Хүнд суртал авилга хээл хахууль хаана их бугласан бэ гэхэд захын иргэн төрийн албанд гэж шууд хариулна. Энэ дүгнэлттэй хэн ч маргахгүй байх. Авилга, хүнд суртлын үүр бол төрийн албан хаагчдын арми гэж иргэдтэйгээ аль ч нам санаа нийлдэг. Энэ тухай намуудын лидерүүд албан ёсоор мэдэгддэг бөгөөд хэвлэл мэдээлэл мөн тэгж шуугьдаг. Масс бас тэгэж гасалдаг. Тэгэхээр “төрийн албан хаагчдын авилга хээл хахууль, хүнд суртал, хуйвалдаан, ах дүүсэг, нутгархаг үзэл бүр дэндээд гамшиг боллоо” гэхэд хилсдэхгүй хэмжээнд хүртлээ ялзарчээ. Ингэж дүгнэсэн хүнтэй маргаж, төрийн албан хаагчдаа өмөөрч хэнбу гуайн ч хүчин мөхөсдөхөөр шалбаагт гүн унасан маань харамсалтай.     

Төрийн албан хаагчдын 90 хувь нь МАН-ын угшилтай хүмүүс гэж МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга Э.Мөнх-Очир “Өдрийн сонин”-д шударга шулуухан ярилцлага өгсөн нь олзуурхам. Ийм шударга тус тас лидер МАН-д олон байгаасай. Бүх төрийн албан хаагчдын 90 хувь нь нэг намынх байх нь дэндүүгээс дэндүү үзэгдэл. Яасан увайгүй бөх зүрхтэй нам төрийн эрх барьж байгаа вэ? МАН-ын боловсон хүчний бодлогоор гүйцэтгэсэн олон жилийн томилгооны үр дүн энэ. Намдаа ийм том “гавъяа” байгуулсан гэж МАН-ын удирдах зөвлөл гайхуулдаг тул одоо шинэ төр засгийг мэргэшсэн төрийн албан хаагчдыг хэлмэгдүүллээ гэж үзэж тарахаар шийдсэн юмсанж. Намынхаа, өөрсдийнхөө тагнуулуудыг намаасаа түдгэлзүүлсэн хуурамч нэр зүүгээд бүх төрийн албан хаагчдын 90 хувь хүртэл шургуулжээ. Намаас түдгэлзэнэ гэдэг чононд хоточ нохойн нэр өгч буйтай адил. Тэд улс, ард түмний эрх ашгийг уландаа гишгээд зөвхөн намдаа далдуур үйлчилж ирсэн өөдгүй товарищууд гэдгийг Монголын хүн ам мэдээд, үглэж дуулаад явдаг шүү дээ. Иргэдийн бухимдал зөв байсан нь үүгээр нотлогдов.

Шинэ засгийн газар төрийн албан хаагчдын энэ 90 хувийг бууруулах нь зөв. Үүнд МАН маш их дургүйцэж, өөрсдийнхөө түшиг тулгуур болсон 90 хувиа хөдөлгөлөө, халлаа, солилоо гэж АН-ыг элдэв муу үгээр дайрч байна. Хувийн баар рестранаа намын цагаан байшинтай хамт шатаалгаад, хохирлоо хэд нугалаад төлүүлж баяжсан гэх хочтой УИХ-ын гишүүн С.Бямбацогт 90 хувиа “төрийн албанд мэргэшсэн Монголд ижилгүй боловсон хүчнүүд” хэмээн ерөнхий сайдад асуулга тавьж, архаг баяны аархуу хүү шиг телевизээр хэнхэлзэж харагдана. Харин ард түмэн “хогийн ургамал”-д баригдсан төрийн албыг цэвэрлэж өгөхийг шинэ төр засагт захиалж байна. Энэ захиалгыг биелүүлэхэд ганц намын эрх ашгийн хамгаалагч-90 хувийг цөөрүүлж л таарна.

Төрийн албаны 90 хувийг тэд анх дайрч эзлэхэд, тэнд хуучин ажиллаж байсан өөр намын болоод нам бус хэчнээн ч мэргэжилтэн гудамжинд хөөгдөн гарч лааз өшиглөсөн юм, энэ бас сонин. Хохирч гомдолтой үлдсэн олон хүн бий. Юм ээлжтэй нь үнэн ажээ. Эртний түүхэнд, довтлон дайрч эзэрхийлсэн аймаг, дараа нь хэзээ нэгэн цагт заавал хөөгдөж байсан жамтай. Манайд ялсан  нам төрийн албыг өөрийн хүмүүсээр дүүргэдэг булхайн загалмайлсан эцэг нь МАН бөгөөд одоогийн 90 хувь ч үүнийг нотлож байна.

Төрийн албан хаагчдын 90 хувийг эзэгнэсэн МАН-д зүтгэгсдийг солих хэрэгтэй. Солихдоо АН нутгархаг, ах дүүсэг, танил талаа эрхэмлэдэг хоточ нохойн нэртэй чонуудыг, хоточ нохойн өөр нэртэй чонуудаар соливол ялгаа юун. Барууны боловсролтой, өндөр хөгжилтэй орны хуулиа яс баримталдаг ухаан, амьдрах хэв маягийг эзэмшээд, түүгээрээ амьдарч яваа залуусаас сонголтоо хийгээсэй. 90-н хувийг хэвээр нь байлгана гэж бөх зүрх, бүдүүн хүзүү гаргаж, даварч буй нь хэзээнээсээ азаргалж, дарангуйлж сурчихсан коммунист үзэл нь унтраагүйн илрэл. 90 бус 50-н хувь байсан бол өөр хэрэг. Намын эрх ашиг гэлгүй Монголынхоо төлөө зүтгэдэг хүн төрийн албанд үлдэх ёстой.

“Төрийн жинхэнэ албан хаагчдыг хяналт шалгалтгүй халж сольж, хэлмэгдүүлж байна. Төрийн албаны халаа сэлгээ туйлдаа хүрэв” хэмээн хуучинсаг сонинууд халагдсан төрийн жинхэнэ албаны өндөр тушаалтан нарт үйлчилж эхлэв. Бодвол төлбөртэй үйлчилж байгаа биз. Цаадуул нь хэдий халагдаж буй ч авилгаар баяжсан амьтад хотойх ч үгүй.

Төрийн албаны суудалд чулуужсан тэр архаг хүнд сурталтнуудыг албанд нь үлдээлээ гэхэд төрийн албан хаагчдын 90 хувь нь шинэ засгийн газрын төлөө чин сэтгэлээр зүтгэхгүй, өөрийнхөө намд тагнуулын үүргээ нууцаар хэрхэн яаж биелүүлэхээ л бодно. Ийм нөхцөлд ажил явахгүй. Чингэхээр шинэ засгийн газар 90 хувийг ядаж 20 хувь болтол буулгах шаардлагатай. Тэгэхгүй аваас шинэ засгийн газар төрийн бүх албан хаагчдынхаа 90 хувийг ажилд зүтгүүлж дийлэхгүйг дахин сануулъя. За тэгээд орон нутгийн сонгуульд ялбал шинэ төр засгийн ажил явна аа хол явна. Амьдралаа сайжруулж, улсаа хөгжүүлье гэж хүсэж буй иргэд ардчилсан төр засгийнхаа зөвийг дэмжиж, бурууг засаж сурцгаая. Шинэ төр засаг иргэдийнхээ үгийг сонсож, иргэддээ үйлчлэх үүргээ ягштал биелүүлж сурвал манай улс огцом хөгжихөөр харагдаад буй. Гагцхүү төр засаг, нам, иргэд бүгд хууль дүрмээс нэг алхам ч хазайдаггүй заншлыг эзэмшиж дадвал ийм их баялагтай цөөхөн хүн амтай орны амьдрал дороо л цойлно гэж мэд. 

2012-10-04