Монголчуудын гурилын хэрэглээ жил ирэх тусам буурсаар... Лапшанаас өөр хоолгүй социализмын үед мах, гурилын хэрэглээ 1:1 харьцаатай байсан. Гурил монгол гал тогоонд боловсроод 200 орчим жилийн л нүүр үзжээ. Харин хүн төрөлхтөн МЭӨ 6000 онд гурил хийсэн ул мөр тэр цагийн чулуун тээрмээс илэрсэн гэнэ. Хожуу “монголжсон” ч өдгөө “стратегийн хүнс” хэмээн өргөмжлөгдсөн гурил өнөөг хүртэл ямархан зам туулсан бол? 

Хүнээс хоцорсон шалтгаан

Баянхонгорын Баянлигийн Цагаан агуйн чулуун зэвсгийн суурингаас мянгаар тоологдох эд өлгийн зүйл олдсоны дотор самбар чулуу, элдүүр чулуу гарчээ. Түүгээр улаан буудай биш гэхэд нэгэн зүйлийн үр нунтаглаж “гурил” бэлтгэсэн нь гарцаагүй. Үүгээр гул барин “эрт дээрээс гурил хийж ирсэн” мэт гөрдөх нь гоомой учир орхиё. Академич Ш.Нацагдорж “Халхын түүх”-дээ Монгол нутагт газар тариалан хөгжөөгүй гурван шалтгаан тоочсон буй. Чингис хаан 1212 онд цэргийн хүнсний зориулалтаар тариалан эрхлэх зарлиг буулгасан гэх мухар сохор яриа сүүлд сонсогдох болсон ч Ш.Нацагдоржийн үндэслэл үнэмшилтэй юм: 1. Манжууд Монголын нүүдлийн мал аж ахуйг хэвээр хадгалах бодлого баримталсан, 2. Нүүдлийн мал аж ахуй, газар тариалан хоёрыг хослуулан эрхлэх боломжгүй, 3. Монголын байгаль, цаг уурын онцлогоос газар тариалан маш муу хөгжсөн. 

Хүн дагаж ирсэн хүнс

Ховдод тэмээнд хөллөсөн бойтгон анжисаар атар хагалж буй тариачин  

Манжийн эрхшээлд орсон цагаас Монгол нутагт газар тариалан үүссэн байдаг, баримт сэлт ч хангалттай. Манж нар цэргийн цалин-аму (ажлын хөлсийг амуу будаагаар олгох Хятадын хуучны систем)-г Хятадаас зөөх зардлаа хэмнэх үүднээс Монголд газар тариалан үүтгэжээ. Харин XIX зуунаас Хятад, Оросын худалдаачид өргөн хэрэглээний төрөл төрлийн бараа оруулж ирэх болсны дотор гурил багтаж. “Орос, Монголын худалдааны найруулал”-ын баримтыг харвал Монголд гурилын борлуулалт нэмэгдсээр иржээ. Оросын худалдаачид 1891 онд 2 217 пуд гурил Монголд оруулсан бол 1909 онд энэ тоо 10 044 болж даруй тав дахин өссөн байна. Гурилын зах зээл дээр Хятадын пүүсүүд үргэлж давамгайлж ирснийг энд бас дурдах учиртай. Гурилын хэрэглээ тогтмол өссөн шалтгааныг “Монголчууд ядуурч, ноос үнэтэй болж байгаа нь монгол ахуйд гурилыг их хэмжээгээр орж ирэхэд хүргэжээ” хэмээн дээрх номын зохиогч Томскийн их сургуулийн профессор М.И.Боголепов, М.Н.Соболев нар дүгнэжээ. Үндэсний мөнгөн тэмдэгтгүй, арилжааг зөвхөн бартераар хийдэг монголчууд малын тоо нь хорогдох тоолонд тогоондоо гурил нэмсэн бололтой юм. 

Хүнээр хүнсээ бэлтгүүлэх арга

Монголд тариалан хөгжиж эхлэх үед хамаарах мориор татдаг ийм чулуун тээрэм газар тариалангийн бүс нутгуудаар одоо ч цөөнгүй таардаг. Энэ тээрмээс үүдэн монголчууд  тээрэмдэх үйлийг "гурил татах" гэдэг байжээ.

Монгол гал тогоонд эзлэх гурилын жин нэмэгдэхийн сацуу өөрсдөө “бэлтгэх” оролдлого гарав. XIX зууны хоёрдугаар хагасаас сүм хийд мэдлийн газраа гурил авахаар хятадуудад түрээслүүлж эхлэсэн байдаг. Хувь хүмүүс ч сүм хийдийн газрыг авч хятад тариачдад дам түрээслүүлэх явдал нэмэгджээ. Улаангом, Их Хүрээний зарим жас тариагаа гурил болгон худалдаж ашиг ч олдог болж. Богдын сан 1909 онд 881 чи 97 мү 40 алд газарт тариалж 67 мянган жин (нэг жин 600 гр) гурил тушаасан бол Богдын сангаас газар түрээсэлж тариалсан хятадууд жилдээ 136 мянгаас багагүй жин гурил тушаасан мэдээ бий. Талбайд хятад тариачид ажилласан ч гэлээ зах зээлийнхээ өчүүхэн хувийг дотооддоо тарих болсон нь чамалж үл болох ахиц юм. Өсөж буй гурилын зах зээлийг алдахгүй гэсэн хятадуудын мэрийлтийг ч бас үнэлэхээс аргагүй. 

Төрийн сангийн тариа ургадаггүй

Б.Шаравын "Монголын нэг өдөр" дэлгэмэл зургийн энэ хэсэгт ХIХ зууны монголчуудын тариалах үйл явцыг тодорхой дүрсэлжээ. Усалгаатай талбайг хагалж, борнойдохын зэрэгцээ хураасан тариагаа адуугаар гишгүүлэн цайруулж, салхинд хийсгэн хог хомхруусаас нь салгаад мориор татан гурил тээрэмдэж байна.

Манжийг хөөсөн монголчуудын гарт олон зүйл орсны нэг нь тариан талбай байлаа. 1913 оноос хуучин Манжийн үеийн Ховдын албан (төрийн) тариаланг сэргээжээ. Урьд цагт дайчлагдаж ирээд нутаг буцаж чадаагүй 100 орчим өрхийг цуглуулж тариачин ард болгов. 1914 онд Засагт хан, Түшээт хан, Сайн ноён хан аймгуудын харьяат 327 өрхийг албан тарианы ажилд нэмж дайчилсан аж. Ингээд төрийнсангийн будаанд зүтгэх 120 шар, 60 тэмээ, 120 морийг үнэгүй бүрмөсөн өгсөн байна. Эд нар жилд түмэн (10 мянга) тогоо үр цацаж, цацсан үрээс гадна хоёр түмэн тогоог улсын санд тушаах үүрэг хүлээжээ. Гэвч хүссэн үр дүнд хүрээгүй тул 1918 дээрх ардуудыг ирсэн хошуу нутаг руу нь буцаасан гэнэ. Харин газрыг нь тариалах хүсэлтэй хятад, монгол 30 өрхөд гурван жилээр түрээслүүлсэн нь өмнөхтэй зүйрлэшгүй ашигтай шийдэл болжээ. Феодализм, социализм, капитиализмын алинд ч адилхан үйлчилдэг ганц хууль: Төрийн тариа ургадаггүй, хувийн тариа ургадаг. Өнөөгийн ТЭДС-г 100 жилийн өмнө байгуулаад төрийн мөнгийг үрэн таран хийж явжээ, бид. Хаант засгийнхтай харьцуулах аргагүй их хөрөнгөтэй ТЭДС-гийн мөнгөний талыг ганц хүн 23 компаниараа дамжуулан авсан зэрэг завхрал л улам гаарснаас өөр ялгаа огт алга. 

Шинэ бизнес ба шинэ тариачид

"Харуул занги" уран сайхны киноны тээрэмчин Кузнецов бол амьдрал хайн хил залгаа Сэлэнгийн нутагт суурьшсан олон тариачин оросын төлөөлөгч юм. Харин большевик үзэлтэй байсан мэтээр харуулсан нь соцреалист гөрдлөгө биз ээ.

Монгол 1914 онд гурилынхаа хэрэгцээний гуравны нэгийг Оросоос, үлдсэнийг нь Хятадаас авчээ. Гэхдээ Монголд тариалах талбайн хэмжээ өссөнийг дам нотлох түүхэн баримт бий. Түшээт хан аймгийн Чин ван Ханддорж, Сайн ноён хан аймгийн Мэргэн гүн Гомбожав, Засагт хан аймгийн Засагт ханы хошууны ардууд өөрсдөө тээрэм хийж тариагаа гурил болгохдоо уур, нүдүүр хэрэглэхээ больсон. Зарим тээрэм бүхий хүмүүс бусдын тариаг хөлсөөр тээрэмдэх болсон гэх мэт. Мэргэн гүн Гомбожавын хошуунд тээрэмтэй айл гурав байхад Чин ван Ханддоржийн хошууны тээрэмтэй айлууд 100 жин гурил тээрэмдсэнийхээ хөлсөнд 8-10 жин гурил авдаг байжээ. Чин ван Ханддорж ийм бизнес эрхэлдэг харьяат ардаасаа жилд 100 жин гурил татварласан гэнэ. Мөн 1890-ээд оноос Сэлэнгийн Ерөөд бууриа зассан Н.Н.Карнаковын тосгон газар түрээслэн тариалж Их Хүрээ, Хиагт болон алтны уурхайд гурилаа борлуулж байлаа. XX зууны эхээр дотоодын үймээнээсээ дүрвэн зугатаж Монголд суурьших орос өрх олшрох тусам Орхоны сав газар тариалах талбай болон усан тээрмийн тоо ч нэмэгджээ. 1917 оны бүрэн бус мэдээгээр дунд (зэрэг) гурил 95 270 жин, муу гурил 34 550 жинг дотооддоо борлуулсан байна. 

Уснаас халаа авсан цахилгаан тээрэм

Энэ зураг дээрх бол тухайн цагтаа хамгийн хүчин чадалтайд тооцогдож байсан Хараагийн усан тээрэм мөн гэдгийг цаана нь харагдах Ширхэнцэг уул баталдаг. Уг тээрмийн дотор талыг харуулсан хоёр зураг бий.

Монгол большевикуудын зааснаар хувийн өмчийг булаах замд орж, 1929 онд гадаадын капиталыг шахан зайлуулав. Ингээд төр бүхнийг нуруундаа үүрэхээр зүтгэжээ. Үүний нэг жишээ нь 1935 онд Зүүнхараад байгуулсан тээрэм юм. Зөвлөлтөөс ирсэн мэргэжилтэн В.И.Ельцов хоногийн 1.5 тонн чадалтай усан тээрэм Хараа гол дээр байгуулжээ. Жилд 460 тонн гурил боловсруулдаг энэ тээрэм салбартаа том дэвшил авчирлаа. “Хараа дахь улсын тариалангийн сан”-д хамаарах энэ аж ахуйг 1938 онд Зүүнхараагийн шоронд нэгтгэснээр улс төрийн хэрэгтэн, хэлмэгдэгсэд, эрүүгийнхэн гурил үйлдвэрлэгч болов. Тэд цагийн байдлыг дагаад албан газруудаас гадна Халхын голын байлдаан, Эх орны дайны жилүүдэд цэрэг армид гурил, тэжээл нийлүүлжээ. Дэлхийн II дайн эхэлснээс хойш, 1943 онд Украинаас Алс Дорнод руу нүүлгэж явсан гурилын жижиг үйлдвэрийн нэг цахилгаан тээрмийг Монголд суурилуулав. Үүний ачаар Монголын гурилын үйлдвэрлэл техникийн хувьд алхам урагшилсан байдаг. Дунд голын эрэг дээрх Bridge Peace зочид буудлын буурин дээр байсан том дуганд байрлуулсан тээрмийг монголчууд “Хар Доржийн хар гурилын тээрэм” хэмээн нэрлэжээ. 

Шинжлэх ухаан бас стандарт

Монголын ууган гурилын үйлдвэр Атрын анхдугаар аянаас бүтэн жилийн өмнө ашиглалтад оржээ.

Булганд анхны гурилын үйлдвэр 1958 онд онд ашиглалт орж, анхны мэргэжилтэн С.Хажидсүрэн, Д.Минжүүр нар ч төгсөж ирснээр гурил үйлдвэрлэл шинжлэх ухаанч болж ирлээ. С.Хажидсүрэнгийн дурсамж үүнийг баталдаг. Атар эзэмшсэн эхний жилүүдэд Булган аймгийн намын хороо, АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга нар буудайн тухай огт мэдлэггүй мөртөө хураасан болгоныг авч тээрэмд гэж шахдаг байжээ. Нэг удаа Хархорины САА-н хорт харууны үлэмж хольцтой 300 тонн буудайг ав гэж шахаад, авахгүй бол хариуцлага тооцно гэхээр нь нэг машиныг тээрэмдээд 10 гаруй шуудайг савлаад дарга нарын тусгай дэлгүүрт нь буулгуулжээ. Шинжлэх ухааныг үүнээс илүү энгийнээр, ой тойнд нь суутал яаж ойлгуулах билээ. Булганы араас Улаанбаатар, Улаангом, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай гээд тариалангийн нутгуудад ар араасаа гурилын үйлдвэр ашиглалтад орсон тул 1972 онд “Гурилын үйлдвэрийн нэгдэл” байгууллаа. Энэ цагаас гурил, тэжээлийн стандарт тогтоосон бөгөөд 1963 онд хэвлэсэн “Талх, чихэр боовон бүтээгдэхүүний улсын стандартуудын эмхтгэл”-д “Улаан буудайн гурил УСТ 244-60”, “Хүүхдийн будаа УСТ 243-60” гэж тус тус бүртгэгджээ. Гурилын чанарыг үнслэг, цавуулаг зэрэг физик, химийн шинж чанараар тогтоодог ч монголчууд “Үг даавал хүн болсны шинж, ус даавал гурил болсны шинж” хэмээн зүйр үгээр илэрхийлж сурсан юм. 

Уриа лоозонгоос урлаг соёлд

Социализмын үеийн гурилын үйлдвэрүүдийн ерөнхий төрхийг "Тойрох хуудас" МУСК-оос харж болдог. Гурилын үйлдвэрийн ажилчид пургисан гурил дунд ажилладаг байсныг ахмад ажилчид дурсдаг юм билээ.

Социализмын тоо томшгүй лоозон дунд гурил ч байр сууриа эзэлсэн байж таарна. Ард олон харин хэлц үг олныг зохиожээ. Арвайн гурилаар хийсэн балинд хүнд тохиолдох гай барцдыг шингээн золиг гаргадаг ламын үйлээр жишээлсэн “Нүглийн нүдийг гурилаар хуурах” гэдэг хэлц хамгийн өргөн хэрэглэгддэг. Товчлоод “Гурилдах” ч гэнэ. “Гурилын хулгайчийн гуя цагаан” гэж үг бий. Социализмын жилүүдэд уран зохиолд гурилыг тухайлан өгүүлэх боллоо. Тухайлбал Ардын хувьсгалын удирдагч мэтээр дүрслэгдэж ирсэн Д.Сүхбаатар багадаа ажил хийж хөлсөнд нь өгсөн гурилыг чамлаад асгасан тухай өгүүлэх Ч.Лувсанжавын “Шанага гурил” багачуудад зориулагдсан. Увсын соёл урлагийн 10 хоногийн үеэр 1964 онд хэвлэсэн тус аймгийн зохиолчдын эмхтгэлд А.Самбалхүндэвийн тээрмийн тухай угсраа гурван шүлэг багтсан буй. Зохиолчдоос гурилтай холбоотой хамгийн олон бүтээл тууривсан хүн бол Жагдалын Лхагва. Тэрээр нэгэн туужаа Ц.Доржготовтой хамтран кино зохиол болгож, Ж.Сэлэнгэсүрэн найруулсан “Тойрох хуудас” уран сайхны кино 1979 онд дэлгэцнээ гарчээ. Гурилын үйлдвэртэй Сүхбаатар хотод ажиллаж амьдарч явсан Ж.Лхагвагаар “Халуун гурил” (1966), "Ахыг дагасан хүн" (1987) өгүүллэгүүд овоглодог.

Социалист мөрөөдөл ба капиталист бодит байдал

Нэгэн жарныхаа түүхийг бичсэн "Алтантариа" компани 1959 оны 12 дугаар сарын 29-нд буюу 1911 онд Богд хаант Монгол улсыг тунхагласан өдөр ашиглалтад оржээ.

Өнгөрсөн зууны наяад онд социалист Монголын гурилын үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлаараа улсаа хангачихаар болжээ. Гэвч 812 мянган тонн буудай хурааж авсан 1986 оныг эс тооцвол түүхий эд дутна. Гэлээ гээд бид гурил экспортолж ч явлаа. Манайхаас төрөл бүрийн тусламж авдаг байсан Вьетнам руу бид хоёрдугаар гурил чамгүй гаргажээ. Нам засаг “Улсын хэмжээнд нэг хүнд ногдох гурил, гурилан бүтээгдэхүүн 1985 онд 103 кг байна. 1990 онд 111 кг, 2000 онд 112 болж нэмэгдэнэ” гэж тунхагласан ч чанх эсрэг эргэж 1990 онд 189.8 мянга, 2000 онд бүр 40.2 мянган тонн болж хэрэгцээнийхээ 17.8 хувийг л дотооддоо үйлдвэрлэжээ. Үүний шалтгаан мэдээж нийгмийн эрс өөрчлөлт. Социализм нурж, зах зээлд шилжсэн эхний жилүүдэд Монголыг дайрсан үзэгдэл. Гэхдээ эндээс л жам ёсны зөв голдиролоо олох өөрчлөлт эхэлсэн юм. Өмч хувьчлалаар ажилчдынхаа мэдэлд очсон гурилын үйлдвэрүүдийг гадна дотны хөрөнгө оруулагчид худалдаж авснаар заримд нь техник технологийн дэвшил гарсан. Нөгөө нэг нь тоногдож, барьцаа хөрөнгө төдийхөн болсон нь ч байлаа. Бүл нэмж бүрийн шинээр үүссэн нь ч олон. ТЭДС мэт төрийн “хайр халамж”-ийг эс тооцвол өдгөө компаниуд чанар, үнэ, бүтээгдэхүүний төрлөөрөө өрсөлдөж байна. Одоо ч лангуун дээр Орос, Казахстаны бүтээгдэхүүн байгаа боловч зах зээлийнхээ 20 хувийг дангаараа хангадаг “Алтан Тариа” тэргүүтэй үндэсний үйлдвэрүүдийн технологи дэлхийтэй хөл нийлсэн. Хоёр зуун жил хүний өөрийнгүй хөрөнгө мөнгө, хүч чадал, авьяас чадвараа шингээсэн Монгол гурилын түүх товчхондоо ийм буюу.