Бүх нийтийн хоол хүнсний боловсролд




Чацарганыг яшилдуу, бургасан навчит гэж хоёр төрөлд хуваадаг ба манай оронд яшилдуу төрлийн чацаргана ургадаг.Чацаргана найрлагандаа С, А, К, Е, В1, М2, Р зэрэг аминдэм, тос, биологийн идэвхт бодис агуулдаг. Амтны хувьд хан боргоцой жимстэй ойролцоо тул <<Умард зүгийн хан боргоцой>> гэж нэрлэдэг.

Чацарганы шүүс, ундаа бэлтгэх арга


Чацарганы чихэрлэг шүүс
  • Шүүсийг шахаж авсны дараа үлдсэн шахдас дээрээ 40 градус температуртай ус (1 кг шахдаст 0,2-0,5 л) хийж модон хутгуураар алгуурхан, сайтар хутгаад 2 цаг орчим хугацаанд байлгасны дараа дахин шахаж гарган авсан 1 л шүүсэнд 700-800 грамм элсэн чихэр нэмж буцалтал нь халаана.
  • Дараа нь урьдчилан ариутгасан шилэн савны эзлэхүүний 60-70 хувь хүртэл цэвэр шүүс хийсэн саванд чихэрлэг шүүсээ нэмж өмнөх адилаар ариутгаад битүүмжлэн таглаж сэрүүн байранд тавина.

Чацарганы цэвэр шүүс
  • Жимсийг угааж цэвэрлээд 40-45 градус халаана.
  • Дараа нь няцалж жижиглэн нарийн шүүр буюу давхарласан самбайгаар шүүж паалантай юмуу үл зэврэх гангаар хийсэн саванд тосон авч 65-70 градус хүртэл халаагаад шилэн саванд савлаж, түүнийгээ буцламгай халуун усанд 20-25 минут байлгаж ариутгаад битүү таглан сэрүүн байранд тавьж хадгална.

 
Чацарганы холимог шүүс
  • Шинэхэн шахаж гаргасан цэвэр шүүсийг бусад жимс, жимсгэний шүүстэй хольж чихэрлэг шүүсээр амт тохируулан холимог шүүс бэлтгэнэ.
  • Чацаргана, үхрийн нүдний холимог шүүсэнд үхрийн нүдний шүүс 35%, чацарганы цэвэр шүүс 15%, чихэрлэг шүүс 50% байна.
  • Чацаргана, алимны холимог шүүсэнд алимны шүүс 60%, чацарганы шүүс 15%, чихэрлэг шүүс 25% байна.
  • Чацаргана, луувангийн холимог шүүсэнд луувангийн шүүс 60%, чацарганы шүүс 15%, чихрийн уусмал 25% байна.
Тайлбар: Дээр дурдсан чацарганы гурван төрлийн холимог шүүсэнд орох чихэрлэг шүүсийг бэлтгэхдээ ус, чихрийг 2:1 харьцаагаар холино.

Чацаргана, зөөхий (сметана), луувангийн шүүс
  • Дунд зэргийн хэмжээтэй 3 ширхэг шар лууванг нарийн ширхэгтэй үрүүлээр хярж жижиглээд давхаласан самбайд шахаж шүүсийг нь авна.
  • Үүн дээрээ нэг аяга зөөхий, хоолны 1-2 халбага чацарганы цэвэр шүүс нэмж хутгана.
Чацарганатай сүү
  • Хөөрүүлж өрөм, цөцгийг нь хамж авсан хагас литр сүүнд хоолны таван халбага чацарганы цэвэр шүүс хольж сайтар хутгана.
  • Энэ ундаа нь бага насны хүүхэд, эхчүүд, өндөр настай хүмүүст нэн тохиромжтой.
Чацарганы, зөгийн балтай шүүс
  • Чацарганы 3 аяга (стакан) цэвэр шүүсэн дээр нэг аяга буцалсан усад найруулсан 50 грамм зөгийн бал нэмж сайтар хутгаад халуунаар нь ариутгаж савлана.

Чацарганы анагаах чанар

Монгол, Түвдийн эмнэлэгт чацарганын тосыг хүний биеийн бодисын солилцоо алдагдах, цус алдах, элэг, уушиг, гэдэс дотрын өвчинд, жимсний шүүсийг чийг бамын өвчинд, ханиад, ядаргааны үед олон жилийн турш хэрэглэж иржээ.

Чацарганын шүүсийг шахаж авсны дараа үлдсэн шахдасыг халааж нуруу, бөөрөндөө жин тавихад илааршуулна.

Орчин үеийн анагаах ухаанд чацарганын тосыг гадна, дотор талын эрхтний шархлаа, түргэн аних боломжгүй гүн шарх, эмэгтэйчүүдийн савны амсрын улайсалт, шарх, урагдалт, наранд түлэгдэх, хөлдөлтийн үед түрхэж хэрэглэнэ.


Чацарганаар эмчлэх зарим жор



Ходоодны шархлааны үед хоол идэхээс 30 минутын өмнө хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна. Эмчилгээг 21 хоногоос cap хүртэл үргэлжлүүлэх бөгөөд эмчилгээний үед архи, дарс, хүчиллэг зүйл хэрэглэхгүй байхыг эмч нар зөвлөдөг.

Арван хоёр нугалаа гэдэс шархлах өвчний үед хоол идэхээс 30-40 минутын өмнө тосыг цайны халбагаар өдөрт 2-3 удаа 7-10 хоног хэрэглэнэ.

Шархлаа гүнзгий, гүн хөлдсөн үед тосыг тэр хэсэгт шууд түрхвэл амсар нь аньж идээлж болзошгүй тул захаас нь эхлэн бага багаар түрхсээр гүн шарханд хүргэнэ.

Чацарганын шүүсийг 1:5 харьцаагаар, усаар шингэлж, амт оруулах төдий элсэн чихэр нэмээд буцлам халуунаар нь уувал хөлс чийхарч,   бие тавигдан  ядаргаа  арилж,   зүрх   судас,   гэдэс  дотор, амьсгалын эрхтний үйл ажиллагаа эрс сайжирна.

 Жимс, жимсгэнийн аль ч төрлийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхдээ эмчийн зөвлөгөө авч түүний хяналтын дор байх шаардлагатай.

Уншигчдын анхааралд:
Ж.Октябрийн бичсэн “Хүнсээ таньж, зөв боловсруулж зохистой хэрэглэцгээе” ном удахгүй  хэвлэгдэн гарах гэж байна. Энэхүү номонд хүн төрөлхтний түгээмэл хэрэглэдэг 500 орчим нэрийн хүнсний зүйлийн  өл шим, ашиг тус, хоолны зориулалт, боловсруулах арга,  болгох хугацаа, хүнсний харилцан зохицол зэргийн талаар тайлбарлаж өнгөт зурагтайгаар  харуулсан  байна.