Нэрт зохиолч Л.Түдэв гуайн замын тэмдэглэлийн гарчгийг энд шууд хуулбарлан гарчиглалаа. Гарчгаасаа шууд хүнд хүрэх биз гэж бодоод. Дэлхийн алдартай, дэлхийд танигдсан энэ хотод алба амины ажлаар зорчсон монгол хүн тоогоо алдаа биз. Гэлээ гээд жирийн монголчуудтайгаа хуваалцсан нь хуруу дарам цөөхөн. Л.Түдэв (1980-аад оны сүүлчээр), Баабар (1990-ээд оны эхээр) нар шиг Нью-Йоркийн тухай чухам нүдэнд харагдаж гарт баригдтал бичсэн монгол хүн бараг үгүй дээ. Л.Түдэв гуайн бичсэн нь “Үнэн” сонины архив, номын сангуудаас эрэл сурал болж байж олдох байх. Харин Баабарын “Бооцоо” зохиолын II ботид энэ талаар орсныг эргээд нэг үзчихэж болно. Энд миний үзүүлэх гэрэл зураг бол уран сайхны талаас нь энэ хотыг тольдсон ядмаг зурагнууд. Гэвч тийшээ очиж үзээгүй монгол уншигчиддаа сонирхуулах нь зөв гэж шийдлээ.



Хад асга шиг арзайж сарзайсан хачин сонин байшин савыг нь ажиглан... асга хад шиг арзайсан 60-70 давхар байшингийн сүүдэрт булингартай усны жараахай шиг бужигнасан тэр олон хөлийн амьтны сонин хачин амьдрал...  хэмээн “Нэгэн жарны бодрол” – номдоо ахмад дипломатч Б.Жаргалсайхан гуай хожим бичсэн нь намайг тэнд очиход алхам тутам санаанд бууж байлаа. Эмпайр-стейт-билдинг гэдгийн орой дээрээс 86 дугаар давхраас өглөөний Нью-Йорк ингэж харагдлаа. Нэгдүгээр сарын жихүүн өглөө, цас хялмаалсан Нью-Йорк хот.



Харин энэ бол миний дээр өгүүлсэн уран сайхны тэр гэрэл зураг маань ухаантай. Үдээс хойш Эрх чөлөөний Либерти хөшөөний орчмоос, далайн эргээс их хот руу чиглүүлж авсан зураг. Үүлс, тэнгэр, асга хад шиг арзайсан олон давхар байшингууд нь нэг агшинд ингэж буулаа.



Өмнөх зураг тэнгэр рүү чиглүүлж авсан байсан бол энэ нь газар руу, надаас хэдхэн алхмын зайтай бэлчиж яваа усны шувуудыг оруулж татаж авсан зураг маань байна. Тэр цаана цамхаг (кран) дээр нь байгаа энэ шилэн байшин бол 2001 онд нураагддаг нөгөө Дэлхийн худалдааны төвийн хоёр өндрийн оронд сүндэрлэх шинэ байшин босч байгаа нь тэр юм.



Далайн эрэг дээрээс их хотыг дахин татлаа. Барилгын цамхаг (кран) дээр нь байгаа хэд хэдэн байшин байна. Энэ бол нөгөө хоёр өндрийн оронд босох хэд хэдэн барилгуудын цогцолбор ажээ.



Либерти хөшөөг уран сайхны гэрэл зургийн аргаар татсан маань энэ. Үдээс хойш нар ёлтойж далайн цаанаас гэрэл нь усан дээр ойж байгаа мөчийг би анаж байгаад энэ зургийг татав. Үүлэрхэг тэнгэр, үүлэн цоорхойн нар яг хосоллоо. Тэр үүлний дүрсийг сайн ажиглаарай. Нарны гэрлээс үл мэдэг цацраг цацрах мэт.



Миний хүү үе тэнгийнхээ монгол хөвгүүдтэй далайн эргээр өдөржин хөөцөлдөж тоглож өнжлөө. Эд даарах ядрахыг үл мэдэх нь нэн сайхан.



“Асга хад шиг арзайсан 60-70 давхар байшингийн сүүдэрт булингартай усны жараахай шиг бужигнасан тэр олон хөлийн амьтны сонин хачин амьдрал ...”   хэмээн ахмад дипломатч Б.Жаргалсайхан гуай бичсэн нь яг байжээ. Би өөрийн буусан Salisbury Hotel-ын дээвэр дээрээс доошоо чиглүүлэн энэ зургийг татав.



Salisbury Hotel-ын гол хаалганаас дээшээ хандуулж энэ зургийг татав. Чухам юунд хэрэгтэй гэж ийм олон өндөр байшинг шавааралдуулан барьсан хэрэг вэ гэж бодоход ч хүрч билээ. Нарны гэрэл бараг тусахгүй, үргэлж сүүдэрт байх нь нэг талаар дэмий ч юм шиг.



Нью-Йоркийн 5 том дүүргийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Манхэттен дүүргийн төвийн нэг гудамж энэ байна. Нарны гэрэл үздэггүй, тэнгэр баганадсан байшингуудын завсарт орших өргөн чөлөө нь. Замын голоос энэ зургийг татлаа.



Бид 1 дүгээр сарын эхээр очсон юмсан. Манхэттенд шинэ оны гоёл, зар чимэглэлээ буулгаагүй үе байж.  “... бужигнасан тэр олон хөлийн амьтны сонин хачин амьдрал” хэмээн ахмад дипломатч Б.Жаргалсайхан гуайн бичсэнтэй Та энд яг тааралдана.



Энэ бол нөгөөх уран сайхны зохиомж маань. Хоёр хоногийн дараа далайн эрэг рүү очтол нөгөө усны шувууд  Либерти хөшөөг чимээд ингээд байж байх юм. Хүйтэн жихүүн байсан тул далайн эргээр зугаалж байгаа ганц ч хүн алга. Усны шувууд л угтлаа.



Эмпайр-стейт-билдингийн 86 дугаар давхрын тавцан дээр. Миний хүү их хотыг зааж лавлаж байна. Хад асга шиг арзайсан, Л.Түдэв гуайн бичсэнээр бол үзүүрлэчихсэн олон харандааг босгочихсон аятай урт чацтай Нью-Йорк хот маань ингэж харагдлаа.