Тархи судлаач эрдэмтэн Jill Bolte Taylor хатагтайн тархинд цус харваж, мэргэжлийн хүний хувьд тархийг дотроос нь судлах ховорхон "аз завшаан" тохиожээ.

Анхандаа үүнийгээ мэдэлгүй, үе үе зүүн тархи нь хатгаж, нэг л хэвийн бус мэдрэмж байгааг анзаарч. Сүүлдээ давтамжтай хатгалт нь улам хүндэрсээр, цэх алхахад ч хүндрэлтэй болоод ирэв. Өөрийн эрхгүй тэнцвэр алдан гараараа хана тулан зогсвол, бас дахин сонин мэдрэмж төрөх нь тэр.

– Хана тулах түүний гар, яг л ханатай нэгэн цул болсон юм шиг санагдав.

Өөрийнхөө биеийг хаанаас эхлээд, хаана дуусаад байгааг ойлгохгүй нь. Мэдэрч байгаа юм гэвэл, гарны эд эс, хананы атом молекултай холилдсон, нэгэн цул энерги.

Jill–ийн цус харвасан нь зүүн тархи нь. Энэхүү зүүн тархи гээч нь, бүхнийг нэг эгнээнд жагсааж байгаад, мэдээллийг дарааллын дагуу нэг нэгээр нь (сериалаар) боловсруулахдаа чадварлаг. Өөрийгөө орчин тойрон, юмс үзэгдэлээс тусгаарлаж сэтгэдэг нь ч зүүн тархи юм. Тийм ч учраас Jill өөрийн биеийн хил хязгаарыг ойлгохоо больсон хэрэг.

Харин бүрэн бүтнээрээ байгаа баруун тархи нь, бүхий л зүйлсийг зэрэг зэрэг (параллелаар) боловсруулах чадвартай. Өчигдөр өнөөдөр ч гэхгүй, цаана нааныг ч ялгахгүй, бүгдийг нэгэн зэрэг ЯГ ОДОО боловсруулдаг баруун тархины ертөнц нь шууд утгаараа яг л "ЭНД, ОДОО ЦАГ" юм. Мэдээж би болон бусад гэж алаг үзэх ч сөхөөгүй түүний хувьд, мэдэрдэг цорын ганц зүйл нь ердөө л НЭГЭН ЦУЛ ЭНЕРГИ.


– Энэ, яг юу вэ? Юу болоод байна аа?
гэж гайхах зуур Jill–ийн зүүн тархи бүрэн зогсож, тэр дороо, яг л зурагтын унтраалга дарсан юм шиг, хорвоо ертөнц нам гүм болж орхив. Цоо шинэ мэдрэмжинд эхлээд мэдээж гайхсан боловч, үнэндээ тэр нь туйлын тааламжтай сайхан мэдрэмж байсан юмсанж.

Бие сэтгэлийн бүхий л хүлээс тайлагдаж, өөрийн энерги нь таран түгсээр орчин тойронтой холилдон сүлбэлдэж, хорвоо ертөнцийн нэг хэсэг болон уусч одно.
Харин Jill илбэдүүлсэн юм шиг л энэ мэдрэмжинд автан мансуурав.

– Хүүүүе? Яанаа? Болохоо байлаа, түргэн дуууд!!!!


Гэнэт сэрсэн зүүн тархи, манарсан Jill–ийг цочоох нь тэр.
"Нээрээ яанаа, би болохоо байлаа шүү, ажлаасаа хоцрох нь" гэсээр Jill сандран сэргэх боловч, дөнгөж саяын зүүд мөрөөдөл шиг ертөнцөө эргэн санагалзана.

Тэрхүү гайхамшигийн ертөнцөд ажлын стресс зовиур огтхон ч үгүй. Амар амгалан, энх тайван түүнийг гэгээн дүрээрээ эзэмдэн ноёлж, хандсан зүгтээ дүүлэн ниснэ.

– 37 жил үүрсэн ачаанаасаа гэнэт мултарсан юм шиг л мэдрэмж. Юутай аз жаргал?!

– Босооч ээээ. Бушуул түргэн дууд. Бид болохоо байлааа

гэсээр ахиад л зүүн тархины сэрүүлэг хангинаад явчив.

...Бодит ертөнц (зүүн тархи), гайхамшигийн ертөнц (баруун тархи) хоёрын хооронд 45 минут холхисны эцэст, арайхын тусламж дуудан түргэний тэргээр эмнэлэгийн зүг хөдлөв. Замдаа Jill бодит ертөнцөд үлдэхээс татгалдаж, гайхамшигийн ертөнцийн гүн рүү эргэлт буцалтгүйгээр цааш алхан одлоо.

– Амьд байна.

Эмнэлэгийн орон дээр ухаан орсон Jill, өөрийгөө амьд байгаад гайхав. Уул нь гайхамшигийн ертөнцийг л сонгосон юмсан.

Гайхамшигийн ертөнцөд түүний бие сэтгэл, хоргоноос мултарсан сүнс болон дүүлэн нисч, аварга том халим загас лугаа адил аз жаргалын далайд сэлгүүцэн шумбаж байлаа. Тэгээд, тийнхүү дөнгөж диваажинг олж хараад байтал...

... Гэтэл, яагаад ч юм... гэв гэнэт л сэрж... эмнэлэгийн төмөр орон дээр... нөгөө л жижигхэн биендээ шургалан хэвтэж байх аж.

Гэхдээ тэрээр нэгэнт бат итгэжээ.
– Диваажин гэж огтхон ч холын тусдаа ертөнц биш. Дөнгөж л бид бүхний дэргэд байдаг зүйл юм байна. Би үүнийг нэгэнт мэдсэн. Одоо мэдсэн бүхнээ хүмүүст түгээн дамжуулах нь миний үүрэг.

Их хэмжээний цус алдалтаас 2 долоо хоногийн дараа, Jill–ийн зүүн тархинаас голфийн бөмбөгний дайны цусны бөөгнөрлийг гаргаж хаяжээ. Түүнээс хойш, эрдэмтэн маань бүрэн эдгэтлээ даруй 8 жил зарцуулсан байна.

– Тэгэхээр, бид гэдэг чинь ингэхэд хэн юм бэ?

– Энэ хорвоо ертөнцийг ямар хүний дүрээр туулахыг та хүсч байна даа?

–Хэн болохоо СОНГОХ ЧАДВАР бидний хэн бүхэнд бүрдсэн байгаа

гэж эрдэмтэн Jill батлан хэлнэ.

Баруун тархины ертөнц (гайхамшигийн ертөнц) бол зах хязгааргүй нэгэн цул аварга ертөнц. Харин зүүн тархи (бодит ертөнц) бол БИ гэсэн давчуухан ганц урсгалт жим. Энэ жимээс цаашхи ертөнц бүхэлдээ хаалттай бөгөөд, бусдаас бүрэн тусгаарлагдсан орон зай.

– Таны дотор хоёр ертөнц байна. Та алийг нь сонгох вэ?

– Хэзээ сонгох вэ?


...Баруун тархинд хэзээд бий гэх Гайхамшигийн ертөнц. Гүн гүнзгий амар амгалангийн ертөнц. Зарим нь түүнийг Нирван ч гэнэ...


Jill хатагтай хүний жинхэнэ тархийг гаргаж үзүүлэн тайлбарлаж байна.



– Баруун, зүүн тархи нь хоёр тусдаа систем бөгөөд, ямар ч харилцан хамаарал байхгүй. Тэд, 300 сая мэдрэлийн эсээс тогтох дамнуур судас (corpus callosum)–аар дамжуулж өөр хоорондоо мэдээлэл солилцдог.

Тус тусдаа өөр өөр мэдээлэл боловсруулах тул, сэтгэж бодох нь ч өөр, дур сонирхол ч тусдаа. Нэг үгээр хэлбэл тусдаа зан ааштай, тусдаа хүмүүс юм.

  • Баруун тархи бол ОДОО ЦАГ

Баруун тархины хувьд ОДОО ЦАГ л бүх юм. Яг энэ цаг мөчид, яг энд. Баруун тархи дүрсээр бүхнийг сэтгэж, биеийн хөдөлгөөнөөс суралцаж байдаг. Мэдээлэл түүнд энерги хэлбэрээр очих бөгөөд, бүх 5 мэдрэхүйгээс нэгэн зэрэг мэдээлэл цутган ирж, ЯГ ЭНЭ ЦАГ МӨЧ хэрхэн харагдаж, хэрхэн үнэртэж, хэргэн сонсогдож, хэрхэн амтлагдаж, бас хэрхэн мэдрэгдэж байгаа нь түүний хувьд аварга том виртуал ертөнц шиг ажиглагдана.

  • Зүүн тархи бол ӨНГӨРСӨН бас ИРЭЭДҮЙ

Харин зүүн тархи бол тэс ондоо орон зай. Тэрээр бүхнийг сериал буюу цуваа хэлбэрээр сэтгэнэ. Түүний хувьд ӨНГӨРСӨН болон ИРЭЭДҮЙ цаг л бүх юм. Зүүн тархины ажиллагаа нь, ОДОО ЦАГИЙН бий болгосон аварга том виртуал ертөнцөөс өөрийн хүссэн нарийн ширийн мэдээлэлд анхаарлаа хандуулж, тэрэн дотроос бас дахин нарийн ширийнийг сугалан гаргаж ирэх байдлаар хөврөнө. Тэгээд гаргаж авсан мэдээллээ цэгцэлж аваад, түүнийгээ өдий хүртэл цээжилж ирсэн өнгөрсөн цагийн мэдээллүүдтэй холбох замаар ирээдүйн боломжит хувилбаруудыг шалгах юм.

Зүүн тархи нь ХЭЛ ЯРИА–гаар сэтгэдэг. Тасралтгүй үргэлжлэх зүүн тархины шивнээ нь, дотоод ертөнцийг гадаад ертөнцтэй холбож байдаг. Тэрхүү намуухан чимээ үл ялиг "БИ" гэж хэлэх төдийд л, бид гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, БИ хэмээх нэгэн тусдаа бодгал болон, орчин тойрны энергийн урсгалаас өөрийгөө ангилан салгана.

  • Баруун тархи бол ГАЙХАМШИГИЙН ЕРТӨНЦ

Хэрэв зүүн тархинд гэнэт цус харван зогсож, бүх удирдлага баруун тархинд шилжвэл, биеийн дотоод ертөнц гэнэт хурдаа хасан зогсонги байдалд орсон мэт санагдана.

– ...Би тэнцвэр алдан хана түшив. Санаандгүй гараа хартал, миний биеийн үзүүр хаана төгсөж байгаа нь нэгэнт ойлгохын аргагүй болж. Би хаанаас эхлээд хаана төгсөөд байгаа юм бүү мэд. Яг л хана бид хоёр нэгэн цул болсон юм шиг. Цорын ганц мэдрэгдэж байсан нь ердөө л ЭНЕРГИ.

Зүүн тархины шивнээ бүрэн тасрахтай зэрэгцээд, тэр дороо намайг нам гүм нөмрөн авав. Тэгээд эргэн тойрныг минь бүрхэх асар том энергинд өөрийн эрхгүй автан ууслаа. Миний хил хязгаар нэгэнт үгүй болж, өөрийгөө улам бүр тэлэн томорч байгаа мэт мэдрэмж төрсөөр, би гэдэг, орчлон ертөнцтэй нийлээд нэгэн цул биет болон шингэв. Тэр бол гайхамшигтай мэдрэмж..., гайхамшигийн ертөнц...

Тэр ертөнцөд өчүүхэн ч стресс байхгүй. Бүх бие нисэх мэт хөнгөн болж, амар амгаланд бүрэн эзэмдүүлсэн мэт жаргана...

Одоо бол би итгэлтэй хэлнэ
– Хэн ч бай, хэзээ хүссэн үедээ тэр диваажинд очиж чадна. Зүүн тархинаас баруун тархи руу зориудаар алгуурхан шилжвэл, тэр амар амгалантай учрах болно.

– Бид бол хоёр тусдаа ухамсар бүхий сэтгэлийг өөртөө агуулах сансар огторгуйн нэгэн амьд эд эс юм. Бид бүхэнд, энэ ертөнцөд ямар хүний дүрээр оршин баймаар буйгаа, хэзээ хүссэн үедээ сонгон шилжих чадвар бий.