Хол боловч ойр Алаша нутгаар
Яг л манай Өмнөговь аймагтай төстэй Алаша нутгаар...
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алаша аймаг хойд талаараа манай Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай аймагтай хиллэдэг. Нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ Өвөр Монголдоо хамгийн томоор тооцогддог ч хамгийн цөөн хүн амтай аймаг. 240 мянган орчим хүнтэй /үүнээс тавиад мянга нь монголчууд/ харин 120 мянга гаруй тэмээтэй. Яг л манай Өмнөговь аймагтай төстэй.
Манай говийнхон шиг тэмээгээ дээдэлдэг. Энд хоёр бөхт тэмээний зураг, хөшөө баримлуудыг хаа сайгүй харж болно. Энэ ихэмсэг гэдгэр урт тэмээний баримал аймгийн төвийн гол гудамжинд байх бөгөөд цаг, хөгжлийн эрхээр олон удаа дүрээ хувиргаж байгаа гэнэ. Эхлээд шавар, дараа нь цемент, хэдэн жилийн өмнөөөс хүрэл болжээ.
Алаша говь нутагт цас бага орно. Тэнгэр, Бадайн жаран, Улаанбухгэх том том элсэн манхан, баян бүрдүүд Их говийн өмнөд хэсэг болон сунайж байдаг.
Энэ жилийн гурав дахь цас биднийг байхад орлоо гэж байсан. Бас хамгийн хүйтэн өдрүүд нь таарсан. -20 хэм хүрэх, түүнээс илүү хүйтрэх нь ховор болсон гэж байна. Буцах өдөр тэнгэр дулаарч өнөө жаахан цас хайлсан байх. Говь нутгийн гоо үзэсгэлэн намартаа байх авч элс цас хээлэн угалзрах нь өвлийн говийн бас нэг гоёмсог үзэгдэл.
Хүндтэй зочиндоо хонь бүтнээр нь шарж өргөдөг заншил нь манжийн үеэс уламжлагдах болжээ. Говь цөл газар бээр бууж ирсэн манжийн гүнжид нутаг орныг нь санагдуулах шарсан нугас мэт хоол унд бэлтгэж өргөх болсноос энэ заншил үүдэлтэй гэж ярьж байна.
Алаша нутгийн хүн зоны бахархал, хүндлэл хүлээсэн хүн бол лхарамба Агваандандар /1759-1842/ юм.
1759 оны шарагчин туулай жил Алаша хошуунд зүүн сумын Баяннуруу багийн нутагт их Хойд Овогт зайсан гэгчийн гэр бүлд мэндэлжээ. Нутгийнхаа нэрээр Алаша Дандар, Алаша лхарамба хэмээн алдаршжээ.
Монголын сэтгэгч, буддын гүн ухаантан, учир шалтгаан судлаач, хэл шинжээч, утга зохиолын онолч хүн ажээ.
Говийн догшин ноён хутагт Данзанравжаа Алаша ууланд очиж Дандар лхарамбатай тэргүүнээ нийлүүлэн хүндэтгэлтэйгээр адислалцан Данзан равжаагийн “Саран хөхөөний намтар” дуулалт жүжгийн эх зохиол болох дорно дахины их бичгийн хүн Лувсандамбийжалцаны “Саран хөхөөний тууж”-ийг залсан гэх яриа говийнхны дунд бий.
Их Агваандандарын ес дэх үеийн хүн их хойд овогт О.Рэгзэдмаа гуай энэ жил 88 настай. Ах дүү арван долуулаагаас одоо тав ньамьд сэрүүн байна. Рэгзэдмаа гуай найман хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай буурал. Алаша нутгийнхаа 160 орчим уртын дуу дуулна, залууст зааж сургана. Хүүхдүүд нь ээжийнхээ дуулдаг дуунуудыг эмхэтгэн ном гаргаж СД-д бичиж түгээжээ. Алаша хуримын тухай баримтат кино хийж,ТВ-ийн нэвтрүүлэгт ороод ирсний дараахан нь энэ зургийг авсан юм. Ануухан, оюун санаа нь сийрэг, хөнгөхөн буурал үр, ач нартаа түшиг тулгуур нь болон амьдарч байна.
Түүхийн шаргал хуудас, нүүдэлчдийн их аяны гэрч болсон тэмээн тэргийн дугуй он цагийн эрхээр эдэлгээнээс гарч, энд хураагджээ. 1930-аад оны үед Монголын Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймгаас олон зуун айл өрх хэлмэгдэл хавчлагын улмаас нутаг усаа орхин, урагшаа нүүж, хилийн дээс алхсан байдаг. Тэдний үр удам Алаша аймагт амьдарч байна. Монголоос хамаатан саднаа олж, уулзаж, ургийн баяраа хийсэн нэгэн байхад тэднийгээ эрж хайж санаашран суугаа хүмүүс ч бас байна.
Энэ бүсгүйг Гомбодоржийн Гэрэлчимэг гэдэг. Алаша телевизийн хөтлөгч хийж байгаад одоо “Аянчин” гэдэг нэвтрүүлэг хийж байна. Түүний өвөг дээдэс одоогийн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутгаас гаралтай ажээ. Аав нь 1980-аад онд тавь орчим насандаа бие барахдаа өвөг дээдсийнхээ нутгаар очиж, хамаатан саднаа олж уулзахыг захижээ. Эднийхэн нутагтаа Дамба тайж гэж нэрлэгдсэн Дамбажав тайжийн хүү Чойнхор түүний өвөө болох аж. Эмэг эхийг нь Дугуйцагаан гэдэг. Нутаг усандаа гоё сайхнаараа гайхагдсан хүн байжээ. Гэрэлчимэгийн ээж Лхамжав гуай 78 настай буурал одоо амьд байна. Тэр бас Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумаас гаралтай. Лхамжав гуайн эмээ болох умгар хар хочтой Дулам гэдэг хүн Цэрэнжид тайжийн охин байжээ. Гэрэлчимэг хамаатан садангийнхаа сураг гаргах, Баянхонгорт очих хүсэлтэйгээ ярьж байсан юм.
Хамаатан садан болох хүмүүс олдвол хаяг, утсыг нь дамжуулахад бэлэн байна.
Улаанбаатар нэртэй тос даасан баргил хоолойтой дуучин энэ залуу бас л Баянхонгор аймаг, Ламын гэгээний шавь нараас гаралтай. Одоо бизнес хийж байна. Түүний аав олон жил багш хийсэн Цэрэндорж гэдэг хүн Сосорбарамын дуулдаг “байн байн санаа алдахад минь” дууг дуулж суудаг гэсэн.
Уран бичээч, зохиолч, яруу найрагч Хундагын Зандраа Алаша нутагтаа Өвөр Монголд алдартай хүн. Олон жил төр засгийн алба хашиж, залуу залгамж үеэ бэлдсэн.Бичсэн уран бичлэгүүд Алашагийн хамгийн хүндтэй газар залагдсан байх юм. Монгол хүн, нүүдэлч ахуй аж амьдралын тухай гүн агуулга санаатай бичигдсэн өгүүллэгүүд нь кирилл бичигт буулгагдан хэвлэгдсэн бөгөөд манайхан заавал унших хэрэгтэй санагдсан.
Шажиндалайн Тулга Шинжааны их сургуульд хөгжмийн онол, түүх судлаач мэргэжлээр суралцдаг. Алаша нутгийн товшуур хөгжмөөр эвлэгхэн тоглох энэ хүү Монголын товшуур хөгжмийг судлах хүсэлтэй.
Алашад ислам шүтлэгтэй цөөн тооны хотон ястангууд амьдарна. Хотонгууд Алаша Баян хотоос 120 км цаана Яргай хотод амьдрах ба тэднээс ялгаж тэднийг монгол хотонгэж нэрлэх юм.
Цайрангийн Чулуудай гуай хотон ястан. Энэ жил 89 нас хүрч байна. Насаараа тэмээ маллаж байсан өвгөн одоо ач нартайгаа амьдарч байна.
Бүх юм сайхан байгаа ч бидний амьдралын хэв маяг маш их өөрчлөгдөж байна гэж хөнгөн гунигтай ярина лээ.
Чулуудай гуайн ач Алдар удахгүй хуримаа хийнэ. Амьдралын ханиараа Яргай хотын хотон бүсгүйг сонгожээ.
Алашаан цагаан ямаа, ноолуур энд тэмээнээс дутахгүй үнэ цэнэтэй байна.
Цагаан ямаатай малчин айлын муур нохой нь хүртэл цагаан.
Ц.Батбаатар / гэрэл зурагчин/
Бай Коныр
Bat
насаа
Боогий
Зочин
Зочин
Тэнгри
МӨНХ
зочин
зочин
Tugs
Dashtuul
Зочин