ИХ УЛС
Их Улс хэмээх ойлголт сүүл үеийн ойлголт агаад Чингис 1206 онд Монголын Их Хаан болсны дараа л үүссэн юм. Монгол хэлэнд Yeke гэдэг нь том, аугаа гэсэн утгатай бол ulus гэдэг нь төр улс гэсэн утгатай үг билээ. Чингис хаан Монгол Улсын захирагч болсныхоо дараа их цэргийг нь дийлэлгүй сөгдсөн улс орнуудыг захирах илүү том улс төрийн байгууламж байгуулж эхэлсэн юм. Нэг түүхэн бичгээр бол умард Хятадад XII зууны үед нутаглаж байсан Жин хэмээх Жүрчидийн их улсыг монголчууд дайран сөнөөсний дараа Жин улсын түшмэд энэ нэр томьёог монголчуудад дамжуулсан гэдэг. Тийнхүү монголчууд өөрсдийн улсаа Их Монгол улс гэж нэрлэдэг болжээ. Их гэдгийн цаана уг улс асар том, хил хязгаар нь хязгааргүй өргөн гэсэн санаа агуулна.
Хятадын түүхийг өгүүлдэг уламжлалт хүүрнэлээр бол Хятад улс МЭӨ 221 онд нэг улс болсон гэдэг. Харин энэ номд би арай өөр байдлаар өгүүлнэ. Хоёр мянган жилийн өмнөх үе рүү буцаж очих нь биднийг бодит байдлаас дэндүү тасалж, хий хоосон бэлгэдлийн төдий зүйлд хүргэнэ. Хэдийгээр олон улсаас нэг улс болсон тэр шилжилт чухал хэдий ч, би илүү сүүл үеийн шилжилт рүү төвлөрөх нь үр дүнтэй гэж үзлээ. Тодруулбал нэгдсэн улс, тархай бутархай ханлигуудын хоорондын зөрчил үргэлжилсээр асан арван гуравдугаар зуунд Чингис хааны үр сад болох Монголчууд Хятад орныг байлдан эзэлсэн тэр цаг үе рүү. Ийнхүү хоёр дахь удаагаа дахин их нэгдэл хийхдээ Хятад орон бараг л огт өөр улс болон хувирсан юм. Монголын байлдан дагууллын өмнөх Тан, Сүн улсуудын яруу алдар маргаантай бөгөөд тийм алс холын өвүүд Хятадын соёлыг өдгөө хүртэл тодорхойлж байгаа эсэх нь асуудалтай. Энэ асуудлыг түүхч хүний үүднээс үзвэл өнөөгийн Хятад орон үнэндээ Чин гүрнээс илүү Монголын эзэнт улсаас их зүйл өвлөж авчээ. Зарим уншигч миний энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байж болох авч энэ номд дэвшүүлсэн санаанууд, тэдгээр өөрчлөлтийн нуман үсрэлтүүдийг даган мөшгөхийн тулд уншигч эрхэм заавал надтай санал нийлэх албагүй.
Түүхийг шинээр харан Их Улс гэж томьёолж буй миний энэ байр суурь Хятадын түүхийн стандарт баримтлал биш шүү. Их Улс гэдэг бол үнэндээ дотоод буюу Төв Азийн ойлголт. Энэ ойлголтыг өнөөгийн хятадууд ойлгохгүйгээр барахгүй хүлээн зөвшөөрөх ч үгүй. Тийм авч энэ ойлголт Хубилай хааны эрин үеэс хойших Хятадын улс төрийн сэтгэлгээнд асар их нөлөө үлдээжээ. 1270-аад оноос өмнө Хятад орон эрх мэдлийг атгасан гэр бүлийн хаант улс байсан юм. Хятадуудын домог яриагаар бол хааны гэр бүлд Тэнгэр бурхан улс орныг захирах эрх буюу тэнгэрийн бошиг өгсөн гэдэг. Монголчуудын айлчлалаар харин тэрхүү тэнгэрийн бошиг нь бүх дэлхийг захирах эрх болон хувирсан бөгөөд тийнхүү захирахад цэргийн хүч хамгийн чухалд тооцогддог болжээ. Их Улс гэдэг бол ийм л санаа бөгөөд Хятад улс чухамдаа тийм улс болон хувирчээ.
Их Улс хэмээх ойлголт сүүл үеийн ойлголт агаад Чингис 1206 онд Монголын Их Хаан болсны дараа л үүссэн юм. Монгол хэлэнд Yeke гэдэг нь том, аугаа гэсэн утгатай бол ulus гэдэг нь төр улс гэсэн утгатай үг билээ. Чингис хаан Монгол Улсын захирагч болсныхоо дараа их цэргийг нь дийлэлгүй сөгдсөн улс орнуудыг захирах илүү том улс төрийн байгууламж байгуулж эхэлсэн юм. Нэг түүхэн бичгээр бол умард Хятадад XII зууны үед нутаглаж байсан Жин хэмээх Жүрчидийн их улсыг монголчууд дайран сөнөөсний дараа Жин улсын түшмэд энэ нэр томьёог монголчуудад дамжуулсан гэдэг. Тийнхүү монголчууд өөрсдийн улсаа Их Монгол улс гэж нэрлэдэг болжээ. Их гэдгийн цаана уг улс асар том, хил хязгаар нь хязгааргүй өргөн гэсэн санаа агуулна. Энэ нэршлийг англи хэлэнд Mongol Empire буюу Монголын Эзэнт Гүрэн хэмээн хөрвүүлдэг боловч Европын их гүрнүүдийн түүх, ойлголтоос ялгаж салгах үүднээс энэ номдоо би монгол хэллэгийг нь илүүд үзэж, дагнан хэрэглэхээр шийдлээ. Их улс, Их гүрэн хэмээх энэ хоёр нэршил үнэндээ нэг зүйлийг өгүүлж байж болох ч одоогоор үүнийг яг таг баталсан хүн үгүй билээ.
XIII зуунаас хойш Хятад орныг дайлсан түрэмгийлэгч бүхэн амжилтад хүрээгүй ч дайлан эзэлж чадсан болгон нь өөрийгөө Их Улс гэж зарлаж байсан юм. Тиймдээ ч 1271 онд Хубилай хаан хятад албатууддаа өөрийгөө Да Юань буюу Их Юань Улсыг байгуулж байна хэмээн зарлиг буулгаж байжээ. 1368 онд Жү Юаньжан ч бас Да Мин буюу Их Мин улсыг байгуулсан. Түүний дараа манжуудын их хаан Абахай сэцэн өөрийгөө 1635 онд Да Чин буюу Их Чин Улсыг байгуулж байна гэж тунхагласан бөгөөд 1644 онд Мин улсыг буулгаж авсан. Тийнхүү явсаар 1912 онд л сая нэг Ардын төр буюу Бүгд найрамдах төр байгуулагдсанаар Их Улс хэмээх нэршил өндөрлөсөн боловч Солонгос дахь Японы империализмын нөлөө зэрэг түүхэн шалтгааны улмаас уг нэршил бүрэн алга болоогүй оршсоор байна. Өмнөд Солонгосын албан ёсны нэрийг Daehan Minguk гэдэг бөгөөд махчлан орчуулбал энэ нь Солонгосын Их Улс гэсэн үг билээ.
Энэ ном Хятадын улс төрийн түүх биш боловч өнгөрсөн найман зууны хятад ба хятад бус хүмүүсийн харилцааг тайлбарлахын тулд Их Улс гэж юу гэсэн үг болохыг эхлээд тайлбарлавал зүйтэй болов уу. Их Улс гэдэг бол: хилийн дотор байгаа бүхэн төрийн дор бөхийх ёстой. Харин гаднах бүхэн нь уг төрийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн ойлголт юм. Хилийн гаднаас орж ирж буй хүмүүс, харьяатуудад цөмд нь хамаатай болохоор энэ бол чухал ойлголт билээ. Түүнчлэн уг ойлголт хятад ба хятад бус хүмүүсийн харилцааны суурийг бүрдүүлж, нөхцөлүүдийг тодорхойлон будаж, агаарт нь ёс зүйн сүрчиг цацдаг. Хүн өөрийгөө хятад хүн гэдгээ мэдрэх нэг хэмжүүр нь энэхүү Их Улсын сүүдэр дор байгаагаа мэдрэх явдал байв. Бүлэг-5-д өгүүлэх завь нь эвдэрсэн Солонгосчуудын сүүлчийн хөрөнгийг талан дээрэмдэж байсан дээрэмчид хүртэл улс нь Мин гүрний гарт орж мөхсөн ч өөрсдийгөө Их Тан улсын иргэд гэдгээр онгирч, Хятадын эрэг дээр ирсэн харийнхан энэ үгийг нь сонсоод айн чичрэх учиртай гэж бодож байжээ.
Түүх өгүүлэх нь
Энэ номд гарах үйл явдлууд нь улс үндэстэн, олон улс, дэлхийн тухай өгүүлэх болно. Улс үндэстний харилцааны түүхийг өгүүлэхдээ би бодит хүмүүст тохиолдсон болсон явдлуудаар дамжуулан өгүүлэхийг хичээнэ. Жишээ нь, 1488 оны хоёрдугаар сард хөлөг онгоцнууд хэрхэн Жэзяны эргээс хөдөлсөн явдал гэх мэт. Ийнхүү өгүүлэнгээ тухайн тэр явдал Хятадын дэлхийтэй харилцах харилцаа болон өнөөгийн түүхэнд нь хэрхэн нөлөөлснийг өөрийнхөөрөө төсөөлөх боломжийг уншигч эрхэм танд үлдээнэ. Би гагцхүү том зургийг (Газрын зураг-1) дүрслэн харуулахад туслах арван гурван тусдаа түүхийг танд өгүүлнэ. Уншигчдаа Хятадын их түүхийн өргөн чөлөөгөөр долоон зуун хагасын турш маршлуулахын оронд хятад ба хятад бус хүмүүсийн сэтгэлд хоногшим хөргүүдээр дамжуулан би дэлхий Хятадад хэр чухал байсан, Хятад дэлхийд хэр чухал байсан болон Хятад хэдийнээс дэлхийн нэг хэсэг байсан ба энэ нь Хятад, дэлхий хоёрын завсар хавчуулагдсан хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж, асуудал үүсгэж байсныг харуулна.
Ийм учраас энэ номд гарах дүр бүхэн хятад хүн байхгүй. Үнэндээ хятадын он тооллоор бол Юань улс (1271-1368) хэмээх цаг үеийн талаар өгүүлэх эхний гурван бүлэгт хятад бус хүмүүс илүүтэй гарна. Эхний бүлгийн гол баатар Хубилай нь Хятад орныг Монголын Их Улсын дор авчирч хураасан Монгол хүн байх болно. Хубилайн үйлдлийг харах нь бидэнд Монголчууд Хятадад ямархуу улс төрийн тогтолцоо авчран нутагшуулсан, тэр нь түүнээс хойших Хятадын түүхэнд хэчнээн их нөлөөлснийг ойлгон төсөөлөх боломж өгнө. Бүлэг-2-т бид харцаа хуурай газраас далай тийш хандуулах ба монголчууд хэрхэн Хятадын цаадах далайн ертөнцийг байлдан дагуулах гэж оролдсоныг шинжилнэ. Үүний тулд бид Перс явж буй Монгол гүнжийг даган аялсаар эцэстээ Венец хотод буй гэртээ харьсан Марко Пологийн аяллыг мөшгөн дагана. Бүлэг-3-т бид Евразийн эх газрыг бүхэлд нь харах бөгөөд Хар үхэл хэмээх тахал Ойрх Дорнод, Европыг талхилснаа 1340-өөд онд хэрхэн Хятадад хүрснийг үзэх болно. Хятадын тахлын талаарх гол судалгаанууд одоогоор бүрэн бус байгаа тул энэ бүлгийн гол дүрүүд нь европ, монголчууд байх болно.
Номын дараагийн хэсэг биднийг Их Мин улсын эрин үед (1368-1644) аваачна. Бүлэг-4 нь Бүлэг-2-т дурдсан Мин улсын 3-р хаан өмнөх Юань улсын хаадыг дуурайж, цэргийн хөлгүүдийг Марко Пологийн аялсан яг тэр далайн замаар Энэтхэгийн далай руу зуун жилийн дараа илгээсэн талаарх үйл явдлыг дахин хуучилна. Энэ бүлгийн гол дүр нь Жэн Хэ хэмээх тайган бөгөөд зарим хүмүүс Кристофэр Колумбусын зиндаанд үнэлдэг түүний энэ аяллын онцгой соднуудтай бид танилцана. Бүлэг-5 мөн л далайд өрнөх хэдий ч энэ удаад Энэтхэгийн далайд биш харин Хятадын эрэг хавьцаа байх бөгөөд замаасаа төөрсөн Солонгос далайчид хэрхэн аюул осолд өртөж, Хятадын захирагчид, далайн дээрэмчидтэй тулгарч байсан талаар өгүүлнэ. Энэ бүлгийн үйл явдал 1488 онд өрнөх бөгөөд тэр цагт эзэнт гүрэн Мин гүрний эхэн үеийн хаадын том төлөвлөгөөг орхин хятад ба хятад бус ертөнцийн хооронд төрийн болон хувь хүмүүсийн хооронд хил хязгаар тогтооход гол анхаарлаа чиглүүлжээ. Энэ бүлэгт мөн агтны худалдаа гарах бөгөөд уг худалдаа тэр цагийн Хятад, Солонгосын эдийн засгийг хооронд нь холбож байв.
Хил залгаа байснаасаа болоод Солонгосчууд хэдэн зууны турш Том ахын дор байсан тул Хятадын төрийн түшээдтэй ч тэр, хувь хүмүүстэй нь ч тэр нягт болгоомжтой харилцах аргад суралцсан байна. Бүлэг-6-д Португалчууд Хятадын өмнөд эрэгт ирж газардан Хятад түшмэдтэй худалдааны гэрээ байгуулах гээд чадахгүй бүтэлгүйтэж буй түүхийг өгүүлнэ. Харин Бүлэг-7-д Ява арал дээр ирсэн европчууд хэрхэн Хятадуудтай харилцаанд орж буйг харуулна. Энэ арал дээр анх Хятад, Англи хоёр бие биетэйгээ танилцсан бөгөөд өөрсдийн ашиг хонжоог хайсан харилцаа нь эцэстээ зөрчил, хүчирхийлэл рүү хөтөлсөн. Бүлэг-8-д хоёр өөр суурь соёлтой европ, хятад хүмүүс өөр хоорондоо хэрхэн харилцаж, ойлголцох гэж оролдсон түүхийг толилуулна. Энэ бүлэгт бид иэзүит шашны шугамаар ирэн Хятадад өөрийн шашныг танилцуулж, тааруулан тохиролцох гэж зүдэрсэн ч, тодорхой хэмжээний амжилтад хүрсэн Маттео Риччитэй учирна.
Мин улс 1644-5 онд Манжийн эрхшээлд орсон. Бүлэг-9-д манжууд хойноос довтлон ирж, улс орныг эзлэхэд Мин улс хэрхэн өмнө зүг ухарсан цочирдом түүхийг хуваалцан бичсэн хэд хэдэн хятад хүний өдрийн тэмдэглэлтэй бид танилцана. Их Улс байгуулах санаа Мин улсын сүүлийн удирдагчдын үед жаахан унтарсан байсныг Манжийн хаад харин хорсолтойёо дахин сэргээжээ. Манжид эзлэгдсэн нь ямар тавилан болон хувирахыг ойлгохгүй байсан хятадууд уг үйл явдлыг Монголчуудад эзлэгдсэнтэй зүйрлэж, тийм зүйлс хүлээж байлаа.
Харь хүмүүс гэж тооцогдож байсан болохоор манжуудад дотор газрын хүмүүсийг сөхрүүлэхэд нь хамжих туслагчид хэрэг болж байв. Бүлэг-10 биднийг Манжийн хаант улсын зах хязгаар болох Хөх нуурт буй буддын хийдэд аваачих бөгөөд 1719 онд энд хааны хүү, VII Далай лам хоёр дараа жил нь Чин улс Төвд рүү хэрхэн цэрэг оруулах талаар тохиролцсон юм. Тэр байлдан дагууллаар Төвдийг монголчуудын гараас гаргах ёстой байсан ч уг дайн Дотоод Ази дахь Хятадын улс төрийн байр сууринд маш нөлөөтэй хэдэн үйл явдал тохиолдоход хүргэсэн бөгөөд тэдгээр явдлууд өнөөг хүртэл БНХАУ, Төвдийн ээдрээтэй харилцааг нэг мөр шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна.
Бүлэг-11-т бид хуурай газраа орхиж, дахин далайд гарах бөгөөд буцаад хуурай газар ирэх үед Швейцарын худалдаачин Кантонд худалдаа хийх гэж оролдсоны дараа Өрнөдийн орнууд хийгээд Хятадын хооронд асуудал үүсэж байх болно. 1790-ээд онд европчууд Их Чин улсаас гуйсан шинжтэй байсан бол XIX зууны дунд үе гэхэд уг харилцаа орвонгоороо эргэж, Чин улсын нэр сүр улам унаж, харин харийнхан улам бүр өөртөө итгэлтэйгээр Хятадад ирдэг болжээ. Ийнхүү зиндаа орвонгоороо эргэсний нэг үр дүн нь хятадууд Британийн Эзэнт гүрний хар ажилчид болсон явдал. Бүлэг-12-т 1905 онд Өмнөд Африкт Голландын боолчлогчид, нэр нь үл мэдэгдэх хятад эр хоёрын хооронд болсон азгүй явдлыг сөхнө. Тэр явдал Британийн сонгуульд нөлөөлсөн бөгөөд тэр сонгуулийн үр дүнд Винстон Чөрчилл Колониудыг хариуцсан төрийн дэд нарийн бичгийн даргаар сонгогдон Засгийн газарт орсон юм.
Уг явдлаас зургаан жилийн дараа Их Чин улс нурсан бөгөөд шинэ үеийн хятад сэхээтэн, цэргүүд манжуудаас төрийн эрхийг шүүрэн авч, Их Чин Улсын оронд Бүгд Найрамдах Хятад улсыг(1912-49) байгуулсан. Ингэснээр эхлээд монголчуудад, дараа нь манжуудад дарлагдаж байсан дарлал нэг юм дууслаа гэж хятадууд хөөрцгөөсөн. Гэвч тийм байсангүй. Хорин жилийн дараа Японы Их Улс (Дай Ниппон) Хятадын эх газар руу халдан довтолсон агаад 1937 онд Бээжин, Шанхайн эсрэг цэрэг хөдөлгөснөөр дэлхийн хоёрдугаар дайны эхлэл тавигдсан. Ийнхүү Хятад дахиад л харийн дарангуйлалд орлоо. Бүлэг-13 бидэнд тэр дарангуйлал дуусахаас нэг жилийн өмнө япончуудтай хамтран ажилласан нэгэн Хятад улс төрч түүхийн буруу талыг сонгосноос эх орноосоо урвасан гэмт хэрэгт буруутгагдан шүүгдэж буй түүхийг харуулах болно.
1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард улс байгуулагдсан ба дахин хэзээ ч харийн түрэмгийлэлд эзлэгдэхгүй гэж тангарагласан. Түүнээс хойших цаг үе энэ номын хүрээнээс халин гарах хэдий ч энэ номд өгүүлсэн явдлууд биднийг түүчээлсээр энэ зуунд авчирна.