Буруу замаар будаа тээвэл…
МАН-ын талцсан хоёр хэсэг хүч тэнцүү учир Их хурлаа тарааж л салах байх.
Эдүгээ монголын төр засаг гүн хямралд оржээ. Шалтгаан нь төрийн эрх мэдлийг авсан улс төрийн намуудын удирдлага, УИХ-ын гишүүд нь нийтийн хөрөнгийг олон жил завшиж ирсэнтэй холбоотой.
МАН-ын доторх ашиг сонирхлын зөрчилдөөн, эрх мэдлийн тэмцэл хурцдаж нам дотроо шийдэж чадахгүй болжээ. Үнэмлэхүй олон суудал авсан Их хурлаа ч хуралдуулж чадахгүй болов. Их хурлын 40-өөд гишүүд М.Энхболд даргаа огцрохыг шаардаж, хуралдаа ирэхээ ч болив. Сүхбаатарын талбайд хоёр ч удаа жагсаал болж олон мянган иргэд тэр шаардлагыг нь дэмжээд тусыг эс олов. МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар огцруулах хуулийн төсөл санаачлан УИХ-д хүргүүлэв.
Төрийн эрхийг барьж буй намын дотоод зөрчил нь нийтийн засаглалын хямралд хүргэжээ. Иргэддээ үйлчлэх ёстой төр засаг нь зөвхөн өөрсдөдөө, холбоотой бизнестээ үйлчлэх болсноор, улс төрийн хямрал авчирдгийг пост коммунист Чех, Монгол хоёр орны төсөөтэй жишээн дээр харж болно.
Прагад болсон явдал
1989 онд Чехословакт коммунизм нурж, төдөлгүй анхны ардчилсан сонгууль болов. Хоёр жил болоод Дэлхийн нэгдүгээр дайны дараа нийлсэн Чех, Словак үндэстнүүд “гэрлэлтээ” цуцлаж, тус тусын парламентын сонгуулиа явуулав. Чехийн төр засгийн эрхийг Социал Демократ Нам, Иргэний Ардчилсан Нам хоёр ээлжилж, ихэнхдээ хамтран барих болов.
The Economist сэтгүүлийн тайлангаар 2014 оноос хойш Бүгд Найрамдах Чех улс нь ардчилал төлөвшсөн орноос гажиг ардчилалтай (flawed democracy) ангилалд гулсан оржээ. Судлаачид үүнийг намууд ардчилсан нийгмийн үндсэн үүрэг болох ард түмнийг төлөөлж, төр-иргэний нийгмийн зуучлагч байх үүргээ умартсантай холбоотой гэж тайлбарлажээ. Намууд нь иргэний нийгмийн ашиг сонирхлыг илэрхийлэхийн оронд улс төрчидтэй холбоотой, далд бизнесийн ашиг сонирхлыг хамгаалдаг болсон ажээ.
2010 оны сонгуульд Иргэний Ардчилсан Нам ялж, Ерөнхий сайдаар, намын дарга Петр Нечас сонгогдлоо. Тэр нэн тэргүүнд авлигын эсрэг тэмцэхээ амлав. 2013 оны 6-р сард тагнуулын албаны хоёр дарга, өмнөх дэд сайдууд, парламентын зарим гишүүд холбогдсон авлигын томоохон хэрэг илрэв. Петр Нечасын кабинетын гишүүн Яана Нагёва Засгийн газарт итгэл үзүүлвэл парламентын тодорхой гишүүдэд төрийн өмчит аж ахуйн нэгжийн өндөр албан тушаал амлажээ. Мөн Ерөнхий сайдынхаа эхнэр, бусад хүмүүсийг тагнах тушаалыг тэрээр Цэргийн тагнуулын албанд өгсөн нь илэрч олон нийтийн дургуйцлыг төрүүлэв. Сэтгүүлч Ярослав Кмента “Цэргийн тагнуулын алба нь төрийн эрх ашгийг бус, клиентелист бүлгийн эрх ашгийг хамгаалах боллоо” гэжээ.
Төдөлгүй Петр Нечасын (Mr. Clean гэгдэж байсан) Засгийн газар огцров. Ерөнхий сайдаар парламентын дарга Мирослава Немцоваг нэр дэвшүүлжээ. Гэвч гурван сарын өмнө нь сонгогдсон Ерөнхийлөгч Милош Земан түүнийг батлахаас татгалзав. Оронд нь М.Земан Ерөнхий сайд (1998-2002 онд) байхад Сангийн сайд байсан Иржи Руснокыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилж, түр Засгийн газар байгуулав. Парламент хариуд нь И.Руснокыг жинхлүүлж батлахгүй, хоёр сар өнгөрөв. Де факто Ерөнхийлөгчийн засаглал тогтов.
Сөрөг хүчин болох Социал Демократ намаас 2013 оны 8-р сард парламентыг тараах санал гаргасныг Парламентын 200 гишүүний 70 хувь нь дэмжсэнээр ээлжит бус сонгуулийг зарлав. 10-р сарын 25-26-нд болсон энэ сонгуулиар Социал Демократ нам 50, дөнгөж жилийн өмнө байгуулагдсан AНO-2011 нам 47 суудал тус тус авчээ. Уламжлалт хоёр том нам өмнөх байр сууриа алдав. Орон зайг нь улс төрийн шинэ хүчнүүд эзлэв. Өмнө нь ганц ч суудал аваагүй Христийн Ардчилсан Холбоо-Чехийн Ардын Нам (KDU-CSL), Шууд Ардчиллын Эхлэл Хөдөлгөөн (USVIT) гэх хоёр ч нам тус бүр 14 суудал авч, парламентад орж ирлээ. Чех-д улс төрд хүчний дахин хуваарилалт боллоо.
Харин 2017 оны сонгуулиар АНО нам 78, Социал Демократ нам 15 суудал авч, мөн 15 суудал авсан Коммунист намын дэмжлэгтэйгээр Засгийн газраа байгуулав. АНО намын дарга, Чехийн хоёр дахь баян, тэрбумтан бизнесмен Андре Бабиш Ерөнхий сайд болов. Тэр авлигатай тэмцэх, улс орныг өөрийн бизнес шигээ удирдахаа амлав. Гэвч сүүлийн хэдэн сар түүнийг Европын холбооны хөдөө аж ахуйн төслөөс хоёр сая евро завшсан хэргээр буруутган, огцрохыг шаардан иргэд жагсаж байна.
Улаанбаатарт болж буй явдал
Монголд улсын их хурлын сонгууль болоход жил хагас үлджээ. Гэсэн ч энэ парламентыг хугацаанаас нь өмнө тарааж, ээлжит бус сонгууль явуулах, товыг нь яаралтай зарлах нь зөв гэж иргэд үзэх боллоо. “МEC” нэртэй байгууллагаас 2018 оны 11-р сард санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотод сонгуулийн насны 750 иргэнээс асуулга авчээ. УИХ тарахыг оролцогсдын 75 хувь нь дэмжжээ. 2017 оны 7-р сард иргэдийн 28 хувь нь аль ч намыг дэмжихгүй гэсэн бол 2018 оны 11-р сард энэ хувь 57-д хүрчээ.
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь хоёр ч удаа УИХ-ыг тараах санал тавьсан. Эхлээд нийслэлийн утааны гамшгийг шийдэж чадахгүй байгаа учраас, дараа нь 2019 оны төсвийн төсөл алдагдалтай байгаа учраас тэдгээр саналыг гаргасан. Тэгвэл энэ удаад Ардчилсан нам ИХ-ыг тараах санал дэвшүүлэв. Энэ намын ИХ дахь 9 гишүүнээс 2 нь (Лу. Болд, Ж. Батзандан нар) намаасаа гарахаа мэдэгдсэнээр АН ИХ дотор намын бүлэггүй болсон юм. Парламентыг тараах саналыг одоогоор 16 гишүүн дэмжиж гарын үсэг зураад байна.
УИХ-ын тухай хуулийн 31-р зүйлд парламентыг тарааж ээлжит бус сонгууль зарлахын тулд Их Хурлын нийт гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгийг авах ёстой. Эсвэл гишүүд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар Улсын Их Хурал 57-оос цөөн гишүүнтэй болсон тохиолдолд тарах юм. Гэхдээ МАН-ын талцсан хоёр хэсэг хүч тэнцүү учир Их хурлаа тарааж л салах байх.
УИХ тарахаас өөр сонголтгүй болж байна. Ээлжит бус сонгууль энэ хавар болж шинэ намууд Их Хуралд орох бололтой. Хэрэв Чехийн 2013 оны сонгуулийн логикоор явна гэвэл АН аль нэг, эсвэл хоёр жижиг намтай эвсэж шинэ Засгийн газар байгуулах магадлалтай.
Ардчиллын зам дардан биш ч, чиглэл нь зөв юм аа. Харин өнөөдөр бол буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ гэдэг болж байна.
2019.01.16
IRGEN
ИРГЭН
Зочин
Үндсэн хуулийн шинэчлэлт зайлшгүй
Зочин
Амарбат
ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
дд
Баяраа