Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь шүүмжлэлт сэтгэлгээнд сургадаг нь юм болов уу...
- Монголчууд бид үеийн үед түүхээ бичиж үлдээдэггүй сул талтай явж ирсэн шүү дээ. Тиймээс аль болох бичиж, үлдээж байх ёстой. Зөвхөн нэг өнцөг биш олон өнцгөөс түүхээ эргэцүүлж, дүгнэж байж бүтэн зураглал үлдэх болов уу. Миний өнцөг бол зөвхөн миний л өнцөг. Нэг гэр бүлийн түүхээр төлөөлүүлж, бараг автобиограф маягаар бичихийг зорьсон учраас тэр утгаар нь хүлээж аваасай гэж бодож байна.
Эрхэм уншигчидтайгаа уулзуулахаар сонгосон өнөөдрийн миний зочин бол Улсын Их Хурлын гишүүн Батбаярын Жаргалан. Энэ удаа бид түүний анхны ном болох “Бодрол” номын талаар ярилцлаа. Тун сонирхолтой ном бичсэн хатагтай Жаргалан бол үеийнхэн дотроосоо чхамгийн сонирхолтой, баялаг түүхтэй нэгэн.
- Таны бичсэн "Бодрол" гэж номыг уншлаа. Ардчилсан хувьсгалын салхинд, Хонхны дууны аялгуунд өсөж торнисон ардчиллын охины түүх гэсэн хавтсан дээрх үг сэтгэлийг маань шууд л булаав. Бас бүлгүүдийн нэр их сонирхолтой. Эхний бүлэг улс төрийн хүмүүжил гэх жишээтэй.Яагаад яг ийм ном бичье гэж бодов оо?
- Би бол 1980-аад оны төлөөлөл. Манай үеийнхэн хоёр нийгмийн зааг дээр буюу нийгэм сууриараа өөрчлөгдөж байх үед өсөж торниж, их сонирхолтой цаг хугацаанд бие хүмүүс болж төлөвшсөн. 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар тунхагласан "хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм" гэж юу болохыг ойлгох, зах зээлийн эдийн засгийн тоглоомын дүрэмд дасан зохицох, дэлхий дахинтай харилцах, нөхөрлөх, өрсөлдөх шаардлагатай тулгарсан. Ардчилсан хувьсгалын дараах он жилүүдэд монголчууд бүгд дор бүрнээ эрэл хайгуул хийсэн шүү дээ. Ажил мэргэжлийн хувьд, мэдлэг боловсролын хувьд, итгэл үнэмшлийн хувьд, амьдралыг үзэх үзлийн хувьд маш их эрэл хайгуул, дотоод эргэцүүлэл бүхий цаг үе байлаа. "Би энэ шинэ нийгэмд ямар үүрэг оролцоотой байх вэ?" гэдэг асуулттай хүн бүр л нүүр тулсан байх. Нэгдүгээрт, энэ сонирхолтой цаг үеийн талаарх өөрийн эргэцүүллээ цаасан дээр үлдээе гэж бодсон. Хоёрдугаарт, манай гэр бүл, тэр дундаа аав маань, ардчилсан хувьсгалыг дагасан улс төрийн үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцсон учраас надад бүхий л үйл явцыг маш ойрхноос ажиглах боломж олдсон. Тэр мэдрэмжээ мөн тэмдэглэж үлдээхийг зорьсон. Энэ номонд өгүүлсэн түүх, баримтууд бол зөвхөн миний л харах өнцөг юм. Гуравдугаарт, би оюутан байхаасаа хойш блог бичдэг, тэмдэглэл хөтөлдөг байсан юм. Блогноос жаахан хөндийрөөд бичих дадлаа алдахгүйн тулд "Бодрол" номын санаан дээр хэдэн жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн боловч нэг л явж өгөхгүй байж байгаад сая УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших эрхээ авахын өмнө "Ер нь нэг бодлоо цэгцэлж авъя" гэдэг зорилгоор маш хурдан бичсэн. Өнгөрсөн 30 гаруй жилийн улс төрийн түүх, өвөө, эмээ, аавынхаа амьдралын замнал, зорьсон зорилгын талаар нухацтай бодож, хувь хүнийхээ хувьд бас зарим зүйлсийг илүү оновчлох шаардлага байсан гэж хэлж болно. Ардчиллын мөрөөдөл юу байв, манай үеийнхний мөрөөдөл юу билээ, ид идэвхтэй ажиллаж амьдарч байгаа энэ цаг үед бид юу хийхийг зорих ёстой вэ гэдэг талаар эргэцүүлэхийг хичээсэн.
- Таны үеийнхэн үнэндээ ардчиллын түүхийг, намуудын түүхийг огт мэддэггүй л дээ. Шинэчлэл, шилжилтийн үеийн амьдралаа аав ээжүүд эзгүй хэцүү байсан гэх төдийхнөөр ярьдаг, өмнөх үеэ бүтнээр нь гутаан дэвслэх нь их. Та тэдэндээ “Яг үнэндээ бидний амьдарч байгаа энэ ардчилсан Монгол улс ингэж бий болсон юм шүү” гэж ярьж ойлгуулахыг хүссэн юм шиг...
-Тийм ээ. Монголын хүн амын дийлэнх хэсгийг өмнөх нийгэмд амьдарч үзээгүй залуучууд эзэлж байгаа шүү дээ. Ардчилсан хувьсгал ямар үнэ цэнтэй байсан, монголчууд ямар сорилт бэрхшээлийг даван туулж эрх чөлөөгөө баталгаажуулсныг тэр бүр мэдэхгүй байх нь аргагүй. Тиймээс тэр үеийн түүхийг аль болох бодитоор залууст таниулах нь чухал. Энэ нь зөвхөн хувь хүмүүсийн дурьдатгалаар зогсохгүй иргэний боловсролын хүрээнд ч хийгдэх ёстой ажил гэж боддог. Энэ хүрээнд Үндэсний их баяр наадмын тухай хуульд мөн өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаад явж байгаа.
- Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах гэхээр сонирхолтой санагдаж байна. Нээрээ дан ардын хувьсгал яриад таардаг ш дээ...
- Үндэсний ухамсрыг сэрээх хамгийн том үйл явдал болох улсын баяр наадмаар Монгол Улсын түүхэн чухал үйл явдлуудыг сануулах нь чухал гэдэг утгаараа Тулгар төр байгуулагдсаны ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ гэсэн заалт оруулж байгаа. Одоогийн хуульд Их Монгол Улс байгуулагдсаны ой, Ардын хувьсгалын ойг хамтатган тэмдэглэнэ гэсэн заалт бий. Үүнийг өргөтгөж байгаа гэсэн үг.
- МоАН, МҮДН, МСДН, ШДХ гээд ардчиллын төлөөх маш олон бүтцүүд байсан. Тэд өнөөгийн АН-ын гал голомт нь юм гэх мэтээ ч нарийн мэдэхгүй. Ардчилал , хүний эрх ярих атлаа бусдын эрх рүү хамгийн бүдүүлгээр халддаг хэсэг ч өнөөгийн АН-ын залуус дотор их байгаад харамсдаг. Тийм болохоор л өөр шиг чинь ардчилал үүсэх, хөгжих бүхий л үйл явдлын дунд өссөн хүн бүгдийг бичих ёстой болсон байх?
- Тэгэлгүй яах вэ. Монголын ардчиллын түүх өнөө хэр бичигдэж байна. Ардчилсан нам түүхэн замнал гавьяа ч ихтэй, алдаа ч ихтэй явж ирсэн. Ардчиллын төлөөх хөдөлгөөнүүд нэгдэж нийлж байж одоогийн Ардчилсан намыг байгуулсан, тэр утгаараа Ардчилсан намд олон ургальч үзэл ямагт байдаг. Гэхдээ би нэг зүйлд итгэлтэй байдаг нь, улс төрийн намууд дотроос улс төрийн үзэл санааны хувьд хамгийн төлөвшсөн улс төрийн хүчин бол Ардчилсан нам. Бид хуваагдалтай, дотоод зөрчилтэй харагддаг байж болох ч, ардчиллын үнэт зүйл, эдийн засгийн эрх чөлөөгөө хамгаалах тал дээр Ардчилсан намын гишүүд эргэлзээ байхгүй зарчмаа барина гэдэгт итгэлтэй байдаг. Тиймээс ардчиллын түүх, Ардчилсан намынхаа түүхийг залуустаа таниулахыг хичээсэн.
- Гэвч танай үе яаж хүлээж авав ?
- Одоо л уншигчдын сэтгэгдлийг сонсоно доо.
- Аав ээжийн тань үе хэрхэн хүлээж авах бол. Манай ардчиллынхан өөрсдөө ч түүхээ маш их фантазилдаг. МоАХ-ынхан бараг ганцаараа ардчилсан хувьсгалыг хийсэн гээд дайн байлдаанд орсон шахам домог ярина. МСДН бид бол уураг тархи, онолыг нь бид тавьж өгөөгүй бол тэр зэрлэгүүд юугаа ч хийж чадахгүй байсан гэнэ ... Тэд түүхийг их өмчлөх дуртай шүү дээ ?
- Монголчууд бид үеийн үед түүхээ бичиж үлдээдэггүй сул талтай явж ирсэн шүү дээ. Тиймээс аль болох бичиж, үлдээж байх ёстой. Зөвхөн нэг өнцөг биш олон өнцгөөс түүхээ эргэцүүлж, дүгнэж байж бүтэн зураглал үлдэх болов уу. Миний өнцөг бол зөвхөн миний л өнцөг. Нэг гэр бүлийн түүхээр төлөөлүүлж, бараг автобиограф маягаар бичихийг зорьсон учраас тэр утгаар нь хүлээж аваасай гэж бодож байна.
-Таны удам судар их баялаг. Надад Зөг эмээгийнхээ тухай ярьж өгөөч. Ээжийн тань эмээ шүү дээ. Ямар сонирхолтой түүхтэй хүн байгаа вэ. Түүний үлдээсэн эд зүйлсээс жараад оны ганган дээл бий тухай та номондоо бичжээ. Тэр ямар эдээр хийсэн ямар дээл байна вэ. Та өмсдөг үү. Өөр ямар нэг эд зүйл үлдсэн үү ?
- Зөг эмээ маань намайг өсгөсөн юм. Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Богд хаант засаг байгуулагдаж байх үед төрж өссөн хүн байсан. Тэгэхээр нэг гэр бүлийн дөрвөн үе гэхэд л Монгол Улсын бүтэн нэг зуун жилийн түүхийн гэрч, идэвхтэй оролцогч болчхож байгаа биз. Би чинь эмээдээ эрхэлж, хайранд нь умбаж өссөн хүүхэд. Бусдын төлөө өөрийгөө зориулах, хүнийг хайрлах ухааныг эмээгээсээ л мэдэрсэн. Амьдралын ухаантай, сэтгэлийн тэнхээтэй хүн байсан санагддаг. Эмээгээсээ илүү олон зүйлийг сурч үлдэхгүй яав даа гэж харамсах нь ч бий. Эмээгийн дээлнүүд дүү бид хоёрт өвлөгдөж ирсэн. Тэр дунд номонд дурдагдсан нэг алтан шар хоргой эмжээртэй хар торгон дээл бий. Тухайн үеийн хийц одоогийнхийг бодвол илүү богино байсан юм болов уу, надад богинодоод байдаг юм. Дүүд маань таардаг ч, нандигнаад тэр болгон өмсдөггүй ээ.
- Гоё юм аа.
- Үнэхээр чамин.
- Бас Ч.Бямбатогтох эмээгийн тань тухай илүү яриулмаар байна. Бидний багадаа үзэж өссөн Радуга номын нэг зохиогч юм билээ. Гавьяат багш Т.Дулмаа гуайн дурсамжийг уншиж байсан. Ч.Бямбатогтох багштайгаа хоёулаа хувааж аваад дайраад л орж байсан гэж ярьсан байсан. Хэлний цөөхөн мундаг багшийн нэг .
- Ч.Бямбатогтох эмээгээ би залуу эмээ гэж дууддаг хэвээрээ л байгаа, одоо залуу эмээ маань 80 гарч яваа. Жинхэнэ сурган хүмүүжүүлэгч, бичиг цаасны хүн. Би ер нь их азтай. Маш олон хүчирхэг хүмүүсийн дунд, тэр дундаа хүчирхэг эмэгтэйчүүдийн дунд өссөн. Ажлын төлөө явдаг, ямар нэг зүйл эхлүүлсэн бол түүнийгээ заавал дуусгадаг. Орой гэртээ ирээд оюутнуудынхаа дэвтрийг засна, номоо бичнэ. Залуу эмээгийнхээ буянд би сургуульд орохоосоо өмнө л уншиж бичиж сурсан, номын амтанд орсон юм.
- Үнэхээр их аз шүү.
- Санал нэг.
- МАН бол хойд хөршийн нөлөөлөл дор үүсгэн байгуулагдсан хиймэл бүтэц, харин Ардчилсан нам бол бидний өөрсдийн бүтээл. Монголчуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, бидний өөрсдийн байгуулсан анхны улс төрийн нам гэж танай намын М.Тулгат хэлсэн тухай та бичжээ. Сонирхолтой дүгнэлт. Худлаа гэж хэлэх боломжгүй юм. Гэх мэтчилэн олон сайхан баримтуудыг уншлаа. Одоо та нар намаа институцийн хувьд шинээр босгож ирэх ёстой болчихоод байх шиг...
- Ардчилсан намд үе солигдож байгаа. Ардчиллын анхдагч нар МоАХ, МҮДН, МСДН гэх мэт олон намуудын төлөөлөл болж Ардчилсан намын шанг татсан гэдэг утгаараа магадгүй өөр өөрсдийн ялгаатай тал дээрээ илүү их төвлөрдөг байсан бол бид ижил төстэй талууд, ардчиллын үнэт зүйлс дээрээ нэгдэж илүү эв нэгдэлтэй, илүү бат бөх байр суурьтай байх боломжтой гэж боддог. Яг одоо Ардчилсан намын Үндсэн дүрэм, намын хөтөлбөрийг шинэчлэх ажил хийгдэж байна. Энэ үйл хэрэгт залуучууд маань маш идэвхтэй оролцож байгаад баяртай байгаа. Наадмаас өмнө улс орон даяар дүрмийн хэлэлцүүлгээ хийх зорилго тавиад ажиллаж байна.
- Үндэсний хэв загвар бүхий улс төрийн байгууллагыг бие даан бүтээх үйл хэрэгт миний аав тэргүүтэй бүтэн үе амьдралаа зориулсан бол одоо тэр хариуцлага бидний үе дээр ирлээ гэж та бичиж. Үнэхээр сэтгэл хөдлөн хүлээж авлаа. Гэтэл амтай болгон АН-ыг анхиагүй, улс төрийн нам гэхэд хэцүү болсон, сөрөг хүчний блок байгаа гэж үзэх үндэслэл алга гэх мэтээр шүүмжилдэг болжээ. Та энэ шүүмжлэлүүдийг яаж хардаг бол?
- Бидний үе Ардчилсан намын дотоод үйл ажиллагаанд жин дарж оролцож эхэлсэн цаг хугацаа 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсан цаг хугацаатай давхцдаг. Дараа нь намын тамга, тэмдэгтэй холбоотой асуудал үүсэж, сонгуульд оролцож чадах эсэх маань хүртэл эргэлзээтэй байсан цаг үе бий. Ковидын карантины үед намынхаа хурлыг хийх гэж хичээж явсан үед хүмүүс Ардчилсан намыг шүүмжлэхээр өөрийн эрхгүй дотроос гомдоод байдаг байсан. "Бид уул нь хичээгээд байгаа шүү дээ, дуу хоолойгоо хүргэхийг зорьж байгаа шүү дээ, Ардчилсан намыг хүчтэй байлгахын төлөө чадах бүхнээ хийж байгаа шүү дээ" гэж бодогдоод, бидэнд дэм өгөхгүй, ойлгохгүй шүүмжлээд байхаар нь шантарчих гээд л... Гэхдээ сүүлдээ хүмүүс Ардчилсан намаас маш их зүйлийг хүлээдэг учраас АН-д илүү шүүмжлэлтэй ханддаг гэдгийг ойлгосон. Бид гагцхүү тэр хүлээлтэд хүрч ажиллах ёстой.
- Эргээд таны удам судрын талаар өөр нэг сонирхолтой баримт руу оръё. Таны өвөө С.Бавуусүрэн Булган аймгийн Дашинчилэн сумын хүн юм байна. Лах багийн нутаг болох Өрхтэй гэж газар төрсөн тухай уншлаа. Та тэр Өрхтэйд очиж үзсэн үү. Маш сонин тогтоцтой, өвөрмөц газар бий. Миний төрсөн нутаг болохоор үнэхээр асуумаар санагдаад болдоггүй.
- Одоогоор арай очиж үзэж амжаагүй байгаа. Удахгүй очно гэж бодож байна.
- Таны бага нас гадаадад голдуу өнгөрсөн юм билээ. Амьдарч байсан улс орнуудаасаа илүү их санагалздаг нь аль орон бэ. Олон орчин сольж байсан тухайгаа, шинэ хүүхэд байх хэцүү гэж бичсэнийг тань уншаад өөрийн эрхгүй сонин болж байна билээ. Та багаасаа өөрөө өөртэйгөө учраа амархан олж сурсан шиг санагдсан...
- Багаасаа олон газар амьдарч, олон сургууль сольж, гадна дотны олон хүмүүстэй харилцаж байсан нь нэг талаасаа намайг илүү нээлттэй, сониуч, хүмүүстэй амархан ойлголцдог болгосон бол нөгөө талаасаа аливаа асуудлыг их олон талаас нь боддог, тэр хэмжээгээрээ шийдвэр гаргахдаа их болгоомжтой ханддаг болгосон санагддаг. Манай аав их хурдтай шийдвэр гаргадаг, маневр сайтай хүн шүү дээ. Гэтэл би зарим талаар эсрэгээрээ. Москва, Канберра, Нью Йоркт амьдарч байсан. Аль аль нь өөрийн гэсэн онцлогтой, гоё хотууд. Тэгсэн хэрнээ л Улаанбаатарыг минь гүйцэх хот байхгүй гэж боддог хэвээрээ. Тийм ч учраас хоттой холбоотой асуудалд оролцоотой ажиллахыг хичээж байгаа.
- Таны ээж Б.Баясгаланг сайн боловсролтой, хүчтэй эмэгтэйчүүдийн нэг ч нөхөр нь улс төрийн амьдрал сонгосон учраас ар талд үлдсэн гэж олон хүнээс сонсож байсан. Та ээжийнхээ тухай ярьж өгөөч ?
- Ээж маань бас л ажлын төлөө төрсөн юм шиг хүн бий. Өнөө хэр ажлаа хийгээд л явж байгаа. Очих тоолонд дандаа бодлогын шинж чанартай санаа хэлнэ, боловсролын салбарын асуудалд их санаа зовно. Ээж хүн ам зүйн чиглэлээр мэргэшсэн монголын цөөн боловсон хүчний нэг, МУИС-ийн Статистикийн тэнхимийн хүрээнд хүн ам зүй судлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан, одоо ч тэр тэнхимд шавь нар нь ажилладаг. Мөн нийгмийн хамгаалал, боловсролын салбарын олон төслүүд дээр ажилласан баялаг түүхтэй. Аав улстөрч болоогүй бол ээж улстөрч болох байсан нь үнэн байх аа. Гэхдээ ээж маань аавын хамгийн сайн зөвлөх, ажлын хамтрагч байж чаддаг. Манай аав чинь гурван "хүчирхэг" эмэгтэйн дунд гэр бүлийн хурал дээр байнга л цөөнх болно шүү дээ.
- Достоевскийн Петербург, Диккенсийн Лондон, Драйзерийн Чикагогийн ертөнцөөр номоор дамжуулан амьдардаг, хүүхэд насны чигжүү чимээгүй зан чанар тань таныг хожим Америкт суралцах сонголт хийлгэсэн байдаг. Оюутан цагийн амьдрал өрнөсөн газар болохоор гайхалтай байх л даа. Оюутны амьдралынхаа талаар дурсвал?
- Би ер нь Колумбын сургуульд суралцаж, Нью Йоркт амьдарч байх үедээ л өөрийгөө олсон гэж боддог. Маш их уншсан, маш их бодсон. Их олон зүйл дээр өөрийнхөө итгэл үнэмшил, хүсэл сонирхлыг тодорхойлсон. Зөвхөн онц сурах хангалтгүй юм байна гэдгийг ч ойлгосон. Манай сургуульд маш олон мундаг хүүхдүүд байсан. Өөрийгөө их голсон. Одоо ч гэсэн өөрийгөө их голдог. Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь шүүмжлэлт сэтгэлгээнд сургадаг нь юм болов уу. Хамгийн сонирхолтой нь би тэнд очоод монголынхоо түүхийг илүү их судалж, монголын нийгмийн амьдралд илүү их анхаарал тавьдаг болсон. Анх www.bodrol.com нэртэй вебсайт хийгээд яруу найраг, ном зохиол гээд янз бүрийн бичвэр тавьдаг байснаа дараа нь блог бичиж эхэлсэн юм. Фрийдландын Оюу толгой ордын талаар хөрөнгө оруулагчдад хийсэн танилцуулгыг Бодрол дээр орчуулж тавьсан нь тэр үед сонин, ТВ-ээр хүртэл гарсан байдаг. Сая номондоо нэр өгөх гэж янз бүрийн хувилбар бодож байснаа ерөөсөө л анхны бодож олсон нэрээрээ анхны номоо нэрлэчихье гээд Бодрол дээрээ тогтсон.
- Нью Йоркод суралцахын хамгийн том давуу тал бол дэлхийд шуугиулж байгаа бүх үйл явдлыг нэг дороос үзэж мэдрэх явдал байлаа гэж та бичсэн байсан. Энэ гарцаагүй үнэн. Хамгийн гоё, мартагддаггүй үйл явдлуудынхаа тухай манай залууст ярьж өгөөч?
- Нью Йорк бол дэлхийн санхүүгийн төв төдийгүй урлаг, соёлын ч том төв. Надад урлагийн боловсрол олгосон газар. Манай сургууль оюутнууддаа опера, балет, янз бүрийн тоглолтын билетүүдийг хөнгөлөлттэй үнээр өгдөг байв. Тэр шугамаар анх удаа Метрополитан Операд "Евгений Онегин"-ыг үзсэн минь ер мартагддаггүй юм. Амьхандаа гангалаад л яваад очсон чинь өнөө хямд билет маань хамгийн урд талын эгнээний, хамгийн хүндэтгэлийн суудал байж таардаг юм. Сургуулийн төгсөгч нар Метрополитан Операгийн Удирдах зөвлөлд байдаг учраас сургуульдаа үзвэрийн билет хандивладаг юм байна л даа, тэгсэн надад аз таараад хамгийн гоё суудал таарчихаж. Баахан гоёлын даашинз, смокингтой хүмүүстэй нэг дор сууж, опера үзэж билээ. Мөн Нью Йоркын музейнууд бол гайхамшигтай. Надад хамгийн их таалагддаг нь МоМА буюу Нью Йоркийн орчин үеийн урлагийн музей. Анх тэнд дэлхийд алдартай контемпорари артистуудын бүтээлүүдийг бодитоор нь харж, дүрслэх урлагт дурласан байдаг юм. Де Күүнинг, Поллок нарын зургийг хэрэг болгож очиж хардаг байж билээ. Мөн Нью Йоркын галерейнуудад ч гэсэн дээ байнга гоё, гоё үзэсгэлэн гарна, очиж үзнэ. Тэгээд сургуулиа төгсөж ирээд ЗанадуАРТ галерейг байгуулж, урлагийн орон зай бий болгохыг хичээж, түүндээ бас их цаг хугацаа зарцуулсан.
- Таны номын гуравдугаар бүлэг болох Шинэчлэл хэсэг бол саяханы, сүүлийн арван жилийн түүх л дээ. Нэг талаас таны номонд ардчиллын үйл хэрэгт бүх амьдралаа зориулсан аав, аавынхаа журмын нөхдийг өмгөөлсөн их өмөөрөл нэвт шувт шингэжээ. Арга ч үгүй юм даа. Таны аав бараг л арваад жил шалгагдав уу ?
- Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэдэг үг байдаг даа. Өнгөрсөн хугацаанд ардчиллынхныг бүхий л арга замаар шалгаж, хорьж цагдаж, харлууллаа шүү дээ. Тэр тоолонд ямар их сэтгэлзүйн дарамт ирдгийг хөндлөнгөөс хараад тэр бүр ойлгохгүй. Мэдээж шалгаж болно, гэхдээ арваад жил шийдвэр гаргалгүйгээр хуулийн хонгилоор утга учиргүйгээр чирж болохгүй. Хувь хүний хувьд тэр болгоныг даваад гарлаа гэхэд ард нь нэр хүндээрээ хохироод дуусч байгаа юм. Бүхий л үйл хэрэг, өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээсэн ажлыг нь харлуулна гэдэг бүр аймшигтай. Үүнийг бол орчин цагийн хэлмэгдүүлэлт, эрүүдэн шүүлт л гэж хэлнэ.
- 461 дүгээр хорих байранд түүнийг эргэж очиход урдаас тань инээгээд хаа хамаагүй юм ярьж байсан тухай уншаад би инээж суулаа. Түүнтэй хамгийн олон ярилцсан, нэлээд мэдэх сэтгүүлчийн нэг би л дээ. Тэр тийм л хүн. Тэр одоо юу хийж байна вэ. Түүнийг гэнэт л шашин бөөгөөр явах болсон. Асар их өөрчлөгдсөн талаар домог шиг зүйл яригддаг. Та энэ асуултад хариулж болох уу?
- Миний аав миний мэдэх хамгийн шинжлэх ухаанч хандлагатай хүмүүсийн нэг. Аливаа зүйлд тооцоо, судалгаатай ханддаг, маш их уншдаг. 2011 онд Үндэсний их эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан төрийн тулганд гал бадраах санаачилга гаргасантай нь холбогдуулж мухар сүсэгт автсан, бөө болсон гэх цуурхал явсан. Тэр санаачилга бол аавын хувьд үндэсний бахархлаа сэргээх, өв уламжлалдаа ойртох оролдлого байсан л гэж боддог.
- Та бизнест бас их амжилттай ажилласан. Ямар ч байсан эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн эмэгтэйчүүдийн нэг гэж хардаг. Одоо танай гэр бүлийн бизнесийг хэн авч явдаг вэ?
- Манай гэр бүлийн бизнесийг манай дүү Б.Хулан авч явж байгаа. Б.Хулан маань олон улсын харилцааны мэргэжилтэй, Ардчилсан залуучуудын холбооны үйл ажиллагаанд ч их идэвхтэй оролцдог, нийгмийн идэвхтэй хүн. Гэхдээ хоёул хоёулаа улс төр, бизнес гэж явах нь зохимжгүй учраас бид хоёр ажлаа заагласан.
- Та бичихийг ер нь яагаад сонгосон юм. Бичих бол давхар далд амьдрал үүсгэдэг гайхалтай зүйл. Би бол ямар ч гүтгэлэг доромжлолын өмнө энэ амьдралаараа бахархдаг. Харин та....?
- Би багадаа зохиолч эсвэл номын санч болно гэж мөрөөддөг хүүхэд байлаа. Номтой ойр, үгтэй ойр, тексттэй ойр байхсан л гэдэг санаа. Бичихээр бодол цэгцэрдэг. Тэс өөр ертөнц бүтээж болдог. Таны хэлснээр давхар, далд амьдрал үүсгэдэг. Энэ бол агуу хүч шүү дээ. Ямар ч улстөрч, бизнесменд байхгүй том эрх мэдэл, том хариуцлага. Маш том амбици. Бахархахаас өөр аргагүй, ялангуяа тань шиг авьяастай хүн бол үндэсний бахархал шүү дээ.
- Одоо юу бичиж байгаа талаараа?
- Бичих гэж хичээж л байна. Гэхдээ төрийн ажил хийхээр бичгийн хэв маяг хүртэл өөрчлөгддөг юм байна. Хуулийн төсөл, тогтоол шийдвэр харсаар байгаад өөр юм бичих гэхээр нэг л эвлэж өгөхгүй л байна. Тэгэхээр аль болох унших хэрэгтэй гэж бодоод байгаа. Энэ удаагийн номын баярт олон шинэ ном нээлтээ хийж байгаа сурагтай. Б.Батзаяагийн өгүүллэгийн түүвэр сонирхол татаж байна, бас Тагтаагийн Баясгалангийн шинэ романыг уншмаар байгаа. Ер нь уран зохиол, яруу найргийн номнууд авна. Хөглөгдмөөр байна.
- Сонсдог хөгжим, үздэг кино гээд ярих юм мөн ч их байнаа. Та надад ахиад ярилцах боломж олгож болох уу?
- Сая Ж.Сэнгэдорж найруулагчийн "Чимээгүй хотын жолооч"-ийн нээлтийн үзмэрийг үзээд хэд хоног бодолд автлаа. Тэр талаар ярилцаж эхэлбэл маш сонирхолтой санагдаж байна, надад ч танаас асуух зүйл их олон байна.