“Эзэн Хаан” Путин титэмээ алдах уу?
Гэхдээ Путин бол маанаг Брежнев, согтуу Ельцин биш. ОХУ-ын Ерөнхийлөгч гэдэг албан тушаал нь Путины өнгөн дээр дундад зууны үеийн хэмжээгүй эрхэт “Эзэн Хаан” болсон гэж мэд ! Орост хэн түүнийг дийлэх юм бэ, одоо?
“Эзэн Хаан” Путин титэмээ алдах уу?

Ухаангүй “Хаан”-ы урагшгүй албатуудын байж байгаа царайг хараад, уурлаж бухимдсан Москвагийн элитүүд хуйвалдан “Operation Twilight” ('Үдшийн ажиллагаа”) нэртэй төрийн эргэлтийн аюултай Путин нүүр тулж магадгүй байна”гэж Британы Mirror сонины 2026.04.18-ны дугаарт бичсэнийг уншлаа.
Уг нийтлэлд, Орос гүрэн “1905 онд Японтой хийсэн дайнд ялагдсан явдал давтагдаж болзошгүй” гэсэн нэгэн хувилбар хаа сайгүй яригдаж байна” гэжээ. Хаа сайгүй гэдэг нь Лондонд ч, Улаанбаатарт ч бас Вашигтон, Токио, Канберра, Бангкок, Будапешт, Найроби, Варшавт ч, мэдээжийн хэрэг Киевт, гудамж талбай, албан тасалгаа, айл өрх, нийтийн унаа, ууш цэнгээний газар, ер нь хаа сайгүй л ил тод ярьцгааж элдэв таамаг, хувилбарууд дэвшүүлцгээж байна гэсэн үг байх. Уншигч та ч бас тэдний нэг байж магадгүй. Харин Орост бол Москвад, хот тосгодод, хөдөө хээр, фронтууд дээр, орон дотроо шивнэн ярьж байгаа л даа !
Тус сонины редакцид Эстониос “Оросын цэрэг тагнуул, улс төр, эдийн засаг, банк санхүү, бизнесийг атгадаг полигархи баячууд өөрийн хөрөнгө, нэр төрөө аварч үлдэхийн тулд ямар ч утгагүй дайн хийж байгаа “Хаан”-ыхаа эсрэг 'Үдэш-ийн цагаар “довтлож” магадгүй бололтой” гэсэн утгатай мэдээлэл иржээ.Гитлерийн “Урт хутганы шөнө”-ийг санаж байна уу? Түүнийг давтах гэж байгаа юм болов уу? Хэрэв ийм бүтэлгүй янзаараа цаашид “мөлхөөд” байвал тун магадгүй.
Орост “толгойгоо сольдог” хэд хэдэн сонгодог арга бий. Оросын полигархиуд КГБ-ФСБ-тэйгээ хуйвалдан “Эзэн Хаан”-аа“нас барсан” гэдэг “эмгэнэлт-инээдмийн жүжиг” дахин нэг үзүүлж магадгүй л байх. Аймшигт КГБ-ФСБ бол Ленин, Сталин, Брежнев, Андропов, Ельцин нараа “нас баруулаад” араас нь “гашуудан уйлдаг” нэг “мэргэн” аргатай.Угаасаа сурцтай.
Эсвэл, “Хуурамч Дмитрий хаан”-ыг гаргаж ирж нэг болох юм. Дараалсан гурван “Хуурамч Дмитрий хаан” 1607-12 онд Орост хаанчлав. Яг засгийн эрхийг бол тэр үед “Ордны тайганууд” барьж байсан. Тэд 1970-80-аад онд Брежневийг, 1990-ээд онд Ельцинийг “хүүхэлдэй” болгоод засаглаж байсан туршлагатай. Тэр сценари нь юу гэхээр, Путин гэдэг хүн бол байж л байна. Мэдээжийн хэрэг эрх мэдэл нь “нету-ла”. Тэр бээр олны өмнө харагдана. Гэхдээ Ельцин шиг ил тод ууж идээд явахгүй, нуугдаж байдаг бункерээсээ on-line-аар харагдана. Амжилттай байлдаж байгаа тухайгаа сайхан ярина, Амь тариа. Ард түмэн тайширна. Яг Лавров шиг. Лавров ОХУ-ын Гадаад яамыг одоо ч de jure толгойлж байгаа л даа. Гэхдээ хөөрхий аль эрт гэрийн хорионд de facto орсон байх.
Гэхдээ Путин бол маанаг Брежнев, согтуу Ельцин биш. ОХУ-ын Ерөнхийлөгч гэдэг албан тушаал нь Путины өнгөн дээр дундат зууны үеийн хэмжээгүй эрхэт “Эзэн Хаан” болсон гэж мэд! Орост хэн түүнийг дийлэх юм бэ, одоо?
Түүний дэргэд АНУ-ын Ерөнхийлөгч жулдана. Түүнийг Конгресс, Сенат, Шүүх, Прокурор, сөрөг хүчин нь, намын нөхөд нь, сонгогчид нь, ард түмэн нь “Боль чи” гээд зандарч “дээрэлхэж” чадна. Британи, Япон, Тайландын Эзэн хаад бол ёстой жинхэнээсээ “хүүхэлдэй” шүү, Путины дэргэд. Африкийн “Хаад” дөхөж очиж магадгүй. Ким “дүү” нь харин дөхөж очихоор барахгүй давж гарах байх. Иймд КГБ-ын мастер-чекист Путинтэй ингэж “тоглох” бол тун осолтой !
Гэхдээ л ”нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг ардын мэргэн үг бий.
Полигархиуд КГБ-ФСБ-тэй хуйвалдан “Эзэн Хаан”-аа гэрийн хорионд оруулаад дайныг зогсоон, түүнийг “өндөр үнээр” Олон Улсын Шүүхэд “зарах” нэг хувилбар бас бий. Энэ их унацтай наймаа. Далиманд нь дайн зогсоосон гавьяатай. Тэд бол хоосон үзэл сурталчид биш сонгодог прагматикууд гэдгийг нэг бодчихоорой.
Нэг иймэрхүү хар сэр явж байтал 2026.04.22-нд Орос-Зөвлөлтийн цуст хувьсгалын удирдагч В.И.Ленин “багш”-ынхаа төрсөн өдрөөр Оросын хоёр дахь том нам болох Коммунист намын дарга Г.Зюганов Төрийн Думд үг хэлэхдээ “Бид Ерөнхийлөгч Путинийг болон түүний стратеги, бодлогыг дэмжихийн тулд чадах бүхнээ хийсээр ирсэн. Харин та нар (Засгийн газар) сонсохгүй байна. Хэрэв та нар (Засгийн газар) санхүү, эдийн засаг болон бусад яаралтай арга хэмжээг нэн даруй авахгүй бол энэ намар гэхэд 1917 онд болсон явдал давтагдах аюул биднийг хүлээж байна. Бидэнд тэр алдааг давтах эрх байхгүй. Ямар нэг шийдвэр гаргацгаая!” хэмээн мэдэгдлээ гэж Москва дахь Reuters агентлагийн сурвалжлагч “Leader of Russia's Communists warns parliament of risk of revolution due to faltering economy” гарчигтай нийтлэлдээ дурьдсан байна. Өөр ч олон эх сурвалж энэ сонирхолтой мэдээг дамжуулж байна.
Оросын коммунистуудын удирдагч “Путины зарлан хуралдуулсан саяхны засгийн газрын хурал “...хамгийн түгшүүртэй уур амьсгалд дунд болж өнгөрсөн” гэж нэмж хэлжээ. Яасан юм бол? Хэрэлдсэн юм болов уу,эсвэл нармайгаа нээлцэв үү?
Энэ сүүлчийн өгүүлбэрийг анхааралтай уншвал “Эзэн Хаан”-ы өөрийнх нь сонгож авсан сайд нар нь эзнээ үл тоомсорлоод эхэлжээ гэмээр тун ноцтой агуулга уншигдаж байх шиг. Энэ өгүүлбэрийг эргүүлээд “Operation Twilight”-тай холбоод бодохоор логик нь гараад ирж байгаа юм биш үү?
Зюганов өнгөн дээрээ Засгийн газар луу дайрч байгаа боловч энэ сайдуудыг хэн томилсон билээ гэдгийг бяцхан орос хүүхэд ч мэднэ дээ. Түүнийг энэ үгээ хэлж байхад Думын танхимд зарим гишүүд (айж ичсэн шинжгүй ?) алгаа (хорстол ?) ташиж байхыг Төрийн Думын дарга, Путины ойрын холбоотон В.Володин тун анхааралтай (магадгүй нэн түгшүүртэй ?) сонсож суусан байна.
Лондонгоос илгээсэн “1905 онд Японтой хийсэн дайнд ялагдсан явдал давтагдаж болзошгүй байна” гэсэн түгшүүрийн дохионы дуу замхраагүй байхад дөрөвхөн өдрийн дараа Оросын төрийн индрээс “1917 онд болсон явдал давтагдах нь” гэсэн бас нэг түгшүүрийн дохио залган хангинаж байгаа нь байдал тун ноцтой болсны шинж байх. “1917 онд болсон явдал” гэдэг нь Октябрь сарын цуст хувьсгалаар Оросын Хаант төр нуран унасан үйл явдлыг хэлж байгааг манай мэргэн уншигчид мэднэ дээ. Тэгэхээр ийм эмгэнэлт явдлуудаасаа сургамж авч Оросууд одоо ямар алхам хийх нь вэ гэдгийг дэлхий нийт анхааралтай харж байна.
Одоо “Эзэн Хаан” Путин титэмээ алдах уу? гэдэг асуудал руугаа эргэж оръё.

Хийсвэрээр сэтгэвэл (бас онолын хувьд ?) боломжтой нь ойлгомжтой. Харин бодит амьдрал дээр бол асуудалтай. Гэхдээ л аминд тулсан цагт ямар ч асуудлыг шийдэж болдог. Тэр тусмаа эрх мэдэлтнүүд нь мөнгөтөй хүмүүстэйгээ нэг талдаа гарчихвал тулгарч буй асуудал “Онолын хувьд” биш бодит амьдрал болон хувирна.
Оросын диссидент Игорь Эйдман “The Sun”сонинд ярилцлага өгөхдөө “Олигархууд болон бизнесийн магнатууд урт хугацаанд Путинд эрх мэдлээ бататгах гол тулгуур болж ирсэн. Гэсэн хэдий ч, Украинд халдан довтолсноос хойш Орос улс барууны эдийн засгийн хоригт орж баячуудын банкан дахь асар их зоос нь аривжих биш гоожиж дуусах нь.
Тэд энэ дайныг үтэр түргэн дуусгаж, баян Европын зах зээлийг эргүүлэн олж аваад нүүрс болон газрын тосоо элдэв хоригоос ичиж эмээлгүй зарж борлуулан, Баруун руу чөлөөтэй аялдаг байсан хуучны сайн цаг үеэ эргүүлэн авчирахыг маш их хүсч байна,
Гэтэл “Эзэн Хаан” дайны ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд улсынхаа хамгийн баян иргэдийн халаас руу гар дүрж байгаа нь олон арван жилийн дараа анх удаа, эрх баригчид болон элитийн ашиг сонирхолтой ил тод зөрчилдөж байна. Баянчууд тайван, тав тухтай амьдарч байсан бол одоо тэд байнга стрессдэж байна. Тасралтгүй өсөж буй төсвийн алдагдлын цоорхойг нөхөх гэж үйл тамаа үзэж байгаа" гэж ярьжээ.
Оросын батлан хамгаалах зардал 2025 онд 144 тэрбум $ байсан бол энэ онд 160-170 тэрбум болж өслөө. Гэхдээ үүн дээр дотоод аюулгүй байдал, тагнуул, Росгвардия, эзлэгдсэн бүсийн зардлыг нэмбэл дайны бодит зардал үүнээс илүү тоо сонсогдоно. Энэ дотор “Русский Мир” стратегийг хэрэгжүүлэгч “Русский Дом”-ын 1.000.000.000 $-ыг (нэг тэрбум) тараан байрлуулж нуудаг. Тэр их мөнгөөр гадаад дахь “5 дугаар цуваа”-гаа “хооллодог” гэнэ.
Тэдний дотор УБ дахь РЦНК-ийн “албат боолууд” болчихоод байгаа юм шиг сэжиг төрүүлдэг манай Ояа-Мояанууд багтдаг байх гэж би харддаг. Тэд үүнийг нь хэлсний төлөө галзуу юм шиг сүрэглэн дайрдаг. Яасан ч завтай юм, хүлээгээд сууж байдаг юм болов уу гэж хүртэл бодогддог.
Надад сайн санаж явдаг найз нөхөд, чи Оросын талаар ширүүн бичиж байгаа чинь Монголд байгаа ар өврийнхөнийг чинь хэцүү байдалд орж болзошгүй гэж анхааруулдаг. Нийтлэл бичсэн цагаасаа эхлээд сайтууд дээр бол хараал зүхэл, доромжлолыг бишгүй л нэг сонслоо, уншлаа.
Тэр ч байтугай “ална, хядна” гэсэн заналхийлэл сайтууд дээр цөөнгүй харагддаг.
Энд хоёрхон жишээ л оруулъя.
Миний бичиж “Гого.мн” дээр 2026.03.30-нд нийтлэгдсэн “Унгар: Дэлхийн геополитикийн “тэнхлэг”-ийг эргүүлчих юм биш биз?” гэдэг нийтлэлийн доор нэгэн уншигч 66.181.176.186 хаягаас "Ш..а чи муу новш, хулгайч Зеленкскийгийнхээ ...выг хөхөөд тэр чигээрээ зайлаарай, Монголд ирдэг юм бол ална” гэж бичжээ !
Бас нэг уншигч “Ираны лалын тамыг устгаж байна!” (“Сонин.мн”,2026.03.30) нийтлэлийн доор 103.57.95.22 хаягаас "Энэ муу зураач п...дааг Монголд ирвэл алах цаг болжээ.”Америкийн алуурчдыг магтаж дуулах эрх энэ муу цагаач зураачид байхгүй. Энэ х..рийн ах дүү нар гэж ямар юм байна вэ. Мэдрэл х..ртээ хэлж элдэв а....рчдын магтаал бичдэг байдлыг таслан зогсоохыг ах дүү нар нь хэлбэл яасан юм бэ. Муу цагаачийн Авгай хүүхдийг нь олж мэдээд дарамтлах хэрэгтэй". (Үг үсгийн алдааг нь зассангүй. Харин эвгүй үгнүүдийг зохих хууль дүрмийн дагуу хураангуйлав.)
Иймэрхүү заналхийлэл цөөнгүйг уншсан миний эхнэр хүүхдүүд намайг нийтлэл бичихээ болихыг шаардсан, би ч больдог ч юм бил үү гэж бодож байсан тал бий.
Түүнчлэн, “Энэ мэдрэл юмны бичмэр болсон юмыг юу гэж нийтлээд байна аа, танай сайт болиоч ээ” гэсэн утгатай шаардлагууд нилээн харагддаг. Эдгээр нь нөлөөлдөг үү, яадаг ч юм бүү мэд, “Икон.мн” бас миний нийтлэлүүдийг авахаасаа татгалзсан юм шиг байна. Харин "Сонин.мн" тууштай дэмжиж байсанд, одоо ч дэмжсээр байгаад би их баярладаг.
Ийм таагүй цаг үед намайг хамгаалан, санаа бодлоо чөлөөтөй илэрхийлэх боломж олгож буй “Монголын шилдэг нийтлэлчдийн клуб. Баабар.мн”, эрхэм Баабар (Б.Батбаяр), Г.Буянбаатар, Г.Баярмагнай болон хамт олонд нь талархалаа илэрхийлье.
Энэ мэтийн дайралтаас жийрхээд хүмүүс амаа хамхидаг болоод удаж байна. Нэг үгээр тэд энэ балмад зангаараа түрий барьж Ардчилсан Монгол улсын иргэнд Үндсэн Хуулиар олгогдсон санаа бодлоо чөлөөтөй хэлэх, илэрхийлэх эрхэнд халдаж байгаа юм. Тэдний энэхүү зэрлэг, балмад авирлалаас олонхи нь айж ичин дуугаа хураагаад байвал тэд цаашид улам л даврана. Бид загас шиг дуугүй болно Тэд үүнийг л хүсэж байгаа. Тэд бол нийгэмд аюултай хүмүүс.
Тэгэхээр одоо яах билээ, бүгдээрээ? Тэднээс айгаад дуугүй л суугаад байх уу? Бод бод !
Одоо эргээд Оросынхоо тухай үргэлжлүүлье.
Украинд дайн үргэлжилсээр байвал цаашид ер нь яаж амьдрах юм бэ гэдэг асуулт Оросын баячуудын шүдний өвчин болоод тавтай ч унтаж чадахгүй шаналах аж. Тэд амь нас, нэр хүндээ золин байж “Москва голын мөсийг долоох шахам олж авсан хэдэн зоос”-оо Барууны банкуудад цоожлуулчихаад, үлдэж байгаа хэдийг нь өдөрт дундчаар хагас тэрбум доллар залгидаг “дайны машин” гэдэг ханаж цаддаггүй “мангас”-ын аманд цутгасаар байгаад залхаж дуусч байх шиг байна.
Оросын холбооны төсвийн алдагдал 2026 оны эхний улиралд 4.6 их наяд рубль ($58.8 тэрбум) хүрсэн нь бүтэн жилийн зорилтот хэмжээ болох 3.8 их наяд рублиэс ($48.6 тэрбум) хол давсан гэж тус улсын Сангийн Яамнаас гаргасан тайланд дурьджээ.Энэ хугацаанд төсвийн нийт орлого 8.2 хувиар буурч, 8.3 их наяд рубльд хүрсэн бол төсвийн зардал нь 17 хувиар өсөж, 12.9 их наядад хүрсэн байна.Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников “Манай эдийн засаг уналтын ирмэг дээр ирлээ” гэж өнгөрсөн намар мэдэгдэж байсан. Одоо ирмэгээ даваад бүр уналт руу шилжиж байгаа бололтой. Энэ зун ёроолдоо хүрэх гэж байгааг Г.Зюганов хэлэв үү? Албан ёсны Росстатын тооцоогоор ч инфляцийн түвшин 40 хувиас давсан болохоор арга байж уу.
Иран, Ормузын хоолойг хаах үед дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч Орост хэдэн зоос олох боломж гарч байгаа боловч Украинчууд нефтийн агуулах, терменалуудыг нь ээлж дараалан дрондоод амар заяа үзүүлэхгүй ядаж байтал Оросын“сүүдрийн флот”-танкеруудыг Европын орнууд замаас нь таслан зогсоож, заримыг баривчлан энэ төлөвлөгөөг нь тасалдуулаад байна.
Тэгээд тэд эцэстээ тулж Зюгановын уриалсанчлан “ямар нэгэн юм” хийх гэж байгаа бололтой. Энэ зун их юм болно оо гээд л би бичээд байгаа шүү. За бүгдээрээ харж л байя !
Эрх мэдэл, мөнгө зоосоо үүрд алдаж мэдэхээр болсон засаглалын дээд хүрээнийхэн, полигархи баячууд төдийгүй хүн хүчний эцэс төгсгөлгүй гарз хохирол, эдийн засгийн дарамт, амьдралын доройтолд гомдож цөхөрсөн жирийн иргэд, ажилгүйчүүд, ядуучууд, нэн ялангуяа дайнд амиа алдагсад болон шархдаад фронтоос эргэн ирэгсдийн ар гэр, нийгмийн зиндаанаасаа үл хамааран уур хилэн нь туйлдаа хүрч оюун санааны хувьд бүгд нэгдэн Путины эрх мэдлийн суурийг ганхуулж байгаа мэдээлэл Оросоос, дотроос нь ирж байгаа тухай мэдээ баруунд тасралтгүй гарч байдаг юм.
Харин манайд их өөр юм байна билээ. Оросын телевизийн сувгууд огт өөр мэдээ дамжуулж байхыг би өөрөө үзсэн. Нээрэн, үнэнийг хэлэхэд байнга тийм мэдээ, мэдээлэл аваад байвал яах аргагүй толгой эргэж, тархиа угаалгаж мэдмээр юм байна билээ шүү ! Тэнд “яг эсрэгээр нь ярь” гэдэг “их багш” Ленин-Сталиных нь сургааль бодитойгоор хэрэгжиж байна.
Барууны хэвлэл-мэдээлэл бол бизнес платформ юм. Ашгийн төлөө ажилладаг компаниуд гэсэн үг. Хэрэв тэд хуурамч мэдээлэл тараагаад байвал уншигч сонсогч, үзэгчид нь үргээд алга болж өгнө. Хуурамч бараа зараад байвал хар аяндаа “шатаад” дуусдаг бүтэл муутай компани үйлчлүүлэгчдээ алдаж хаалгаа барьж байгаа юм шиг. Харин Оросын хэвлэл-мэдээлэл бол төр засгаасаа санхүүжинэ. Тэдний эрх ашгийг хамгаалсан хичнээн ч хуурамч мэдээлэл тараасан “шатах” аюул байхгүй. Бүтэн зууныг илээсэн арвин туршлагатай. Бүр “Русская Пропаганда-Fake News” гээд бүр хэллэг ч байдаг шүү ! Түүнээс Оросын сэхээтнүүд нь их жигшдэг. Зураачид, уран бүтээлийн сэхээтнүүд нь бүр Зөвлөлт засгийн үеэсээ үзэж чаддагүйг би мэдэх юм. Оросын нийгмийн бүх давхрага “Эзэн Хаан”-аасаа нүүр бууруулж эхэлсэн юм биш үү? Дайн эхлэхэд 70 хувь байсан дэмжлэг 20-25 хувь руу унасан мэдээ лав сар гаруйн өмнө сонсогдож байсан. Энэ нь улам л багассан биз.
Путиныг тун аюултай байдалд оруулсан эргэн тойрных нь “цөөвөр чонууд” түүн рүү эв нь таарвал тал талаас нь ноцоход бэлэн болсон бололтой. “Эзэн Хаан” Путин титэмээ ч алдаж магадгүй гэж Барууны олон ажиглагчид үзэж байна. Дарангуйлагч унах үед "Даалууны эффект" үйлчилдэг. Путин унах нь одоо цаг хугацааны л асуудал байх. Ганцхан "даалуу" сугалахад л систем нурдаг зүй тогтолтой. Харин тэр “Ганцхан даалуу" нь хэн бэ, юу вэ? Хэн түүнийг “сугалах” вэ?
“Ямар нэг шийдвэр гаргацгаая!” гэж Зюганов уриалж байгаа нь юуны дохио вэ?
Тодын Отгонбаяр. (Лондон зураач) 2026.04.23-24

