Мөн ч муухай явдлууд болж байна. Муу Ерөнхий сайдын үед ийм явдал болдогийг бид харсан. УИХ-ын 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өрөөнөөс тагнаж чагнах төхөөрөмж илэрсэн” гэдэг мэдээллийг хийсэн. Хоёр жилийн дараа буюу 2016 оны дөрөвдүгээр сарын эхээр, сонгуулийн уур амьсгал хэдийнэ эхэлсэн байхад “Төрийн нууцыг задалсан гэх үндэслэлээр түүнийг шалгуулах хүсэлт тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарын ширээн дээр очиж байв. 

2017 оны 10 дугаар сарын 26. Эхлээд ТЕГ-ын дарга Б.Хурц, дараа нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нэг өдрийн дотор ээлж дараалан бие биеийнхээ эсрэг хурц мэдэгдлүүд хийж олон нийтийн сэтгэлзүйд сөрөг ойлголт өгсөн ёстой новшийн өдөр болсон. Сонирхолтой юу, сонирхолтой. Гэхдээ сонирхолтой бүхэн гоё байдаггүй юм. Олон нийт хамгийн итгэж явдаг институциудынхээ энэ зөрчилд гутаж байв.

Тэр өдөр Б.Хурц нөхцөл байдлыг урьдчилан мэдэрч Ц.Нямдоржийн Тагнуулын байгууллагын эсрэг хэлсэн, хийсэн үйлдлүүдийн талаар мэдээлж, харин Ц.Нямдорж “Б.Хурцыг тав хоногийн дотор ажлаас чөлөөлнө” гэж мэдэгдсэн. Мэдэгдэлдээ эзэн бол Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 31-ний хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг чөлөөлж, оронд нь Д.Гэрэл томилогдов. 

Д.Гэрэлийг 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд томилж байв. Харин үүнээс жил нэг сарын дараа буюу 2013 оны тавдугаар сарын 19-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Ариунсанг томилж байсан юм.Н.Алтанхуяг Тэрбээр Д.Гэрэлээр “ногоон малгайтны ажил” хийлгэх гэсэн ч санаснаар болоогүй. Үүнийгээ илэрхийлэхдээ “Якунины захидал надад ирэхээс өмнө сонин дээр гарсан. Захидлыг задалсан хүнийг олоод ир гэхэд биелүүлээгүй. Солонгосоос шатахуун оруулж ирье гэхэд хэдэн авлигач нь нийлж байгаад Солонгосын компаниас 30 мянган ам.доллар идчихсэн байсан. Мөнгө хүлээж авсан хүнийх нь гарын үсэгтэй баримтыг олж егөөд энэ хэргийг тодруул гэхэд тэгээгүй. “Роснефть” дээр очоод шатахууны үнээ битгий буулга. Нэмээд бай гэж хэлсэн хүн бий. Тэр хүнийг мөн олоод ир гэсэн ирээгүй. Ийм байхад нь даргыг нь өөрчлөхгүй яах юм бэ” гэсэн нь сонинууд дээр бичээстэй байгаа. Ерөнхий сайд Тагнуулын ерөнхий газрын даргаас ийм зүйлийг хүсдэг байх нь. 

Харин өнөөдөр? Д.Гэрэл бол Ерөнхий сайдын томилсон хүн биш. У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболд нар мянгантаа хүсэвч томилж чадахгүй байгаагийн цаана ямар учиртайг ҮАБЗ л мэдэх байх. Өнөөдөр асуудал юунд байна вэ гэвэл “Тагнуулын ерөнхий газрын дарга Та Тагнуулын тусгай албаны дэргэдэх тусгай ажиллагааны хэлтсийн нэр бүхий ажилтан гадаадын болон дотоодын иргэнийг дээрэмдсэн тухай сонссон уу?”. Бараг л үгүй биз. Гэрээсээ бичдэг нийтлэлч миний сонссоноор бол “танайхан” цагдаагийнхнаас түрүүлж хэргийн газарт очоод цагдаагийнхандаа гардуулчихаж гэж сонссон. Үүнийг скандал гэх үү, зөрчилдөөн гэх үү хэлж мэдэхгүй юм. 

Аль нь ч байлаа гэсэн жигшүүрт хэрэг гарч. ТЕГ-ын удирдлагууд хуралдаж 2020 оны нэгдүгээр сарын 31-ний баасан гаригт Тусгай ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ш.Болорсүхийг халж оронд нь Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад, Самбо бөхийн ОУХМ Т.Отгонзаяаг томилжээ. Томилгооны хувьд буруу зөв бидний асуудал биш. Томилогдсон хүн нь цагдаагийн байгууллагад бага залуугаасаа гавьяаны амралтад гартлаа ажилласан “Сэлэнгийн” Төртогтох хошуучийн хүү, удамтай ажилтан аж. Харин тус газрын дэд дарга Гантулгын оронд ТЕГ-ын Аюулгүйн албаны дарга Г.Амгаланбаатар нарыг томилсон байна. Түүнийг 2018 оны 10 дугаар сарын 2-нд Голомт хотхонд гадаадын иргэн Монголд тагнуулын ажиллагаа явуулсан гээд дөрвөн хайрцаг баримт авч явах үеэр мэдээлэл хийж байснаар нь олон нийт анзаарсан байх. 

Хамгийн гол нь ТЕГ-ын дарга хариуцлага хүлээсэнгүй. Удирдаж буй байгууллагынх нь ажилтан ийм гэмт хэрэгт холбогдсоныг мэдээгүй учраас хариуцлага хүлээдэггүй юм уу? Эсвэл тус хэлтсийн гэм буруутай үйлдэл гэдгийг тогтоочихоод хариуцлага тооцож байгаа нь энэ үү? гэх эргэлзээ хэвээр үлдсэн. Хэрэв ЦЕГ-ын алба хаагчид ТЕГ-ын алба хаагчийг үүрэг гүйцэтгэж байхад нь “үйлдэл дээр нь баривчилсан” уу? 

Өнгөрсөн зун тус газрын удирдлагуудын нэг нь хүчингийн хэрэг хийсэн мэтээр, дараа нь хар тамхины хэрэгт үүрэг өгөөд явуулсан гэж, энэ удаад дээрмийн хэрэгт оролцож байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх энэ мэдээллүүдийн эцэст уншигчид иргэд ямар мэдээлэл, ойлголттой үлдэх ёстой юм бол? 

Хэрэв ТЕГ-ын дарга, саяхан бригадын генерал цол хүртсэн Д.Гэрэлийг “оролдож” байгаа бол ажилтнуудаар нь оролдмооргүй юм. Ажлыг нь авмаар байгаа бол удирдлагаар хангаж чадаагүй гэх хангалттай үндэслэл хуримтлагдлаа. Саяхны жишээ л гэхэд Г.Батхүү агсны амь нэхэгдэх энэ эгзэгтэй цаг үед буюу 2020 оны 1 дүгээр сарын 14-нд “МАК” группийн хамгаалалтын албаны дарга асан Тэмүүлэнг яагаад Төрийн ордны хамгаалалтыг хариуцдаг Төрийн тусгай хамгаалалтын албаны дэд дарга болгочихов? Ерөнхийлөгчийн хамгаалалтын тасгийн даргаар ажиллаж байгаад халагдсан түүнийг тун удалгүй энэ албанд томилсон нь яагаад анхаарал татахгүй гэж? 

УИХ-ын гишүүнээс татгалзтал нь Н.Номтойбаярыг “оролдсон”-ы учир юунд байв? МАК-ийн гадаад харилцааны хэлтсийн Г.Алтансүхийг ТЕГ-ын дэд даргаар, улмаар Ашигт малтмалын газрын даргаар томилж байсан хүн бол Ерөнхий сайд асан Сү.Батболд. Тэрбээр АМГ-ын даргаар 2012 оны 10 дугаар сарын 9-нд томилогдсоноосоо хойшхи хоёрхон жилийн хугацаанд хэчнээн лицензийг МАК-т, Б.Чойжилсүрэн гишүүний хувийн компаниудад, ИБУИНВУ, Сингапур, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудад өгсөн талаарх баримтууд арай л дэндүүлсэн ч ардаа шүүгчтэй ажиллагаа л болж үлдсэн. 

Өнөөдөр яг тэр дүр зураг давтагдаж байна. Асуудлын гол нь томилгоондоо л байдаг бол байгууллагынх нь нэр хүндэд халдахгүйгээр Д.Гэрэлтэй хариуцлагаа тооцох ёстой. Учир нь тагнуулын байгууллага бол иргэдийн итгэл найдварын сүүлчийн цайз. Тиймээс “Гэрэл унтраах ажиллагаа” гэрээ нураахад хүрснийг сануулах ёстой.