Хамгийн амжилттай ажилласан Х.Нямбаатараа л явуулмааргүй байна!
Хамгийн амжилттай ажилласан Х.Нямбаатараа л явуулмааргүй байна!
“Бид авлигалын учир шалтгаан, эхийг мэдэж, авлигыг бульдозeрдoнo”. Энэ бол хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллахдаа хаврын чуулганы нээлтэд Ц.Элбэгдоржийн хэлсэн үг, 2005 онд. Ард түмэн авлигын тухай гадарлах нь байтугай Авлигатай тэмцэх газрыг ч байгуулаагүй байсан үе. “Шударга байцгаая”. Энэ бол АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн анхных нь бүрэн эрх дуусахаас жилийн өмнө баримталж байсан байр суурь. Ерөнхий сайд байхдаа биелүүлж чадаагүй үгээ тэрбээр бодит ажил хэрэг болгохын тулд Ерөнхийлөгчийн хувиар Шүүхийн тухай багц хуулийг 2012 онд УИХ-д өргөн барьж, батлуулсныг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.
Гэвч Ерөнхийлөгчийн сэнтийд улиртлаа Ц.Элбэгдоржийн байр суурь л томорсноос өөрөөр хууль, шүүхийн байгууллагын шинэтгэлийн үр дүнд шударга ёс тогтоогүй. Эсрэгээрээ шүүхийн толгой нь авлигад идэгдэж, түрүүчээсээ “хөрөнгөжсөн шүүгч”-д төрсөн нь олон нийтэд ил болж шуугиан тарьж байв. Тэгэхэд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Шүүгчийн дансанд нэг сая ам.доллар байсан шүү дээ. Бид ийм шүүгч нартай шударга ёс яриад яах юм бэ” анх шүгэл үлээж байлаа.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа санаачилж, Х.Тэмүүжин Хуулийн сайд болсныхоо дараа гардан боловсруулж, УИХ-д өргөн барьсан Шүүхийн тухай багц хуулийг парламентаар яаран батлуулсны цаад учиг ингэж тайлагдсан. Үндсэндээ хуулийн шинэтгэлээр халхавчлан “Шударга бусын хонгил” гээчийг байгуулж, хууль шүүхийн байгууллагыг “махны машин” болгох замыг Х.Тэмүүжингийн оролцоотойгоор Ц.Элбэгдорж зассан гэдэг юм. Тэр нь ч хожим батлагдсан. Бизнес, улс төрийн хүрээлэл, УИХ-ын гишүүд хүртэл тэрхүү “Шударга бусын хонгил”-оор ороод гарснаа чуулганы нэгдсэн хуралдааны танхимаас нэг бус удаа хэлж байв.
Гэхдээ өмнөх парламентын үед баталж, өнгөрсөн жилээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шүүх байгууллагад бодит утгаараа шинэтгэл хийж, салхи оруулсан нь ирэх гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж гэж байна. Анхлан шүгэл үлээсэн шиг нь ачаа үүрэх үүрэг нь энэ удаад Х.Нямбаатарт ирсэн. Ялгаатай нь, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар парламентад өргөн барьж, чуулганаар хэлэлцэж, батлуулах хүртэл тэр явжээ. Хуулийн төслийг өргөн барьсан шигээ тийм ч хялбар баталчихдаггүй. Засаглалын гурван салаа мөчрийн нэг болох Шүүхийн тухай хуулийг. Хүссэн ч эс хүссэн ч аварга том бүтэцтэй нүүр тулах амаргүй даваатай тулна гэсэн үг.
Тэр хэрээр дарамт, шахалт ирнэ, ашиг сонирхол хөндөгдөх учраас. Төслийг өргөн барьсан өдрөөс хэн хамгийн их сандарч, хаанаас чулуу шидэж байсан нь олон нийтийн өмнө ил явсан зүйл. Одоогийн Ерөнхийлөгчөөс гавьяат эдийн засагчийнхаа тэмдгийг гардсан бизнесмэн хувийн банкныхаа хуульчийг шүүхийн толгой байгууллага ШЕЗ-ийн гишүүнээр томилуулах гэж зүтгүүлсэн. Хэн нэгэн бизнесмэн эсвэл улстөрч хамаарал бүхий хүнээ хууль, шүүхийн толгойд шургуулж, өөрсдийн хөгжмийг захиалж суудгийн бодит жишээ нь тэр болсон юм. Гэхдээ бүтээгүй.
Араас нь Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл Хуулийн сайд Х.Нямбаатараас Шүүхийн тухай багц хуулиа эгүүлэн татахыг шаардаад зогсохгүй, Ажлын хэсэгтэй тусгайлан уулзахаа мэдэгдсэн нь саяхан. Ийм нэгэн хайчин гал дунд Шүүхийн шинэтгэлийг хийж, Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлснээр удахгүй амьлуулах нь.
Авлигын эсрэг хууль байна. Удирдлагыг нь Ерөнхийлөгч санал болгосноор УИХ-аас зургаан жилээр томилдог эл байгууллага өнгөрсөн хугацаанд хэнээс хараат байж, хаанаас чиглэл авч ирснийг гадарлах хүн олон. Үгэнд орохгүй нэгнийгээ номхруулах, цаашлаад сонгуулийн цикл бүрээр өрсөлдөгчөө намнадаг хэрэгсэл, хэрэглүүр нь хууль хүчний байгууллага тэр дундаа Авлигатай тэмцэх газар байсан уу гэвэл тийм. Энэ бүгдийн ард Ерөнхийлөгчийн оролцоо байдаг, түүнийг “Шударга бусын хонгил” гэж нэрлэдгийг бүгдээрээ сонссон, мэдэрсэн.
Харин өнөөдөр Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхийлөгч санал болгосноор биш Ерөнхий сайд томилдог болохоор хуульчилсан. Засгийн газрын сайд эсвэл хамаарал бүхий этгээдэд нь зохиомол хэрэг үүсгэж, захиалгаар яллагч болгодог түүх ганц нэгээр тогтохгүй.
Ингэж л шүүх болон гүйцэтгэх засаглал дахь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хуулийн өөрчлөлтөөр хумьж, гарыг нь мухарласан нь өөрөө дэвшил. Хууль, шүүхийн байгууллагаар дамжуулан хяналт тогтоодог, эрх мэдлийг төвлөрүүлдэг буруу жишиг, уламжлалыг өөрчилснөөр сонгодог парламентын тогтолцоо руу шилжихэд том алхам, хөшүүрэг болох нь мэдээж. Цаг үе өөрчлөгдөж байна. Хууль нь даргад биш иргэнд үйлчилдэг болж байна.
Парламент нь томилгоонд оролцохоос илүүтэй хуулиа тогтоож, Засгийн газар нь хэн нэгний барьцаанд орохгүйгээр гүйцэтгэх засаглалын ажлаа хараат бусаар явуулах боломж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдсөн өдрөөс нээгдэж, Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлж, огцруулдаг хүчтэй Ерөнхий сайдтай болсон. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, түүгээрээ хамгийн богино “настай” нь болж үлдэх хэдий ч энэ богинохон хугацаанд Шүүхийн болон Авлигын гэсэн хоёр томоохон хуулийн төслийг өргөн барьж, батлуулсан нь Х.Нямбаатарын гавьяа. Хожим түүний намтарт үлдэх баримт.
Хуулийн сайдаар ажиллах хугацаандаа цаасан дээрээ хуучирсан хилийн тэмдэгтийн шинэчлэл, цахим гав, тоон гарын үсэг, иргэний болон жолооны үнэмлэхийг нэг болгох зэргийг эхлүүлсэн нь чамлахаар ажил биш. Хийсэн хэлэлцээр нь ажил хэрэг болоод эхэлбэл цахим гадаад паспортыг Монголдоо хэвлэж, “e Gate p”-оор зорчих нь цаг хугацааны л асуудал. Энэ бүгдийн ард цахим шилжилтийн дэд бүтэц бодитоор хөндөгдөх нь өөрөө дэвшил.
Хамгийн сүүлд Патент, зохиогчийн эрх, барааны тэмдгийн багц хуулийг УИХ-д өргөн барьсан гээд томоохон хуулиудаас гадна хийсэн ажлуудыг нь дурдвал олон. Гагцхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг албажуулах, амин судас болсон Шүүхийн тухай хуулийн шинэтгэлийг гардан гүйцэтгэх амаргүй даваа Х.Нямбаатарт дахин ирсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Шударга ёсны тэмцлийн арын биш тэргүүн фронтод явснаараа, зөөлөн аргаар зөв хуулиудаа батлуулдаг нь улс төрд тогтоож буй түүний имиж. Тиймээс үдэж буй Засгийн газраас хамгийн богино хугацаанд хамгийн их ажил амжуулсан Х.Нямбаатарыгаа л явуулмааргүй байна.