“БАБА” БОЛ БАБА Л ДАА...
Багадаа бүгд л балиар заваан юмыг “баба” л гэдэг шүү дээ? Томорч нас биед хүрээд бүр ч их ”баба”-тай нүүр тулдаг, бас болоогүй “баба” явдалд гар бие оролцдог. Зарим маань бүхий л бие сэтгэл тэр чигээр зүгээр ”баба” болж хувирсан байдаг. Бохир завааныг илэрхийлсэн энэ бүтэц бус өгүүлбэр үнэндээ монгол хүний хэл орохдоо хэлдэг анхны цөөн хэдэн үгийн нэг мөн гэдэгтэй бүгд санал нийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь амьдарна гэдэгт ялимгүй гуниг гутралтай талаасаа бүхэлдээ ”баба” явдал мөн. Тийм үзэл санаагаар Цэндийн Доржготов гуай өгүүллэгийнхээ гол дүрийг Баба гэж нэрлэсэн нь гарцаагүй. Бидний мэдэх улс төр-эдийн засаг, ёс суртахууны харьцангуй түгээмэл үзлээр аль ч цаг үед нийгмийн дарангуйлал бол “баба” явдал юм. Ганцаараа бүхэл бүтэн зэрлэг үхрийн махыг иднэ гэдэг, идэхийг санаархана гэдэг ямар ч тогтолцооны үед (хүй нэгдлийн үед ч ялгаагүй) байж боломгүй харгис бүдүүлэг, эрээ цээргүй, шударга бус хэрэг юм. Одоо ч гэсэндээ манай “баба”-нууд өөрсдөдөө нийцүүлж зохиосон хууль хэмээгч “чулуун муна” барьчхаад нийгмийн баялгийг хууль бусаар хуваан завшиж байгаа нь нууц биш. Хүй нэгдлийн Баба өнөөдөр дүр байдлаа өөрчилсөн байж болох ч мөн чанар нь хэвээрээ. “Баба”-нууд өөрчлөгдсөнгүйтэй адил “Тото”-нууд ч бас хувирсангүй. Ямаан сахалтууд ч өөрцгүй. Хүний мөн чанар ийм хөшингө “хөдөлгөөнгүй” байхад бид амьдралын гадаад хэв загварын тухай, хэв загварыг өөрчлөх талаар санааширсаар иржээ. Гадаад хэмжээ, хэв маяг загварыг нь л гоё сайхан болгочихвол доторх нь дагаад сайхан болох юм шиг санажээ. Гэвч бүх зүйл бахь байдгаара оршсоор байна. Энэ үзэгдлийг даанч цөөхөн хүн олж хараад бодож шаналж эхэлжээ. Тэгээд зарим нь ямар ч үр дүнгүй тэмцэж босоод ах дүү Тото нарынхаа араас оржээ. Харин зарим нь тэр л буруу үнэнийг илчлэхийг хүсээд бичиж эхэлжээ. Одоохондоо тэдгээр эр зоригтнуудыг, нарийн ухаантнуудыг “Ямаа сахалтууд” гэж нэрлэе. Гэхдээ одоохондоо шүү. Чулуун мунанд өртөх аюултай учраас өөрсдөө хэлж байгаа биш “УУЛ” хэлж байгаа мэтээр “Баба”-нуудыг цагийн цагт зальжин болоод хүчирхэг оюун ухаанаараа хуурсаар ирсэн байна. 

Манай ХХ зууны үзэл сурталжсан, хэт нийгэмжсэн, цаг үежсэн уран зохиолд хуурмаг цаг үеэ, Бабануудтай нь хамт хууран хэмлэгч “Ямаан сахалт”-уудын нэг бол зохиолч Цэндийн Доржготов байлаа. Утга зохиолын түүхэнд түүнийг шог зохиолч гэж дүгнэсэн анхнаасаа л бүгдээрээ түүнд хууртсан хэрэг. Зохиолуудынх өнгөн тал нь яах вэ, шог дуг байж болно. Биднийг бага сага инээлгэдэг л байсан биз. Харин үгийн “өөхөөр” боосон доторх үзэл санааны “чулуунууд” нь Бабагийн чулуун мунаас ч дутахааргүй хүчтэй зэвсэг байлаа. Үнэнийг хэлэхэд Максим Горькийн ШБОС (шинэ бүтээл оновчтой санал) болох ”социалист реализм” түүний уран бүтээлд огтоос хамааралгүй, бүр хүртээлгүй уран сайхны арга. Өнгөрсөн зууны зохиолчдыг бөөнд нэг тогоонд оруулаад “соцреалистууд” гэж үзэх нь зарим нэг онцгой туурвигчдыг доромжилж байгаа хэрэг төдийгүй оюун санааны хүчирхийлэл гэж би үздэг. Философийн ”бүхэл хэсгийн” үзэгдэл хэмээх онолоор Ц.Доржготовын уран бүтээл бүхэлдээ ноён хутагт Данзанравжаагаас хойш тасарсан Монголын уран зохиолын ”шүүмжлэлт реализм”-ын ХХ зууны бараг цор ганцхан төлөөлөгч юм.

Бид яагаад ийм итгэлтэй, ямар эргэлзээгүй дүгнэлт хийж орхив. Ямар ч байсан түүний богино өгүүллэгүүд ”шог реализм” л лав биш учраас тэр. Бүхэлдээ шүүмжлэлт үзэл санаагаар биежсэн байдаг. Манай уянгын реалист зохиолчид шиг яруу сайхан хэл найруулга, уран дүрслэл бараг үгүй. Ер нь үгүй. Харин нийгмийн байгуулал, шударга бус тогтолцоо, хүний ёс суртахууны ялзрал, өтөл бэртэгчин байдлыг шүүмжилсэн үзэл санаатай. Энэ нь шүүмжлэлт реализмын философи хандлагаар “өгөгдсөн юмс”-ын мөн чанарыг онохуй буюу өгөгдсөн юмсын мөн чанарт оногдохуй гэсэн холбоо харьцаагаар тайлбарлах ба тайлбарлагдах боломжтой. Чухамдаа хүний бэртэгчин байдал туйлын мөн чанар нь биш гэж үзвэл тийм бэртэгчин шинжтэй болсон нь нийгмийн харилцаанд сөрөг хэлбэрээр бий болсон “өгөгдсөн юм” мөн. Оногдохуй нь шударга бус тогтолцоо, онохуй нь нийгмийн байгуулалын гажиг бол таарна гэсэн үг. XIX зууны нийгмийн ялзрал, хүний оршихуйн доройтол шүүмжлэл реализмын суут төлөөлөгч Онере де Бальзакыг төрүүлжээ гэдэг шиг манай ХХ зууны эхэн дунд үеийн улс төрийн хэлмэгдүүлэлт, уламжлалаа үгүйсгэх хандлага, нэгдэлжих хөдөлгөөн, өмчийн хүчирхийлэл бүхэлдээ “шүүмжлэлт реализм”-ын томоохон төлөөлөгч Ц.Доржготов хэмээх онцгой зохиолчийг төрүүлсэн юм. Гэтэл бид “шог зохиолч” гэх шиг шог юмаа ярьсаар л байдаг. 

Тэгвэл бүр өөрөөс нь үүдсэн өөр нэгэн баримтаар дээрхээ нотлохыг оролдъё. “Өвгөн гуай нь амьдралын нугачаанд 80 жил бэдрэхдээ хөгжил чөдөрлөдөг далд буглаануудыг илчлэх саваагүй хүслээр голдуу шүүмжлэлт зохиол насан турш бичсэн атлаа монголчуудын нэг базаахгүй талыг нууж иржээ (Ц. Доржготов” Хэврэгшил” baabar,mn) гэж саяхан бичсэн юм. Тэр өөрийгөө шог зохиолч хэмээсэнгүй, харин ч “шүүмжлэлт зохиол насан туршдаа...” гэсэн байгааг анзаарна уу? Ийм атал манай уран зохиолын түүх, түүхийг сараачигчид зориуд андуураагүй байлтай. Тэгээд ч ”Тэнгэр дуугарахын өмнө” тууж, “Улаан орхимжны давалгаа” роман, ”Мөнхийн ус”, “Сүүл” “Хуруун чинээхэн лааны гэрэл”,”Сүнсэнд шингэсэн гэмшил”, ”Усны үнэр” зэрэг өгүүллэгүүдийг утга зохиолын наад захын боловсролтой хүн “шог зохиол” гэж лав үзэхгүй. Ийм учраас л би тийм их итгэлтэйгээр “шүүмжлэлт реализм”-ын цор ганцхан төлөөлөгч гэж шөвөгнөж, бас шөргөөлдөж орхив. 

“Тэнгэр дуугарахын өмнө” (1988) туужийн Самбуу, Басан хоёр Баба, Тото хоёр биш ч дүрийн хэв шинжийн хувьд адил төстэй олон тал бий. Басангийн үед ч Баба, Бабагийн үед ч Басан байж л байжээ. Байсаар ч байна. Зохиолчийн үзлээр магадгүй хүн ч хэвээрээ, нийгэм ч хэвээрээ. Тэгвэл юу өөрчлөгдөв. Хэзээ нэгэн цагт бүх зүйл сайн сайхан болно гэж итгэдэг хүмүүсийн итгэл найдвар л горьдлого төдий болж өөрчлөгдөв. Тиймээс л Баба далан зуун жил тамын галд шатахаас айж, үхээд амар тайван байхаар шийдэж үнэр ороод муудсан үхрийн махыг бусдадаа өгөхөөр шийджээ. Түүнд үхээд өлсөхийн зовлонгүй болно гэсэн өчүүхэн төдий итгэл бас горьдлого байсааар байна. Самбуу, Басан хоёрт ч “тэнгэр дуугарахын өмнө” бас тийм өчүүхэн итгэл, горьдлого байсаар байдаг шүү дээ. Тэгэхээр зохиолч нийгмийн амьдрал, ёс суртахууны орчинд нь ямар ч нааштай зүйл харагдахгүй байхад хий итгэж найдсаар, горьдож хүлээсээр буй бидний ахуй мөн өөрийнхөө гэнэн итгэмтгий байдлыг “шүүмжилсэн” юм. 

Үнэндээ ”шүүмжлэлт реализм” гэдэг нь ямар утга учиртай, ямар онцлог шинж чанартай учраас сэтгэгчид “шүүмжлэлт” гэж онцлон нэрлэсэн юм бол гэдэгт багахан анхаарлаа хандуулъя. “Хүнийг нийгмийн орчинтой нь шууд л холбож үзүүлдэг уран зохиолын чиглэл. Энэ чиглэлийн зохиолчид зохиолынхоо дүрд тодорхой зан үйлийн сэдэл үүсгэж, тэр нь нийгэмтэйгээ хэрхэн зөрчилдөж байгаад уран сайхны дүн шинжилгээ хийдэг. Уран сайхны үнэн, үнэмшилтэй чанар, зөрчилт байдал нь зохиолчийн үзэл санааны үндсэн дээр үүсэж, сэтгэл зүйн диалектик шинж нь илэрдэг (П.А. Николаев” Словарь по литературоведение” http://nature.web.ru/litera/4.8.html/ ) гэсэн байдаг. Товчхондоо зохиолч өөрийн бүтээсэн дүрээр дамжуулан хүн-нийгмийн ёс бус байдлыг шүүмжилдэг ажээ. Энэхүү онолын ойлголтоор Ц.Доржготовын “Баба” (1983) болон бусад онцлох зохиолуудын бүх дүрүүд цогц гэж үзэж түвшинд хүн-нийгмийн харилцааны гажуудлыг шүүмжилсэн байдгийг эргэн санацгаая. Баба, Ямаансахалтын “УУЛ” хэлсэн хэмээх үгэнд эргэлзэж байгаа юм. Магадгүй “УУЛ” гэдэг нь харьцангуй далдлагдмал дүр нь Тото, Мурийхамарт, Ямаансахалт, Па бүр Бабагийн хувьд хий мухар сүсгийг давхар ёгтолсон шинжтэй. Шударга ёсны тухай бодол, шударга бус байснаар үхсэний дараа зовох, хэн нэгэн хүнийг “мунадаж” орхивол эцэст нь зовлонгийн галд шатах зэрэг бидний мэдэх төсөөллүүд энэ зохиолд хэний ч бодож олоогүй цаг хугацааны “үүсмэл” нөхцөлд урган амилж байгаа юм. “Баба”-гаас үүдэн гарах асуултууд нь философи үзэл санааны хувьд гүн гүнзгий, зохиолчийн сэтгэлгээний далайцыг илчилнэ. Саяхан уншиж байсан нэгэн тэмдэглэлд:
” Үнэн гэж юу болохыг хүн төрөлхтөнд харуулахын төлөө би энэ дэлхийд төрсөн юм. Үүний төлөө л би хүн төрөлхтний дунд орж ирсэн юм.
Понти-Пилат хариуд нь:
- Тэр үнэнээр чинь яах юм бэ (Иогон 18.37-38) гэсэн байлаа. Түүнтэй адил манай Баба ямар мулгуу хариулт Ямаансахалтад өгдөг билээ. Тэгээд ч Баба болоод харгис Понтий- Пилат хоёрын хооронд оюун санааны ямар ч ялгаа байхгүй, нэг үгээр Библийн уран зохиолын Понтий-Пилат бол манай Баба юм. Манай Баба бол Понти- Пилат юм. Хаа ч жигшүүртэй этгээдүүд л дарангуйлагчдын дүрээр заларч байдгийг Бабагаар харуулахыг эрмэлзсэн биш гэж үү? Зөвхөн энэ чанараараа бус бүхэл шинжээрээ Баба өгүүллэг ХХ зууны манай уран зохиолын шүүмжлэлт реализмын шилдэг бүтээл болж таарна.
Цаг үеийн шаардлага, түүнд зохицон амьдарсан бол Ц.Доржготов хэмээх зохиолчийн уран бүтээлийн өв санд ”коммунист” нэгдлийн дарга, “аварга” малчин, “таван жилийн гавшгайч” ажилчдын тухай олон худлаа “сайхан” тууж, роман, өгүүллэг байх байлаа. Гэвч тэр тэгээгүй, тэгж доошоо ороогүй нь түүний үзэл бодол, зарчим, итгэл үнэмшил, эцэстээ уран бүтээлийнх нь өнөөдрийн үнэ цэнэ юм. Цаг үеийнхээ дур сонирхол, ашиг хонжоо, олох хураахад бус хэзээ ч үнэ цэнээ алдахгүй мөнхийн “үзэл санаагаар” зохиол бичих нууцхан хүсэл нь “Баба”-г чухамдаа уран сайхны орчилд Баба болгосон билээ. 

Одоо ч “Зэрлэг хүмүүсийн сүрэг гөрөөлж явлаа. Нэр нь ч юм уу, хоч нь ч юм уу, Баба гэгч эр сүргийг захирна (Ц.Доржготов ”Алаг цахиур” 2016, 171) Одоо ч шүү.
Тэгээд ч “БАБА” БОЛ БАБА Л ШҮҮ ДЭЭ.


ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2020-11-24