Хэрэв Хаан банкны 60 хувийг авсан эзнийг уул уурхайн салбараас, ашиглалт, хайгуулын лиценз эзэмшигчдээс “хайж” байгаа бол Савада Хиедотой хамтарч уул уурхайн компани эзэмшдэг монголчууд олдоод байх шинжтэй. Энэ удаад УИХ-ын гишүүн асан, “мэхний их дэлгүүр” хочит Кёкүшюзан Д.Батбаярын эзэмшлүүд анхаарал татлаа. 

Тэрбээр анх 2011онд үүсгэн байгуулагдсан “Дун гоулд” гадаадын хөрөнгө оруулалттай компанийг Японы иргэн Савада Хидеотой хамтран 2017 оны 12 дугаар сарын 25-наас улсын бүртгэл дээр хамтран эзэмшигчээр бүртгэгджээ. Уул уурхайн салбарт үйл ажиллагааг явуулдаг энэ компани “Шаргатын уул” ашиглалтын лиценз болон “Сумтын хоолойн адаг”, “Цагаан дөрвөлжин”, “Баярсайхан”, “Алаг улаан толгой”, Шаргатын уул” хайгуулын лицензүүдийг хүчин төгөлдөр эзэмшиж байна. 

Дараагийнх нь “Хардал бэйс” ХХК. Гадаадын хөрөнгө оруулалттай тус компанийн Гүйцэтгэх захирлаар Кёкүшюзан Д.Батбаяр бүртгэгдсэн бөгөөд Савада Хиего, Камикура Такаюки нарын хамт 2019 оны 1 дүгээр сараас хамтран байгуулсан, “Баян”, “Оюут”, “Баян Оюу” гэсэн гурван хайгуулын лицензийг эзэмшдэг аж.

Кёкүшюзан Д.Батбаяр, Японы иргэн Савада Хидео нар хамгийн сүүлд“Чингис ворлд майнинг” ХХК-ийг 2018 оны 1 дүгээр сарын16-нд байгуулаад 2020 оны 10 дугаар сарын 23-нд татан буулгажээ. “Богинохон настай” энэ компанийн нэр дээр зөвхөн хайгуулын нийт 49 лиценз бүртгэлтэй байна.


Хаан банкны дийлэнх хувьцааг эзэмшигч ноён Савада Хиего, УИХ-ын гишүүн асан, “мэхний их дэлгүүр” хочит Кёкүшюзан Д.Батбаярын энэ “хамтрал” Хаан банктай хэр хамаатай бол? Тэд лиценз барьцаалж Савадагийн эзэмшлийн дорх банкуудад барьцаалдаг байсан уу, эсвэл банкны хувь хэмжээний “ангууч” байв уу гэдгийг холбогдох байгууллагууд шалгаж тогтоох биз ээ.

Харин УИХ-ын гишүүн асан, “мэхний их дэлгүүр” хочит Кёкүшюзан Д.Батбаярын хувьд Узбекстаны иргэнтэй хамтарч “МИМЭКС”, БНСУ-ын дөрвөн иргэнтэй хамтран “Шүголд”, Хятадын нэр бүхий иргэдтэй, мөн Монгол Улсын алдар цолтой бөхчүүдтэй хамтран уул уурхайн болон барилгын салбарт бизнес эрхэлдэг гэх бүртгэл байна. Тухайлбал, “Сатоно материал” болон өөр хоёр барилгын чиглэлийн компанийг нь болон Гүйцэтгэх захирал Кобаяши Ютака, Харуки Сатоми, Сатоми Хажимэ нарыг нь бизнесийнхэн, ялангуяа барилгын гэхээсээ илүү уул уурхайн салбарынхантай “эртний танил” болж таарав.  Тэр ч байтугай 2018 оны 3 дугаар сарын 16-нд “Азийн орнуудын цахим мөнгө, Блокчайн бизнес эрхлэгчдийн холбоог байгуулсан нь сонирхолтой. 

Ямартай ч хэрвээ уул уурхайн ашиглалт, хайгуулын лицензүүд Хаан банкны шинэ эзэн рүү дөтлөх бол түүнийг сонирхоход илүүдэхгүй биз ээ. Тэр тусмаа уул уурхайн салбарт бизнес эрхлэгч хятад иргэнийг330сая ам.долларын хохирол учруулж залилсан, хууртагдсан иргэнээ хуулийн байгууллагаар дарамтлуулсан, нэр бүхий дархан цаазтай газруудад ихээхэн хэмжээний газар эзэмшээд зогсохгүй энэ чиглэлээр наймаа хийх болсон талаарх хэргийг хэрхэн “гацаагаад” байгааг ч олон нийт ажигласаар байгаа, мартах учиргүй!

Төгсгөлд нь өгүүлэхэд Савада Хидео болон түүний эхлээд 42 хувийг нь эзэмшиж байснаа одоогоор26хувьтай болчихоод “Савада холдингс” нь зөвхөн Монголд банкны хувьцаа эзэмшдэг хөрөнгө оруулагч биш билээ. Баттай эх сурвалжийн нотолгоо баримтаар түүний эзэмшдэг банкууд яг л Кёкүшюзан Д.Батбаярын “түншүүд” шиг орон орны хамтрагчидтай. Тэгээд ч Хаан банкны хувийг эзэмшихийн тулд “Упсилон” хувь нийлүүлсэн нөхөрлөлийн нийт хөрөнгийн99.99хувь буюу26тэрбум иенийг бүрдүүлсэн орлогоо хуулийн өмнө нотолчихоод байгаа, дэлхийд алдартай цагны брэнд “Сейко холдингс” корпорацийн үүсгэн байгуулагч Хатторигийн гэр бүлийн гишүүн, Ноён Жүничи Хатторитой танил эсэхийг хэн мэдлээ. Үргэлжлүүлээд “Хаан эрэлд” гарцгаая даа.