бүрэн нөхөн сэргээлт хийгдсэн Францын ураны уурхайн нийт газар нутгийн 25%-аас илүү нь байгалийн тусгай хамгаалалттай бүс болсон байх юм. Учир нь эдгээр газар нөхөн сэргээлт хийснээр амьтан, ургамлын төрөл зүйл нь нэмэгдэж байгалийн шинэ тогтоц газар болж чаджээ. Харин нийт газрын 50% гаруй нь нэгэнт орсон дэд бүтцийг нь ашиглан аж үйлдвэрийн төв, ХАА-н кластер (мал аж ахуй, газар тариалан, зөгийн аж ахуй гэх мэт) цогцолборууд болж хөгжжээ. Ураны уурхайгаар ашиглагдаж байгаа нөхөн сэргээлт хийж газрын үлдсэн 25% нь өнөөдөр Францын иргэдийн аялалд гарах, загас барьж, ан хийдэг, мөн амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг, сургалт, арга хэмжээ зохион байгуулдаг байгалийн үзэсгэлэнт газрууд болсон байна.
Тойрог эдийн засаг ба Эрх тэгш нийгэм
Бид үр хүүхдүүдээсээ ирээдүйг нь зээлж амьдардаг гэдэг үг бий. Чухам энэ агуулгаас үүдэлтэй хэрэгжиж буй загвар бол тойрог эдийн засгийн тухай концепц юм. Аливаа эдийн засгийн харилцаанд оролцож буй ямар нь компани нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэлцэх үүрэг хүлээх тухай ойлголт. Орана группын хувьд цөмийн салбарт аюулгүй байдал, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж энэ салбарын олон амжилтын нийгмийн хөгжлийн төлөө, тэр дундаа цөмийн эрчим хүчний салбарт зориулах үндсэн зорилготой ажилладаг аж.
Ингэхдээ байгалийн баялгийг зүгээр нэг ашиглаад зогсохгүй, дахин ашиглах, ашиглаж буй түүхий эд материалаа боловсруулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хаагдсан уурхайн газруудад хөрөнгө оруулалт хийж иж бүрэн нөхөн сэргээн ажлыг гүйцэтгэх замаар газрын үнэ цэнийг улам өсгөж, байгаль орчны үнэлгээг тогтмол хийх замаар нийгэм, эдийн засагт бодит нэмүү үнэ цэнийг үүсгэн, орон нутгийн иргэдтэйгээ нэг гэр бүл болж эрх тэгш нийгмийг цогцлоон ажилладаг ажээ. Яг энэ загварыг амжилттай гардан хэрэгжүүлж буй эдний “Бадрах Энержи” компани хариуцлагатай уул уурхайн жишгээр цаашид ураны олборлолт, боловсруулах үйлдвэрээ ажиллуулах зорилгоор Монголд хөрөнгө оруулан ажиллаж байна.
DR. PRADHAN
оноч
Гайхагч
Зочин