Элчин сайд нарын томилгоонд “хөөнд дусаасан сүү” мэт шинэ үе айсуй
Дипломат алба бол ашиг хонжооны бүлэглэлүүдийн шагнал, “намдаа гомдогсдын ажлын байр” биш!
УИХ-ын нэгдсэн чуулган маргаашийн хуралдаанаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн зарим оронд Элчин сайд томилох асуудлыг хэлэлцэнэ. Улс төрийн шийдвэрт “хэрэв” гэдэг үг тохирдоггүй гэдэг. Гэвч яах аргагүй л “Хэрэв Засгийн газар нухацтай хэлэлцсэн бол”, “Хэрэв эрх баригч намынхан хүч түрэх бус шударга зарчмыг дээдэлсэн бол...” гэж харамсахуйц “кандидат” энэхүү 25 нэрийн жагсаалтад цөөнгүй байлаа. Товчхондоо намдаа гомдогсдод ажил олгох зарчим үйлчилсэн болохоос тухайн улс оронд Монголын нэр хүндийг өндөрт өргөж ажиллах итгэл найдвар төрүүлсэн, бодлого танилцуулсан нэр дэвшигч байсангүй. Гэсэн ч уг хуралдааны дараа “Элчин сайд гэдэг бол..., “мэргэжлийн дипломатчдыг томилсон бол...” гэсэн халаглалууд үргэлжилсээр байв.
Уучлаарай, олон жилийн туршид эрх баригч намын шагнал болон ГХЯ-ны хэсэг хүмүүс, тагнуулын байгууллагынхан найз нөхөд, гэр бүлийн хүрээллээрээ дипломат албыг хашсаар ирсэн. Хэдэн үе дамнасан фракци, бүлэглэлүүдийг үүсгэлээ. Улс орны нэр хүндийг сэвтүүлсэн фактуудынхаа төлөө хариуцлага хүлээж байсангүй. Одоо Ерөнхий сайд асан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн “Гадаад харилцаагаа эдийн засагжуулъя” гэдэг үзэл баримтлалаар яваад үзье. Дэлхий дахин эдийн засгаа сэргээхийн төлөө , хөрөнгө оруулалт татахын төлөө гадаад харилцаагаар “зэвсэглэж” байна.
Тийм ч учраас өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдэх гэж буй Элчин сайдад нэр дэвшигчдийн үүх түүхээс өнгөцхөн сануулаад авъя. Өмнөх парламентын үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Д.Цогтбаатар дипломат нэр хүндийг сэвтээж байсан 69 нэрийн жагсаалт дэлгэж заримыг нь халж явуулсан. Гэвч энэ жагсаалтад нэр дурьдагдсан зарим хүн энэ удаад Элчин сайдад нэр дэвшээд байна. Тухайлбал ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Ж.Сэрээжав БНСВУ-д Элчин сайдаар томилогдохоор Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн. Гэтэл Киргиз улсад консулаар ажиллаж байхдаа, 2014 онд хориотой бараатайгаар Польшийн хил дээр баригдаж байсан. Мөн ГХЯ-ны Азийн газрын захирлаар ажиллаж байхдаа Сингапур Улсад томилолтоор ажилласны томилолтын тооцоог хийхдээ төлбөрийг сингапур доллараар төлсөн атлаа ГХЯ-ны санхүүтэй ам.доллараар тооцоо хийж илүү орлого олж байсныг тухайн үеийн буюу 2006 оны 5 дугаар сарын12-нд гарсан Л.Жавзмаа даргын гарын үсэгтэй тушаалууд нотолно. Цаашилбал түүний болон, хамаарал бүхий бизнес нь ч анхаарал татдаг. Энэ бүхэн алдаа дутагдал мөн бол яагаад одоо түүнийг заавал дахин Элчин сайдаар томилох гээд байна вэ.
Гадаад харилцааны сайд, Д.Цогтбаатар Төрийн нарийн бичгийн дарга, одоо тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шалгалтын газрын дарга Б.Баярсайхан тухайн үед тус яамны Тамгын газрын дарга байсан үе. 2009 оны 7 дугаар сарын 31-нд Цагдаагийн Ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газраас Гадаад харилцааны яамны нэр бүхий удирдлагуудад хаяглан 10/9-4731 тоот бичгийг ирүүлсэн байдаг. Тухайн үед Ерөнхий сайд нь М.Энхболд, Гадаад хэргийн сайд нь Н.Энхболд байв. Ер нь энэ удаагийн томилгоонд М.Энхболдын фракциас цөөнгүй томилгоо хийгдсэн нь ямар нэг эвлэрэл, тохиролцооны л зарчим үйлчилснээс часхийсэн, туршлага харсан нэр цэвэр болоогүйн гол фактор байх. Тухайлбал тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Даваасүрэн Австралийн холбооны улсад, Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр БНТУ-д томилогдсоныг дурьдаж болно. Тэдний хэнийг нь ч М.Энхболдоос “хол” гэх аргагүй. Харин Сү.Батболдын фракциас С.Энхбаяр Сингапур улсад, Ж.Энхбаярын фракциас ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан Беларусь улсад тус тус томилогдох гэж байна.
Харамсалтай. Б.Баярсайхан захирлыг Турк улсад хяналт шалгалт хийгээд ирсний дараахан Германы Дрезденд Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар 70 кг героины хэргээр баригдсан. Төрийн зардлаар хяналт, шалгалт хийхээр явсан захирал мөнөөх Б.Баттүшигийнд байгаад байсныг баттай эх сурвалж гэрчилдэг. Гэсэн ч түүнтэй огт хариуцлага тооцсонгүй. Харин одоо Элчин сайдын албан тушаалаар "шагнаж" байна. Энэ бол эхнийх ч биш, сүүлийнх ч биш, үе үеийн ГХ-ийн сайд нарын үед тоолж барахгүй хууль зөрчсөн явдал, өчүүхэн атгаг шуналын төлөө улсынхаа нэр хүндийг унагасан асуудал гарсан. Ийм байдлаа больё!
Дараагийн жишээ: Чех улсын Гадаад хэргийн дэд сайд нь Монголын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт анхааруулсаар байтал тус улсад Элчин сайдын алба хашиж байгаад тодорхой асуудлаар интерполоор хайлгахдаа тулсан Н.Наранбаатарыг эргүүлэн татахгүй байсаар эдүгээ тэр нь Кувейтэд Элчин сайдаар явах гэж байх юм. Ингэхдээ эрүүгийн хэрэгт холбогдоогүй гэсэн агуулгатай бичиг авчраад өөрийгөө өмгөөлсөн тайлбар хийгээд дахин томилогдох гээд сууж байна.
Улс төрийн намын томилгоо, эрх ашгийн бүлэглэлийнхний хуйвалдаан ийм байдаг. Үүнийгээ олон жил ажилласан туршлагатай, төрийн албаны мерит зарчим хаачив гэцгээж байгаа нь угтаа дассан сурсан ажил руугаа яарч байгаагийнх юм биш биз гэсэн хардлага төрж байна.
Цар тахлын үед УОК-ийг удирдаж байсан, Шадар сайд Ө.Энхтүвшинг яагаад “Энх саран” сувиллын үйл ажиллагаатай холбоотой шүүх хурлын өмнө томилж зугтаалгах гээд байгаа юм бэ? Хариуцлагаа хүлээж, зөв буруугаа сонсчихоод явж болдоггүй юм уу? Маш ноцтой хэрэгт холбоотойг удаа дараа сануулсаар байтал яагаад заавал Лу.Болдыг очиж очиж Бельгийн хаант улсад Элчин сайдаар томилох гээд байгаа юм бэ?
Цаашид Монголын төр Элчин сайд нараа цагдаа, тагнуулын байгууллагаас томилоод байх нь зөв үү? Үүнийгээ нэг тийшээ болгож цэгцэлье. Энэ удаад бүр ч гайхалтай, ТЕГ-ын дэд дарга асан, ЦЕГ-ын дарга асан, ХХЕГ-ын дарга асан нар Элчин сайдаар зэрэг зэрэг томилогдох гэж байна. Тэд цагдаагийн атташегийн үүрэг гүйцэтгэх үү, тагнуулын гүйцэтгэх ажиллагаанд уу, аль эсвэл Гадаад харилцааг эдийн засагжуулаад ирэх болов уу? Олон улсад ямар мессэж өгөх бол? Энэ бүхэн маргааш УИХ-аар хэлэлцэгдэх “Элчингийн томилгоо”-ны хамгийн гунигтай, эмгэнэлтэй хэсэг.
Одоо хангалттай. Энэ салбарт салхи оруулах цаг болжээ. Хариуцлагатай байцгаая.
Урьд хожид Монголд байтугай дэлхийн хаана ч ямар нэг байдлаар нэр нь сэвтээгүй хүмүүсээ Төрийн нэрийн өмнөөс Элчээр илгээе. Албан тушаалын төлөө “тэлчилж” байгаагүй, “цахилгаан шатаар” ирээгүй, шинэ залуус Элчин сайдаар томилогдож байгааг дэмжиж байна.
Тухайлбал, Австрии суух Элчин сайдад томилогдох гэж буй ГХЯ-ны Европын газрын захирал М.Цэнгэг байна. ГХЯ-ны Европ, Америкийн газрын захирлаар ажиллаж байгаад эдүгээ Азийн газрын захирлаар ажиллаж байгаа, өндөр мэдлэг боловсролтой. Богино хугацаанд идэвхтэй ажиллаж арвин туршлага хуримтлуулж буй, хамгийн сүүлийн жишээ гэвэл Европын холбооны "хар жагсаалт"-д багтсан гэх мэдээллийн үеэр Европын холбоо, Монголбанк, олон улсын байгууллагуудтай цаг алдалгүй, үр дүнтэй уулзалт хэлэлцээрүүдийг амжилттай хийж ур чадвараараа танигдсан зэрэг олон сайн жишээ бий.
Түүнчлэн Болгар улсад суух Элчин сайдад нэр дэвшиж дэмжигдсэн Л.Саянаа. Олон улсын харилцааны чиглэлээр өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн. Мөн л олон улсын төсөл хөтөлбөрүүд дээр амжилттай ажиллаж байсан туршлагатай. Нэр цэвэр, мэргэжлийн хүн. Ийм залуусаа яг энэ эгзэгтэй цаг мөчид Төр улсаа төлөөлүүлэн Элчин сайдаар томилон ажиллуулах нь улс орны нийтлэг эрх ашигт нийцэх зөв томилгоо гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.
Мөн дээр нь энэ удаагийн томилгооны дуулианд олон нийтийн сүлжээнд хамгийн их анхаарал татсан бөгөөд хамгийн их анхаарлын төвд байдаг албан тушаал буюу АНУ-д суух Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаярыг томилохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Тэр бол Монгол Улсын иргэн. Төр хэнийгээ төлөөлүүлж Элчингээр илгээхээ шийдэг. Гэтэл маш их “гайхаж”, өөр салбарынх гэж гоочлох байдал анзаарагдлаа. Яагаад танил биш хүн “ороод” ирэхээр цочоод байна?
Тийм ээ, мэдээж тэр дипломатч биш. Гэхдээ өнөөдөр зөвхөн туршлагатай, буурал дипломатчид хөрөнгө оруулж ирж, бизнес хэлцлүүдээс улс орны эрх ашигт хожил авчраад байна уу гэвэл тийм биш байгааг олон жил харлаа шүү дээ. Товчхондоо Ө.Батбаяр бол IT инженер, бизнесийн менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Англи, япон хэлтэй. Хувийн хэвшилд ажилладаг, нам бус. Олон улсын нэр хүндтэй олон байгууллагуудад ажилласан туршлагатай. Эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн чиглэлээр татсан хөрөнгө оруулалтууд ч цөөнгүй байдгийг хамтарч хэрэгжүүлсэн хүмүүсээс нь сонсож байлаа. Би болон бид түүнийг сошиал орчинд жиргээгээр, телевизээр нэвтрүүлгээр нь л мэдэж, мэдэрдэг. Энэ мэдрэмжээр бол нэг иймэрхүү хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлд түлхүү анхаарах, соёл урлаг, Монголыг сурталчлах, уламжлалаа таниулах, үүндээ АНУ дахь байгууллагуудтай тогтоосон хувийн харилцаагаа ашиглаад АНУ, Монгол хоёр орны иргэдийн харилцааг шинэ шатанд гаргах боломж түүнд байна уу гэсэн хүлээлт төрж байна. Мөн Монголын залуус дэлхийд нэрээ цуурайтуулах эхлэл болсон IT буюу мэдээллийн технологид суурилсан гарааны бизнесийг дэмжиж оюуны экспортыг хөгжүүлэх, өнөөгийн түвшинд хүртэл хөгжиж ирсэн монгол иргэдийн АНУ-д суралцах таатай нөхцлийг өргөжүүлэхэд гол анхаарал хандуулж ажиллаж чадах байх. Тэгэхээр Ө.Батбаярыг зөвхөн “Дэлхийгээр аялагч”төслөөр төсөөлж буй нь түүний чимээгүй боловч өргөн хүрээнд ажлаа явуулдгийн илрэл биз ээ. Түүнээс биш олон улсад хэрэгжүүлж буй төслүүдтэй нь харьцуулбал ердөө л монголчуудад арай илүү танигдсан нэг төсөл нь л юм.
Үүнд цочир сонин, хүнийрхэж зэнзийрхэх том шалтгаан байна уу? Түүнийг ямар амжилт гаргаад ирэхийг томилсон төр нь, хүлээсэн улс орон нь харах болно. Мөн энэ удаагийн томилгоонд гадаад харилцааны салбарт тодорхой туршлага хуримтлуулсан ч өөр салбарынханд болон улс төрийн хүрээнд төдийлөн танигдаагүй залуусын нэр дуулдлаа. Зөв.
Тиймээс маргаан, өсөөр булингартсан ашиг хонжооны бүлэглэлүүдийн болон Элчин сайдын суудлыг “намдаа гомдогсдын ажлын байр”, эсвэл зүтгэсний шагнал мэтээр эндүүрээд удаж буй ужгирсан арга барилыг эвдэж, хөөнд дусаасан сүү мэт шинэ үеийнхэн гадаад харилцаагаа эдийн засагжуулах, харилцааны, менежментийн ур чадвараараа улс орноо хөгжүүлэх нэр хүндтэй эрхээс атгаж эхэлсэнд бахархаж байна. Салхи эргэлээ. Тэдэнд амжилт хүсье!