“Эрдэнэт”, “Росгео”-д амжилт хүсье! Дахиад ух!
Гозгор хөх өвгөн ямар хулгайн мөрөөр орчихов...
“Уулын бугыг хараад унасан бухаа мартана аа” гэж...Тэр “бух”-аа “саалийн ганц үнээ” гэж нэрлээд олон жил зулгаасан. Харин гэнэт эргэж бухаад Эрдэнэтээ цөлмөх мэх сийлэхээр нөөцөлж байсан ч юм билүү гэх хар төрөх боллоо. Яагаад “албан тушаалын хэнээтэй” гэж хардагдаж байсан тэр гозгор хөх өвгөнийг очихоор Эрдэнэт үйлдвэрийн нөөц гурав дахин нэмэгдэж 20 жилээр уртсав гэж гэнэт бодогдлоо. Юу юугүй л Ростехнологи Монголын талд 49 хувиа шилжүүлээд, бараг л “Монголын зэсэд л өгнө” гэсэн болзолтойгоор худалдмар аядсан. Төв банкнаасаа эхлээд хамаг байдгаа шавхаад үтэр түргэн худалдан авсан ч мэдэж байсан эрх мэдэлтнүүд нь эдүгээ “Огт мэдэхгүй” гэж ичгүүр сонжуургүйгээр мэлздэг юм.
Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувийн талаарх маргаан эцэслэн дуусаагүй байна. Хэдийгээр цаасан дээр 100 хувь гэж буй ч шүүхийн шатанд “хохирсон, гомдсон” талууд бий. Гэвч энэ бүхнээс хамааралгүйгээр нэгэнт Засгийн газрын шийдвэрээр Онцгой дэглэм тогтоосон “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа хэвийн, тэр ч байтугай үйлдвэрлэл, эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй ажиллаж байна. Үйлдвэр нэгэнт төрийн шийдвэрээр “бүтэн” болж, “дархлагдсан хүн” гэж гоочлуулсаар Х.Бадамсүрэн томилогдсоноосоо хойш нам гүм болчихсон. Сураг сонсвол төрийн өндөр дээд албаны нэгэн Тавантолгой,Зүүнбаян чиглэлийн төмөр замд хөрөнгө оруулалт хийхийг шаардаад “суулгадаггүй” юм гэнэлээ. Солих эрх мэдэл байвч сольж чадахгүйг нь мэдсэн “өвгөн захирал” бараг л түүнээс зугтаж явдаг болсон юм байх. “Долоо буудуулсан чоно” шиг хашир болсон түүний зөв ч биз. Онцгой дэглэмийн үеэр Эрдэнэтийн орлогоос “атгаад” аваад өглөө гэхэд хожмын өдөр хариуцлагаас яаж бултахыг нь тэр гадарлаа биз.Түүнээс биш орлого бий юу гэвэл “барьцаалагдах” нь байтугай “алаад авчихмаар” бараг их наяд төгрөгийн орлого бий гэнэ.
Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн борлуулалтын орлого 2017 онд 1 их наяд, 891 тэрбум 239 сая төгрөг байсан бол 2018 онд 2 их наяд, 24 тэрбум, 693 сая төгрөг, 2019 онд 1 их наяд 983 тэрбум, 853 сая төгрөгт хүрч байна. Үүнээс улсын төсөвт 2017 онд 580 тэрбум 11 сая төгрөг, 2018 онд 654 тэрбум 864 сая төгрөг, энэ жилийн хүлээгдэж буй дүнгээр 935 тэрбум 828 сая төгрөг, оны эцэс гэхэд нэг их наяд төгрөгийг төсвийн төлбөрт тушаачихна гэсэн тооцоотой байгаа юм байна.
Энүүхэндээ гэхэд тэр өвгөнийг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилоогүй бол “нөөц дууссан” гэж булж хаячихаад овоолго гэгчээрээ ухаж олборлоод ашиглах зорилготой байсан юм биш биз. Яахаараа адилхан геологчид нэг газарт хайгуул хийхэд харагддаггүй нөөц вэ. Ямартай ч 20 жилээр насаа сунгуулж нэгэн жаранд Монголын төсвийг тэжээх үүрэгтээ үнэнчээр зүтгэх зорилгоо тодорхойлсон Эрдэнэт үйлдвэрийн геологи хайгуулынханд баярлалаа гэж хэлье.
Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурж баталгаажуулсан баримт бичгүүдийн эхнийх нь “Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай гэрээ байлаа. Гэрээнд Монголын талаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ОХУ-ын талаас “Росгео” хувьцаат нийгэмлэгийн Удирдлагын дарга, Ерөнхий захирал С.Н.Горьков нар гарын үсэг зурсан юм.
Эрдэнэтийн овооны ордод гүний хайгуул хийх, ингэхдээ хамгийн орчин үеийн аргачлал, технологийг нэвтрүүлэх тухай юм даг уу даа. Эрдэнэт үйлдвэрийн насжилт нөөцөөрөө хэмжигддэгийн хэрээр “амьдрах насаа” сунгуулсан Эрдэнэт үйлдвэрийнхэн шинэ нөхцөлд шинэ аргаар ажиллана. Баяжмалын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлнэ гэсэн урам зориг дүүрэн байна. Энэ үйлдвэрийнхэн зардлаас нь өөрсдийнх нь төлөө хэдийг зарцуулсныг хэмжиж, үнэлж сурсан байдгаараа бусад салбарынхнаас онцлогтой. Энэ жишгээ ч Эрдэнэтийн араас гарч ирэх бусад томоохон компанид ер нь тавиад, шаардаад явмаар юм билээ. Жишээ нь 2017 онд Эрдэнэт үйлдвэрийн нийт зардлын 4.1 хувь буюу 59.3 тэрбум төгрөгийг ажилчдынхаа нийгмийн хөгжлийн бодлогод зарцуулсан бол 2019 оны байдлаар нийт зардлын 7.1 хувь буюу 105 тэрбум төгрөгийг энэ чиглэлээр зарцуулсан байх юм. Үйлдвэрийнхээ үр ашгийн ийм хувийг хүртсэн ажилчин үйлдвэртээ хайртай байх уу, хаагдаасай гэж бодох уу. Хэр сэтгэл хангалуун ажиллах вэ. Бахархах л жишиг байгаа биз.
Сонирхолтой нь саяын айлчлалын үеэр яагаад оросууд геологи хайгуулаар хамтрахаар гарын үсэг зураадхав гэдгийг хувийн хардлагаараа таамаглавал яагаад 49 хувийн маргааны дараа Эрдэнэт үйлдвэрийн нөөц гурав дахин нэмэгдээд, нас нь 20 жилээр уртасчихав гэдэг нь 49 хувиа өгсөн талд сонирхол татсан биз. Тиймээс “ядуу агуулгатай”, “хаягдлын аж ахуй” гэгдээд байсан уул уурхайн үйлдвэрлэлийн явцад бий болсон үүсмэл ордуудад хамтарч судалгаа шинжилгээ хийхээр болж байгаа нь энэ.
“Хэрвээ Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн захирлаар очоогүй бол”, “Хэрвээ 100 болгож багцлаад онцгой дэглэм тогтоогоогүй бол” гэсэн бодол төрж байна уу. Яг тэгж бодогдоод байна л даа. Нэмж хайгуул хийхгүй, хийсэн ч 20 жилийн нөөц олсноо зарлахгүй байсан байх, тийм үү. Энэ бүхэн хэнд ашигтай вэ? Бод, бод баярт мэдээ бүхэн ард түмний төлөө байдаггүй бололтой дог шүү. “Унасан бухаа” сайн ажиглаж байя. Түүний “чадал, чалх” буурах болоогүй дэг ээ.