Ж.Галбадрах дүүдээ болон шинэ гишүүдэд шивнэх үг
Галбадрах минь, Готов ахын чинь насан турш хөндсөн сэдэв-гэгээрэл. Хөгжлийн оньс-гэгээрэл гэж зөндөөн цаас цоохорлосон ч үр дүн маруухан. Зохиол-хоосон үг аж. Тэгвэл шат шатны сургуулиар боловсорч мэргэжил эзэмшсэн хөвгүүд охидын хийж бүтээснийг бид эдэлж хэрэглэж, идэж ууж амьдардаг. Ах нь чиний “Шинэ Монгол” сургуулиар бахархаж, төгсөгчид нь монголчуудын дуурайл болон манлайлна гэж хүлээдэг. Уйггүй хөдөлмөрлөж, шантралгүй зүтгэж хураасан зоосоороо байгуулсан ахлах, ерөнхий боловсрол, технологийн дээд болон коллежийг чинь төгсөгч түм буман хүүхэд залуус, зохиолч миний мөрөөдөл ур чадвартай, оюунлаг, журамлаг хүн ам бүрэлдэхэд сүү мэт ариусган сүлнэ.
Ж.Галбадрах дүүдээ болон шинэ гишүүдэд шивнэх үг
Галбадрах минь, Готов ахын чинь насан турш хөндсөн сэдэв-гэгээрэл. Хөгжлийн оньс-гэгээрэл гэж зөндөөн цаас цоохорлосон ч үр дүн маруухан. Зохиол-хоосон үг аж. Тэгвэл шат шатны сургуулиар боловсорч мэргэжил эзэмшсэн хөвгүүд охидын хийж бүтээснийг бид эдэлж хэрэглэж, идэж ууж амьдардаг. Ах нь чиний “Шинэ Монгол” сургуулиар бахархаж, төгсөгчид нь монголчуудын дуурайл болон манлайлна гэж хүлээдэг. Уйггүй хөдөлмөрлөж, шантралгүй зүтгэж хураасан зоосоороо байгуулсан ахлах, ерөнхий боловсрол, технологийн дээд болон коллежийг чинь төгсөгч түм буман хүүхэд залуус, зохиолч миний мөрөөдөл ур чадвартай, оюунлаг, журамлаг хүн ам бүрэлдэхэд сүү мэт ариусган сүлнэ. Брак бус брэнд бүтээдэг ард түмэн өөдөлж байна. Гэтэл монголчууд шүүмжлэх цэц мэргэнээ хөгжил гэж мангартаад, зассан дутагдлын тоо хэмжээгээр ахиж дөхөхийг тоосонгүй. Тийм сортоо битүү гавалд нь орсонгүй. Энэ тэнэглэлд зохиолч би ч хамаарна. Үр ашиггүй хоосон үгээр бүгд эцэс төгсгөлгүй цэцэрхсээр. Дээрээ ч доороо ч монголчуудын байж буйг Галаа чи япон нүдээр харжээ. Үсрэнгүй хөгжсөн япончууд нялхаасаа гайхам овсгоо ур чадварыг сургуулиасаа олж авдгийг Монголдоо нутагшуулах гэсэн чинь тун оновчтой төсөл.
Ах чинь гутрахдаа Япон, өмнөд Солонгос, Сингапурыг харахаар ардчилал, чөлөөт зах зээлийг магтмаар, Монголыг харахаар ардчилал, чөлөөт зах зээлийг зүхмээр гэж бичдэг. Боловсрол-хөгжлийн зүтгүүр гэх чиний итгэл яваандаа улам үнэ орно. Зорилгынхоо төлөө чиний олон жил шаргуу зүтгэсэн нугаршгүй чанарыг гайхуулан тоочихоос зайлсхийе. Ах дүүс нэгнээ хэвлэлээр магтахыг манай удмынхан таашаадаггүйг дагая. Чиний эмээ миний ээж хоёр-эгч дүүс. Манайхны бүрлээчид бурхны орноос чамайг харж байгаа. Боловсролынхоо системийг дэлхийн тэргүүлэх зиндаанд дөхүүлээд мянга мянган шавь нарынхаа амжилтаар ажлаа дүгнэдэг япон арга барилтай багш болжээ чи. Эрдэм заасан шавьдаа ялагдах япон багшийн бахархал. Багшийгаа ялах, заасныг нь багшаасаа илүү сурсны үзүүлэлт. Ийм сургалт залхаг монголчуудад яг таарч магадгүй.
Галаагийнхаа “Нар тэтгэсэн мөрөөдөл” номоос хэдэн өгүүлбэр дурдъя: Би өдөрт (Японд) 2-3 ажил хийдэг байлаа. Өглөө 5-аас 7 цаг хүртэл орон нутгийн сонин хотоор тараана. 17-гоос 20 цагийн хооронд нэг компанид ачигч хийнэ. Нүүдэлчний угсаа гэсэндээ 10 тн даацтай машины ачааг эвтэйхэн багтаачихна. 20-иос 24 цаг хүртэл бааранд зөөгч. Өдөр нь магистрын хичээлдээ сууж, докторантурт дэвших судалгаагаа ахиулна. Миний хичээл 9-өөс эхэлдэг тул би 7 цагт хоёр охин, эхнэртээ япон хэл заана. Тэдэндээ хоёр өдөр үзэх хичээлийг 2-хон цагт багтаачхаад маш их даалгавар өгч орой бүр 2-3 цаг гаргаж шалгана. Нэг сарын дараа хоёр багыгаа бага сургуульд оруулж, хоёр томдоо 500 орчим ханз нүдлүүлээд дунд сургуульд элсүүлэв. Нэг сар орчим хүүхдүүдэд хэцүү байснаа удалгүй япон хүүхдүүдээс сурлагаар хоцрохгүй болсон. Эхнэр маань япон хэл бие даан сурч ажилд ороод миний ачааг их хөнгөлсөн. Сүүлдээ манай гол орлогыг олдог түшиг тулгуур минь болсон билээ.
Шинэ гишүүдэд тулгамдах юм гарч л таарна. Иргэд сонгосон төлөөллөөрөө дамжуулаад эх орноо удирдах эрхтэй ч ард түмний төлөөлөл 76 түшээ маань УИХ дахь намынхаа бүлгийн өмнө гөлөг, бүлэг нь намынхаа даргын өмнө гөлөг болдог. Намын дарга нь шударга бол ч яахав, хулгайч байвал яах вэ. Хуулийн засаглалыг нулимагч байвал яах вэ. Гишүүд намынхаа даргад атгуулахгүй сонгогчдынхоо эрх ашгийг нэгд эрэмбэлбээс төр нам хоёул буйр буйран дээрээ заларна. Намын дарга гишүүдийнхээ өмнө хариуцсан үүрэгтэй бол УИХ-ын гишүүд 76-уулаа нийлээд Монголын бүх ард түмэн-бүх сонгогчийнхоо өмнө хүлээсэн эрхэм үүрэгтэй. Үүнээс харахад нам төр хоёрын аль нь ахалмаар байна? Намыг би үгүйсгээгүй. Гагцхүү намууд дүрмийнхээ хашаанд даналзаач. Намын даргын ил далд хэтийдсэн эрхийг хэмжээнд-эрүүл байлгах хүч бол төрөө жолоодуулахаар ард олны сонгосон төлөөллүүд.
Намын даргыг ард түмэн сонгоогүй. Гишүүд нь сонгосон. Намын гишүүдээс ард түмэн хэд дахин олон бөгөөд Монгол улсын хувь заяаг даах хүч нь нэг намын гишүүд бус ард түмэн. 200 мянган гишүүний атаманы өмнө 3 саяулаа гөлөг болох ардчилал гэж үү? Нам толгойтой төрийг ард түмэн сонгох-доромжлол. Ард түмний төрөө сонгодог ардчилал төгс цэгцрэх өдий байна.
Нэг. УИХ-ыг сэвтүүлж буй базаахгүйн үндсийг түүхийнхээ мухраас хай. Эх оронч үзэл гэнэ үү, улсын нууц гэнэ үү амь үгээ шивнэхэд бид хээл хахуульд дургүй гэж ханхалздаг ч алгаа сэм тосдог өөдгүй зантай нь үнэн шүү. Том бага түшмэдийг авлигад донтсон гэхэд хилсдэхгүй. Тэд тийм хэмжээнд ялзарчээ. Бид хахууль авдаггүй хатуу зантай бол гадна дотнын авлигачид даврахгүй. Энүүхэндээ шивгэнэхэд бидэнд хэн ч хүчээр хээл хахууль тулгаагүй. Арван лангийн ембүүнд алгаа тосдог аав уу даа, хорин лангийн ембүүнд хормой тосдог ээж үү дээ гэх дууг оргүйгээс зохиосонгүй. Энэ дууны үгээр бол алга тосдог ичгүүртэй зан муу нэрт ардчиллаас үүсээгүй бүр эртнийх байх нь.
Удам дамжсан энэ бузраа цөм хая. Авлигад алга тосохгүй амьдрах-хүн өөрөө бие даагаад больчих хувийн жижиг дутагдал. Авлигагүй гүрэн болж гэмээнэ өгөөж-ёнцгор. Ийм ил боломжийг яагаад ашиглахгүй алга тосдог шуналд бүдчиж, өөрийгөө, эх орноо хорлоно вэ. Бүтэн ухаантай бол ингэмээргүй еэ. Алга тосдог монгол гутамшиг-алдагдалд өм цөм унагаж буйг нийтээр мэдрээд бухимдаж буй нь олзуурхам үзэгдэл. Дарангуйлалд эмзэглэн “ёо” гэвэл эсэргүүн болдог коммунизм-жагсдаг ардчилалд хувирсан нь доройтол бус дэвшил. Бусармагтаа бухимдах-эрүүлжиж буй үйл явц. Нийгэм эрүүлжиж байна гэдэг иргэд ёс зүй, үйл ажилдаа шүүмжлэлтэй хандаж буйн илрэл. Тиймээс сайн талаа магтаж онгирохоосоо урьтаж муу талдаа эмзэглэж эмчилбэл нийгэм эрүүлжинэ. Энэ бол шог зохиолчийн хөтөлбөр.
Монголчууд ажлаа чанарын өндөр түвшинд хийж, дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр тэмүүлдэг болсноор өөрийгөө магтах бус өөрийгөө голж, өөрийгөө өөд татаж эхлэв. Ялангуяа залуус найрамдал-дружбаг сохроор бишрэгч хөгшид биднийг голж, шинжлэх ухаан технологийн зууны ажил хэрэгч бизнес өөд эргэлт буцалтгүй тэмүүлэх боллоо. Эрхэм түшээд минь хөрш орос ах чинь аугаа туслагч хэдий ч өөрсдөө бие дааж, өөрсдөө толгой мэдэж бүтээхээс унацтай нь ховор.
Хоёр. Өөрсдийгөө шилмэл сорууд гэж битүүхэн пээдийдэг гишүүдийн хэрүүлийг ажихад хөгжлийн оньс сэтгэж буй гавал цөөн. Гайхамшгийг сэтгэх уг нь-таашаал, урам, гоёл. Ерөнхийдөө-жаргал. Урмаа ундруулж өөрийгөө баясгах чадваргүйн гуниг-атаа жөтөөгөөр кайф авах донд хөтлүүлдэг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл оюунлаг гишүүд урам бадраагч хөгжлийн хувилбараар уралдаж, таашаал хүртдэг бол мулгуучууд нөхдөөсөө дутуугийн атаархлаар хор найруулж, найрсан хор нь ялалт хайрлавал кайф авч маадайна. “Огцруулах”, “томилох” хоёрт нойр нь үе үе сэргэсэн шигээ-дунхалзаж суусаар сонгуульт дөрвөн жилээ бардаг. Цус үзэж тайвширдаг садист шиг-дэглэсэн шантаажаараа дийлж байж санаа нь амарна. Үнэ цэнгүй харгалдаанынх нь ард хувийн шунал нь голдуу хэрэгжинэ. Гишүүн болсон тэдний гол зорилго үүнд оршдог. Ажил сайжруулах мэргэн арга олох чадваргүй, зөв бодлого сэтгэхэд тархи нь хүрдэггүй мохоо атлаа жөтөөрхүү этгээдээс ийм зан салдаггүй. Илүүрхсэн андаа гүжирдээд ч хамаагүй намнах. Хүч дутвал хэтэвч нэг бүлгээрээ атаклах. Улсаараа баяжих нийтэч үзлийн тэнхээгүй гавалд нураах атаархал өмхийрч байдгийг нуршив. Миний нуршсаныг шинэ гишүүд сайн мэдэж буй. Тиймээс миний үг шинэ гишүүдэд хандсан сэнхрүүлэг бус, харин УИХ-ын талаарх улныхны ойлголтыг мэдээд авахад илүүдэхгүй гэснийх шүү.
Ноёлох оргилд заларсан Танд ямар ч хууль үйлчлэхгүй. Гол олз-энэ. Хууль биелүүлэхээ түвэгшээдэг монгол хүн хуульгүй амьдрахыг жаргал гэдэг. Хууль хүрэхгүй халилд хөл тавьж гэмээнэ томилгоо, шахаа, лиценз, тендер, концесс атганд. Тансаглах мөнгө аминых бус татвар төлөгчдийнх. Архаг гишүүдийн буруу гарын нууц олзыг шинэ гишүүд тантаад эхэлмэгц “Хуульгүй 4 жилээ чамлаж, үтэр түргэн амжиж баяжъя” гэх амбиц яаруулж юу магад. Насаараа тансаглахад гарын ая даах бэл хураахгүй аваас ноёлох оргилд нэр нүүр, мөнгөө барж авирсны утга юу билээ гэж шаналаах зэтгэр чамайг отож байгаад ховсдохыг үгүйсгэх аргагүй. Хуульгүй хугацаа 4-хөн жил гэж чамласан гишүүд гарсан түүхтэй танхим. Иймхэн хугацаанд төр түмний төлөө тархиа ядраах тэнэглэл болох нь танигдлаа гэж шантарсан эрхмүүд ч цөөнгүй. Хүн төрөлхтний хөгжлийн загвар судалж барагдахгүй. Бөөн ядаргаа. Өөртөө хайргүй хүн үгүйтэй адил-ард олондоо хайртай хүн яг үнэндээ УИХ-д байхгүйг ухаарна. Оргилд арай гэж гарсных баяжаад буувал Танд улсын хөгжлөөс илүү унацтай.
Хамтарч баялгаа арвижуулахад ухаанаа уралдуулж, тархинд барагтай буумгүй гайхам бодлогын хувилбарууд нээгтүн гишүүдээ. Та нарын гавалд сэтгэх тийм хүч аав ээж чинь хайрласан. Амьдрал-бэрхшээл. Бэрхшээлийг оюунаар давдаг. Сүрдүүлэгч гадны гацааг эвтэйхэн гаталснаар хөгжил цойлно. Аз дутахад гацаадаг хатуу зуршилтай хүчирхэг хөрш заяаж. Малтмалаар арвинаа дөрөөлж гаднаас хөрөнгө оруулалт цутгах нөхцөлийг бүгдээрээ элбэж бүтээ. Сэтгэц чинь оргилбол таван хошуу малынхаа түүхий эдээ боловсруулж үнэ хүргэх тоглоом. Унац агуу. Ухаан сийлж баялаг бүтээхийн төлөө уралд. Ухаан бүхнийг чадна. Жонхуу хутгахаас хэтэрдэггүй гишүүд яваандаа гологдож тэднийг сонгохоо болино. Төрмөл оюунаа 70 жил түгжээд сохор мэт Оросоор хөтлүүлсэн бидэнд дэлхийн тавцанд бие дааж өрсөлдөх туршлага дутсан.
Сул талаа засаж, егзөр бодлоор хэрсүү давших зуунд хүссэн хүсээгүй хөл тавьжээ. Баялаг байна. Ухаан суувал Монгол жижигдэхгүй. 30 жил мулгуутсаны балгаар хаширвал хаширмаар хохирол амсав. ХХI зууны адармаатай өрсөлдөөний бартаат харгуйд дахиж хазгай гишгэхгүй аваас хөгжих нөөц дуусах яагаа ч үгүй. Оюуны багтаамжид чинь огт ашиглаагүй үхмэл нөөц бий. Тэр нөөцөө амилуулбал хямралаас өлхөн гарч, гацсан төслүүдээ хөдөлгөхөд элбэгдэнэ. Малтмалуудын нөөц хэмжээтэй, оюуны баялаг шавхагдашгүй ундаргатай.
Гурав. Тархиндаа заяасан сэтгэх баялгийг гишүүд бүрэн ашиглахгүй зөвхөн амины явцуу шуналд дөрлөгдөн хувиа хичээсээр яваад тархины чинь өчүүхэн хэсэг л ажилладаг болж. Архаг гишүүдээ, тархины чинь ажиллуулаагүй дийлэнх хэсэг үхжилтэд оржээ. Хав харанхуй гавал дотор чинь хар аминдаа сул олз олох ганц гэрэл ёлтойж байна. Хөгжлийн гарц олж тэмтрэх увдисгүй эрх баригчид хор найруулахдаа гаажтай. Харцанд нь занал үсчиж, хохимойд нь хор буцалдаг. Шинэ гишүүд минь иймэрхүү хамт олонтой ажиллах болж дээ.
Тархины судас бөглөрч тэжээл дутсанаас мунхардаг. Оюуны тэжээл бол тархины гимнастик. Дасгал ханасан тархи цэлэлзтэл сэтгэнэ. Яг л формдоо орсон тамирчин шиг. Монгол хүний тархи төрөлхийн сул дорой бус. Бидний тархины чадамж бусад үндэстнийхтэй ижил. Тархиа дайчилдаггүйгээс бидний сэтгэх эд эс хатангиршиж, хөдөлгөөн дутагдсан булчин шөрмөс мэт суларчээ. Тархиныхаа ажиллагаатай хэсгийг зөвхөн атаа жөтөөндөө хэрэглэдэг жолоодогч ад болох нь зүй. Бүрэн бус техник хөдөлгөөнд орох хориотой. Бүрэн бус тархи УИХ-аар дүүрэн. Тэд илүүрхэгч нөхдөө татаж унагахаас цаашхыг сэтгэхгүй, татвар төлөгчдөөс цугларсан төсвөөс хумслан эх орноо холгож өөрөө баяждаг бэрдүүд.
Бизнесийн луйвар нь эх орондоо мухардсан жижиг гарууд “Ямар оронд очвол олз олох вэ. Гэнэдүүлэх харанхуй масс дэлхийд үлдэж үү” гэж бодмогц Монгол санаанд нь ордог болтой. Харанхуйчуудыг мэхлэхэд түвэггүй. Улсаа гэх нийлсэн зорилгогүй, биесээ хайрлах сэтгэлгүй хүмүүс гадны луйварчдыг дуудах нь зүй. Дэлхийн бага гарын хулхичдын сонирхол хаана вэ гэвэл дүнхүү Монголд. Зөн билгийн тулааны аварга гэх хөгийн дүвчингүүдэд хууртах маанаг масс дэлхийд ховордсоноос тэд мухар сүсэгт Монголыг зорьдог нь бидний хувьд гутамшиг. Орос хүүхэн дагуулсан далдыг мэдэгч нэг Иран үзмэрч манайд хэд ч ирэв дээ.
Дөрөв. Хөгжлөө чамлавал хурд нэмэгдэнэ. Хийснээ голж чанаржуулдаг. Малаараа амьдардаг байж хоёр төрийн өнгөнд ядаж био комбинатдадаа шилдэг вакцин хангалттай үйлдвэрлээд буянт сүргээ эрүүлжүүлж чадаагүй атлаа иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн хоёр дахь социалист орон гэж ханхалзах гоё уу. Бидний чөдөр-бидний мулгуу толгой учраас Галбадрах чиний сургуулийг би дэмждэг юм. Мухар сүсэг, их хаадын хийсвэр домог, коммунист онол хургасан харанхуй тархинд ХХI зууны шинжлэх ухаан технологийн гэгээ тусга. Хэнд хурц сэрэл байна түүнд монголчуудын хоцрогдол хүчтэй хөндүүр үүсгэж, тэр ихээр ичиж шаналдаг. Ихээр ичсэн охид хөвгүүд Монголыг өөд татна гэх үзэлтэй зохиолч өвгөн би шинээр сонгогдсон залуу гишүүдээс хөгжил хүлээнэм.
Налайж амьдарсан малчид технологийн үсрэнгүй хөгжлийн ХХI зуунд хөл алдав. Өдөр цагаар өөрчлөгдөж буй эрин зууны алхаатай хөлөө нийлүүлэхгүй бол Монгол хаягдлаа. Хүн төрөлхтний хөлд унаж гишгэлүүлсэн нүүдэлчид хэрхэн өндийх вэ? Хүчирхэг хүн амтай болсон цагт өндийнө. Иргэд шалгарсан шилдэг сургалтаар хүчирхэгжинэ. Авилгаас аль нэг нам салгахгүй. Гэгээрсэн олны хуйларсан давлагаа авилгаас бүрэн цэвэрлэнэ. Хөгжихөд мөнгө чухал. Мөнгийг ухаантай гавал, уран гар, хувийн овсгоо, шургуу хөдөлмөрөөр олно. Хөл дор олон их наядын малтмал дараастай ч олборлох боловсруулах тээвэрлэх мөнгөгүй бол чулуу шороо ашиггүй. Татвар төлөгчдөөс цугларсан (намуудын шуналд бузартсан) цөөвтөр цаас руугаа шүлсээ савируулан алалцдаг хулгайчдыг төр засгаас хуу хусах хүч бол намууд бус хүн ам. Тийм хүчирхэг ард түмэн болцгооё. Лус хэчнээн хишиг хайрлаад, донор орнууд хэчнээн зээл олгоод хүн ам нийтдээ журамгүй бол сэхдэггүй аж. Өндөр хөгжилтэй орны иргэнтэй өөрийгөө жишээд юугаар хоцорч буйгаа ол. Тэгээд тэдний араас шамд. Залуус та нарт тэднийг гүйцэх хурд-төр тушчихгүй бол бий.
Коммунист нийгмийн үлдэгдэл-бидний загварыг залуус бүү өвлө. Уршиг нь тасрахгүй. Хоцрогдол-бүдүүлгээс ундаргатай. Харанхуй мануусын сэтгэлгээг өндөр хөгжилтэй орны хөгшдийн сэтгэлгээтэй жишээд үз. Тэгээд монгол хөгшдөд ямар хоцрогдол байна түүн дээгүүр залуус минь дүүл. Дүүлэхдээ Лениний онолоор мануусын капитализмыг харайсан онигоог давтуузай. Та нар хойшид социалист нийгмийн бүтээгдэхүүн-бидэн шиг дэлхий дээрх хамгийн болхи сэтгэлгээтэй, тэгсэн атлаа хуучнаа ад хөдлөм хамгаалагч хийтэй хэнхгүүд бүү яв. Хорвоогийн шившиг явахгүйн тулд залуус минь сэтгэх багтаамжаа тэлээд бай. Монгол тархи чинь оргилоод өгнө.
Япончууд оюунаараа баяжсан бол бид түүхий эдээрээ аргацаадаг. Тиймээс даруу бай. Оюуны баялгаараа амьдрах цаг иржээ хүүхэд минь. Түүхий эдээрээ панз үсэргэж хөлжөөд хэтдээ оюунаараа баяжвал хүн төрөлхтний хүндлэлийг жинтэй татна гэж мэд. Асар их баялаг бүтээж, аль болох төсөр үнээр борлуулж олноо баярлуулаад өөрөө мөнгөжих-төр түших гэж элдвээр хочлуулснаас буянлаг. Залуусаа, амьдралын чинь шударга зам ердөө энэ. Үсрэнгүй хөгжсөн орнуудад эрдэмтэд баян бизнесменд мэдлэгээ зарж хамгийн их орлоготой амьдардаг. Тийм боломжийг өгдөөж Монголд үүсэг. Үйлдвэрлэгч нарт ашиг уутлах нээлтээ өндөр үнээр зарах нүгэлгүй орлого. Учир нь чиний нээлтээр үйлдвэрлэсэн брэндүүд баяжуулна. Шинжлэх ухаанд гоц нээлт сэтгэсэн толгой цойлдог. Шинэ нээлт санал хураалтаар бус давуу үзүүлэлтээр бярддаг. Сод гавал баяждаг. Сэтгэх өрсөлдөөн эрдэмтдийг хурцалдаг. Брэнд бүтээж бизнес цэцэглэх ч нээлт. Залуус минь эрдэм мэдлэгийг эд баялаг болгон хөрвүүлдэг энтрепренер сэхээтнүүд болцгоо. Шинэ нээлтээр хүртдэг патентын тоогоор дэлхийд уралд. Академи хүрээлэнгийн адар ширтээд, төсөв хөхөж суудаг арми улсаа хоослохоос гадна сод оюунаа ширгээдэг.
Тав. “Дээд тэнгэрээс заяатай, дэлхийг эзэлсэн түүхтэй” гэж онгирох яс хавталзам ичгүүртэй бус уу. Хүн төрөлхтнөөс бид тийм тасархай гэж үү? Тэгж ханхалзахаа одоо боль. “Монголчууд юугаараа бахархах вэ?” гэвэл би “тэнэгээрээ гайхуулцгаа” гэж гутарч цөхөрсөн буурайн муухай аашаар уцаарлана. Энэ маань “сургалт нэг л биш”-д бухимдсан авир шүү Галбадрахаа. Залхууралгүй баялаг бүтээ. Залхуугийн далд хүсэл-биеэ зүдрээхгүй тансаг агаад үнэгүй амттанаар бульдаж амьдрах. Цатгалан амьдраад ханахгүй-баяжих. Мэдээж сул олзоор. Ийм паразит зан ардчилал чөлөөт зах зээлд харш. “Ажилсагт зол, лазанд хохь” хатуу зарчимтай өрсөлдөөн залхуучуудад гай. Өрсөлдөж амь зуух тэдэнд бөөн лай-амьдын там. Залхуучууд чөлөөт зах зээлийг хараадаг шалтгаан энэ. Залхуу зуршлаа хүүхдэдээ халдаахгүй ажилсаг япон дадал суулгахад сургуулийн үүрэг их. Сургуулийг өндөрт мандуулж хүчирхэг ард түмэнтэй болъё УИХ-аа.
Нэгдлийн ялтай сүрэг хариулж амьдарсан аав ээжийн хүүхэд-би хувийн хэвшлийг үрэлгэн бус хямгатай аж төрөхүй гэж үздэг нэгэн. Нийгэмчлэх сэлэм дахин толгой шүргэн сэнсрэх вий гэж айдаг. Хийтэй эх орончдод нулимуулж, төр засгийн муйхар дарамт хавчлагад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу ч гүрийж яваа нь цөөнгүй. Чөмөгтэй хэдэн компанитай болчихвол хөгжинө гэж ёргидог дэврүү хөгшдийн нэг нь би. Боловсноор хэлбэл оптимист өвгөн. Том компаниудын олз ашиг хөгшин хонины насгүй-надад хүртээлгүй нь хамаагүй. Хойч үе минь чинээлэг амьдарвал үүрт нойрссон хөгшдөд тэр чинь сонгуулийн ялалт. Үлдэж буй хойчоо жаргаасай хэмээх жудаг бол харанхуй хорвоогийн үл үзэгдэгч зул юм.
Бичлэгийн ур-миний ба Монголын өв соёл. Үүнд би хэр тааруу тэнхээгээ шавхав. Өчүүхэн надад таарах ачаа ердөө энэ. Хүн хэрээрээ тэмээ тэнгээрээ гэдэг. Өтлөөд жагсаалаас гарах гунигтай. Хэндээ ч гомдох билээ. Эхлээд хөгшрөл, дараа нь тэнэгрэл, эцэст нь үхэл. Хошин мэдрэмж минь унтрахгүй зөнөх зовуурь намдаах-хөнгөвчлөх эмчилгээ юм уу даа. Үхлийг зөв хүлээж авах бодол цээжинд уяатай. Жудагтайгаа зөвлөлдсөөр төгсөх юмсан Галаа минь. Тэр агшинд бурхан намайг хөтлөөсэй.
2024-11-06