Баба
Анчдын сүрэг зэрлэг үхэртэй тулалдлаа. Зэрлэг үхэртэй өвгө дээдэс маань хүч сорих гэсэн бус гэдэс нь маш их өлсчээ. Цусаа үзэж улангассан үхэр чулуунаас ондоо зэвсэггүй анчдын олонхийг хүнд бэртээснээр барахгүй хэд гурвыг бүр тонилгож орхив. Гэлээ ч гэсэн анчид үхрээ эд бад хийж авчээ.
Зэрлэг хүмүүсийн сүрэг гөрөөлж явлаа. Нэр нь ч юм уу, хоч нь ч юм уу, Баба гэгч эр сүргийг захирна. Баба сүргийнхээ бүх эрчүүдийг зодож дийлдгээс ахлагч болсон хэрэг. Эр чадалтайн дээр Баба чулуун мунатай. Чулуун муна нь өрөөсөн үзүүртээ нүхтэй бөгөөд тэр нүхээр хялгас сүвлэн сагалдрага хийжээ. Баба сагалдрагыг гарынхаа бугуйгаар уургалж мунаа бариулаас нь атгаад тавихгүй. Шөнө ч ингэж унтана.
Баба нөхдөө хардах араншингаар балар эртнийхээ үед тэргүүлж байв. Уг нь тэр муныг нэг уран хүн олон сар зүдэрч байж хийжээ. Мунаа хийж дуусаад нөгөө уран хүн ихээр хөөрч нөхдөө дуудан цуглуулж баяр жаргалаа хуваалцжээ. Бүх явдал үүнээс мандсан гэнэ. Уран хүнд хэрсүү дотны нь нөхөд, "Хийсэн гайхамшигт зэвсгээ хүмүүст бүү үзүүл" гэж ятгаж бүр яджээ. Гайхамшигт муна зохион бүтээж чадсандаа хөөрсөн сэтгэлээ уран хүн нөхдөөсөө нууж тэвчсэнгүй, тэдэнтэйгээ баяраа хуваалцжээ. Нөхөд нь цуглараад муныг шагшин магтаж гэнэ. Уран хүнд тун ч их урам оров. Тэгтэл Баба ирж муныг үзүүт булааж авчээ. Уран хүн мунаа өгөхгүй гэж булаацалдахад Баба нөгөө мунаар уран хүнийг цохиж алжээ. Өөрийн нь хийсэн мунаар өөрийг нь тонилгосон хэрэг. Ийм түүхтэй муна юмсанж.
Анчдын сүрэг зэрлэг үхэртэй тулалдлаа. Зэрлэг үхэртэй өвгө дээдэс маань хүч сорих гэсэн бус гэдэс нь маш их өлсчээ. Цусаа үзэж улангассан үхэр чулуунаас ондоо зэвсэггүй анчдын олонхийг хүнд бэртээснээр барахгүй хэд гурвыг бүр тонилгож орхив. Гэлээ ч гэсэн анчид үхрээ эд бад хийж авчээ.
Сүргийнхэн маш их өлссөн учир цөмөөрөө үхрийн махнаас идэхээр давшлав. Чингэтэл Баба бусдыгаа мунадаад үхсэн үхэрт ойртуулсангүй. Ганцаараа үхрийн махнаас идэж гарчээ. Идэж идэж Баба үдийн хэрд цадав. Гэвч Баба үхрээс холдсонгүй, урьд нь сүрхий өлссөнөө санан санан махнаас дахин ахиухан идмээр шунана. Иднэ. Гэвч гэдэс нь хэмжээнээсээ хэтэртэл цадсан тул тэгсгээд дургүй нь хүрч шинэ махны нялуун үнэрт дотор нь муухайрч огьдос нь хүрнэ. Бабагийн дур гутаж махнаас холдох гэхээр түүнийг тойрч суугаад шүлсээ савируулсан нөхөд нь мах руу очихоор сэм өндийхийг завдана. Ийнхүү Баба махнаасаа холдож үл чадах агаад өндийж маханд санаархсан нөхдөө муухай харж занана. Их цадсанаас болж ингэж занах хүртэл Бабад залхуутай. Түүнд мунадуулж хаширсан нөхөд нь арга буюу буцаж суудалдаа суугаад уурандаа ямар ч өс хонзонгүй мөртлөө өвөр хоорондоо уралцаж цус нөжөө гоожуулна. Хүч чадлаар Бабагийн дараа аман хүзүүдэгчид Бабаг ойрхон тойрч өөрсдийн цагиргийг үүсгэн суух нь зэвүүн. Зэвүүн гэсний учир гэвэл тэд хүчээ нэгтгэвэл Бабад аюултай. Энэ аюулыг Баба гадарлана. Харин тойрон хүрээлэгчид цөм ухаарч нэгддэггүй.
Олон давхар цагиргийн араар хамгийн ядмагууд өөрсдийн тойргийг үүсгэн суух нь хөөрхийлөлтэй ба ер энэ олон тойргийнхонд ганц Баба аюултай бус. Дийлсэн нь дэлдийснийхээ урдуур хүч түрж өөрсдийн тойргийг үүсгэж суухаас гадна тэд цөм хоолонд хүрч чадаагүй хорсолдоо байж ядан ардаа суусан ядмагуудаа хайр гамгүй жанчина. Гэвч Бабагийн ганцаараа тарган мах амтархан идэхийг хэдий чинээ ойроос харна төдий чинээ шаналгаатай. Ер нь тарган цатгалан толгойлогчийн дэргэд хэн ойр хүрээлнэ түүнд жаргахаасаа илүү зовлон үүсдэг. Энэ бол тойрон хүрээлэгчдийн өвөрмөц зовлон.
Дорой хүмүүсийн араар том том шувуу-тасууд үхрийн мах Баба хоёрыг тойрсон бас нэгэн цагираг үүсгэн суух бөгөөд тэдний араар бүргэдүүд мөн л үхрийн маханд санаатай хүрээлэн сууна. Бүргэдүүдийн араар элээ, элээний араар хэрээ, хэрээний араар шаазгай гэх мэтчилэн дор бүрнээ өөрсдийн тойргийг үүсгэн эзэмшинэ. Ийнхүү үхрийн махыг тойрсон давхар давхар олон цагираг үүсчээ. Цагираг гадагшлах тутам амьтдын бие жижгэрсээр ялаа хорхой болохын цагт цагираг дотогшлон үхрийн махан дээр бяцхан биетнүүд дураараа бужигнах авч Бабад махаа тэднээс харамлах чадвар заяасангүй.
Идсэн махандаа "цохиулаад" Баба үхрийнхээ сүүдэрт зүүрмэглэхэд хамгийн нүүрний зэвүүн агаад аюултай цагиргаас хэн нэг хүн сэм өндийгөөд үхрийн мах руу гэтэж эхэлнэ. Гэвч Баба тэднийг андахгүй, толгойгоо залхуутай өндийлгөн ууртай архирна. Заримдаа Баба сэм мяраасан хүнийг мэдээгүй дүр үзүүлэн өөртөө ойртуулаад гэнэт босон харайж, түүнийг барьж аваад чулуун мунаараа аймшигтай зодох нь цаагуураа олон түмний зүрхийг үхүүлж, дарангуйллаа мөнхрүүлэх зорилго агуулна. Энэ зорилгын үүднээс Баба чулуун мунаараа хүн цохиж алах нь бишгүй. Ингэхийг нь харсан хүмүүс Бабагаас үхэтлээ айна.
Өлсөх хэцүү, түүн дээр үнэр нь ханхлах газраас тарган мах ширтээд өлсөх бүр хэцүү. Энэ зовлонг эдлээгүй нь ганц Баба байв. Гэвч Баба гэнэт хэтэртэл цадсандаа өөрийгөө тойрон суусан өлсгөлөн амьтдаас дутуугүй шаналж байлаа. Өлссөн хүнээс цатгалдсан хүн дутуугүй шаналдгийг тэр л ганцаараа эдэлж байв. Хорвоо тэнцүүлжээ. Өлссөн ч зовно, цатгалдсан ч зовно. Түүний гэдэс тээрч үхсэн үхрийнхээ дэргэд тэлчилнэ. Хэтэрхий цадсан Бабад тэр их махны дэргэд хэвтэх улам хэцүү. Тийм болохоор энэхүү тойргуудын орчинд зовоогүй амьтан нэг ч алга.
Аргаа барсан хүмүүс ам хуурайгүй элдэв үг хашгиралдана:
-Баба аа! Чи дэндэж байна!
-Бид наадахь үхрийг чинь элбэж алсан болохоор адилхан хувааж идэх ёстой гэцгээхэд хэвтэж байсан Баба толгойгоо залхуутай өндийлгөөд,
-"Ёстой" гэдэг чинь юу гэсэн үг вэ гэж гайхна. Дундахь тойргоос муруй хамартай өндөр эр,
-Бид цөм адил хүн биз дээ гэхэд Баба,
-Тийм, тэгээд чи юу гэж? гээд юу ч ухаараагүй гөлгөр нүдээ бүлтийлгэнэ.
-Хэрэв бид адилхан хүн юм бол бүгд адил байх ёстой гэж нөгөө муруй хамарт мэтгэв.
-Дахиад л "Ёстой" гэнэ шүү! гэж Баба уурлаад, -Би наадахь "Ёстой" гэдэг үгийг чинь ойлгодоггүй учраас сонсох дургүй. Энэ үгийг дахиад хэлсэн хүнийг би хадан хясаа руу түлхэж ална гэж мэдэгдэв.
-Баба, бид өлбөрч үхлээ. Чи биднийг өрөвдөөч!
-"Өрөвдөх" гэдэг чинь ямар утгатай үг вэ? Би бас л ойлгохгүй байна.
-Баба чи сонс! Чи бидэнтэй элбэсний хүчинд зэрлэг үхэр намнасан. Тэгээд ганцаараа идээд бидэнд өгөхгүй байдаг чинь шударга бус явдал биш үү.
-Намайг шударга бус байна гээд та нар яаж ч чадахгүй шүү дээ. Ха ха! Дэмий яриагаараа та нар хоол хий, би ч махаа идье. Тэгээд хэн нь хожих нь вэ үзье.
-Нөхөдтэйгээ адил байх сайхан биш үү?
-Сайхан байж яах юм бэ?
Сүрэг хүмүүст хэлэх үг олдсонгүй. Арын тойрогт суугаа ямаан сахалтай хижээл хүн "Сайхан" гэдэг үгийг чамлаад байдаг хүнд юу гэж хэлбэл болох вэ гэж элдвийг бодлоо. Баба залхуутай эвшээнгээ,
-Би хоол унднаас өөр сайхан юмыг мэддэггүй. Энэ үхрийн махыг та нартай хувааж идвэл амархан дуусна. Ганцаараа идвэл хэд хоног хооллоно гээд махнаас зулгаах гэснээ ихээр ярвайгаад болив.
Нар улам шарж, махан дээр ялаа хорхой үй олноор буцаллаа.
-Баба. Чи ингэж байхдаа ичихгүй байна уу гэсэн ядарч сульдсан дуу сүрэг дундаас гарахад Баба,
-"Ичиж" яах юм бэ. Хар заяандаа ингэж их залхуу хүрч нойрмоглоод байхад бас дээр нь "ичнэ" гэдэг ёстой түвэг. За би унтлаа. Унтсан хойгуур махнаас шоглосон хүн байвал өршөөхгүй шүү гэснээ тэр бээр булчингаа зангируулаад, -Миний бяр тэнхээ бол миний юм болохоос та муусайны юм биш. Бяр тэнхээ байсан цагт гэдэс цатгалан яваад үхнэ шүү. Үхсэн хойно минь та нар миний зовлогыг яавал яагаарай гэв.
-Нөхөдтэйгөө хоолоо ав адил хувааж идэх чамд сайхан байхгүй юу?
-Сайхан байхгүй. Надад нөхдөөсөө давуу байх сайхан. Үхэтлээ би бусдаас илүү амьдарна. Тэгээд л үхнэ. Гүйцээ. Ганц олдсон амьдралд цатгалан яваад өнгөрөхөөс өөр юу хэрэгтэй юм бэ. Та нарт мах өгөхгүй байна гээд надад ямар хохирол ирэх билээ. Мах өглөө гээд ямар ашиг тусах билээ. Шударга бус байна гээд надад ямар хохирол ирэх юм бэ. Ямар ч хохирол ирэхгүй шүү дээ. Миний бяр бол миниих. Тийм болохоор би түүнийгээ эдэлж байна. Би хүний юмаар хүүдэгнээгүй. Та нарын хэн нэгэнд миний бяр заяасан бол түүний л юм. Чадал байвал та нар нааш ирээд энэ махыг надаас булааж ав. Чадахгүй шүү дээ. Тэгээд бас нөхөдтэйгөө адилхан байх "сайхан" гэнэ. Та муусайнтай адилхан байж яах юм бэ. Ямаансахалт араас өндийж,
-Баба гэдэг маш их бяртай хүн бусдыгаа дээрэлхэх маш дургүй бөгөөд бүгдтэйгээ ав адил амьдарч байжээ гээд хойч үе маань чамайг дээдэлж дурсана шүү дээ гэхэд Баба,
-Үхсэнээс хойш хэчнээн дурсаад яах юм бэ. Түй хойч үе! гэж нулимаад тэр бээр махны шүүс завьжаараа гоожуулан зулгааснаа тэнхэл нь барагдаад гараа алдлан газар хэвтэхэд хамаг бие нь сулбайв.
Үүнийг хараад Тото гэгч залуу эр суудалдаа өндөлзсөнөө "Би түүнийг хэрэв дийлэхгүй бол өөрөө амьгүй болно" гэсэн бодол толгойд нь харваад эргэж суув. Үхрийн махны бараа харж тойрч суусан сүрэг хүмүүсийн хамгийн арын эгнээнээс нэгэн давжаа эр урагш мөлхөн гарлаа. Давжаа эр Баба руу шууд мөлхөхөд хүмүүс гайхав.
Махны үнэрт тэвчээр алдсан шувууд байж ядахдаа үе үе өндөлзөж урагшлах гэхэд тэдгээрийн урдахь том шувууд далиа дэлэн гуаглаж үхрийн махыг алсаас харамлана. Харин нүдэнд үзэгдэх үзэгдэхгүй бяцхан ялаа хорхой махан дээр зоргоороо найрлана.
Сүргийн арын хүрээнээс мөлхсөн давжаа эр Бабад ойртож очлоо. Түүний чимээнээр хэвтэж буй Баба толгой өндийлгэн муухай харахад цаадахь нь тун арчаагүйгээр ярзайн инээгээд газарт хацраа нааж,
-Баба. Чи миний ам руу шээх үү гэхэд Баба "Яадаг юм билээ" гэж бодсоноо,
-Үгүй ээ үгүй. Чиний ам руу би сарьж ханасан гэв.
Үд хэвийлээ. Залуу эр Тото Бабаг хорсолтой харцаар цоргиж өлссөн гэдсээ базлана. Тото эцэст нь хажуудаа суугаа муруй хамартай эрд,
-Хоёулаа Бабаг элбэж алаад үхрийн махыг булааж олонтойгоо хувааж идье гэж шивэгнэв. Муруйхамарт,
-Чи бид хоёр түүнийг хэрэв дийлэхгүй бол тэгээд хоёулаа өнгөрнө шүү дээ гэж хариу шивэгнэв. Тото,
-Гурвуулаа болбол ч лав дийлнэ л дээ гэхэд Муруйхамарт,
-Тийм ээ, гэхдээ чи бид хоёрт өөр хэн хань болох вэ гээд хажуудаа суугаа нөхдөө харна. Тото нэг өндөр булиа эрийг зааж,
-Чи бид хоёрт энэ Па хань болохгүй байгаа? гэхэд Муруйхамарт,
-Харин? Гэхдээ цаадахь Па чинь надад нэг л олигтой эр биш шиг санагддаг юм гэв. Тото,
-Би юу ч гэсэн түүнд хэлээд үзье гээд суудлаасаа өндийж Па руу мөлхөхөд түүний араас Муруйхамарт,
-Тото минь болгоомжтой хандаарай. Цаадахь чинь өөдгүй хүн байх вий гэв.
Тото Пагийн дэргэд очоод чихэнд нь шивэгнэв. Па толгой дохьж, дуртай янзтай ам нь хөдөлж хэдэн үг хэлэв. Тото суудалдаа буцаж ирээд Муруйхамартад,
-Па зөвшөөрлөө. Үхсэн ч сэхсэн ч гурвуулаа үзэлцээд алдъя гэж байна. Па өөрөө босож Бабад ойртоно. Баба түүнийг хөөж таарна. Тэгэхээр нь бид хоёрыг босож гурван талаас нь зэрэг дайръя гэж байна гэж урамтай өгүүлэв. Муруйхамарт,
-За тэгье. Тото минь хэн нэгнийгээ Бабагийн чулуун мунанд өртүүлэлгүй гурван талаас нь нэгэн зэрэг барьж авах юм шүү гэлээ.
Тэгтэл ч хүрээнээсээ Па бослоо. Зүүрмэглэж хэвтсэн Баба чимээ авсан боловч толгойгоо огт хөдөлгөхгүйг хичээж, нүднийхээ булангаар хялайна. Па шулуухан алхсаар Бабад ойртлоо. Пагийн эр зоригонд сүрэг нэн гайхахын гадна өөрсдөө алуулах гэж буй юм шиг айжээ. Тото Муруйхамарт хоёр бүр ч сандарч Баба Па хоёрыг нүд салгалгүй ширтэж, босон дайрахад дор дороо бэлтгэн нисэх гэж буй жигүүртэн шиг өцийнэ.
Чингэтэл Па Бабагийн дэргэд очоод,
-Би танд нэгэн чухал үг хэлэх гэж ирлээ гэв. Баба,
-Чи муу юугаа хэлэх гээв? гэж ихэрхэв. Сүрэг дотор Тото Муруйхамарт хоёр ухаан алдатлаа сандрав. Тэгтэл Па Баба руу болгоомжтой нэг хоёр алхаад,
-Таныг элбэж алъя гэж надад сая Тото хэллээ гэв.
-Уухай тэгж байгаа вий. Өөдгүй муу новш. Тотогоос гадна өөр ямар хүмүүс байна?
-Өөр нэг хүн бий гэнэ. Түүнийхээ нэрийг Тото надад хэлсэнгүй.
-Па чи их сайн байна. Май чамайг энэ махаар шагная. Па махнаас ухаангүй зулгааж эхэлтэл Баба ярвайж,
-Па чи надаас хол очиж наадахь махаа ид. Чиний мах идэж байгааг ойрхноос хараад миний бөөлжис цутгаад байна гэв. Па махаа бариад сүрэг рүү явснаа нөхдөө хараад жигшим зан гаргаснаа гэнэт ухаарч,
-Баба. Намайг сүрэгт очихоор Тото нөхөдтэйгөө хамсаж алах байх, би айгаад байна гэв. Баба өндийж суугаад бодсоноо,
-Нээрэн тэгнэ. Тэр муу Тотог би алмаар байна. Гэвч залхуу хүрээд байна гээд сүрэг рүү хандаж захирангүй дуугаар, -Хөөе та нараас Тотог элбэж надад авчирч өгсөн хүмүүсийг би махаар шагнана гэв.
Сүрэг дотор бөөн бужигнаан боллоо. Хэдэн хүн Тотог тал талаас нь барин авчээ. Тото тэднийг цохихыг цохиж, өшиглөхийг өшиглөсөн боловч арга буюу олны хүчинд автлаа. Тото муухай орилон олон найз нөхдөөсөө амь гуйв. Муруйхамарт хайрт нөхөр Тотогоо өмөөрөх гэснээ өлссөндөө маханд улайрсан энэ олон хүнийг Тото тэр хоёр дийлэхгүйгээс хойш биеэ тэгж илчлээд ямар ч ашиггүйг ойлгож, олны дунд нугдайж нуугдав. Хэдэн хүн Тотог бахируулсаар тэврэн Бабад аваачиж өглөө. Баба Тотогийн нурууг хугалахаар гэдрэг дарлаа. Тэгэхдээ Баба,
-Хамсаатан чинь хэн бэ? Түүнийгээ одоохон илчил гэж шаардав.
Муруйхамарт олны дотор улам навтайлаа. Нуруугаа хугалуулж буй Тото "Нөхрөө илчлэхгүй!" гэж чангаар хашгирав. Муруйхамарт нүдээ аньж нүүрээ дарав. Баба шазруун Тотод учиргүй хилэгнэж, "Чи нөхрөө ингээд хэлэхгүй бай" гээд Тотогийн нурууны ясыг шажигнуулан дарлаа. Тото "Би найзынхаа нэрийг хэлэхгүй үхнэ" гэж улам чанга хашгирав. Ад нь хөдөлсөн Баба "Аан тийм бий" гээд нурууг нь хар хүчээрээ дарав. Тото дуу алдлаа. Бабагийн дуу хадаж, "Тото чамайг нөхрөө зааж өгвөл утсан улаан голыг чинь өршөөе" гэж буй нь муруй хамартад сонсогдож хамаг бие нь чичрэв. "Би нөхрөө үхэтлээ хэлэхгүй" гэж буй Тотогийн дуу хадаж байна. Баба Тотогийн нурууны ясыг тас няс хугалж буй нь Муруйхамартад тодхон сонсогдлоо. Тотогийн эцсийн дуу уул хад цуурайтуулсаар замхрав.
Арын тойргоос Ямаансахалт босож,
-Баба! Би чамайг маш их өрөвдөж байна гэж хоолой чичрүүлэв.
-Өлссөн хүн цатгалангаа яахаараа өрөвддөг билээ гэж Баба доогтой асуув.
-Үхсэнийхээ дараа чамайг хэрхэн зовохыг чинь бодохоос би өрөвдөөд байна.
-Үхсэнийхээ дараа зовох оо? Үхсэнийхээ дараа юу гэж зовох юм бэ? Үхлээ тэгээд л гүйцээ.
-Гүйцээ ч биш дээ гэж Ямаансахалт хэлэв.
-Гүйцэхгүй өөр тэгээд яах юм бэ гээд Баба дэргэдэх үхсэн үхрийг зааж, -Энэ үхэр чинийхээр бол одоо бас зовсоор байна уу? гэлээ.
-Зовж ч байж болно, жаргаж ч байж болно.
-Хараач хөөе, үхсэн үхэр жаргаж байх юм гэнэ. Жаргах юм бол би ч гэсэн энэ үхэр шиг алуулахсан. Ямаансахалт чи ер нь юу яриад байна аа? Би ойлгохгүй байна. За яахав, энэ үхсэн үхэр одоо зовж байна гэж саная. Тэгвэл энэ үхэр намайг идээд дуусгасны дараа юу нь зовох болж байна? Чи надад тодорхой ярь!
-Аливаа амьтны бие үхэх болохоос амь нь үхдэггүй юм.
-Чамд хэн тэгж хэлээв?
-Надад тэр уул хэлсэн юм гээд Ямаансахалт оргилдоо нүүдлийн үүлний урагдсан тасархай ямагт хийсгэж байдаг шовх улаан уулыг заав.
-Битгий худал хэл. Уул хэзээ ярьж байлаа.
-Үнэмшвэл үнэмш, байвал бай. Баба чи бусад амьтны адил үхнэ биз?
-Мэдээж, үхэж л таарна.
-Үхсэнийхээ дараа чи мөн ч их тарчлах хүн юм гэнэ дээ хөөрхий гээд Ямаансахалт уулын оргил өөд харлаа.
-Чи нээрэн хэлж байна уу?
-Би хэлж байгаа юм биш уул хэлж байгаа үг. Уул хүнтэй адил худал хэлдэггүй.
-Би тэгвэл тэр уулнаас өөрөө асууна. Тэгсэн цагт итгэнэ.
-Маш зүйтэй Баба минь. Гэхдээ уул үхсэнийхээ дараа зовох үйл үйлдсэн хүнтэй ярьдаггүй юм.
-Хэнтэй болохоор яриад хэнтэй болохоор ярьдаггүй юм бэ гэж Баба нөхдийгөө айлгадаг харцаар уул өөд дээрэнгүй ширтээд, -Уул яагаад Ямаансахалт чамтай яриад надтай ярьдаггүй юм бэ гэж шарлахав.
-Яагаад гэвэл чамайг өөдгүй үйл үйлддэг учраас ярихгүй байгаа юм гэхэд Баба,
-Тэгвэл яагаад чамтай уул ярьж байгаа юм бэ гэж зандрав. Ямаансахалт тайвнаар,
-Би үхсэнийхээ дараа жаргах үйл амьддаа үйлдсэн учраас уул надтай ярьдаг юм гэв.
-Чи яагаад үхсэнийхээ дараа жаргаж, би яагаад зовох болов?
-Чи шударга бус болохоор үхсэнийхээ дараа зовох болжээ Баба. Би хүний юм булааж иддэггүй, ядмаг нөхөддөө тусалдаг болохоор үхсэнийхээ хойно жаргах юм.
-Битгий худал чалч!
-Үүнийг би хэлээгүй надад уул хэлсэн.
Баба босон харайж, шовх улаан уулыг ууртай харснаа,
-Би энэ муу уулнаас асууна гэв.
-Уул чамд хэлэхгүй шүү дээ.
-Хэлүүлэх л болно доо. Хэрэв энэ муу уул хэлэхгүй бол би, би,.. түүнийг нураана!
-Уулыг нурааж чи чадахгүй шүү дээ.
-Битгий донгос. Би уулыг нурааж чадна.
-Нурааж чадах юм бол нураа л даа.
Баба чулуун мунаа далайж уул өөд догшин хялайснаа яаж ч чадахгүйгээ ойлгон мухардаад,
-Тэгвэл чамайг ална даа гээд Ямаансахалт руу мунаа далайв.
-Чи намайг албал тун сайн сан. Чамд алуулах би дуртай байна.
-Яагаад чи үхэх дуртай байна?
-Үхэхээрээ би жаргана. Яаж жаргах вэ гэвэл чамд ингэж хэзээ ч дарлуулахгүй. Чи намайг хэзээ ч дээрэлхэж чадахгүй. Үүрд тийм сайхан болно.
-Үхэхээрээ чи жаргах юм бол өдий хүртэл үхэхгүй юу гэж ингэж зүдэрч амьд яваа юм бэ?
-Би санаагаараа яаж үхэх вэ.
-Өөрийгөө егүүтгэхгүй яасан юм бэ.
-Тэгж болохгүй.
-Яагаад?
-Хэрэв би өөрийгөө хорловол үхсэнийхээ дараа “хүн алсан ял”-аар жаргахгүй чам шиг зовох болно. Би хоёр хүнд тооцогдож, нэг нь нөгөөгөө алсан яланд шиййтгүүлнэ.
-Хэн тэгж байна?
-Уул. Өөрийгөө албал хүн алсан болно гэж Уул хэлсэн.
-Тэгвэл чи өөрийгөө хэн нэг хүнээр алуулчаад бушуухан жаргахгүй өдий хүртэл юугаа хийгээв?
-Тэгж бас болохгүй.
-Яагаад?
-Намайг алсан тэр хүн үхсэнийхээ дараа намайг алсныхаа төлөөнөөс тарчилдаг гэнэ.
-Яадгиймбэ. Тэр хүн тарчилбал тарчилна л биз. Түүнийг тарчиллаа гээд чиний бие өвдөх биш.
-Миний бие өвдөхгүй нь ч өвдөхгүй. Гэхдээ намайг алсан хүн тарчилна гэхээс би өрөвдөөд байдаг юм.
-Өрөвдөж яах юм бэ?
-Хэрэв бусдыг өрөвдөхгүй бол үхсэнийхээ дараа тарчилдаг, өрөвддөг бол үхсэнийхээ дараа жаргадаг учиртай юмсанж. Баба чи бусдыг өрөвддөггүй болохоор өнгөрснөөсөө хойш тарчлах нь дээ.
-Үхсэнийхээ дараа зовж байгаа, жаргаж байгаа нь бидэнд яагаад үзэгдэхгүй байна.
-Аливаа амьтны бие нь нүдэнд харагдахаас амь нь нүдэнд харагддаггүй биз дээ? Тийм үү Баба? Жишээлбэл чиний нүдэнд миний бие өртөхөөс миний амь өртөхгүй. Тэгэхээр үхсэнийхээ дараа амьтны амь хэрхэн зовж байгаа, хэрхэн жаргаж байгаа нь хэнд ч үзэгдэхгүй.
-Хэнд ч үзэгдэхгүй зүйлийг хэн харж мэдсэн юм бэ?
-Уул.
-Уул болгон харах уу?
-Үгүй ээ, ганцхан энэ шовх улаан уул хардаг гэнэ.
-Ганцхан энэ уул хардаг болохыг чи хэрхэн мэдээв?
-Уул өөрөө надад хэлсэн.
-Яагаад ганцхан чамд хэлэв?
-Өрөвч сэтгэлтэй болохоор минь надад хэлсэн юм.
-Уухай гээд Баба сууж байсан газартаа гэдрэг налан бодлогошров.
-Хөөрхий Баба минь, өрөвч сэтгэлтэй болохоороо би чамайг өөд болсныхоо дараа яаж тарчилна даа гэхээс зүрх өвдөх юм.
-Битгий хуцаад бай гэж Баба бухимдан хүрхэрснээ, -Үхсэнийхээ дараа би тарчилдаг юм гэхэд хэрхэн яаж тарчлах юм бэ. Уул чамд юу гэж байна гэлээ.
Ямаансахалт хоромхон зуур түгдэрснээ Бабагийн гал түймрээс үхэтлээ айдгийг санаж,
-Үхсэний чинь дараа чамайг галд шатаана гэв.
... Ойн түймэрт шатан үхэж буй хүнийг Баба олныг үзжээ. Улаан гал маналзуулан шатсан нэг хүн "Амь авар" гээд Бабаг элдсэн түүхтэй. Баба түүнд гүйцэгдэх вий гэж нэн айж хар хурдаараа зугтжээ. Галд шатаж буй хүн маш хурдан байсны дээр тун ч нүд хальтрам харагдсан. Хамаг биенээсээ гал дүрэлзүүлэн шатаж буй тэр хүн Бабаг удаж төдөлгүй гүйцээд чарлан тас тэвэрчээ. Тэр хүн өөрийгөө Бабагаас гайтан шатаж байна гэж хорссон мэт Бабаг үзэн ядаж, гал дүрэлзүүлэн шатаж буй гараараа Бабааг зүй дүрсгүй балбажээ. Баба түүний гараас арай чарай мултарсан боловч бүх бие нь тун сүрхий түлэгдсэн аж. Шатаж буй хүний нүд өрөмдөм хэрнээ аймшигт заналтай цэхийсээр бүлт үсрээд амьсгал хураасан. Шатаж буй хүн Бабааг занасаар хар нүүрс болсон юмсанж. Бабаад энэ тухай дурсагдаж, галд түлэгдсэн халанхай сорви нь загатнах шиг болжээ. Аймшигт дурсамжиндаа цочирдсон Баба сэтгэлээ дүйвээлж,
-Ха ха. Намайг шатааж чадахгүй. Миний үхсэн бие бусдынхтай адил газар хэвтэж байх болно гэлээ.
-Тэгнэ ээ. Чиний цогцос бусдынх шиг хүмүүсийн нүдний өмнө хэвтэж байх болно.
-Тэгвэл хэдийд яаж шатаах болж байна?
-Чиний хүүрийг хэн ч хөндөхгүй, зөвхөн амийг чинь шатаах юм. Чиний үхсэн биеийг хэчнээн шатаагаад өвдөхгүй. Харин амийг чинь шатаавал аймшигтай өвдөнө.
-За яахав Ямаансахалт минь чиний хэлснээр би тэр галд чинь шатаж үхье. Харин энэ махнаас чамд өгнө гэж ярихгүй. Шатаад л үхнэ биз. Нэг үхэхээс хоёр үхэх биш.
-Хүний амь үхнэ гэж байхгүй.
-Үхэхгүй тэгээд л шатаад байх гэж үү?
-Тийм, хүний амь үхэхгүй үргэлж л шатаад байна. Тийм учраас л би чамайг өрөвдөөд байгаа юм.
-Үхэхгүй үргэлж л шатаад байна гэнэ ээ? Тэгээд хэдий хүртэл тэгж шатах юм бэ?
-Өө их удна. Чи бол далан жил шатах юм гэнэ лээ.
-Далан жил ээ?
-Тийм ээ, далан жил. Гэхдээ энэ далан жилийн чинь нэг жил бидний тоолдог зуун жилтэй тэнцдэг гэнэ Баба минь.
-Юу? Тэгэхээр бүгд нийлээд би хэдэн жил шатах болж байна?
-Далан зуун жил.
-Уул тэгж байна уу?
-Тийм ээ уул тэгж хэлсэн юм гээд Ямаансахалт уул өөд харснаа нүдээ аньж, амандаа хэдэн үл ойлгогдох үг намжиртай шивэгнэв.
Зэрлэг хүмүүс Ямаансахалтыг амьсгал даран ширтэх агаад бүгдийн царайд битүү түгшүүр төржээ. Ямаансахалт,
-Бүх хүн ялгаагүй адилхан тийм тавилантай гэнэ ээ. Шударга өрөвч явахгүй бол цөм ингэж галд шатаж тарчилдаг жамтай ажээ гээд гүнээ санаа алдахад түүний нүдийг нулимс дүүрсэн харагдав. Баба түүнийг чив чимээгүй харж хэвтсэнээ,
-За за. Ямаансахалт чи юу л гэж солиорвол солиор. Би л лав чиний тэнэг үгэнд итгэхгүй гэлээ.
-Зайлуул даа муу Баба минь хэмээснээ Ямаансахалт зэрлэг хүмүүст хандаж, -Үхсэнийхээ дараа шатах хүнийг ингээд юм ойлгохгүй мунхаг болгочихдог гэнэ ээ гэж захилаа.
"Пээ яасан аймаар юм бэ" хэмээн зэрлэгүүд бүгдээрээ уулга алдав.
-Гэхдээ нөхөд минь, Бабаад энэ аюулаас гарах арга бий юм гэнэ лээ.
Сүрэг дотроос нэг хүн,
-Ямар арга байдаг юм бол? Бабад бол энэ аюулаас толгой мултлах зам нэгэнт өнгөрсөн биз гэж их л горьдонгуй өгүүлэв.
-Өнгөрөөгүй гэнэ шүү.
-Тэгээд яаж аваргадах юм бол?
-Шударга өрөвч үйл үйлдээд байвал үхсэний нь дараа шатаахгүй гэж уул хэлсэн.
-Шатаахгүй тэгээд яах юм бэ?
-Тэр ч байтугай хийсэн алдаагаа бүрмөсөн засаж, бусдыгаа үргэлж өрөвдсөөр яваад үхвэл гээд Ямаансахалт нүдээ эргэлдүүлэн тэнгэрийн хаяа өөд шилбэлзсэнээ, -тийм хүмүүсийн амийг тэнгэрт явуулдаг гэнэ. Тэнгэрт жаргалын орон байдаг бөгөөд тэнд очсон хүн үхдэггүй гэнэ.
"Хээ яасан сайхан юм бэ" гэж зэрлэгүүд мөн л уулга алдав.
-Үхсэн хойно нь шатаах хүмүүсийг хаана шатаадаг юм бэ? гэж сүргээс Муруйхамарт сэжигтэй асуулаа. Ямаансахалт,
-Шатаах хүмүүсийг газар доор гэж товчхон хариулав.
Өлсөхдөө байж ядсан шувууд сууж буй тойргоосоо хөөрөх боловч урагш ахиж чадалгүй эргэж суудалдаа бууна. Үхрийн махан дээр ялаа батгана шавж, эвгүй үнэр үл мэдэг ханхалж эхлэв. Баба дэндүү цадсандаа бие нь тээрч хэвтэртээ тавгүйхан хөрвөх агаад бас хажууд нь Ямаансахалтын яриа бодолд оруулжээ. Тэр бээр бодсон нь: Ямаансахалт үнэн ярьж байна уу эсвэл худал ярьж байна уу? Ямаансахалтын ярьсныг үнэн үү, худал уу гэдгийг Баба-би хий ингэж тунгаагаад ялгаж салгаж чадахгүй хойно бодоод бодоод утгагүй. Үнэн худал хоёр Бабаад ав адилхан нууц байна. Тэгэхээр хэрхэх нь зөв вэ? "Энэ муу Ямаансахалт намайг залилж, мах идэх гэснээс зайлахгүй бий. Хэрэв Ямаансахалтад уул үнэхээр тэгж хэлсэн бол яах вэ? Би далан зуун жил шатах юм гэв үү. Далан зуун жил шатвал баларлаа шүү. Гэхдээ үгүй байх аа. Уул хүн шиг ярьсан гэхэд итгэмээргүй. Энэ худлаа. Гэхдээ яг худал гээд яс итгэтэл үнэн байвал яана. Би үнэн худал хоёрын аль нь вэ гэдгийг ялгаж чадаагүй байна шүү дээ. Асуудлын гол нь үүнд л оршиж байна. Ямаансахалтын ярьсан үнэн бол би далан зуун жил шатаж магадгүй талтай. Шатаж "магадгүй" талтай энэ замаар явах хэрэг байна уу? Хашир нь дээр. Галд далан зуун жил шатвал тоглоом биш. Үхдэггүй орон тэнгэрт байдаг гэнэ ээ. Үнэн бол мөн сайхан аа. Очих юмсан. Үхэхгүй бол ямар сайхан бэ. Энэ ч ёстой худал биз. Үгүй тэгээд үнэн ч юм уу, худал ч юм уу, би мэдэхгүйгээс хойш "худал худал" гэж онгирч явж далан зуун жил шатсанаас "үнэн үнэн" гээд наминчилж явбал уг нь аминд өлзийтэй еэ. Энэ уг нь худлаа л даа. Гэхдээ яах нь баттай вэ. Миний өмнө хоёр зам байна: Нэгдэх нь алдах, алдахгүй хоёрын аль ч байж болох зам. Нөгөөдөх нь ямар ч байсан алдахгүй нь баталгаатай, гэхдээ онох онохгүйн аль нь ч байж магадгүй зам. Алдахгүй нь баталгаатай байна гэдэг маш их боломж. Онох онохгүй нь яасан ч яадаг юм бэ. Одоохондоо би жаргаж л байна. Намайг хэн ч дийлэхгүй. Гэхдээ би өтөлнө. Энэ олон хорссон хүмүүс надаас хариугаа авахдаа л авна. Тэгээд би үхнэ. Үхсэнийхээ дараа яах вэ? Энэ тухай бодох л хэрэгтэй".
Баба ийнхүү бодолд дарагдан хэвтэртээ хөрвөнө. Баба унтах нь байтугай нойр нь хулжаад бодолд дарагджээ. Тэгээд хэвтрээсээ муухан өндийж, өөрийгөө тойрч суусан зэрлэг хүмүүст хандаж,
-Сонсцгоо! хэмээн Бабагаас гарамгүй зөөлөн дуугаар, -Ямаан сахалтаас бусад хүмүүс бүгд ирж мах идэцгээ! гэж зарлигдсан юмсанж.
1983
gogo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Оноч
Зочин
Zochin
Зочин
Зочин