Эрэн сурвалжлах сэтгүүл зүй л ардчиллыг аварна
Хонь шиг номхон ард түмэн чоно шиг засаг төрүүлдэг гэсэн үг бий. Бид даруу төлөв, номхон байсныхаа "ачаар" Хөгжлийн банкны "гашуун түүх"-ийг сонсож буй цаг. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй л Монголын ардчиллын түшиж туслах сүүлийн "багана" болж байгаатай маргаад хэрэггүй. Ардчиллын төлөө зүрх сэтгэлтэй олон хүн байдаг ч харин ардчиллын төлөөх "авлига, шударга бус"-ын дайны фронт дээр ил тодоор эрсдэл үүрэн тэмцэж чаддаг нь тун цөөн, энэ "цөөн" байдаг тэмцэгч, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн "ач буян"-аар нийгэмд өөрчлөлт бий болдог.
Хонь шиг номхон ард түмэн чоно шиг засаг төрүүлдэг гэсэн үг бий. Бид даруу төлөв, номхон байсныхаа "ачаар" Хөгжлийн банкны "гашуун түүх"-ийг сонсож буй цаг. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй л Монголын ардчиллын түшиж туслах сүүлийн "багана" болж байгаатай маргаад хэрэггүй. Ардчиллын төлөө зүрх сэтгэлтэй олон хүн байдаг ч харин ардчиллын төлөөх "авлига, шударга бус"-ын дайны фронт дээр ил тодоор эрсдэл үүрэн тэмцэж чаддаг нь тун цөөн, энэ "цөөн" байдаг тэмцэгч, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн "ач буян"-аар нийгэмд өөрчлөлт бий болдог. Иймд тэднийг элдэв төрлийн гүтгэлэг, доромжлол, худал мэдээлэл, дарамт, хүчирхийлэл, сүрдүүлэг, заналхийлэлээс хамгийн түрүүнд хамгаалж байх ёстой юм. Авлигажсан улс төр-эдийн засгийн тогтолцоог задлах хүч чадал, нөлөө улс төрийн намд биш, эрэн сурвалжлах сэтгүүл зүйд л байна.
Харин эрэн сурвалжлах сэтгүүл зүйг эрх зүйгээр хамгаалж баталгаажуулах нь тун чухал байна. Олон улсад нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж, "алтан дүрэм" болж тогтсон үг хэлэх эрх, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, хэвлэн нийтлэх эрхийн талаар Монгол Улсад нэвтрүүлэх, нутагшуулах шаардлагатай жишиг, зарчим, практик цөөнгүй бий. Үүний нэг жишээ бол Салливаны хэрэг юм.
АНУ-ын Дээд шүүх 1964 онд Нью-Йорк Таймс сонин болон Салливан нарын хэргийг шийдвэрлэсэн байдаг. Нью-Йорк Таймс сонин Алабама мужийн Монтгомери хотын хууль сахиулах албаны ажилтнууд иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн эсрэг хүч хэрэглэж байгааг эсэргүүцсэн агуулгатай төлбөртэй сурталчилгааг нийтэлсэн байна. Уг сурталчилгаанд Монтгомери хотын цагдаагийн газрын комиссар Л.Б.Салливаны нэрийг дурдаагүй ч гэсэн сурталчилгаанд орсон үг хэллэг нь түүний нэр төрийг гутаасан гэсэн үндэслэлээр шүүхэд ханджээ. Анхан шатны шүүх хэргийг Салливаны талд шийдвэрлэж, түүний нэр төрийг гутаасны хохиролд 500,000 доллар төлөх шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэрт Нью-Йорк таймс сонин гомдол гаргаснаар АНУ-ын Дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцсон. Дээд шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг “нийтийн ашиг сонирхлыг хөндсөн аливаа асуудлаар нээлттэй, ширүүн маргаан, мэтгэлцээн өрнөх нь зүйн хэрэг, худал мэдээлэл нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн аливаа асуудлаар эрүүл мэтгэлцээн өрнөх нөхцөлийг хангахад ач холбогдолтой учраас АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлтээр худал мэдээллийг ч гэсэн хамгаалах ёстой гэж үзсэн байна. Төрийн албан тушаалтан нэр төрийг нь гутаасан худал мэдээлэл, гүтгэлгийн хохирогч болсон тохиолдолд уг худал мэдээллийг тухайн этгээд худал гэдгийг мэдсээр байж, хор хохирол учруулах зорилгоор санаатайгаар бичсэн, ийм санаа зорилготойгоор тараасан гэдгийг батлах, нотлох шаардлагатай. Ийм зарчмыг баримтлахгүй бол Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөө эрсдэлд орно гэж шүүх үзсэн нь өнөөдөр ч олон улсад жишиг болсоор байна.
АНУ-ын Дээд шүүх төрийн үйл ажиллагааг Үндсэн хуульд зааснаар иргэд болон хэвлэл ямар ч болзолгүйгээр шүүмжлэх эрхтэй, иргэн бүр өөрийн санал бодлыг илэрхийлэх, сонин хэвлэл нь олон нийтийн анхаарал татсан асуудлаар байр сууриа илэрхийлдэг, харин Засгийн газар иргэн болон хэвлэлийн бичсэн, илэрхийлсэн зүйлийг ухаалаг бус, шударга бус, худал хуурамч, хор хохиролтой гэж хэвлэн нийтлэхийг хориглож болохгүй, Ардчилсан нийгэмд гүйцэтгэх засаглал, хууль тогтоох, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд иргэд өөрсдийн шүүмжлэл, санал бодлыг илэрхийлэх эрхтэй, үүнийг гүтгэлэг, худал мэдээлэл гэж хааж, таслан зогсоох ёсгүй гэж дүгнэсэн юм.
Үзэл бодол, түүнийг илэрхийлэх эрх чөлөөний НҮБ-ын Тусгай мэдээлэгч, ОSCE-ийн (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага) Хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч, OAS-ын (Америкийн муж улсуудын байгууллага) Хэвлэлийн эрх чөлөөний тусгай мэдээлэгч нарын баталсан Хамтарсан тунхаглалд “нэр төр гутаахын эсрэг хуулиуд олон нийтэд ач холбогдолтой асуудлаар нээлттэй маргахын ач холбогдол, төрийн зүтгэлтнүүд иргэдтэй харьцуулахад илүү их шүүмжлэл хүлээн зөвшөөрөх шаардлагатай байх зарчмыг тусгасан байх, хэнийг ч үзэл бодлоо илэрхийлсний нь төлөө нэр төр гутаасан хэрэгт хариуцлагад татаж үл болно.” гэж үзсэн байдаг.
НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2011 оны 34 тоот Ерөнхий тайлбарын 47-д “Нэр хүнд гутаасантай холбоотой тухай хууль тогтоомжийг маш хянамгай, 3 дахь хэсэгт нийцүүлэн боловсруулах ёстой бөгөөд тэдгээр нь практик дээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилоход үйлчлэх ёсгүй. Ийм бүх хууль тогтоомж, ялангуяа нэр төр гутаахтай холбоотой эрүүгийн хууль нь үнэнийг хамгаалах хамгаалалтыг багтаасан байх бөгөөд мөн чанарын хувьд, нотолгооны субъектын хувьд илэрхийллийн хэлбэрүүдтэй холбоотойгоор хэрэглэгдэх ёсгүй. Үгүйдээ, нийтийн албан тушаалтнуудтай холбоотой тайлбар сэтгэгдлийн хувьд шийтгэх, санамсаргүй алдаа гаргаж, хорон санаа агуулалгүйгээр хэвлэн нийтэлсэн материалыг үнэн бус, хууль бус гэж үзэхээс зайлсхийвэл зохино. Ямар ч тохиолдолд, шүүмжлэлийн сэдвийн асуудалд олон нийтийн эрх ашиг нь хамгаалалт болохыг хүлээн зөвшөөрвөл зохино.” гэжээ.
Бас нэг өөр жишээ бол, Европын хүний эрхийн шүүх Европын Конвенцын 10 дугаар зүйлийг үндэслэл болгон гүтгэлгийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхийг буруутгасан шийдвэр гаргасан хэрэг юм. Уг хэрэг Европын хүний эрхийн шүүхээр 1986 оны 7 дугаар сарын 8-ны өдөр шийдвэрлэгдсэн. Шүүхээс Лингес Австрийн эсрэг нэртэй хэргийг шийдвэрлэсэн гол үндэслэлээ тайлбарлахдаа улс төрч хүн сэтгүүлчид болон олон нийтийн өмнө нээлттэй байдаг учраас хатуу шүүмжлэлийг ч гэсэн хүлээн авах бэлтгэлтэй байх ёстой гэж үзжээ. Мөн гүтгэлгийн хэрэгт эрүү үүсгэснээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгмийн хоточ нохойн үүргээ хэрэгжүүлэх боломж хязгаарлагддаг гэж тайлбарласан байна.
Гүтгэлгийн холбогдолтой асуудлыг нэг хуулиар, нэг арга замаар шийдэх боломжгүй. Тухайлбал, хэвлэлийн эрх чөлөөнд хамаарах иргэдийн төрийг хянах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотойгоор учир дутагдалтай зохицуулалтууд олон байна. Бусад улс оронд төрийн албан хаагч болон олон нийтийн зүтгэлтэн (public figure) ямар нэг асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэгт өртвөл, эхлээд аль нэг шүүхэд хандах гэхээс өмнө тэр хэлэлцэгдэж байгаа асуудалтай холбогдуулан тайлбар хийх үүрэгтэй байдаг. Монголд энэ төрлийн зохицуулалт байхгүй тул өөрийг нь шүүмжилсэн, эсхүл төрийн албыг ил тод болгох, шударга бус үйлдэл, авилгын шинжтэй мэдээллийг ил болгосон үйлдлийг шууд хуулийн байгууллагад гомдол гаргах замаар таслан зогсоолгох гэж оролдож байна.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэхдээ “илт худал мэдээлэл” гэсэн ойлголтод “илт худал мэдээлэл”, “худал мэдээлэл” гэсэн аль ч хэлбэрийг хамруулан тодорхой үйл баримт, болсон үйл явдал дээр тулгуурласан, үнэлэлт дүгнэлт өгсөн, шүүмжилсэн, нэр хүндэд халдсан, сөрөг мэдээлэл, гутаасан агуулга байхгүй мэдээлэл түгээсэн асуудлыг бүхэлд нь хамруулан гэм буруутайд тооцож ял шийтгэж буй явдал, мөн худал мэдээлэл тараах гэмт хэргийг хууль тогтоогч тодорхойлохдоо субьектив талыг “орхигдуулсан” байдал (уг гэмт хэргийн обьектив болон субьектив талыг тэнцвэргүй тодорхойлсон), шүүх хуулийн практикт худал мэдээлэл тараасан гэмт хэргийг шалгах, шийдвэрлэхдээ мэдээллийг тараасан субьектив санаа зорилго ач холбогдол өгөхгүй, обьектив талын шинжээр буруутгаж байгаа нь олон улсын жишиг, зарчимд нийцэхгүй байна.
Үндсэн хуулийн аравдугаар зүйлд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлэхээр тунхагласны дагуу үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах талаар хүлээн авсан Зөвлөмжөө хэрэгжүүлэх, олон нийтийн зүтгэлтнүүд нээлттэй шүүмжлэлд хүлээцтэй хандах, олон нийтийн хараа хяналтад байхаар өөрсдөө сонголт хийснийг хүлээн зөвшөөрсөн хууль тогтоомж санаачлах шаардлагатай.
Эрүүгийн хуульд “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг хуульчилж оруулснаар худал мэдээллийн цар хүрээг багасгаж, таслан зогсоож чадна гэж үзэж болохгүй юм. Харин ч нийгмийн чөлөөт дуу хоолойг боогдуулж, олон талт мэдээллийн хүрээг хумих, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн эрх чөлөөнд илүү айдас, дарамтыг бий болгож, улс төрийн эрх мэдэл, засаглалыг гажуудуулах эрсдэлтэй. Худал мэдээлэлтэй тэмцэхийн хамт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах шаардлагатай юм. Эрүүгийн хуульд заасан Худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалт нь “мэдээлэгч”, “шүгэл үлээгч”-ийн эрх зүйн байдлыг дордуулж байна.
Монгол Улс нь Европын хүний эрхийн шүүх, АНУ-ын Дээд шүүхээр шийдвэрлэж байсан дээрх хэргийн шилдэг жишиг, практик, тэргүүлэх эрдэмтдийн судалгааны бүтээл, дүгнэлт, худал мэдээлэлтэй тэмцэх, үг хэлэх эрхийг хамгаалах талаар олон улсын байгууллагуудаас гаргаж буй бодлогын зөвлөмж, стандарт зэрэгт тулгуурлан үзэл бодлоо илэрхийлэх эрх, мэдээллийн эрх чөлөөг хамгаалахын зэрэгцээ худал мэдээлэлтэй зөв арга хэлбэрээр тэмцэх бодлого, зарчмыг зөв тодорхойлж, тууштай баримтлах, мөн сэтгүүл зүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хуулиар хамгаалах, баталгаажуулах шаардлагатай байна.