Эмэгтэйчүүд илүү хичээхийн учир...
Өнгөрсөн хэдэн хоногийн хугацаанд болж буй үйл явдлууд дээр бүсгүйчүүд байр сууриа сүрхий яарангуй илэрхийлсэн харагдана лээ. Илэрхийлэх ч ёстой биз. Зарим нь зарганд яараад ч байх шиг.
Одоогоос долоон жил гаруйн өмнө бичиж байсан “Есөн бүсгүйдээ хэлэх үг” гэсэн нийтлэлээ эргэн харлаа. 2012 оны сонгуулийн үр дүнд эмэгтэйчүүдийн тоо өмнөхөөсөө эрс нэмэгдэж, өөрсдөө нам харгалзахгүй бүлэг байгуулж байсан тэр үед та нар маань илүү хичээж байж хүлээн зөвшөөрөгдөнө шүү. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хичээж, илүү зүтгэж байж хүлээн зөвшөөрөгдөх нийгэмд амьдарч байна гэсэн санаагаар бичиж байсан нийтлэл юм.
Уг нийтлэлд “Сэтгүүлч миний бие "Гурвыг гуч болгоё" хэмээн бичиж байсандаа өнөөдөр баяртай байна. Гуч болоогүй ч гурав дахин олуулаа болсонд. Ер нь Монголын нийгэм хэр хэрээрээ л дэмжсэн юм. Хэдийгээр 2008-2012 онд парламентанд сууж байсан гурван эмэгтэй гишүүний тоо гурван гурвын ес болж үржсэнд олон хүн сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ заавал эмэгтэй хууль тогтоогчийг өсгөх тоон ялгаандаа бус харин Монголын нийгмийн тэн хагасыг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшиндээ харьцаа, дүн бараа нь ойролцоо байх ёстой гэсэн шударга зарчмын төлөө шүү дээ.
Ямартай ч УИХ маань дөрвөн нам эвслийн бүр задалбал таван ч намын (АН, МАН, МҮАН, МАХН, ИЗНН) есөн эмэгтэй гишүүнтэй боллоо. Энэ бүсгүйчүүд маань төр түшилцэх түүхэн үүрэг хүлээснээсээ гадна Монголын төр дэх хүйсийн тэгш байдлыг тогтоох, эмэгтэйчүүд улс төрд орсноор юуг эрүүлжүүлж, юуг өөрчилж чадах вэ гэдгийг батлах давхар үүрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр энэ парламентын эрчүүдээс илүү үүрэг, хатуу хариуцлага та нарт ногдож байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Үнэхээр энэ төрд бүсгүй хүний хатан ухаан дутаж байжээ, аав эжий хоёрын арга билгийн ухаанаар айл гэр явдаг шиг энэ төрд эрэгтэй, эмэгтэй түшээдийн уралдуулсан ухаанаар улс хөгжих нь гэдгийг баталж өгөх үүрэг та хэдэд байна. Магадгүй үүнээс өмнөх УИХ-ын эмэгтэй гишүүдэд ийм шаардлага ч байгаагүй, дараа дараагийн бүсгүйчүүдэд ч ийм хэрэг гарахгүй байх. Харин та бүхэнд л ийм торгон ир дээр төр түших хувь ногджээ.
АН-ын Ц.Оюунгэрэл, М.Батчимэг, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, МАН-ын Д.Оюунхорол, ИЗНН-ын С.Оюун, "Шударга ёс" эвслийн Г.Уянга, З.Баянсэлэнгэ та есөн гишүүнд шүү дээ. Хэрэв БЗД-ийн дахин санал хураалтаар экс гишүүн Д.Арвин ороод ирвэл арав болно.
Саяхан УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүд маань нэгдэж эмэгтэйчүүдийн бүлэг байгуулсан, сайхан л харагдаж байна лээ. Гэхдээ бүлэг байгуулж нийгэмд сайхан харагдах нэг хэрэг. Харин үйл хэргээрээ зөв харагдаж, батлах л чухал шүү дээ. Одоо Монголын нийгэм тэр чигээрээ та хэдийг ажиж байна. "Янтгар хатан зарга шүүдэггүй" гэж өөлөн суугаа эрчүүд, эмэгтэйчүүдэд санал өгөхдөө хамгийн хойрго эмэгтэй сонгогч нар, Монголын төр эмэгтэйчүүдээ дэмжих ёстой гэж төрийн тэргүүн юунд хэлэв хэмээн толгой гашилган суугаа улс төрийн идэвхтнүүд бүгд л та нарыг ажиж шинжин суугаа. Эмэгтэй түшээд бодлого ярьж ухаан уралдуулах нь уу, хов ярьж хөгөө чирэх нь үү гэсэн мянга мянган нүдний хурц хараан дор ирэх дөрвөн жилд та бүхэн маань ажиллах нь. Шинэ цагийн Монголын улс төрийн үүх түүхийг ажиглаад байхад эмэгтэй улстөрчдийг нохойд барьдаг мод шигээ хандах гээд байдаг тал их. Барьж байгаа улсууд нь нөгөө эрчүүд л дээ. Аль ч улс төрийн хүчинд энэ байдал ажиглагддаг. Эмэгтэйчүүдээ хооронд нь өрсөлдүүлж, улс төрийн тэмцэл хорондоо хамгийн түрүүнд нөгөө хэдээ л барьдаг. Харин сүүлд нь "Хүүхнүүд та нар л өөрсдөө ингэдэг шүү дээ" гэж даапаалах нь бий. Нам дагаж улс төр хийх гэж байгаа хүүхнүүд ч хоорондоо өрсөлдөж, эрчүүдийн ховын хутгуур, гар хөл болж ирсэн эмгэнэлт түүх бий. Ай даа, одоо та хэд ухаантайхан ажиллах цаг энэ шүү.
Өнгөрсөн хэдэн хоногийн хугацаанд болж буй үйл явдлууд дээр бүсгүйчүүд байр сууриа сүрхий яарангуй илэрхийлсэн харагдана лээ. Илэрхийлэх ч ёстой биз. Зарим нь зарганд яараад ч байх шиг. Ингэхдээ жин дааж, ухаан зарж байр сууриа илэрхийлээсэй билээ гэж хамгийн түрүүнд бодогдож байлаа” гэхчлэн бичжээ. Тэр парламентад бүсгүйчүүдийн тоо есөөсөө ч нэмэгдсэн. Арван нэг болсон. Тэдний дараагийн буюу 2016 оны сонгуулиар эмэгтэй гишүүдийн тоо 13 болсон нь бас ч гэж хүлээн зөвшөөрөгдөж ажиллаж чадсаных биз ээ. Одоогийн парламентад байгаа эмэгтэйчүүд гишүүн болсон цагаасаа элдэв шүүмжлэлд өртснийг хүмүүс санаж л байгаа байх. Гадаад айлчлалаар явсан эмэгтэй гишүүдийн зураг бүр дээр анализ хийж байгаад товч нь язайсан, алчуур нь илүүдсэн, хослолын өнгө ийм гэхчлэн гоочилж байсан. Өнгөрсөн хугацаанд энэ байдал бүр ч дэндсэн. Хүн бүрт заавал нэр хоч өгнө. Хурал дээр унтдаг, “Өвөл болохоор хүйтэн болдог”, бохь зажилдаг, боов идсэн гээд бүгдээрээ “асуудал”-тай улс болсон. Гэхдээ яг хариуцлага алдсан, хурал тасалдаг, хууль санаачилдаггүй гэсэн ажлын шалгуураар тэд ямар байдаг нь хэнд ч сонин биш. Зүгээр л эмэгтэй хүйснээсээ болж, илүүд үзэгдэж, хууль тогтоох нөр хүндтэй албанд хүүхнүүд юу хийж байгааг “ойлгодоггүй” хүмүүсийн л дургүйг хүргээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү хичээж, эрчүүдээсээ илүү хийгүй нягт ажиллах ёстой нийгэмд амьдарч байгаа болохоор тэдэнд ийм асуудал тулгарч байна. Нэгэнт ийм хэвшмэл ойлголттой нийгмийн хандлагыг өөрчлөхийн тулд илүү байх хэрэгтэй болоод байна. Нэгэнт тэгш эрхийг мэддэг мэдэрдэг нийгэм, олон нийт гэнэт бий болохгүй учраас өнгөрсөн хийгээд ирэх он жилүүдэд энэ замналаар явах бүсгүйчүүд хүндхэн ачааг үүрч явж таарч байна. Нөгөө талаас сонгогчдын итгэлийг илүүтэй олж, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хичээх л хэрэгтэй болж байгаа юм. Тэгш бус гарааны өрсөлдөөндөө одоогоос нэр дэвшихээр горилогсод бас л бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ илүү сайхан нийгэм, тэгш оролцоо, үр шимийг шударгаар хүртэх тийм улс орныг бий болгохын тулд бүсгүйчүүд минь бүсээ чангалаад үзнэ дээ.
Ер нь сонгогчид маань ийм нөхцөл байдал дээр өрсөлдөөнд ордог эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг мэддэг ойлгодог болох хэрэгтэй байгаа юм. Намуудад эмэгтэй нэр дэвшигчдийнхээ тоог нэмэх тал дээр шахалт үзүүлж, СЕХ намуудын хөтөлбөрийг хүлээж авахдаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн заалтыг тусгасан уу, хуулийн хэрэгжилтийг дэмжих үйл ажиллагааг тусгаж чадсан уу гэдгээр нь үнэлж, бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх, суудал хадгалах, намын бүтэц зохион байгуулалтын бүх шатанд эмэгтэйчүүдийн квот тогтоож чадсан уу гээд яг энэ амладаг, үг сонсдог үед нь нөлөөлдөг болмоор байгаа юм.
Энэ удаагийн сонгуулиар намууд хуулинд заасан 20 хувиас доошгүй гэдгийг илүү байлгах талаас нь тооцохгүй яг л 20 хувьд нь эмэгтэйчүүдийг тулгаж нэр дэвшүүлэх хандлага ажиглагдаж байгаа. Харин бид үүнийгээ нэмэх цаашлаад 40 хувь болгон өөрчилтөл нь нөлөөлөх хэрэгтэй. Хэн ч, юуг ч хийхгүй бол хэзээ ч юу ч өөрчлөгдөхгүй. Элдвээр хэлүүлэн байсан ч хамаагүй эхний алхмыг хийх л хэрэгтэй байна.