Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, одоогоор Ардчилсан намын даргын зөвлөх З.Энхболдыг “Страто” компанитай холбогдуулан удаа дараа нийтлэл, нэвтрүүлгүүд гарсан. Үүний дараа З.Энхболд АТГ-т өөрийн хүсэлтээр тус компанитай хамааралтай эсэх талаар шалгаж тогтоохыг хүссэн байдаг. Хүсэлтийн хариу мэдэгдэл 2020 оны 3 дугаар сарын 18-нд ирснийг туг болгон хийсгэж сошиал орчинд өөрийн хаягаар тараасан нь ч бий. Үүнтэй зэрэгцэн түүнтэй оймс шидэж эхлүүлсэн тэмцлээ АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллага хүртэл үргэлжлүүлж яваа эдийн засагч Л.Наранбаатар “АТГ, ЦЕГ, НЕПГ та нар яагаад З.Энхболдоос айгаад байгаа юм бэ? З.Энхболдын талаар хангалттай нотлох баримт гаргаж өгөөд байхад яагаад шалгахгүй байна вэ? хэмээн бухимдаж хэвлэлийн бага хурал хийлгэсэн. 

Тэгвэл АТГ-ын тухайд тус байгууллагаас өгсөн бичиг яагаад өгснийг сонирхов. Юуны өмнө З.Энхболдод “Таны 2012-2019 онуудад мэдүүлсэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгүүдэд хийсэн хяналт, дүн шинжилгээ, бүртгэлийн байгууллагын мэдээлэл зэргийг нэгтгэн судлахад одоогоор та болон таны гэр бүл, хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь “Страто” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчээр бүртгэгдээгүй байна” гэжээ. Хамгийн гол нь уг бичгийг илгээгч нь АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан байсан бөгөөд гарын үсгээ зурж баталгаажуулжээ. 

АТГ-ын Дэд дарга ийм тодорхойлолт хийж өгдөггүй юм аа. Тус байгууллагын дарга эсвэл хариуцсан нэгжийн дарга нь, тодруулбал АТГ-ын Дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нь энэ тодорхойлолтыг хийгээд өгсөн бол ядаж л бага хардахсан. 

Учир нь АТГ-ын Дэд дарга нь “Даргын эзгүйд” л биш бол ийм тодорхойлолт хийж өгөх үүрэг ажил үүргийн хуваарьт нь үгүй. Эсвээс АТГ-ын дарга З.Дашдавааг тухайн цаг мөчид албан томилолттой байсан, эмнэлгийн чөлөөтэй байсныг нотлох ёстой юм болов уу? 

Нөгөөтэйгүүр АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан бол З.Энхболд 1998 онд ТӨХ-ны даргаар ажиллаж Эрдэнэт үйлдвэрийн үүд хаалгыг цүүцдүүлж явсан ид үедээ ЦЕГ-т хүсэлт гаргаж хамгаалагчаар авсанаас хойш салж хагацахгүй яваа “түүний хүн”. Тэр тусмаа гүйцэтгэх ажиллагааны ч, мөрдөн байцаах ажиллагааны ч туршлагагүй “Онц буудагч” гэдгийг намтар нь ч, түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс ч гэрчилнэ.

Намтартаа бичсэнээр нь бол Ж.Батсайхан 1990 оны 11 дүгээр сараас 1999 оны наймдугаар сар хүртэл ЦЕГ-ын III тусгай тасагт цагдаагийн ахлагч, бүлгийн дарга, оффицероор ажиллаж байсан. 2005 оны 7 дугаар сараас 2007 оны хоёрдугаар сарын 15 хүртэл ТЕГ-ын IV газарт газар, хэлтсийн дарга, АТГ-т хэлтсийн дарга, ШШГЕГ-ын дэд дарга гэх зэрэг албан тушаалыг хашиж байжээ. Өнгөц харахад одоогийн албан тушаалын шаардлагыг хангаж байгаа мэт боловч хэрэг мөрдөж шалгаж үзээгүй, гүйцэтгэх ажлын чиглэлээр огт ажиллаагүй гэдгийг ТЕГ-ын харьяа Төрийн тусгай хамгаалалтын газарт, ШШГЕГ-ын Дотоод хяналт хариуцсан газарт хамт ажиллаж байсан хүмүүсийн хэнээс н ч асуухад хэлээд өгнө.

Гэтэл Авлигын эсрэг хуулийн 21.2.2-т “Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг, туршлагатай байх гэж онцгойлон заасан байдаг. Өөрөөр хэлбэл хуульд заасан ажлын байрны шаардлагыг хангаагүй хүнийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилсон. Энэ албанд томилогдохоосоо өмнө тэрбээр АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан, харин одоо тэрхүү өмнөх албан үүргийнхээ ажлыг гүйцэтгэж З.Энхболдыг “Страто” компанид хамааралгүй гэж тодорхойлоод сууж байна.

Олон нийтийн санаж байгаагаар эдүгээ ҮАБЗ-ийн Ажлын албаны нарийн бичгийн дарга А.Гансүхийн дүү А.Батхуяг АТГ-т Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байхад “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргүүд эцэслэгдэн шийдэгдэхгүй байсны нэгэн адил З.Энхболдын бие хамгаалагч асан Ж.Батсайханыг АТГ-ын дэд даргаар ажиллах цаг дор “хамааралгүй” хэмээн хаацайлсан тодорхойлолт нэг хэсэгтээ л хамгаалалт болох нь ойлгомжтой байна. Тэгээд ч З.Энхболд ЕТГ-ын даргаар ажиллаж байхдаа шүүх, прокурорын байгууллагад “арслан, заан” шиг харагддаг байсан нь саяхан. Өөрөөр хэлбэл МАНАН бүлэглэлийнхний, “60 тэрбумынхны” гар хөлийг тасдъя гэж хөхөө өвлөөр хөлдтөлөө жагсч байсныг үргэлжлүүлж З.Энхболдын хууль, цагдаа, шүүх, прокурор, АТГ дахь нөлөөллийг таслахгүйгээр эдийн засагч Л.Наранбаатар нарын тэмцэл үнэнийг хайгаад ч олохгүй. Тэр нөлөөллийг таслахын тулд логикийн хувьд 20 гаруй жилийн түүхтэй экс бие хамгаалагч нь болох Ж.Батсайханыг АТГ-ын дэд даргаас чөлөөлөх ёстой. Хууль зүйн үндэслэлээрээ бол Ж.Батсайхан нь Авлигын эсрэг хуулийг зөрчиж томилогдсон дарга бөгөөд хэн нэгний ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодорхойлж өгөөд сууж байхаас илүү чухал ажил хийх ёстой юм. 

Яагаад “Интер” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар Зандаахүүгийн Энхболд, Гүйцэтгэх захирлаар Зандаахүүгийн Энхтуяа бүртгэлтэй, одоогоор татан буулгаснаар бүртгэгдээгүй байхад, яагаад “Браун рок”, “Инфра инженеринг”, компани дээр Зандаахүүгийн Хишигтогтох, Ачитсайханы Баттүшиг нарын хамаарал байсаар байтал нэгдмэл сонирхолтой этгээд биш гэж тодорхойлолт хийж өгөөд байгаа юм бэ? Энэ нь эрүүл хүнийг ханиад хүрсэн тул эмийн чөлөө олгоно уу гэж магадлагаа бичиж өгөхөөс их өөр ач холбогдолтой биш гэж үү? 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-д “Хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төсрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ гэж заасан байдаг. 

Энэ хууль бол Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Захиргааны ерөнхий хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн актаас бүрддэг. Үүнд “Нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг” маш тодорхой заасан. 

Өмнө нь нийтийн албан тушаалтнуудын хувьд зөвхөн хөрөнгө орлогоо мэдүүлдэг байсан бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр хөрөнгө орлогын мэдүүлгээрээ давхар ашиг сонирхлоо мэдүүлдэг болсон. Тухайлбал, өөрийн хамаарал бүхий этгээд, ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон нэгдмэл сонирхолтой этгээд, хувийн болон төрийн өмчит байгууллагуудад төлөөлөл хэрэгжүүлсэн байдал гэх мэт сонирхлоо мэдүүлдэг болсон гэсэн үг. Энэ талаар УИХ-ын дарга асан, АТГ-ын Дэд даргад сануулна гэдэг илүүц биз. Гэхдээ илтэд харагдаад тэссэнгүй. 

Эцэст нь хэлэхэд хэдийгээр “босоо тогтолцоотой” гэдгийг ойлгож байгаа ч “Иргэн З.Энхболд нь Страто ХХК-д хамааралгүй” гэдэг тодорхойлолтыг АТГ-ын Дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нарын гарын үсэгтэйгээр харсан бол арай л бага хардах байлаа.