Ажлын хэсгүүдийн 53 дахь удаа уулзалт хийхэд Монголын төсвөөс хэдэн төгрөг зарлагадсан бол? Харин Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан энэ гацааг ганц хоёрхон уулзалтаар арилгаж яг юу хүсээд байгаагаар нь “чеклэхээр” халз тулсан байдаг. Хятадууд ч иймэрхүү билэг танхай бизнесмэнтэй албархалгүй шулуухан яриад асуудлаа дуусгахыг хүсэж байв. Эвлэрвэл эвлэрээд, салбал салахын аль нь ч байлаа гэсэн тодорхойгүй байх тарчлаанаас хавьгүй зөв зам байсан. Тэдний зүгээс  “Чалко”-той адилхан нөхцлөөр нүүрс авахыг л хүсээд байгаа юм. Яг тийм урт хугацаатай, уурхайн амны үнэ буюу 10-12 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр гэрээ байгуулсан “Норинко”, “Глори” зэрэг Хятадын дөрвөн компани нүүрс худалдаж авдаг шүү дээ.

Нөхцөл байдлын хувьд манайхыг тойроод Орос ч, Хятад ч бүх дэд бүтцээ татчихлаа. Засгийн газар дээр танилцуулагдсан “Чайна энержи”-ээс ирсэн захидлын агуулгаас харахад “Бид танайд тавьж байсан бүх шаардлагаасаа татгалзаж байна. Одоо зөвхөн “Чалко”-той хийсэн нөхцлөөрөө, манай “алдагдсан цаг хугацаа” гэх 16 жил, төмөр зам холбох гурван жил гаруй, ингээд 20 жилийн хугацаатайгаар гэрээ хийхийг хүссэн байдаг. Тэд юу юунаас татгалзаж буулт хийв?  Алдагдсан боломж гэгчээсээ татгалзлаа. Давуу эрх гэгчээсээ татгалзлаа. Хувь эзэмшмээр байна гэдгээсээ татгалзъя гэж байна. Хангалттай биш гэж үү? Эсвэл “Алтан загасны үлгэр”-т гардагчлан “эвдэрхий тэвшнийхээ дэргэд” гуниглаад хоцрох л үлдэв. Засгийн газрын зүгээс одоо УИХ дээр танилцуулж зөвшөөрүүлэх зүйл нь “Чайна энержи”-д “Чалко”-д өгч байгаа нөхцлөөр нүүрс өгөх үү” гэдгийг л асуух юм.  

Ер нь бол манай төрийн гажуудал юм шүү дээ. Тухайлбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг анх боловсруулж батлуулахдаа уг хуулийн 10.3 дахь заалтад “төмөр замын холболтын төлбөрийн нөхцөл дээр 10.2 дахь заалт хамаарахгүй гэж тусгасан байсан. Гэтэл “Чайна энержи” компанийнхныг манайхтай хэлцэл хийгээд эхэлмэгц 10.4 гэдэг нэмэлт заалтыг 2023 оны арваннэгдүгээр сард оруулж ирээд биржийн үнийн нөхцлөөр хийнэ” гэнгүүт төмөр замын холболтыг гацаасан байдаг. Үүнд ямар нэг далдын хүч, “үл үзэгдэх гар” нөлөөлөөд тодорхой ашиг сонирхолд үйлчлээд байна уу  гэдэг хардлага ажиглагдсаар ирсэн. Одоо үүнийг засъя гэвэл Засгийн газрын тогтоол баталж УИХ-д танилцуулснаар зарим хуульд өөрчлөлт оруулж таарна.
Өнөөдөр хятадууд манай нүүрсийг биржийн үнээр байтугай амны үнээр нь ч авахгүй. Ганц улсад худалдаж байж биржээр зарна гэдэг бол доромжлол гэж тэд үзэж байна. Өөр хэн бидэнтэй өрсөлдөж танай нүүрсийг авах гээд байгаа юм бэ? Онгоцоороо зөөгөөч, тэгээд” гэж даапаалж байна. Алдагдсан боломж гэж 800 сая ам.доллар нэхээд байсныг болиулчихлаа. Тэгэхээр одоо үүнийг шийдвэл шийдье. Шийдэхгүй бол нүүрсээ тэврээд сууж байя. Манайх жилд 960 саяас нэг тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Австрали улс манайхтай урт хугацаанд олон жилээр гэрээ хийгээд явдаг. Оросууд ч ийм нөхцлийг хүсэж байна. Тэгэхээр хаяанд байгаа боломжоо ашиглах эсэх нь танай л асуудал шүү дээ гэдэг. “Чайна энержи”-ийн Ажлын хэсгийн ахлагч бол төрөө төлөөлж ярьж буй төрийн өмчит компанийн захирал. ТУЗ-ийн даргатай нь ч уулзсан. Сайдын рангтай хүмүүс байдаг. Бид та нартай гэрээ хийж хэрэгт орсноос хийхгүй байсан нь дээр. Тэглээ гээд манайх хохирохгүй. Нэг зүйлийг анхаараарай. Хятадын төр хэзээ нэгэн цагт “Шинхуа”-тай хийсэн гэрээнээс хойшхи алдагдсан боломжийн асуудлаараа Арбитрын шүүхэд гомдол гаргавал танайх төлж л таарна шүү гэсэн. Тэр үед танайх бүр уурхайгаар нь заръя гэж гуйж байсан шүү дээ. Женко Х.Баттулга хэдий цаг алдуулсан нь үнэн боловч өнөөдөр бидэнд тохироо хийх хөзөр болгон авч үлдсэнд талархах нь шударга хэрэг биз ээ. Одоо хурдлах хэрэгтэй. Тэгэхгүй бол 2030 оноос хойш хэн авах билээ. “Чайна энержи” бол “Шинхуа”-ийн “эцэг” компани, гурван сая ажилтантай, Хятадын нийт эрчим хүчний 18 хувийг хангадаг том гигант. Нийт 2.5-3 жилийн хугацаанд барина. Автомашинаар эхний жилд 5 сая тонн, хоёр дахь жилд 7 сая тонн, сүүлийн жилд 5 сая тонн нүүрс аваад төмөр зам дуусахаар 20 сая тонн. Тендерийн хуулийн дагуу шалгарч орж ирээд хуулийн дагуу л хийх асуудал. Ингээд төмөр замуудаа холбоод, бусад боомтоо холбоод явчихна. Энэ бол улс төрийн таван нам, эвслээс бүрдсэн 126 гишүүний хэлэлцэн батлах түүхэн, зоригтой, хөгжлийн төлөөх зорилготой алхам төдийгүй эдийн засагт хамгийн бодитой хөрөнгө оруулалт болно.