Автомашины донтонд нэмэрлэх үгс
Монголчуудын шуналын дэвийг илтгэх донгуудын талаар улс орных нь хөгжлийн байж байгаа байдал, ядуурал, ажилгүйдэл, хотын утаа, орчны бохирдолтой хамтатгаж байгаад л биднийгээ эвтэйхэн чимхээд байх нь тэр.
Монголчуудын цамаан цатгалан, баярхууг гайхшран ярьж яваа гадаадын хэд хэдэн хүнээс зэмлэлийн аястай үг сонсоод үзэг цаасаа билүүдэж байгаа нь энэ ээ.
“9911...” дугаартай араас нь залгасан 4 цифртэй утас, “9911...” дугаартай утасны араас залгасан 4 цифртэй машины дугаар асар их үнэ хүрдэг, хослуулж хэрэглэх нь монголчуудын мөрөөдөл, олдоц нь хэцүү гэхийг сонссон герман, япон эрдэмтэн найз нар маань нүд нь орой дээрээ гарснаа татаж унаталаа хөхөрцгөөж билээ. Энэ муухай зам дээр, энэ их түгжрэл дунд хэндээ гайхуулах гэж ийм үнэтэй том жип унаж хөөрцөглөнө вэ, УБ-ын замын түгжрэлд тэр жиптэй нөхөр хэдэн цаг уягдаад өөртөө ямар таашаал авдаг вэ гэсэн финланд найзынхаа асуултад би мад суулаа.
Монголчуудын шуналын дэвийг илтгэх донгуудын талаар улс орных нь хөгжлийн байж байгаа байдал, ядуурал, ажилгүйдэл, хотын утаа, орчны бохирдолтой хамтатгаж байгаад л биднийгээ эвтэйхэн чимхээд байх нь тэр.
Сингупурын үнэтэй буудлуудад (5 одтой) гэр бүлээрээ тансаглаж яваа хот хөдөөгийн төрийн албан хаагчдыг гайхшран ярих хүн олон. Ямар мөнгөөрөө тэгж явдаг бол гээд л, нөгөө авилгатай нь холбоод л амаа олохгүй муулах юм. Тэгэх мөртлөө тэр очсон улс орноо, буудлыг нь, үйлчлүүлэгчдийг нь хүндэтгэхгүй, гэртээ байгаа аятай гэрийн шаахайтай нүцгэн шахуу өглөөний цайндаа ороод, буудлын том хонгилоор холхино, яг л цамаан монгол зан харагддаг гэнэ. Томоос том алт толгой дээрээ залчихсан монгол бизнесч тэнд явж байх аж. Хүн амьтан гайхаад л. Монголчууд Сингапураас суралцаж байгаа царай нь тэр юм болов уу.
Нийгэмд зөрчил юунаас эхтэй вэ гэдэгт монголчууд саарал ордонг буруутгадаг. Ардчиллын 30 гаруй жилд ямагт тэнэгүүд, луйварчид, хулгайч нар тэнд засаглаж байсан мэт. Сайн нэртэй яваа нэг ч улс төрч (Зургаагийн зургаан Ерөнхийлөгч, арван хэдэн Ерөнхий сайд, 11 спикер, сайд, төрийн түшээд хэдэн зуу гэх мэт) байхгүй. Гэтэл нийгэмд зөрчил юунаас эхтэйг өөрсөд дээрээ ярина гэж байхгүй. Баян хоосны ялгаа, ялангуяа зохиомлоор тийм ялгаа гарсан үед, тэр ялгаанаас үүдэлтэй атаа хорсол, барьцах үзэгдлээс нийгмийн зөрчил үүсдэг. Тэр зөрчлийн шалтгаан нь дээр дурдсан монгол шинэ баячуудын цамаархал, чамирхал шуналын дэв, донг хэлж буй хэрэг. Даруухан байна гэдэг өнөөгийн монгол нийгмээс арилаад алга болжээ.
Өмнөд хөршөө хар. Тэнд нийгмийн зөрчлөөс үхтлээ айдаг. “Соёлын хувьсгал” гэх мэт улс төрийн кампанит ажлаас түүхэн сургамж авсных. Тэрбум хол давсан хүн амынхаа дунд зөрчил үүсгэх аливаа боломж суваг, илрэлийг төр засаг нь тас цохино. Хууль бус баяжилт, эргэлзээтэй хөлжилт, ер нь эд хөрөнгө, мөнгөөрөө гайхуулах гэсэн аливаа оролдлого хориотой. Си дарга нь авилгачдынхаа эсрэг томхон хөдөлж, цээрлүүлж байгаа нь нийгмийн зөрчил ба баян хоосны ялгаанаас сэргийлснийх болов уу.
Гарчигт өгүүлсэн үндсэн сэдэвтээ оръё. Хятадад ноён Си-гийнүеийн “Дөрвөн нээлт” гэдгийг үлгэр жишээ болгон ярьдаг. Манайд ч нэвтрүүлчихэд болох үлгэр жишээ, туршлага байж болно. XXI зуун руу чиглүүлсэн, тэрбум хүн ардыг дасгасан нээлт нь тэр болох аж. Тэр дөрөв нь 1) Хурдны төмөр зам; 2) Гар утасны тооцооны үйлчилгээ; 3) Цахим худалдаа; 4) Олон нийтийн ухаалаг дугуй. Дөрөв дэхийг манайхан ажсан байх, Хятадад айлчилсан аялсан монголчууд бишгүйдээ л үзсэн дээ.
Эхний тэр бүтээн байгуулалт манайд өнөөдөртөө ахдана. Хоёр, гурав дахийг бол нэвтрүүлчихэд болно, нэвтрээд эхэлсэн. Дөрөв дэхийг Улаанбаатартаа нэвтрүүлж эхлээд буй, түгээмэлжээгүй байна.
Улаанбаатарын гудамжаар чихцэлдэн яваа, түгжрэл дунд хараал ерөөл хэлэх цээж баян монголчуудыг гадаадынхан, хөрөнгө оруулагчид амны зоргоор егөөдөж баалж, тавлаж суухыг харсан хүний хувьд унадаг дугуй, скутер нэвтрүүлье гэж мөн ч олон удаа бичсэн дээ, би. Давчуу замтай энэ хотод өвлөөс бусад улиралд нийтээрээ дугуйгаар холхиосой гэсэндээ би дахиад бичиж байна.
Тэр олон өнгөт нэг загварын ухаалаг дугуй гэдгийг тансаг хэрэглээ, цамаархлын эсрэг гэсэн утгаар товч өгүүлье. Хятадын туршлага шүү. Нэг үе, түүхийн урт удаан хугацаанд унадаг дугуй амин зуулгыг нь амжуулж, дугуйны сайныг шилж авах дон нэг хэсэгтээ цухалзаж байсан гэдэг. Дугуй үйлдвэрлэгч, худалдагч, зуучлагчдын бизнес цэцэглээд нийгэмдээ халтай болоод ирсэн гэх яриа байдаг. Тэр нь ч тийм сүрхий биш л дээ. Гэхдээ тэр талын донг дарж байхгүй бол тэрбум хүнийг хүчрэхгүй байж магад гээд үнэ төлбөргүй дугуйны үйлчилгээ хотуудад буй болгочихжээ. Огт төлбөргүй биш л дээ. Төлбөртэй, тэр нь маш бага. Ижил төрлийн нэг загварын баахан шар, ногоон, хөх, цэнхэр, улаан дугуй үйлдвэрлээд “ухаалаг” гэсэн цол хайрлаад хотуудад дугуйны зогсоол сая саяар нь бий болгоод нөгөө нэг загварын дугуйгаа эгнүүлээд тавьчих нь тэр.Хүссэн хүн картаар хэдхэн юань төлөөд нөгөө дугуйг нь цаг наргүй унаж хэрэглээд дараагийн хаа нэгтэй зогсоолд нь тавьчихна. Дараагийн нөхөр унаад гарна, ингээд хэвшил болгоод, хотоороо нэг ижил дугуйтай болчихсон чинь гоё ганган, чамин, чанартай дугуйны хэрэглээ ба дон хүн амын тархинаас арилчих ваа. Дугуйны үйлдвэрлэлээс хэт ашиг олно, тийм бизнес нэр хүндтэй, унацтай гэх нь ч байхгүй болчихжээ. Манайд эхлүүлээд байгаа ажлыг сайжруулаасай, түгээмэлжүүлээсэй гэсэндээ уриалж байна.
Ковидын өмнөхөн дөө. Хятад нь автомашины хэрэглээг яг тийм болгох шилжилтийн үедээ орж байсан санагдана. Дугуй моодноос гарч, хятадууд дугуйнаасаа буугаад хувийн машин руу хошуурчээ. Нэгэнт амьдрал нь сайжирсан тул хувийн машинтай болохыг хориглолтой биш, нэг хэсэгтээ дураар нь тавьжээ.
Хятадын хотуудад хувийн элдэв чамин машин холхиж байгааг бид харсан, мэднэ. Манайхны шуналыг хөдөлгөх машин тэнд жирийн албан хаагчийн хэрэгцээ нь болчихсон. Нэг гэр бүлд хоёр ч машин гараад иржээ. Машины тоог нь хүн амдаа үржүүлээд үзтэл дэлхийн нийт хэрэглээ рүү дөхөх шахуу тооцоо ирээдүй цаг дээр гараад ирэх нь тэр. Хувийн машиныг өөгшүүлсний бас нэг уршиг нь Хятадын хүн амын дунд таргалалт (түүхэндээ огт байгаагүй), жингийн илүүдэл, суудлын элдэв өвчин тархсан явдал гэнэ. Улс нь нэг юм бодохгүй бол болохгүй боллоо. Яаж хэрхэн? Хувийн машин руу хошуурдаг шуналыг донг нь дарах хэрэгтэй.
Хувийн машин олширсныг Хятадад ард түмний аж байдлын дээшлэлт, нэр хүнд, хувь хүний нэр хүнд энэ тэр гэж даан ч авч үздэггүй. Зай талбай багтаамжаа тооцно, агаарт ялгарах утаа, хий, тортогийг тооцно, машины дилерийн төвүүдэд тэр бүр эрх өгөхгүй, зөвшөөрөхдөө хязгаар тогтооно. Агаарын бохирдолтой хувийн машинуудыг холбож байгаад дарамтлаад байх нь тэр. Хотуудад хувийн автомашиныг олшруулснаас агаарын бохирдол 30 хувиар нэмэгдсэн гэх тооцоо эхэндээ гарчээ. Тэгэхлээр нь худалдах автомашины тоо хэмжээг 38 хувиар хорогдуулах шийдвэр төр-засгаас нь зөрүүлээд гаргажээ. Тэрбум хол давсан хүн амдаа миний уншиж байснаар лав 2018 онд 150 мянгахан хувийн машинд дугаар олгоно гэж байв. Өмнөх жилүүдэд энэ тоо 240 мянга байсныг багасгажээ. Тэр жилийн 150 мянгаа дотор нь ангилжээ. Үүнд 90 мянга нь хөнгөн тэргэнд, 60 мянга нь экологийн цэвэр машинд гэж ногдоно. Өмнөхөн нь 1000хүнд ногдох машиныхаа тоогоор Хятад нь дэлхийд 99-рт жагсаж, 1000 хүндээ 114 машинтай гэгдэж байсан нь даруухан тоо байжээ. Гэтэл тэр рүүгээ дахин ухрах, болж өгвөл дахиад буулгахыг зорино гэсэн байв.
Нийтийн хэрэглээний ухаалаг дугуйны адил том хотуудад цахилгаан, хийгээр ажилладаг, тоолууртай цахилгаан хөдөлгүүрт нэг загварын баахан ухаалаг машин гаргаж тавьжээ. Тийм машины паркуудыг байгуулжээ. Бээжин, Шанхай, том хотуудад туршаад нэвтрүүлжээ. Том том хотуудад хэдийнэ хэвшил болжээ. Хөх-хотод ухаалаг 100 машин ашиглуулж туршиж үзээд хэвшүүлжээ. Үр дүн муугүй. Энэ бол ковидын өмнөх жилийн зөв туршлага болж үлджээ.
Ингэж туршихын өмнө төрөөс бага зэрэг хавчлага хийжээ. Гарааш, зогсоолын үнийг өсгөөд өгөхтэй зэрэг хувийн машин руу тэмүүлэх нь багасаад иржээ. Агаар бохируулдаг гэсэн шалтгаанаар хувийн машинтнуудыг баахан аашилж, муулуулж үзэв. Суртал нэвтрүүлгээр бөмбөгдлөө. Үнэн л юм чинь.
Зөрүүлээд олон нийтийн ухаалаг машин унаж яваа нь элдэв хөнгөлөлт эдэлдэг болжээ. Шатахуунд мөнгө зарахгүй, эвдрэл үйлчилгээг нь улс хариуцчихна, ажлаа амжуулчихна. Нөгөө ганган, чамин, үнэтэй машин унаж түгжирч явах хэрэг алга. Гол нь гоё машинд шунаж шимтээд ерөөсөө ашиг алга. Xyвиaсaa төлөөд шатаад дуусна, хэн ч сонирхохгүй, дээр доргүй ижил загварын машин унаад ажлаа бүтээчихнэ, нийтийн тээвэр гэж байна, нөгөө нийтийн шар дугуй байна. Ингэхэд хувийн машинаар хотуудын хооронд хөдөө л явахгүй бол хотод тэр нь байгаад нэмэргүй. Гоё чамин машинтай гэж тэр нөхрийг хэн ч хүндэтгэж, долгинож явахгүйгээс хойш хятадын хотуудад тун удахгүй хувийн машины хэрэглээ, дон алга болно хэмээн эрх баригчид нь тооцоолж байж гэнэ.
Сураг сонсвол одоогоор ухаалаг машинаа амины машинтай хослуулж байгаа бололтой. Хувийн машин арвинтай болсон тул ухаалаг машин руу тэгтлээ хуйлрахаа больсон гэж дуулдав. Хятад яах нь бидэнд чухал биш. Гэхдээ өвөрмөц зөв туршилт хийгээд үзжээ.
Харин манайхны хувьд энэ туршлага сургамжийг яг одоо эх орондоо нэвтрүүлбэл хожим амаа барьж суухгүй юм биш байгаа, ядаж түгжрэл чинь буурна, баярхуу монголчууд минь гээд нэг уриалаадхъя.