ХАРХОРУМ ЭЗЭНТ ГҮРНИЙ „МАРТАГДСАН“ НИЙСЛЭЛ ХОТЫН ТҮҮХИЙН ХЭСГЭЭС
Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хархорумын түүхийг сонирхсон хэн хүнд цөөвтөр жилийн өмнө зарим аялан жуулчлагчийн аян замын тэмдэглэлээс өөр юм барагтай л бол олддоггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд Хархорумыг дотоод, гадаадад шинжлэх ухааны үүднээс сонирхох сонирхлыг археологийн малтлага үлэмж нэмэгдүүллээ.
Удо Б. Баркманн
Хархорум
Эзэнт гүрний „мартагдсан“ нийслэл хотын түүхийн хэсгээс
Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хархорумын түүхийг сонирхсон хэн хүнд цөөвтөр жилийн өмнө зарим аялан жуулчлагчийн аян замын тэмдэглэлээс өөр юм барагтай л бол олддоггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд Хархорумыг дотоод, гадаадад шинжлэх ухааны үүднээс сонирхох сонирхлыг археологийн малтлага үлэмж нэмэгдүүллээ.[1] Хэдхэн жилийн өмнө улс төрийн бүх намын төлөөллийг оролцуулан Монголын парламентын байгуулсан комисс Монгол улсын нийслэлийг өнөөгийн Хархорин (хуучны Хархорум)-д шилжүүлэх боломжийн талаар буурь суурьтай хэлэлцэж байлаа. Ингэхэд бид ер нь энэ хотын түүхийн талаар юу мэддэг билээ?
Энэхүү бүтээлдээ Монголын хийгээд бусад сурвалж бичиг, сүүлийн үеийн судалгааны ном зохиолын мэдээлэлд тулгуурлан Хархорум хот хэрхэн хөгжин дэгжиж байсныг нэхэн санаж дүрслэн үзүүлэхийг оролдлоо. Хархорумыг янз бүрийн аян замын тэмдэглэлд тодорхойлон дүрсэлсэн байдгийг эл өгүүлэлдээ дахин давтан тайлбарлаж, археологийн малтлагын үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөх гэсэнгүй, хожим илүү ул суурьтай бүтээл туурвихдаа авч үзэх нь зүйтэй болов уу.
Өмнөх түүх
Нэгэн цагт алдар цуугаа дуурьсгаж байсан хэдий ч өдгөө нэгэнт мартагдсан энэ хотын нэр түрэг хэлнээс гаралтай. „Хара“ гэдэг нь түрэг, монгол хэлний аль алинд „хар“ гэсэн утгыг илэрхийлдэг. Түрэг хэлний „хорум“ хэмээх үгийг „хайрга, нуранги“ хэмээн орчуулна.[2] Сэцэнцогт монгол (=түргээр корум, түвдээр гор-ма) хэлний „хүрм-э(н)“ (хуучин монголоор) нь галт уул дэлбэрэхэд эргэн тойронд шидэгдсэн галт уулын чулуу гэсэн утгатай үг хэмээн тэмдэглэжээ.[3] Энэ нь юу гэсэн үг болохыг Орхон голыг даган хуучны Хархорум руу явж үзсэн хэн хүнгүй мэднэ. Замын хажууг галт уулын хар асга чулуу бүрхсэн байдаг. Анхнаасаа бүхэл бүтэн газар нутгийг Хархорум хэмээн нэрлэж байсан нь тэр даруйдаа ойлгомжтой болно.
1240 оны хавьцаа бичигдсэн бололтой, эзэнт гүрнийг үндэслэн байгуулагч Чингис хаан (1161‑1227)-ы алтан ургийн гэр бүлийн түүх Монголын нууц товчоо-нд Хархорум хэмээх газар зүйн нэрийг ердөө ганц л удаа дурьдсан байдгаас цаашгүй.[4] Хотыг уг нь мэддэг байх учиртай, тэр бүү хэл аар саар зүйлийг ч номынхоо зарим хэсэгт дурьдсан тэр түүхч яах аргагүй 1235 онд баригдаж эхэлсэн орд харш, зах зээл бүхий нийслэлийн талаар ганц ч үг унагаагүй нь хачирхалтай. Түүнээс хойш дөнгөж таван жилийн дараа (1246) Ромын пап IV Иннокентийн захиа даалгаврыг өвөртлөн Монголын хааны ордонд аялан очсон францискийн урсгалын хувраг Иоханн де Плано Карпини Гүюг хаантай Шар орддоо нүүж очоод байхад нь л уулзсан агаад аян замын тэмдэглэлдээ хааны өргөө „Каракорон“(Caracoron)-оос хагас өдөрчийн газарт баймуй гэснээс нь үзэхүл нийслэл Хархорумын тухай тэр сонссон байх учиртай.[5] Хятад дахь Монголын Юань улс (1270‑1368)-ын албан ёсны он дарааллын бичиг Юань улсын сударт Чингис хаан өөрөө энэ газарт уг хотыг байгуулахаар шийдсэн талаар мэдээлсэн атал Монголын нууц товчоо-г зохиогч нийслэл Хархорум хотыг огт дурьдаагүй байдаг нь бүр ч гайхал төрүүлнэ.[6] Монгол хэл дээрх 1346 оны чулууны бичээст ч бас хотыг үүсгэн байгуулсан он цагийг: „Тайзу (Чингис)-гийн 15-р он, луу жил (1220)“ гэсэн буй.[7] Энэ бичээсийн тухай дараа авч үзнэ.
Хэрэв Чингисийг тэр газрыг олж тогтоосон гэж үзэх ахул нэг асуулт гарна. Юу чухам Чингисийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн юм бол оо? Чингис нүүдэлчин хүн байсан. Хот гэдэг түүний хувьд огтоос хүсэмгүй харь аж төрөх ёсны бэлгэ тэмдэг болж байв. Тиймээс хотуудыг дээрэмдэн тонуулж, галдан шатаахаар заналхийлэн сүрдүүлэх нь ердийн үзэгдэл байж. Нүүдэлчдийн хааны ойлголтоор хаан эзэн, түүний орд өргөө хаана байна, тэнд л нийслэл нь байх амой. Тиймээс ч 1237 оны Хятадын нэгэн аян замын тэмдэглэлд: „Татаарын хааныг бууриа сэлгэж нүүхэд ... ноёд түшмэд нь цөм дагаж нүүнэ. Үүнийг нутаг сэлгэх гэнэ.“[8] хэмээн бичсэн буй. Тэр тусмаа Чингист ус бэлчээр, зохистой сайхан орчин нь таашаагдан, сэтгэлд нь илүү нийцсэн нутаг ус гэж байсан байлгүй яахав. Орхон голын хөндийн үржил шимт нам дор газар нүүдэлчин хүний таашаалд тун ч их нийцдэг байсан биз ээ. Гэхдээ бас тэр нутаг ямар нэг тодорхой утга учиртай байсныг нь өнөө бид сайн мэдэхгүй байгаа ч байж болох юм.
Дорнод Түрэгийн хаант улсын үед түрэгүүд Орхон, Туул голуудын өргөн уудам сав газраар нутаглаж байсныг археологийн судалгааны дүн бидэнд харуулдаг, юуны өмнө хятад сурвалж бичгүүдэд заан тэмдэглэсэн байдаг. 734 онд таалал төгссөн Билгэ хааны Могилян хэмээх нэрээр нь бидний мэдэх нийслэл нь хятад сурвалж бичгүүдэд дурьдсанаар Хархорумаас баруун хойш 70 ли (γajar) орчим зайтай газарт оршиж байв. Билгэ хаан нийслэлээ маш их бэхэлж, өндөр хэрмээр хүрээлсэн байжээ. Нийслэлд нь буддын болон бусад шашны сүм дуган байсан гэдэг.
Пэрлээ Уйгурын хаант улсын үед (VIII-IX зуун) хаанынийслэл хот Хар балгас (бас Балыклик, Хан балык ч гэдэг) нь Эрдэнэ зуу хийдээс хойш 25 орчим км зайтай оршиж байсан гэжээ.[9] Тэрхүү нийслэл хот үлэмж том байсан гэж хятад сурвалж бичгүүдэд дурьджээ. Тэнд хааны орд өргөөний зэрэгцээгээр яам тамгын газар, сүм дуган, гар үйлдвэр, худалдааны газрууд байсан байна. Хотыг мөн л маш их бэхэлсэн байж. Худалдааны салбарууд байсан тухай мэдээ нь тэр нутагт хийсэн малтлагаар Тан улс (618-907)-ын үеийн эд өлгийн зүйлс ахин дахин олдоод байдгийн тайлбар ч болж болох юм, учир нь тэр үед бараа таваарыг Хятадаас оруулж ирдэг байж. Пэрлээ, Киселев нар „урд мэлхий“ хэмээх хэрмэнд хийсэн археологийн судалгаагаараа түүнийг Хар балгастай нэг цаг үед үүссэн байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Нэг хятад сурвалж бичигт Уйгурын хаан Чжан Синь 839-840 онуудад хожмын Хархорумын нутаг дэвсгэр дээр нэгэн хэрмийг бариулсан гэжээ. Тэгэхлээр „ урд мэлхий“ тэр хэрэм байсан байх нь уу? Киселевийн 1949 онд хийсэн малтлагаар Өгэдэйн бариулсан ордны доорхи газрын давхаргаас Уйгурын үеийн эд өлгийн зүйлсийг малтан гаргасан байна. Уйгурчууд нь улс төр, соёлын хувьд Найман, Татаар овог аймгийнхантай маш ойрын хүмүүс байжээ.
Хар балгас зуу орчим жил оршин тогтносон бололтой. Уг хотыг 840 оны үед Ениссейн киргисүүд эвдлэн сүйтгэсэн нь илт. Киргисийн хаад ч энэ нутагт 80 орчим жил ноёрхохдоо (IX-X зуун) мөн тэр газарт нийслэлээ босгож байсныг үгүйсгэмгүй. Хятан улсын хаан Амбагян 923 оны үед Орхон, Хэрлэн гол хавийн нутгийг булаан эзлэхдээ Киргисийн нийслэлФуту-чин–г ч бас эзэлсэн гэх. Футу-чин нь эртний Хар балгас байсан байж болзошгүй.
Рашид ад-Дин Хэрэйдийн хааны хожмын нийслэлийг Орд балгас гэдэг байсан тухай мэдээлжээ. Албатууд нь Хар балгас гэхийн оронд энэ нэрийг хэрэглэдэг байсныг үгүй гэх газаргүй. Дээр нь бас Чингис хааны амьд сэрүүн үед Хархорумын хавьцаа нэг том нөөцийн агуулах байсан тухай бусад сурвалж мэдээлжээ.
Юутай ч хожмоо Хархорумыг байгуулсан газрын ойр хавьд нэлээд дээр үед янз бүрийн хаадын орд өргөө цогцолж байсан байж болох юм гэсэн дүгнэлтийг бидэнд буй хэсэг бусаг баримтыг үндэслэн гаргаж болохоор байна.
Хэрэйд ч юмуу Найманыг буулгаж авсны дараа энэ онцгой газарт Чингисийн анхаарлыг хандуулсан байж болох талтай. Юутай ч тэр монгол хан хөвгүүдэд уйгуржин бичиг зааж сургахыг Найманы төрийн тамгыг баригч Тататунгад тушаасан байдаг. Ямар ч болов урьд өмнийн эзэнт гүрнүүдийн эрх мэдлийн төвүүдтэй ямар нэг уламжлалын холбоо байх аж.
Гэхдээ Чингис хааны хувьд ирээдүйн эзэнт гүрний нийслэлийг Хархорумд байгуулах санаагаа ярьж хэлэх улс төрийн, эсвэл бүр шашны учир шалтгаан байсан гэхэд эхлээд ойлгомжгүй санагдана. Чингис ноёдын бүх чухал Их хуралдайг хожмын газар зүйнМонголын умард дахь Хэрлэн голд юмуу түүний эрэг дээр орших „Хөдөө арал“-д хийлгэдэг уламжлалтай байсан. Чингис хэмээх бие хүнийг сэтгэл зүйн талаас нь Монголын нууц товчоог зохиогчийн тодорхойлсноос үзэхэд л энэ нь ойлгомжтой болно. Монголчуудын хаан эзэн өөрийн овог аймгийнхны нэгэн адил бөө мөргөлд сүсэглэдэг байжээ. Жишээ нь Бурхан халдун ууланд ойр дөт байж, тэр уулын эзэн савдгийн ивээл хамгаалалд багтана гэдэг түүний хувьд хувь тавилан-оршихуйн чухал асуудал байсан. Төрийн гол гол зан үйлийг „Хөдөө арал“[10]-д гүйцэтгэдэг уламжлалыг нь түүнийг залгамжлагч нүүдэлчин удмын Өгөөдэй, Гүег, Мөнх нар ч ягштал баримталдаг байв. Тийнхүү тэнд Өгөөдэй, Мөнх хоёрыг хаан ширээнд өргөмжилсөн билээ. Чингисийн өргөө гэр Онон голын хөвөөнд „Хөдөө арал“-аас холгүй байдаг байсан агаад 1227 онд түүнийг нас барсны дараа хаан эзэд бөөгийн ёсны дагуу өвөг дээдсийнхээ сүнс сүлдийг дуудан залбирдаг зан үйлийн ариун дагшин газар болсон байна.[11] Францисканы урсгалын хувраг Рубрук монгол газарч нь чухам тэр л шалтгаанаар Ононгийн тэнд тойруу замаар явна гээд байсан тухай дурьджээ. Рубрукийн бичсэн нь: „Тэгээд миний олж мэдсэнээр тэр чингэхдээ биднийг тэдний уугуул нутаг, Чингис хааны ордон оршин байдаг Онон, Хэрлэнгээр дагуулж явахыг хүссэн.“[12] Энэ үүднээс нь аваад үзэхнээ ч, тэр тусмаа бас ус, ой, ан гөрөө хийх өргөн уудам нутагтай, бэлчээр сайтай Онон, Хэрлэн голын хавиар „суурин нийслэл“-ээ цогцлооно гэсэнсэн бол арай л ойлгомжтой байх байсан болов уу. Гэхдээ Рашид-ад-Диний хэлсэнчлэн (11-р зүүлт тайлбарыг үзнэ үү) Чингисийн есөн өргөөнийх нь нэг Хархорум хавьд байсныг үгүйсгэж боломгүй.
Хэрвээ Чингис үнэхээр улс гүрнийхээ нийслэлийг Хархорумд байгуулах зарлиг буулгасан бол түүнийгээ Өгэдэй юмуу Толуйд даалгасан байх магадлал өндөр. Чингис лалын улс гүрнүүдийг дайлаар мордохынхоо өмнө Өгэдэйгээр хаан ширээ залгамжлуулж, отгон хүү Толуйгаар „гал голомтоо сахиулан“ Онон, Орхоны хоорондох Монголын уугуул нутгийг захируулахаар шийдсэн юм. Тиймээс ч Толуй 1229 онд Өгэдэйг хаан ширээнд өргөмжлөгдөхийг хүртэл Их Монгол улсыг захирч байсан билээ. Гэвч тэр 1232 оны 6-р сарын 20-ноос 7-р сарын 19-ний хооронд дөнгөж 40-хөн насандаа таалал төгсчээ.
Өгэдэйн хаанчлал (1235-1241)-ын үед Хархорумыг бүтээн босгосон нь
Өгэдэй Хархорумыг барьж байгуулах ажлыг ямар нэг хэлбэрээр эцгийнхээ өөрт нь даалгасан үүрэг хэмээн үзэж байсан эсэх талаар бидний мэдэх түүхийн он дарааллын бичгүүдэд мэдээлсэн юм алга байна. Гэхдээ түүнийг 1230 оноос Орхон голд нутаглах болсныг бид Юань улсын судрын 2-р бүлгээс мэднэ. Юань улсын судрын өөр нэг хэсэгт Өгэдэй Толуйг 1232 онд нас барсны дараа Lung‑t’ing руу буцсан тухай дурьдсан буй. Абрамовски „Lung‑t’ing“ (луут хашаа) бол Хархорум мөн гэжээ.[13] Бидний үзэж байгаагаар Lung-t’ing нь Хархорумын нутаг дэвсгэр дээр байсан, гэхдээ түүнийг Хархорум хэмээх газар мөн гэж үзэж болохгүй. Харин ч Lung-t’ing нь Эрчүгийн Ланг Тинг Балгасун гэдэг газар байсан байж болох бөгөөд Хубилай хожим түүнийг зөвхөн өргөтгөсөн (?).[14] Түүний дөрвөн гол орд өргөө Орхон, Туул, Сэлэнгийн өргөн уудам сав газарт, өөрөөр хэлбэл өнөөгийн Монголын төв хэсэг(Хөвсгөл, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай аймаг)-т байсан тул Өгэдэй Хархорумын нутаг дэвсгэрт орших тус газрыг өөрөө сонгож авсан байж болох. Hei-Ta Shih-Lüeh-д дурьдсанаар Шар орд, Их орд гэж ялгаж салгаж үздэг байжээ. Шар орд гэж хааны өөрийнх нь орд өргөөг хэлэх бөгөөд тэр нь алтан баганатай, „хэдэн зуун хүн багтахаар зай“-тай байсан аж. Тэгэхлээр Шар орд гэдэг бол ном зохиолд заримдаа бидэнд итгүүлэх гээд байх шиг байдаг суурин газрын нэр огтхон ч биш. Hei-Ta Shih-Lüeh-г зохиогчид „ хэрэв хаан эзний татвар эмс, мөн бусад нь цөмөөрөө даган нүүж байвал“ тэр нь „Их орд“ гэжээ. Тэгэхлээр өргөн утгаараа Их орд гэдэг нь нүүдэллэн явдаг орд өргөөг (нийслэлийг) хэлсэн хэрэг.[15]
1235 онд Өгэдэй Хятадаас 1.500 орчим гар урчууд, уран бүтээлчдийг ирүүлж, нийслэлийг барьж босгохыг тушаажээ. Өгэдэй энэ төлөвлөсөн ажлаа танилцуулахын тулд урьд жил нь Чингисийн угсааны хан хөвгүүдийг Орхонд ирэхийг тушаасан байлаа.
Хотыг тойруулан тэгш өнцөгт хэлбэртэй, зүг бүрт хандсан хаалгатай шавар хэрэм босгосон байсныг хожмын аялан жуулчлагчдын тайлан мэдээнээс бид мэднэ. Далай бичихдээ нийт байгууламжийн урт нь 2.500 орчим метр, өргөн нь 500 метр хэртэй байсан гэжээ.[16]
Персийн түүхч Рашид-ад-Диний өгүүлснээр Өгэдэй 1235 онд Хятадын уран барилгын хийцийг дууриалгасан, хажуугийнх нь хана „харвасан сум тусах“ дайны урт нэгэн ордон бариулсан байна.[17] Тэр сацуу Өгэдэй мөн жилдээ өөрийн дүү нар, хөвгүүд болоод бусад хан хөвгүүдэд ордны ойролцоо өөр өөрсдөдөө байшин бариулахыг тушаажээ. Түүний дүнд ордны дүүрэгт „олон тооны“ барилга байшин боссон байна. Пэрлээ[18]-гийн бичсэнчлэн хотын баруун өмнөд хэсэгт оршиж байсан ордныг тойруулаад тэр жилдээ (шавар?) хэрэм буюу шороон далан байгуулсан гэж Юань улсын сударт нэмж тодруулсан буй. Рубрукийн мэдээлснээр „Хааны том өргөө хотын хэрмийн тус орших ба бас нэг „том тоосгон хэрмээр хүрээлэгдсэн“[19] байжээ. Хятад сурвалжуудад Ван-ань ордон (монголоор: Түмэн амгалант ордон) хэмээн нэрлэгдсэн их ордны нээлтийн ёслол 1236 онд болжээ.
Рубрукийн тодорхойлсноор ордон нь умраас өмнө зүгт хандсан, голын асар болон хоёр жигүүртэй барилга байжээ. Ордон өмнө зүг хандсан гурван хаалгатай, хоймор нь хоёр гишгүүр өгсөж хүрэх хэрийн өндөрлөгт хааны сэнтий байна. Ордон үндсэндээ 2.800 орчим ам дөрвөлжин метр талбайтай, гурван давхар, алтан дээвэртэй байжээ. Ордны ойролцоо „хааны хүнс тэжээл, эрдэнэсийг хураадаг саравч адил урт байшин олон“ байсан тухай Рубрук мэдээлжээ. Зун цагт хотын дундуур урсгадаг олон жижиг горхиноос усаа авдаг нэгэн хиймэл нуур ордны чанх дэргэд байсныг хожим нь хийсэн малтлагууд харуулсан юм. Рубрук ч бас зун цагт ордны дэвсгэрийг усалдаг олон татаал татсан байсан тухай мэдээлсэн байна.[20]1346 оны бичээст Өгэдэй буддын шашны хоёр сүм барих ажлыг санаачилсан, харин түүнийг нь Мөнх хааны үед дуусгасан тухай тэмдэглэжээ.[21]
Хотын бүтээн босголтын ажлыг дуусгаад Өгэдэй нийслэлийн хувьд гүйцэтгэх үүргийг нь бодолцон, баян зам болон нарийн зам гэдэг өртөөний хоёр замыг Хятадаас эзэнт гүрний төв Хархорумыгчиглүүлэн тавиулах арга хэмжээ авчээ. Тэгснээр тус бүрийг нь нэг мянгатын дайчид хамгаалсан 37 өртөөний замаар хааны орд өргөөнд мэдээлэл баталгаатай хүргэх болжээ. 1247-1248 онуудад Монголд ирж Хубилайд барааалхсан Hang-Tê-hui Хархорум хүрдэг замын тухай мэдээлсэн буй.[22]
Хотыг бүтээн байгуулж, өргөтгөсөн нь нүүдэлчний орчинд цоо шинэ зүйл байсан нь лавтай ч, түүнээс Монголын хаан тэнд байнга залран суудаг орд өргөөгөө босгосон гэсэн дүгнэлт хийвэл төөрөгдөл болно. Өгэдэй нүүдэлчин байсан, нүүдэлчин чигээрээ л үлдсэн. Тэрбээр Хархорумд залран суух нь тун ховор, дайлаар мордохыг нь эс тооцвол Хархорум орчмын өргөн уудам нутагт байнга нутагладаг байж. Тэрээр Хархорумаас өдөрчийн газрын зайтай оршихХар Цагаан гэдэг газар сүүний (хоормогны?) том сав тавиулсан байсан тухай Рашид-ад-Дин тэмдэглэжээ. Хаврын цагт бүргэдээр ан хийлгэхээр тэнд очдог байж. Тэгэхэд нь тэнд мянган хүн багтах майхан барьдаг байсан аж. Намар болохоор Өгэдэй Хархорумаас дөрвөн өдөрчийн газрын зайтай орших Хүсэ нуур руу очдог байв. Өвөл нь Ong-chin гэдэг газар бууж, ан ав хийдэг байсан ажээ. Хархорумд буцаж ирээд Өгэдэй Тургу-Балыг хэмээх газар буух агаад тэнд ньтарагтай том сав бэлдэж тавьсан байна. Өгэдэй тарагнаас хүртэж тэндээ өнждөг байжээ.[23]
Юань улсын сударт дурьдсанаар Өгэдэй 1237, 1238,1241 онуудад Хархорумаас хойш 70 ли газарт орших chieh-chieh-ch’a-ha нууруудад очиж ан ав хийж байжээ. Тэрбээр 1237 онд chieh-chieh-ch’a-ha нуурын ойролцоо Sao-lin-ch’eng (монголоор: сууринг) байгуулж, „chia-chien-ch’a-han“ (монголоор: гэгээн цагаан)-г бариулсан байна. 1238 онд Хархорумаас 30 ли зайтай орших нэг газарт T’u-su-hu (монголоор: Тусху Балыг) сууринг байгуулж, „ying-chia-ордон“-г бариулах арга хэмжээ авсан ажээ.[24]
Өгэдэй 1241 онд таалал төгсчээ. Түүнийг залгамжлагч Гүюгийг 1246 онд л дөнгөж хаан ширээнд өргөмжилсөн юм. Юань улсын сударт дурьдсанаар түүнийг хаан ширээнд өргөмжлөх ёслол wang-chi-su-mieh-t’u-li голын хөвөөнд болжээ. Абрамовски уг хятад нэрийг Хархорумын өмнөд нутгаас эх авдаг Онгийн сумитур (өнөөгийн Онгийн гол бололтой) мөн гэжээ. Плано Карпини болон монгол эрдэмтэд Өгэдэйн Шар ордын зусланг хаан ширээнд өргөмжлөх ёслолыг хийсэн газар гэдэг.[25] Ийнхүү хаан ширээнд өргөмжлөх ёслолыг Хархорумын ойролцоо хийсэн нь тус хотын Монголын эзэнт гүрний улс төрийн төв болж байсны хувьд үзүүлсэн ач холбогдлыг товойлгон тодруулж байна. Гүюг хаан 1248 онд Самаркандын ойролцоо нас баржээ. Тиймээс тэр Монголын нийслэлийг хөгжүүлэхэд төдийлөн нөлөө үзүүлээгүй ажээ.
Мөнх хааны үеийн (1251-1258) Хархорум
Зарим сурвалж, юуны өмнө Рубрукийн тайлан мэдээ нь 1251 онд „Хөдөө арал“-д хаан ширээнд өргөмжлөгдсөн Мөнхийн хаанчлал нь Хархорумын цэцэглэн мандалтын үе байсан мэтээр ойлгуулах гээд байдаг талтай. Үүнд бид тийм ч итгэлтэй биш байна. Бидэнд олдоод буй сурвалж бичгүүд тус хотыг цааш нь бүтээн байгуулахад түүний гаргасан хүчин зүтгэлийн талаар олигтой мэдээлэл өгч чадахгүй байгаа юм. Тэр ч байтугай Мөнх Хархорумд барилга, газар шорооны ажил хийж байсан 1.500 ажилчныг 1251 онд ажлаас нь халуулсан гэж Юань улсын сударт мэдээлсэн байна. Улмаар Мөнх Хархорумыг цааш нь бүтээн босгох ажлыг бүрмөсөн зогсоох тушаалыг хаанчлалынхаа эхний жил болох 1251 онд өгсөн тухай Хятадын түүхчид ч бас тэмдэглэжээ.[26]
Мөнх Хонгорт „Холин (Хархорум)-ы орд харш, сан хөмрөгийг хариуцуулжээ“.[27] Тэр өөрөө Хархорумд байнга залран сууж байсангүй. Өөрийн өмнөх их хаан Өгэдэйн адил Хархорумын эргэн тойрны өргөн уудам нутгаар нүүдэллэн амьдарч байв. Юань улсын сударт Мөнхийн нутагладаг газрууд ньЦагаан болон Ong-chin байсан гэснээс үзэхүл тэр ч бас Өгэдэйн дуртай байсан зарим газрыг эрхэмлэн үздэг байсан нь харагдана.[28]
Францын хаан IX Людовикийн Монголын хаанд зараад болгон илгээж, 1253 онд Мөнх хааны ордонд ирсэн Францискийн урсгалын хувраг Вильхелм фон Рубрукийн тэмдэглэл болон Юань улсын сударт бичсэн мэдээллүүдийн ачаар бид хотыг тоймлон тодорхойлж чадах болсон.
Рубрукийн тэмдэглэснээр Хархорумаас зүүн өмнө зүг Хятад хүртэл хориод өдөрчийн газар, „Чингис хааны өргөө байдаг монголчуудын уугуул нутаг“ Онон, Хэрлэн хүртэл арваад өдөрчийн газар байжээ. Хот нь өмнө дурьдсан ордны дүүргийн зэрэгцээгээр бусад янз бүрийн дүүрэгт хуваагдаж байв. Рубрукийн тодорхойлсноор хотын нэг дүүрэгт нь долоо хоног тутмын зах зээл гарч, бас „саррацин“ нар болон худалдаачид, элч төлөөлөгч нар хуран цуглардаг байжээ. Өөр нэг дүүрэгт нь Умард Хятадын иргэд аж төрж байсан агаад „тэд цөм гар урчууд“ байв. Цаашлаад бас нэг дүүрэгт нь „янз бүрийн иргэний онгод шүтээний арван хоёр дуган, Мухамедийн ёсыг номлогч лалын хоёр сүм, хотын захад христосын нэг сүм байдаг“ байжээ. Христосын сүмд нь несторианы шашныг номлодог байсан болов уу. „Онгод шүтээний дуган“-уудынх нь дотор буддын шашны хоёр сүм байсан бололтой. Чойжи хятад сурвалжуудаас Хархорумд буддын шашны ямар ямар сүм байсныг мэдэх гэсэн боловч зарим бүрхэг мэдээлэл л олджээ. Ингээд тэр дараах зүйлийг олж тогтоосон байна:1. Өгэдэй 1235 онд ордны хамт буддын шашны нэг сүм бариулж бэлэн болгосон. 2. Зөвхөн tai-pin-cingguo si хэмээх хятад нэрээр нь л бидний мэдэх нэгэн сүмд Өгэдэйн дөтгөөр хүү ном хаялцахаар залж авчирсан тао-гийн шашны Haiyün-г байрлуулсан. Нэг жилийн дараа 1248 онд Гүюг Шаолин хийдийн хувраг Fu Yoi Zhang Lu-г мөн сүмд байрлуулж байжээ. Гүюг хаанчилж байх үедээ 1256 онд „aqui öndür degtü süm (Агуу өндөр дэгт сүм)“ хэмээх монгол нэртэй буддын шашны сүмийг бариулжээ. Сүмийн дээр таван давхар, суварга маягийн 300 ch’ih орчим өндөр цамхаг сүндэрлэж байж.[29] Суурийнх нь барилга дөрвөн талдаа өрөө тасалгаатай, тэдгээрт бурхан Буддагийн янз бүрийн хөргийг залсан байжээ. Хархорумд хурал ном хурах янз бүрийн сүм дуган байсан нь Монголын хаад шашинд ямар их хүлээцтэй ханддаг байсныг илтгэнэ. Лалынхан, францчууд, оросууд, англичууд, германчууд, мажаарууд, гүржүүд, арменичууд цөм өөр өөрийнхөөрөө бурханы ивээлд багтах учиртай хэмээн үзэж байж. Мөнх хаан хэлрүүн: „Монголчууд бид зөвхөн цогцолсон бурхан байдаг гэж итгэдэг. Бурханы хүчээр л бид аж төрж, мөхөж буй. Бид бурханд чин сэтгэлээсээ ханддаг ... Бурхан хүний гарт урт богино хуруу заяасан шиг хүмүүст бас янз янзын тавилан хайрлажээ.“[30]
Хотод бас хан хөвгүүд, ордны өндөр тушаалын түшмэд амьдардаг олон том орд харш байсан. Юань улсын сударт дурьдсанаар ордонд ажил алба хашдаг мянгаад хүний амьдран суудаг хоёр ч суурин хотын гадна талд байсан ажээ. Барилга байшин, орд харш барихад голчлон мод, юуны өмнө янз бүрийн хэмжээтэй шатаасан тоосго, том том чулууг ашигладаг байж.[31] 1263-1292 юмуу 1335-1340 оны үеийнх бололтой зургаан мөр бүхий хятад хэл дээрх чулууны бичээсээс бидний олж мэдсэнээр чулууг Орхон голын Бага Элстэй (baγ-a elesütü) хэмээх газрын чулуу бутлах газраас авдаг байсан аж.[32] Хаан ордондоо байнга амьдран сууж байгаагүй гэж Рубрук тэмдэглэжээ. Тэрбээр ордондоо жилд хоёр удаа, тухайлбал „эхний удаад нь улаан өндөгний баярын үеэр түүгээр нүүж өнгөрөхдөө, дараагийн удаад нь зун цагт буцаж ирээд“[33] морилдог байж.Нүүдэлчин тэрбээр өмнө дурьдсанчлан тал нутагтаа эрх тааваараа амьдрах дуртай байжээ. Дээр нь бас мод бутгүй талын дунд орших тийм хэмжээний ордныг жилийн турш халаах боломж бараг байгаагүй биз ээ.
Хархорумын худалдаа, хангалт үйлчилгээ, гар урлал
Хархорумын эдийн засгийн амьдралын талаарх хамгийн гол мэдээллийг бид Вильхелм фон Рубрукийн тэмдэглэл, Киселев, Пэрлээ нарын археологийн судалгааны дүнгээс авдаг.
Дээр дурьдсан худалдаачдын дүүрэгт долоо хоног тутам гардаг захын наймаа нь юуны өмнө өргөн хэрэгцээний болон тансаг хэрэглээний эд бараагаар хязгаарлагдаж байсан бололтой. Хотын хаалгануудын дэргэд хүнс, идэш, уналгын мал сэлтийг наймаалцдаг байсан нь: Зүүн хаалганы дэргэд шар будаа, амуу тариа худалдах авч „тэдгээрийг авчрах нь баахан ховор“; баруун хаалганы дэргэд хонь, ямаа; өмнөд хаалганы дэргэд шар үхэр, тэрэг, умард хаалганы дэргэд агт морьд наймаалцана. Хонь, ямааны наймаа зонхилж байсан бололтой. Үүнийг юуны өмнө хонь, ямааны яс малтаж гаргасан Киселевийн малтлага гэрчилнэ. Бараа таваар солилцож, мөн бэлэн мөнгөөр наймаа арилжаагаа хийдэг байв. Евтушова 1949 оны малтлагын үеэр хөрсний соёлт давхаргаас 230 зоос олдсон тухай мэдээлжээ. Тэдгээрийн дотор Тан (618-907), Умард Сүн (960-1127), Алтан (1115-1234), Өмнөд Сүн (1127-1279), Юань (1271-1368) улсуудын үеийн зоос байжээ. Зооснуудын зарим нэлээд эртнийх байсан нь Хархорумын өмнөх түүхийн талаар логик дүгнэлт хийх боломжийг олгож, тэдгээр зоос нь зарим талаар маш удаан хугацаагаар гүйлгээнд гарч байсан байж болзошгүй гэсэн дүгнэлтийг гаргахад хүргэж байна. Хөрсний доод давхаргыг бодвол дээд давхаргаас нь олдсон зоос тоогоор хамаагүй илүү байсан нь мөнгөн гүйлгээ их хийх болсныг илтгэнэ.[34] Мөнгөн гүйлгээ нь харийнхны, тэр дундаа лал, хятадуудын гарт байсан бололтой. Монголчуудбарааг бараагаар солих зуршилтай байжээ. Юань улсын үеийн зоос цөөн олдсоныг Евтушова Юань улсын үед Хархорумын ач холбогдол буурсантай холбон тайлбарласан байна.[35]
Хархорум цэцэглэн мандалтынхаа үед бас гар урлалын чухал төв болж байв. Өдгөөг хүртэлх археологийн судалгааны дүнгээс үзвэл вааран эдлэлийн үйлдвэр, дарханы газрууд ажиллаж байсан байна. Гар урчууд сав суулга, тоног хэрэгсэл, газар хагалах анжис, гар хадуур, шимээсэг гэх мэтийг хийдэг байж.
Хархорумын хангалт үйлчилгээ анхнаасаа лихээхэн хүндрэлтэй асуудал болж байв. Худалдаа хараахан тогтворжоогүй, нүүдэлчдийн орчин нь нийслэлийг хангах чадваргүй шахам байв. Тиймээс Өгэдэй өдөр бүр 500 тэрэг, ихэвчлэн үхэр тэргээр унд, хоол хүнсний зүйлийг Хархорумд авчруулж байх журам тогтоожээ. Гэвч Хархорумын хүн ам ихсэх хэрээр (Ишжамцын тооцоогоор хүн амынх нь тоо 10.000 хүрчээ[36]) хүнснийх нь хэрэгцээ ч бас нэмэгдсэн байна. Хархорумд олноороо амьдарч байсан хятад иргэдийн дотор мөнөөх 1500 барилгачин ч бас байсан зэргээс хүмүүсийнх нь хооллож ундлах соёл ч бас олон янз байжээ. Үүний улмаас, мөн хааныг Хархорумд заларч байх үед нь цаг ямагт ихээхэн цэргийн хүчийг ойр байлгаж, хоол хүнсээр хангаж байсан[37] нь Хархорумын ойролцоо, мөн ойр орчных нь газарт их хэмжээгээр тариа тарих оролдлого хийхэд шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэсэн байж болох талтай. Юань улсын сударт дурьдсанаар Wu-t’iao гэдэг газарт Умард Хятадын армийн нийт 4.648 өрх 6.400 ch’ing хэмжээтэй талбайд газар тариалан эрхэлж байжээ. Тэд Хорумын Хөдөө аж ахуйн суурьшигчдын албанд (хятадаар: ho-lin t’un-t’ein) харъяалагдаж байв.[38] Энэ нь асар их тоо мэт санагдана. Хархорумын ач холбогдол буурснаар, юуны өмнө хятадууд тус хотыг орхин одсоноор газар тариалан ач холбогдлоо алджээ. 1302-1337 оны хооронд „цаг агаарын таагүй байдлын улмаас“ газар тариалангийн ажлыг зогсоосон хэмээн яригддаг.[39]
Хархорумын мөхөл
Мөнх тийм ч яльтай биш юм шиг санагдахаар нэгэн зарлигийг буулгаснаараа тус хотын мөхлийн эх үүсвэрийг тавьсан байж болохоор байгаа юм. Тэрээр Хархорумд байдагтай ижил ордныг Умард Хятадад Толуйн хоёр дахь хүү Хубилайд бариулахыг тушаасан ажээ. Хубилайг багад нь Хархорумд несториан шүтлэгтэй эх Сорхагтани бэхи нь хүмүүжүүлсэн байна. Бас түүний залуу үеийн андууд нь хожим хамгийн ойрын зөвлөхүүдийнх нь нэг болсон Liu Ping-chung зэрэг хятад хүмүүс байв. Хубилай Хархорумд цугларсан гадаадынхан, номлолоо дэлгэрүүлж байсан олон шашны нөлөөгөөр бүр эртнээс харийн улс гүрнүүдийн засаглалын арга барилыг сонирхох болсон гэсэн яриа байдаг. Тэр үед Хубилайн зөвлөгөө авдаг хүмүүсийн тоонд буддын шашны алдартай эрдэмтэн Hai-yün-н зэрэгцээгээр хожим Хубилайн засаг захиргааны хамгийн гол түшмэлүүдийн нэг болсон Chang Wen-Ch’ien ч бас орж байв.
Мөнх хэдийгээр түүний ах нь байсан ч 1251 онд хаан ширээнд өргөмжлөгдөхөд нь Хубилай дургүй байсан гэдэг. Чингэхдээ тэр Өгэдэй өөр зарлиг буулгасан хэмээн хэлж байжээ. Рашид-ад-Диний бичсэнээр Чингисийн ургийнхан: „Өгэдэйн үр удмын дотроос өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй хэсэг мах ч болов байсан цагт хаан ширээг бид өөр бусад хэнд ч шилжүүлэхгүй.“[40] гэсэн ам тангарагтай байжээ.
Мөнх хожим Хубилайд (čilaγun) уулын өмнөд этгээд дэх Хятадын газар нутагт хяналт тогтоохыг даалгасан байна. Ингээд Мөнхийн ажлаас нь халсан барилгачид Мөнхийн зарлиг болгосон ордныг барих гэж байсан Долон нуур руу явжээ. Тэгснээрээ Мөнх Хубилай, түүний хятад зөвлөхүүдийн эрх мэдлийн санаархалд өөрөө ч мэдэлгүй түлхээс үзүүлсэн байна. 1252 онд хятад түшмэл Yao Shu Хубилайд Shan-tien голын дэргэдэх Chin-lien-ch’uan[41] хэмээх газар шинэ хот байгуулж, Кайпин балгас (K’ai-p’ing fu) хэмээн нэрлэх санал тавьжээ. Хубилай ч саналыг хүлээж авсан. Тэр мөчид хаан ор залгамжлах санаа түүнд төрсөн эсэх тухай энд ярихаа больё. Харин хятад зөвлөхүүд нь бүр ч их холын бодолтой байсан байж магадгүй юм. Монгол ноён Аригбөх, Аландар нар Хубилай эрх мэдэлд санаархаж байж болзошгүй гэдгийг олонтаа хэлж сэрэмжлүүлж байсан ч Мөнх тэдний болгоомжлолыг ойшоолгүй өнгөрөөж байв. 1255 онд тэр Хубилайд шийдсэн хариу өгч, уг хотыг бариулахыг зөвшөөрсөн байна. Хотыг бүтээн босгох ажил 1256-1259 онд явагджээ. Кайпин балгас хожим Шанду (Дээд нийслэл) хэмээх нэрээрээ алдаршсан билээ.
Харин энэ зуур Аригбөх, Аландар нарын сэрэмжлүүлж байсанчлан Хубилайг дотуур санаа агууллаа хэмээн хардаж сэрдэх янз янзын сэжүүр таамаг илрэх болсон байна. Мөнх Хубилайн ордон руу шалгалтын комисс илгээв. Дүнд нь гутамшигтайгаар эвлэрэн зохицож, Хубилай Хархорум руу явах ёстой болжээ.
Мөнхийг 1259 онд Хятадад нэгэн бүслэлтийн үеэр амь алдахад мөнөөх хорлонт зөрчилдөөн нь сэдрэв. Мөнх аян дайнд мордохынхоо өмнө нийслэл хотыг хамгаалах, төр засгийн өдөр тутмын ажлыг эрхлэн гүйцэтгэх асуудлыг хариуцуулан Аригбөхийг Хархорумд үлдээсэн байжээ.[42] Ингээд Мөнхийн бэлбэсэн хатан болон Цагаадайн удмынхны олонхийн хүслээр, тэрчлэн Өгэдэйн ач Хайдугийн зөвшөөрсний дагуу Аригбөх Хархорумд монголчуудын шинэ хаанд өргөмжлөгдөх ёстой байв.
Гэтэл Хубилай өөрийгөө хятад зөвлөхүүдийнхээ шахаж шавдуулсны дагуу 1260 оны 5-р сарын 6-нд Шандуд хаанд өргөмжлүүлэв. Түүний тийнхүү хаанд өргөмжлөгдсөн нь Аригбөхийн хувьд туйлын их өдөөн хатгасан хэрэг болов. Аригбөх, Аландар нар цэргээ авч Шанду хотыг чиглэн хөдлөв. Гэвч Хубилай хоюулангийх нь цэргийг бут цохижээ. Аландар амиа алдаж, Аригбөх зугтаж чаджээ. Хубилай цэргээ авч умрыг зорин хөдлөв. Рашид-ад-Диний мэдээлснээр тэр Хархорумыг бүслүүлсэн аж.Монголчуудын „эсэргүү“-хаан Монголын эзэнт гүрний нийслэлийг бүсэлчихээд байсаннэн төвөгтэй тэр нөхцөлд тус хотод байсан бүх шашны төлөөлөгчид Хубилайтай уулзаж, Аригбөхийн үйлдлүүдийн талаар түүнд мэдээлсэн байна. Хубилай өршөөнгүй зан гаргаж, шашны тэдгээр төлөөлөгчдөд „Чингис хаан, Мөнх хаан нарын зарлиг болгосны дагуу“ Dархан-ы цол хүртэл хайрласан ажээ.[43]
Тэр үед Хубилай „Алтайн чанадад“ Аралын Цагаан Балгас (Aral-un Čaγan Balγasun) хэмээх сууринг байгуулсан байна.[44] Улмаар тэр хавьд бас Erčü-gi-yin Lang Ting Balγasun хэмээх сууринг бариулжээ.[45]
Аригбөх сиймхийг ашиглан цэрэг цуглуулж, Хархорумыг эрхэндээ оруулж аваад 1261 онд Хубилайг дахин дайлах оролдлого хийв. Говьд болсон тулалдаан дахиад л Аригбөхийн ялагдлаар төгсч, тэндээс тэр Хархорум руугаа буцжээ. Хубилай уугуул нутагтаа үр тариа нийлүүлэхэд хориг тавив.[46] Хархорумд өлсгөлөн нүүрлэжээ. Эл баримт нь хоёр зүйлийг тодорхой харуулна: 1. Хархорумын ойр орчмын газар тариалан, хил залгаа нутгийн нүүдэлчид хотын хүн амыг хоол хүнсээр найдвартай хангаж чадахгүй байсны дээр 2. Хотын хүн энэ үед ч гэсэн ам харьцангуй их байсан. 1264 оны хавар өлсгөлөн нүүрлэн, адууны тахал гарч Аригбөх арга буюу Хубилайд бууж өгөхөөр хөдлөв. Аригбөх 1266 онд Хубилайн өргөөнд таалал төгсчээ.
Аригбөх, Хубилай нарын эрх мэдлийн төлөөх тэмцэл нь зөвхөн хоёр эрх баригчийн хоорондын тэмцэл байсангүй, юуны өмнө Чингис хааны гэрээсийг хэрэгжүүлэх гэсэн уламжлалт нүүдэлчдийн бүлэг, хятадуудын нөлөөгөөр үнэт зүйлийн хэмжүүр, ертөнцийг үзэх үзлээ үндсэээр нь өөрчилж эхэлсэн Хубилай хоёрын хоорондын тэмцэл байлаа. Тэрхүү зөрчилдөөн тэмцэл нь Аригбөхийн ялагдлаар дуусаагүй юм. Харин ч улам нөөн хуримтлагдаж, байсгээд л дүрсхийн дүрэлзэх болжээ. Энэ тэмцлийн явцад алтан ургийнхны доторхи нүүдэлчдийн бүлгийн улс төрийн эрх мэдлийн бэлгэ тэмдэг нь Хархорум болов. Зөрчил мөргөлдөөн, эвдрэл сүйрлийн явцад хотынхны цус улам их асгарах болжээ.
Хубилай 1260 онд нийслэл Хархорум хотыг Шандуд шилжүүлэх зарлиг буулгав. Тиймээс Өгэдэй, Мөнхийн үед Хархорумд ирж суурьшсан гадаадын иргэд хотыг бүрмөсөн орхих болсныг тааж ядах юмгүй. Ингээд Хархорумд худалдаа, гар урлал эрхлэх ямар ч нөхцөлгүй болов. Худалдаачид, гар урчуудын дийлэнх нь мөнгө хаана байна, тийшээ - Шанду руу нүүж оджээ.
Гэхдээ Шандуг түр хугацаагаар л нийслэл болгохоор тооцсон байж.
Хубилай 1264 оны 9-р сарын 5-нд Zhongdu (Бээжин)-г Монголын Дэлхийн эзэнт гүрний нийслэл, Шандуг хоёр дахь нийслэл болгох зарлиг буулгав. 1264-1270 оны хооронд Жунду хотын хавьд нэг шинэ хот байгуулж, 1272 оны 3-р сард Хаан балгас буюу „Их нийслэл“ (Дайду) хэмээн нэрийджээ. Шанду нь цагийн явцад хоёр дахь нийслэлийн үүргээ ч гүйцэтгэж чадахаа больсон юм. Россаби: „Шанду нь бөөгийн зан үйл, монгол амьдралын хэв маягийг үргэлжлүүлэх гол газар болж, Хубилай түүнийг жинхэнэ нийслэл хот гэхээсээ илүүтэй ан ав хийх газраа болгон ашиглах болсон.“[47] хэмээн тун зөв зүйтэй тэмдэглэжээ.
Хархорумын гүйцэтгэх үүрэг өөрчлөгдөв. Тус хот эзэнт гүрний нийслэл байхаа больж, монголчуудын уугуул нутгийн төв болов. Хотод (Farquhar-н мэдээлснээр) зөвхөн Дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс болон ойролцоогоор өнөөгийн Монголынхтой тэнцэхүйц хэмжээтэй уугуул нутгийг нь нэрлэснээр Холин хэмээгдэх болсон мужийг хариуцсан Цэргийн захиргаа үлдсэн байв.[48] Пеллиогийн мэдээлснээр Хархорумд Ерөнхийлөн захирах тойрог (chines. tu-yüan-shuai-fu) байрлаж байсан, гэхдээ түүнийг сүүлд нь Алтайн уулын өмнөд этгээд дэх нэгэн газарт шилжүүлэн аваачсан ажээ.[49]
Тэр үед хаан ширээ залгамжлагч нь Хархорумд нийслэллэх үүргийг өөрийн биеэр хүлээж байв. Хаан түүнд Чин ван цол хайрлаж, уугуул нутгийн монголчуудыг захирах эрхийн баталгаа болсон алтан тамгыг олгодог байжээ. Чин ван нь Хархорумын ойролцоо бэлэн байдалд байх Монголын их цэргийг захирч байжээ. Хубилай, түүний хятад зөвлөхүүдийн явуулж байсан бодлогыг дэнслэн үзвээс эзэн хааны томилсон цэргийн захиран тушаах их эрх мэдэл бүхий захирагч Хархорумд суух болсон нь чухамдаа хотод хандсан сайхан сэтгэлийнх гэхээсээ илүүтэй эрх мэдлийн тодорхой тооцоотой байсных хэмээн төсөөлж болмоор. Захирагч Монголын умардыг үймээн самуунгүй байлгах үүрэг хүлээж байсан нь Хятадын амгалан тайван байдалд чухал асуудал байлаа. Харин ямаршуухан байдлаар тэр өвөг дээдсийнхээ нутгаас харийнхныг хол байлгах үүрэг бас хүлээж байсныг нь бид хэзээ ч баталгаатай олж тогтоож чадахгүй буй заа.
Анх эхлээд Хубилайн отгон хүү Номхон Хархорумын захирагчийн албыг хаших болжээ. Харин тэр урт наслаагүй юм. Тэгээд Хубилайн хоёр дахь хүү Чингимийг Хархорумд томилон илгээсэн байна. Тэр Тангуд оронд шашны ном үзэхээр явж байгаад мөн л залуугаараа таалал төгсчээ. Тэгмэгц Хубилай ач хүү Төмөрөө Хархорумд илгээв. Тэр цагаас эхлээд хаан ширээнд өргөмжлөх ёслолыг Хархорум, Шанду, Хаан балгасын аль алинд нь хийж байхаар болжээ. Хубилай өөрөө ёслолыг зөвхөн Шанду болон Хаан балгасанд хийж байх санаатай байгаагаа илэрхийлж байсан байна. Чингэхдээ тэр Юань улсын эзэн хаад, Монголын дэлхийн эзэнт гүрний хаадыг хаан ширээнд өргөмжлөх ёслолыг гагцхүү „хууль ёсны“ нийслэлд нь хийж байх ёстой хэмээн үзсэн байж болох талтай. Гэхдээ л Хубилай үндсэн нутаг, тухайлан Хархорумтай зай барьсан биш юмаа гэхэд хоёрдмол харьцаатай байсан юм болов уу гэсэн сэтгэгдэл зарим үед төрдөг. Гутамшигтайгаар Мөнхийн эрхшээлд орж байсныг нь Хархорум түүнд санагдуулаад байдаг байсан байж ч болох юм. Тэгвэл харин эсрэгээрээ түүний ач хүү Гамала хаан ширээнд өргөмжлөх ёслолыг Хархорумд л хийж байх ёстой гэсэн санаагаа шийдвэртэй илэрхийлж байжээ.
1277 онд бүлэг хоорондын тэмцэл дахин сэдрэв. Хубилайн өстөн дайсан, Өгэдэйн удмын Хайду Хархорумыг булаан эзлэв. Хайду эрх мэдлийг булаан авч, тэгснээрээ нүүдэлчдийн бүлгийн төлөөлөлд өгөх санаа өвөрлөж байсан мэт. Дараа жил нь Хубилай өөрийн жанжин Баянгаар захируулан Хайдугийн эсрэг цэрэг хөдөлгөжээ. Баян Хархорумыг эргүүлэн авав. Тус хот энэ дайн тулааны үеэр ихээхэн эвдэрч сүйдсэн бололтой.[50]
Хубилайн ноёрхлын үед Хятадын жишээгээр үндсэн Монгол орон, нэн ялангуяа Хархорумын орчмын нутгийг тусгай захиргаатай болгох оролдлогыг байн байн хийж байжээ.Энэ төсөл төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн эсэх талаар сурвалж бичгүүдэд тодорхой мэдээлсэн юм тун ховор байна. Засаг захиргааны байгууллага болох „Холин (Хорум) зэрэг газарт Ерөнхийлөн захирах тойрог“-ийг 1290 онд байгуулсныг нь л бид мэдэх юм. 1307 онд дээрх байгууллагын оронд „Хархорум зэрэг газар Дундад зөвлөлийн муж“ (хятадаар: ling-pei hsing chung-shu sheng)-ийг байгуулсан байна. Түүнийг Чинсанг-ийн зэрэгтэй хоёр түшмэд удирдаж байв. Түүний зэрэгцээ Хархорумд эхэн үедээ байсан Цэргийн яамны салбар нь энхийн цагт„Хархорум зэрэг газрын Дундад зөвлөлийн муж“-ийн (?) Дэлгэрэнгүй тохинуулах хэлтэст харъяалагдаж байв. Хубилай XIII зууны шувтаргаар Хархорумд зөвхөн хятад цэрэг байрлуулах болсныг Юань улсын судраас үзэж болно. Энэ нь өөрийн ард түмэнд итгэдэггүй байсных нь илрэл байв уу? Үүнийг бид хэзээ ч баталгаатай тодруулж чадахгүй биз ээ. Хорум дахь Хятадын сэргийлэх цэргийн анги (хятадаар: han chün)-ийг юутай ч гэсэн Хубилайн засаглалын сүүлчээр 300 цэргээр хорогдуулж 100 болгосон байна.[51]
Хубилай Дэлхийн эзэнт гүрнийг монголчуудын хааны хувиар, Хятадыг монголын Юань улсын эзэн хааны хувиар захирч байв. Эзэн хааны хувьд тэр алсын хараатай хүчирхэг бие хүн байсан нь эргэлзээгүй. Гэхдээ тэр Хятадын соёл, аж төрөх ёсны нөлөөнд их автсан байсан юм. Хубилай хаанчлах явцдаа улам улмаар бүх Хятадын эзэн хаан болж хэрхэн төлөвшсөнийг бодитой судалж үзэх шаардлага урьдын адил байсаар байна. Өдгөөг хүртэл энэ талаар Монгол болон Хятадын түүхийн шинжлэх ухааны гаргасан тайлбар сэлт тэр бүр таарч тохирдоггүй, жишээ нь эртний нийслэл Хархорумтай түүний харьцаа ямар байсныг баараггүй тодорхойлж чадахгүй байна. Хоёр тал түүнийг юуны өмнө гагц өөр өөрийнхөө зорилгод л ашиглахыг хичээж ирэв.
Хубилайн орыг залгасан хаадын дотор түүнтэй эн зэрэгцэх нь байсангүй. Сурвалж бичгүүдэд уламжилснаар бол тэд хятад зөвлөхүүдийнхээ улс төрийн үзэл баримтлалд өөрийн гэсэн өнгө аяс нэмэх, эсхүл „Монгол“-ынхоо өвөрмөц онцлогийг тусгаж өгөх чадваргүй сул дорой бие хүмүүс байж дээ гэх сэтгэгдэл төрнө. Ингээд тэд улам улмаархүмүүсийн дургүй, бусдын хүчийг сорон амьдардаг харийнхны дээд давхаргын ихээхэн хятадчилагдсан төлөөлөгчид болон хувирчээ. Юань улсын эзэн хаад нэр нүүрээ барахын хэрээр Хархорум ч ач холбогдлоо улам алдаж байсан авч Юань улсын үед эзэн хааны томилсон захирагч Хархорумд төвлөн суудаг хэвээрбайв. Харамсалтай нь захирагчийн орд өргөө хэр том байсан, тэнд хэдэн хятад болон монгол хүн байсанталаар сурвалжууд өдгөөг хүртэл бидэнд олигтой ойлголт төсөөлөл өгөхгүй байна. Өөрөө ихэд хятадчилагдсан захирагч бол гэрт амьдрахыг төдийлөн таашаахгүй. Тэгээд ямар нэг том ч юмуу жижиг ордонд амьдардаг байсан байж таарна.Энэ нь барилгын янз бүрийн ажил хийгдэж байсан гэсэн үг бөгөөд харин тэр талаар бидэнд мэдэгдсэн юм огт алга байна. Археологийн судалгаа л энэ бүхэнд хэрэгтэй мэдээллийг өгнө гэдэгт найдна.
Төмөр хаан (1295-1307) 1295 онд ах Гамалагаа хоёр, гурван жилийн хугацаагаар Хархорумд илгээжээ. Юань улсын сударт бичсэнээр тэр„Чингис хаан болон Монгол төрийн дөрвөн их орд ...“-ыг ерөнхийлөн захирагчийн хэргэмтэй болсон байв.[52] Ингээд түүний захиргаанд Монголын цэрэг, Онон, Хэрлэн, Орхон, Сэлэнгэ мөрөн хавийн, мөн Баялыг-аас Киргисийн хил, Бурхан халдун хүртэлх газар нутаг оржээ. Түүний захирч байсан газар нутаг орон зайн хувьд асар уудам ч, монгол хаадын хийсэн аян дайнаар монголчууд уугуул нутгаа орхин одсон болохоор бараг хүнгүй шахам эл хуль болсон байв. Гамалагийн хувьд Хархорумд, эсхүл хотын ойр хавьд (буддын шашны?) нэгэн сүмийг байгуулсан гэдгийг нь л бид мэдэх юм.[53] Харин Төмөр хаан Хархорумыг онцгой их тэтгэн дэмжиж байсан бололтой, тэр зорилгоор эд бараа, цаасан мөнгө олгож байжээ. Тэгэхдээ тэр хотыг үнэхээр тэтгэн дэмжих гэв үү, аль эсвэл түүнтэй хаан ширээ булаалдаж байсан Гамалаг зөөлрүүлж тайвшруулах гэсэн үү гэдгийг энд авч үзэхээ больё. Төмөр Хархорумын нутаг дэвсгэрт засаг захиргааны янз бүрийн шинэтгэл хийлгэх арга хэмжээ авсан байна. 1303 онд „Хархорумын Цагдаагийн-товчоо“ (хятадаар: ho-lin ping-ma ssu)-г, 1304 онд „Архи дарсны татварын хэргийг ерөнхийлөн захирах газар“ (хятадаар: chiu-k’o t’i-chü-ssu)-г тус тус байгуулжээ. Farquhar тэдгээр албыг үнэхээр байгуулсан эсэхийг мэдэх боломжгүй байгааг заажээ. Юутай ч үр тарианы нөөцөөр архи нэрүүлэхгүйн тулд Хархорумд нэг хэсэг архи нэрэхийг хориглож байв. 1309 онд „ ling-pei зэрэг газрын Дундад зөвлөлийн муж“-ийг„Хорум зэрэг газрын Дундад зөвлөлийн муж“ (хятадаар: ling-pei hsing chung-shu sheng) болгон өөрчилжээ. 1311 онд эзэн хаан энэ шийдвэрийг эргээгээд хүчингүй болгох зарлиг буулгасан байна.[54]
Хайсан Хүлэг хааны ноёрхлын үед (1308-1311) Гамалагийн хүү Есөнтөмөр Хархорумын захирагчийн үүргийг гүйцэтгэх болов. Тэрээр энэ албыг 1297 оноос хаших болсон байна. Түүний зэрэгцээгээр домогт дархан Кисилэгийн ач монгол ноён Хархасун дорнод этгээдийн чинсангийн хувьд чухал үүрэг гүйцэтгэж байв. Түүнийг ч бас Төмөр хаан энэ албанд томилсон ажээ. Хархасун Хархорум руу чиглэсэн өртөө замыг дахин ажиллуулах, тариа тариулахад их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэдэг.
Аюурбарвада Буянт хааны үед (1312-1320) Холин мужийг Давааны арын муж хэмээн өөрчлөн нэрлэх болжээ. Улмаар Чингай балгасны албан тарианы хэргийг Хархорумын түшмэдийн мэдэлд өгчээ. Чингай балгас (бас Čangγai Balγasun ч гэдэг) хэмээх суурин нь 1219 онд өнөөгийн Ховд аймгийн дорнод хэсэгт үүсэн байгуулагдсан аж. Чингис цэргээ авч өрнө зүгт хөдлөхдөө ар талыг харж хянуулж байхаар Чингайг үлдээсэн байна. Энэ зорилгоор цэргийн албанд албадан татсан арван мянган хятадыг түүнд захируулан үлдээжээ. Чингай дээрх нутгийн газрыг боловсруулан тариа тариалахад тэдгээр хятад иргэдийн нэг хэсгийг дайчлан ажиллуулж байв. Албан тарианы хэргийг „Тариачин-цэргийн хэргийг ерөнхийлөн захирах“ газрын мэдэлд өгсөн бөгөөд тэр нь эхлээд Чингайд, хожим нь Хархорумд төвлөх болжээ. 1323 онд Дэлгэрэнгүй тохинуулах нэг хэлтэс Чингай балгасанд төвлөх болов.[55]
Шидбал Гэгээн хаан (1321-1323) хөдөө аж ахуйд суурьшигчдын захиргаа (хятадаар: t’un-t’ienwan-hu-fu) байгуулах арга хэмжээ авч, Хархорумд амуу будаа агуулах газар бариулах зарлиг буулгаж байжээ.
Өөрөө Хархорумын захирагчаар олон жил ажилласан Есөнтөмөр хаан (1324-1328) өөрийн хүү Бадмарэгжийбуу-д үндсэн нутгаа хариуцуулан ван болгож байжээ. Тэр ч бас уугуул нутагтаа засаг захиргааны янз бүрийн шинэтгэл хийх арга хэмжээ авч байсан нь илт байдаг.
Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөр (1333-1368) жил бүр Хархорумд хамгийн гол чухал асуудлыг зохицуулах бие элчээ илгээж байсан нь бидэнд мэдэгдээд буй. Түүнийг Хархорумд Мөнхийн бариулсан нэгэн ордныг 1341 онд сэлбэн засуулсан тухай Юань улсын сударт дурьдсан байна.[56]
Тогоонтөмөр 1368 онд Хятадаас зугатан гарахдаа юуны өмнө „гайхамшигтай сайхан зуны сэрүүн лаврин Шанду“-гаа,„, эрх хүчин төгөлдөр сэцэн хааны барьсан, зунд ч, өвөлд ч уйдамгүй хайран Дайдугаа!“ алдсандаа ихэд харуусан гашуудсан бололтой.[57]
Тогоонтөмөр үлдсэн зургаан түмэн монголчуудаа аваад Орхонд бус харин Хэрлэнд очиж, тэнд Барс хот[58] -ыг бариулж өргөөлөн суусан нь сонин. Эндээс хамаг монголын хаан эзэн асан тэрбээр өмнөх хаадынхаа өргөөлөн сууж байсан Хархорум хотод буцаж очихоос яагаад татгалзах болов гэсэн асуулт гарч байна.
XV зууны эхээр Хархорум байн байн ойрад, халх монголчуудын хоорондын дайн тулааны талбар болох болжээ. 1412 онд Ойрадын ноён Махамуд Хархорумыг эзэлж, тэнд ноёрхож байсан Буяншир (1379-1412)–ыг алаад 1412 онд Аригбөхийн удмын Дэлбэг (1395-1415)-ийг хаанд өргөмжилжээ.[59]
Энэ нөхцөлд Мин улсын эзэн хаан „Хуваа, захир!“ („divide et impera!“) хэмээх шалгарсан зарчмын дагуу зарим үед Ойрадыг, зарим үед нь Халхыг дэмжих оролдлого хийж байжээ. Ойрадууд хэт хүчирхэгжиж эхлэх шиг болоход нь эзэн хаан Юн лэ 1413 онд Буянширийн сайд асан Аругтай тайшид „Найрамдуу төвшин хэнин ван“ (Ho-ning = Хархорумын засаг захиргааны нэр)-гийн хэргэм соёрхжээ. Хятадын газар нутаг руу монголчууд дахин дахин дайрах болсон нь Мин улсын эзэн хаадыг цэргийн хариу арга хэмжээ авахад хүргэсэн байна. Тэд 1390-1424 оныг хүртэл хэд хэдэн удаа Монгол нутгийн гүнд хүртэл дайран орсон ч Хархорумыг аль ч үед нь довтлоогүй буюу эзэлж аваагүй, гэхдээ зарим мэдээнд эсрэгээр нь дурьдсан буй.
Тэр олон дайн байлдааны дараа их сайндаа энд нэгэн цагт Монголын эзэнт гүрний нийслэл хот байсан юм шүү гэдгийг илтгэсэн эвдэрхий балгас л үлдсэн байсан биз ээ. Саган сэцэн 1415 оны он дарааллын бичигтээ: „Хорумхан хотыг дахин сэргээн босгохоор“ шийдсэн, „тэгэхдээ бүр газрын хөрстэй тэгшилж, хавтгайлна“ хэмээн хэдэн ойрад хүний егөөдөн хэлснийг иш татахдаа өгүүлбэрийнх нь сүүлийн хэсгийг онцолсон байлаа.[60]
Хожим нь Абтай хаан хуучин Хархорумын нутаг дээр нэгэн ордныг барьсан ажээ. Тэрбээр 1586 онд тэнд шарын шашны Эрдэнэ зуу хийдийг бариулахдаа эзэнт гүрний эртний нийслэл хотын үлдэгдлийг ашигласан бололтой.
Юутай ч Пэрлээ хийдийн барилгад эртний эзэнт гүрний нийслэлийн нурсан балгасны хэсэг орсон байгаа хэмээсэн буй.[61] Ийнхүү үлдэгдэл нь ч бас алга болжээ. Тэгээд бас болоогүй, „социалист бүтээн байгуулалт“-ын экскаваторууд газрыг нь онгичин сэндийчиж хаясан байна. Эзэнт гүрний цорын ганц нийслэл хотын нутаг дэвсгэрийн нэг хэсэг талбай дээр 1956 онд Хархорины сангийн аж ахуй үүсчээ. 1960, 1980-аад оны эхээр усжуулалтын суваг, хожим нь өндөр хүчдэлийн шугам бас нэмэгдсэн. Ядахнаа археологийн талаас нь нягтлан шалгаж үзэх гэсэн эрдэмтдийн дуу хоолой сонсогдолгүй өнгөрч замхарсан.[62] Нэн ялангуяа Москва монголчуудын нэгэн цагийн эзэн Чингис хааныг нэрийг нь ч цээрлүүштэй феодал хэмээн зарласан 1962 оноос хойш энэ явдал болсон юм.
(2002)
Post Scriptum: Өнөөдөр Хархорин бол ач холбогдол багатай, дэд бүтэц хөгжөөгүй, амьдрах нөхцөл муутай жижиг хот юм. Зөвхөн чулуун ганц нэг яст мэлхий энэ хуучин нийслэлийн бахархам түүхийг одоо ч санагдуулдаг. Монголын эрх баригчид энэ хотыг тоодоггүй. Тэд одоо том “алтан гурвалжин Улаанбаатар-Дархан-Эрдэнэт” дэх жижигхэн шинэ алтан гурвалжинг мөрөөдөж эхэлсэн. Улаанбаатрын төвд байдаг бүх түүхэн барилгуудыг нурааж байгаа яг л ийм хүмүүс. Тэд түүхгүй шил, гангаар хийсэн барилгад дуртай. 1964 онд Германы монголч эрдэмтэн Вальтер Хейссиг тэр үэд монголчуудын тухай шинээр хэвлэгдсэн номондоо “Ард түмэн түүхээ эрэлхийлдэг” гэсэн гарчиг өгчээ. Өнөөдөр тэр номоо юу гэж нэрлэхийг миний бие мэдэхгүй байна.
© 2021 Udo B. Barkmann
Ашигласан материал
[1]Л. К. Минерт, Древнейшие Памятники Монгольского Монументального Зоджество, Древние Культуры Монголии, Новосибирск 1985; В.Н. Ткачев, К реконструкции дворца Угедея в Каракоруме, Изв. Вузов, Строительство и архитектура 8(1984); Ч. Далай, Өгэдэй хаан ба Хархорум хот,Mongolica 5(26)1994, Улаанбаатар, 18-23-р тал; Д. Баяр, Харийнхан гар сунгаж байхад харин бид гар хумхин суумгүй, Ардын Эрх, 12.08.1998;K. Sagaster, Die mongolische Hauptstadt Karakorum, Beiträge zur Allgemeinen und Vergleichenden Archäologie, Band 19, Mainz 1999,113-128-р тал; H.-G. Hüttel, Das Zerbrochene bergen. Die Mongolisch-Deutsche Karakorum-Expedition, Mongolische Notizen, Nachrichten der Deutsch-Mongolischen Gesellschaft, 40-44-р тал.
[2]Древнртюркский словарь, Ленинград 1969, 460-р тал.
[3]Sečenčoγtu, mongγol üges-ün ijaγur-un toli, Beijing 1988, 2180-р тал.
[4] Index to the Secret History of the Mongols, by Igor de Rachewiltz, =Indiana University Publications, Uralic &. Altaic Series, Volume 121, Paragraph 273, 165-р тал.
[5]Johann de Plano-Carpini. Geschichte der Mongolen und Reisebericht 1245-1247, übersetzt u. erläutert von Dr. Friedrich Risch, Leipzig 1930.
[6]Yuan-Shi, 58, 18a.
[7]P. Pelliot, Notes on Marco Polo I, Paris 1959, 167-р тал.
[8]Meng-Ta Pei-Lu und Hei-Ta Shih-Lüeh, Chinesische Gesandtenberichte über die frühen Mongolen 1221 und 1237, übersetzt und kommentiert von Peter Olbricht und Elisabeth Pinks, = Asiatische Forschungen, Bd. 56, Wiesbaden 1980, 104-р тал.
[9]Х. Пэрлээ, Монгол ард улсын эрт, дундад үеийн хот суурины товчоон, Улаанбаатар 1961, 48-р тал; Пеллио īduqutBarčuq-art-Tegin (Юань улсын судар, 122, 1a)-ий намтраас үзвэл Уйгурын хааны хуучин өргөө Тан улсын үед„Холин (Хорум)-ы уулс“-д оршиж байсан байна гэжээ.cf. P. Pelliot, Notes on Marco Polo, I, Paris 1959, 166-р тал.
[10] Х. Пэрлээ, Монголын түүхэн нутгийн зарим уул, усыг сурвалжилсан нь, Х. Пэрлээ, Эрдэм шинжилгээний өгүүллүүд, I, Улаанбаатар 2001 -с „Хөдөө арал“-ын байршлын талаар үзнэ үү, 281-286-р тал.
[11]Сурвалж бичгүүдэд зан үйлийн ач холбогдол бүхий Чингис хааны дөрвөн өргөө байсантухай тэмдэглэсэн байдаг. Рашид-ад-Дин бүр есөн тийм өргөө байсан гэсэн ба харин тэдгээрийн дотор „дөрвөн том өргөө“ л байсан гэжээ.(Рашид ад-Дин, Сборник летописей, том II, Москва, Ленинград 1960, 207-р тал) „Чингис хааны дөрвөн том өргөө“ сүүлд Хархорум дахь нийслэлд харъяалагдах болсон байна. (Гамала-г үзнэ үү) Пэрлээ „дөрвөн өргөө“-ний байршлыг газар зүйн талаас нь тодорхойлох оролдлого хийсэн нь: Гол өргөө нь Богд баатарын хэлснээр Хэрлэн, Цэнхэрийн голуудын ойролцоох Долоон болдог, Шилхэнцэг (Širgenčeg)-ийн дунд оршиж байсан бололтой „Их орд“ (yeke ordu) болов уу. Хоёр дахь өргөө нь Сэлэнгэ, Хануйн голуудын дундах Сайхан Хүлзий хөндийд, гурав дахь нь өнөөгийн Улаанбаатарын орших Туул голын хөндийд байсан болов уу. Дөрөв дэх өргөө нь Сэлэнгэ мөрний эхэнд, Идэр голын хөвөөнд байсан байж болох юм. (Х. Пэрлээ, Монгол ард улсын эрт, дундад үеийн хот суурины товчоон, Улаанбаатар 1961,97-98-р тал)
[12]Wilhelm von Rubruk, Reise zu den Mongolen 1253-1255, übersetzt u. erläutert von Dr. Friedrich Risch, Veröffentlichungen des Forschungsinstitutes für Vergleichende Religionsgeschichte an der Universität Leipzig, II. Reihe, Heft 13, 185-р тал.
[13]W. Abramowski, Die chinesischen Annalen von Ögödei und Güyük. Übersetzung des 2. Kapitels des Yüan-Shi, Zentralasiatische Studien des Seminars für Sprach- und Kulturwissenschaft Zentralasiens der Universität Bonn, Wiesbaden 10(1976), 117-168-р тал.
[14]Жамсран (et al) „Монголын түүхийн бага нэвтэрхий толь, II I-Р, Улаанбаатар 2000”-дооErcü–yinQotan бол Өгэдэйн нэг өргөө нь гэжээ. (238-р тал)
[15] Meng-Ta Pei-Lu und Hei-Ta Shih-Lüeh, Chinesische Gesandtenberichte über die frühen Mongolen 1221 und 1237, übersetzt und kommentiert von Peter Olbricht und Elisabeth Pinks, = Asiatische Forschungen, Bd. 56, Wiesbaden 1980, 104-105-р тал.
[16] Ч. Далай, Монголын түүх (1260-1388), Гутгаар дэвтэр, Улаанбаатар 1992.
[17] Рашид ад-Дин, Сборник летописей, том II, Москва, Ленинград 1960, 40-р тал.
[18] Х. Пэрлээ, Некоторые вопросы истории оседлости в Монголии в свете Археологии; Х. Пэрлээ, Эрдэм шинжилгээний өгүүллүүд, II, Улаанбаатар 2001, 12-р тал.
[19] Wilhelm von Rubruk, Reise zu den Mongolen 1253-1255, übersetzt u. erläutert von Dr. Friedrich Risch, Veröffentlichungen des Forschungsinstitutes für Vergleichende Religionsgeschichte an der Universität Leipzig, II. Reihe, Heft 13.
[20] Мөн тэнд, 244-245-р тал.
[21]F. W. Cleaves, The Sino-Mongolian Inscription of 1346, Harvard Journal of Asiatic Studies 15(1952), 29-р тал.
[22]P. Pelliot, Notes on Marco Polo, I, Paris 1959, 166-р тал.
[23]Рашид ад-Дин, Сборник летописей, том II, Москва, Ленинград 1960, 41-р тал.
[24]W. Abramowski, Die chinesischen Annalen von Ögödei und Güyük. Übersetzung des 2. Kapitels des Yüan-Shi, Zentralasiatische Studien des Seminars für Sprach- und Kulturwissenschaft Zentralasiens der Universität Bonn, Wiesbaden 10(1976), 117-168-р тал.
[25] Johann de Plano-Carpini. Geschichte der Mongolen und Reisebereicht 1245-1247, übersetzt u. erläutert von Dr. Friedrich Risch, Leipzig 1930, 74-75-р тал; Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх,I боть, Улаанбаатар 1966,264-р тал.
[26]Монгол үндэстний нэвтэрхий түүх (degedü), Бээжин 1995, 176-р тал.
[27] W. Abramowski, Die chinesischen Annalen von Ögödei und Güyük. Übersetzung des 2. Kapitels des Yüan-Shi, Zentralasiatische Studien des Seminars für Sprach- und Kulturwissenschaft Zentralasiens der Universität Bonn, Wiesbaden 10(1976), 117-168-р тал.
[28] W. Abramowski, Die chinesischen Annalen des Möngke. Übersetzung des 3. Kapitels des Yüan-Shi, Zentralasiatische Studien des Seminars für Sprach- und Kulturwissenschaft Zentralasiens der Universität Bonn, Wiesbaden 13(1979), 73-92-р тал.
[29]Чойжи, Монголын бурханы шашны түүх (1206-1271), Хөх хот 1998, 293-295-р тал.
[30]Wilhelm von Rubruk, Reise zu den Mongolen 1253-1255, übersetzt u. erläutert von Dr. Friedrich Risch, Veröffentlichungen des Forschungsinstitutes für Vergleichende Religionsgeschichte an der Universität Leipzig, II. Reihe, Heft 13, 275-р тал.
[31]С. В. Киселев, Строительные материалы Кара-Корума,Древнемонгольские Города, Москва1965, 316-322-р тал.
[32] Х. Пэрлээ, Хархорумын чулууны мөр, Х. Пэрлээ, Эрдэм шинжилгээний өгүүллүүд, II, Улаанбаатар 2001-г үзнэ үү, 217-218-р тал.
[33] Wilhelm von Rubruk, Reise zu den Mongolen 1253-1255, übersetzt u. erläutert von Dr. Friedrich Risch, Veröffentlichungen des Forschungsinstitutes für Vergleichende Religionsgeschichte an der Universität Leipzig, II. Reihe, Heft 13, 239-240-р тал.
[34] Л. А. Евтухова, Монеты из культурного слоя Кара-Корума, Древнемонгольские Города, Москва1965, 316-322-р тал.
[35] Мөн тэнд, 187-р тал.
[36] Н. Ишжамц, Монголд нэгдсэн төр байгуулагдаж феодализм бүрэлдэн тогтсон нь, Улаанбаатар 1974 , 72-р тал.
[37]Sü T’ing монголчууд „цэргийнхээ гол хүчийг хэзээ ч хот дотор“ байрлуулж байгаагүй гэжээ. „Миний явж үзсэн Хонан, Хопейн засаг захиргаа, тойргийн хотуудад ер ганц ч цэрэг байгаагүй.“ „Монголын цэргийн гол хүч“-ний хувьд тэдгээр нь морьт цэрэг байсан бөгөөд аль болох бэлчээр сайтай нутгийг сонгож байрладаг байсан гэдгийг мэдээж харгалзан үзэх ёстой. cf. Meng-Ta Pei-Lu und Hei-Ta Shih-Lüeh, Chinesische Gesandtenberichte über die frühen Mongolen 1221 und 1237, übersetzt und kommentiert von Peter Olbricht und Elisabeth Pinks, = Asiatische Forschungen, Bd. 56, Wiesbaden 1980, 183-р тал.
[38] D. M. Farquhar, The Government of China under Mongolian Rule, = Münchener Ostasiatische Studien, Band 53, Stuttgart 1990, 397-р тал.
[39]U. B. Barkmann, Landnutzung und historische Rahmenbedingungen in der Äußeren Mongolei/Mongolischen Volksrepublik (1691-1940), Versuch der Annäherung an ein Thema, Osaka 2000, 53-р тал.
[40]Рашид ад-Дин, Сборник летописей, том II, Москва, Ленинград 1960, 95-р тал.
[41] Уг хот өнөөгийн Сөлүүн хөх хошууны нутагт байжээ (Шилийн гол аймаг/Өвөр Монголын өөртөө засах орон, Бүгд Найрамдах Хятад Ард Улс).
[42]M. Rossabi, Khubilai Khan, His Life and Times, Berkely 1988, 44-р тал.
[43]Рашид ад-Дин, Сборник летописей, том II, Москва, Ленинград 1960, 164-р тал.
[44]Geschichte der Ostmongolen und ihres Fürstenhauses, verfaßt von Ssanang Ssetsen Chungtaidschi der Ordus, übers. v. Isaac Jakob Schmidt, St. Petersburg 1829, 115-р тал.
[45]„Эрдэнийн товч“-идтэмдэглэсэн нь: „šan(g)du kuyibüng kürtü balγasun: ebül-ün ebüljing yeke Dayidu qota: Alta(i)-yin ara-yin Aral-unčaγan balγasun: Erčü-gi-yin lang ting balγasun-luγ-a dörben yeke Dayidu qota-yi egüdün: narmayi yeke ulus-yi jasaju...“, inSaγang Secen, A Mongolian Chronicle of 1662, The Urga text transcribed and edited by M. Gō, I. de Rachewiltz, J. R. Krüger and B. Ulaan, =Faculty of Asian Studies Monographs: New Series No. 15, 85-р тал.
[46] Рашид ад-Дин, Сборник летописей, том II, Москва, Ленинград 1960, 161-р тал.
[47]Мөн тэнд, 135-р тал.
[48]D. M. Farquhar, The Government of China under Mongolian Rule, =Münchener Ostasiatische Studien, Band 53, Stuttgart 1990, 396-р тал.
[49]P. Pelliot, Notes on Marco Polo, I, Paris 1959, 168-р тал.
[50] C. C. Hsiao, Bayan, In the Service of the Khan, Eminent Personalities of the Early Mongol-Yüan Period (1200-1300), Edited by Igor de Rachewiltz, Hok-lam Chan, Hsiao Ch’i-ch’ing and Peter W. Geier, =Asiatische Forschungen, Bd. 121, Wiesbaden 1993, 597-598-р тал.
[51]Cleaves Юань улсын судраас иш авчээ, Yuan-Shih 58 (ts’ê 19) .38b3-39a9, F. W. Cleaves, The Sino-Mongolian Inscription of 1346, Harvard Journal of Asiatic Studies 15(1952), 26-р тал.
[52] Юань улсын судар, 29-р дэвтэр, ишлэлийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүхээс авав, I боть, Улаанбаатар 1966, 322-р тал.
[53]Рашид ад-Дин, Сборник летописей, том II, Москва, Ленинград 1960, 207-р тал.
[54]D. M. Farquhar, The Government of China under Mongolian Rule, = Münchener Ostasiatische Studien, Band 53, Stuttgart 1990, 398, 396-р тал.
[55]Баяр, Монголын нууц товчоон, I боть, Хөх хот,33-р тал
[56]Юань улсын судар, 35-р дэвтэр; Бүгд Найрамдах Монгол ард улсын түүх, I боть, Улаанбаатар 1966, 327-р тал.
[57] Geschichte der Ostmongolen und ihres Fürstenhauses, verfasst von Ssanang Ssetsen Chungtaidschi der Ordus, übers. v. Isaac Jakob Schmidt, St. Petersburg 1829, 141-р тал.
[58] Мөн тэнд, 139-р тал.
[59] W. Franke, Chinesische Feldzüge durch die Mongolei im frühen 15. Jahrhundert, Sinologica, vol. 3, Basel 1953; мөн Čaγan, Oyirad mongγol-un tobči teüke, Xinjiang 2000-с үзнэ үү, 34-35-р тал; Wan Manduγ-a (et al), Монголын түүхийн толь, Хөх хот 1999, 203-р тал.
[60] Geschichte der Ostmongolen und ihres Fürstenhauses, verfaßt von Ssanang Ssetsen Chungtaidschi der Ordus, übers. v. Isaac Jakob Schmidt, St. Petersburg 1829, 147-р тал.
[61] Х. Пэрлээ, К истории древних городов и поселений в Монголии, Х. Пэрлээ, Эрдэм Шинжилгээний Өгүүллүүд, II, Улаанбаатар2001, 339-р тал.
[62] Д. Баяр, Харийнхан гар сунгаж байхад харин бид гар хумхин суумгүй, Ардын Эрх, 12.08.1998.
DR UROLOGIST
зочин
ZZ