АТААРХАЛ ТӨРҮҮЛСЭН ЭРХЭМТЭЙ ЯРИЛЦАВ
Жинхэнэ судлаач хүнтэй хөөрөлдөв
Сүүлийн үед “эрүүл амьдрал”-ын талаар сонирхож, эмгүй эмчилгээ буюу гарын доорх гэрийн аргуудыг судлахаас гадна уламжлалт анагаах ухааны зарим юм сөхөж хардаг болсон юм. Гэхдээ одоогоор ганцхан ном сөхчихөөд байгаа нь “МОНГОЛ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН: зарим эх сурвалжийн нягтлан шинжлэл”.
2021 онд хэвлэгдсэн энэхүү судалгааны номыг өнгөрсөн намар уншсаны дараа зохиогчтой нь танилцаж, ганц нэг юм асуумаар санагдан фэйсбүүкээр нь холбогдоход уриалгахан хүлээн авч билээ. Тэгээд юм санаснаар болох биш, будилж явсаар өнгөрсөн ням гаригт л нэг завдлаа. Харин яриа маань бараг ярилцлага шахуу болчихонгуут, жинхэнээс нь ярилцлага болгоод хүмүүст хүргэхээр шийдэв.
Зохиогч Норовын Батсайхан нь Монголын уламжлалт анагаах ухааны салбарт сүүлийн гучаад жил сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсэн. Мөн монголчуудын төвд хэлээр туурвисан эх сурвалжуудад сүүлийн 20 гаруй жил дүн шинжилгээ хийн үр дүнгүүдээ англи хэлээр хэвлүүлж байсан дээрээ суурилан уг номоо бүтээжээ. Бас зарим санаагаа бусдад “шүүрүүлж” ч байж. Ямартай ч сонирхолтой яриа болсон ба магадгүй та энэ номыг олж авах, бүр зохиогчтой нь танилцахыг хүсэж ч болох юм. Ингээд бидний хийсэн богино ярилцлагыг таалан уншина уу.
-Номын тань гарчиг өөрөө маш өргөн сэдэв, судалгааг агуулсан болохыг харуулж байна. Та номынхоо бүлгүүдийн дагуу базаад цөөн үгээр хэлээч? Эхний бүлэг “Эрт цагийн Монгол анагаах ухаан” гэж байна.
-Бүлгүүдийн гол санааг товчхон хүргэе. “Монголын Нууц Товчоо” болон “Судрын Чуулган” зэрэг монголын түүхийн бүтээлүүдэд мэсийн шархыг болон бусад зарим өвчин эмгэгийг хэрхэн эмчилдэг арга ажиллагааны тухай бичсэн байдаг даа? Монголчууд эрэмгий, дайнч ард түмэн байснаас ч тэрүү бэртэл, гэмтэл болон ил шархыг анагаах ихээхэн туршлага хуримтлуулсан нь эзлэн төвшитгөсөн Хятад зэрэг улс орнуудын анагаах ухаанд томоохон нөлөө үзүүлсэн байдаг. Хятад эмч нар шархыг дотроос нь гадагш оёх арга туршлагыг монголчуудаас сурсан болохыг судлаачид зөвшөөрдөг нь хамгийн энгийн жишээ.
Ер нь, тухайн үеийн монголчуудын өвчин эмгэгийг анагаах арга ажиллагааг бодит арга туршлагад болон ид шидийн итгэл үнэмшилд тулгуурласан гэж хоёр хувааж болох юм.
Бодит арга туршлагад тулгуурласан анагаах ухааны нэг жишээ бол монголчуудын хоол хүнсээр анагаах ухаан. Монголын эртний хаадад үйлчилж байсан Хятад галигаар Ху Си Хуйгэдэг нэртэй хүний 1330 онд бичсэн “Идээ ундааны жинхэнэ товч” гэдэг сонирхолтой бүтээл бий. Энэ хүн манай судлаачдын дунд Хүсэхүй гэх нэрээр алдаршсан юм. “Идээ ундааны жинхэнэ товч”-ийг АНУ-ын Буэлл гэдэг эрдэмтэн судлаад, уг бүтээл нь монголчуудын өргөн дэлгэр хэрэглэгдэж байсан хоол ундаар биеэ тэнхрүүлэх, өвчин эмгэгийг эмчлэх арга ухааныг хятад анагаах ухааны онолоор дэлгэрүүлсэн болох тухай томоохон судалгааны ажлууд хэвлүүлсэн байдаг. Хүсэхүйн бичсэн бүтээлийн гол ач холбогдол нь эрт цагийн монголчууд хоол хүнсээрээ дамжуулан элдэв өвчнөөс сэргийлэх болон эмчлэх, сувилан тэтгэх арга ухааныг өндөр хөгжүүлсэн байсныг баримтжуулсан, тэр нь бидний цаг үед ирсэнд оршиж байгаа юм. Орчин цагийн анагаах ухаан ч өвчин эмгэгтэй тэмцэхээс урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй болохыг чухалчилж байна шүү дээ.
Харин ид шидийн итгэл үнэмшилд тулгуурласан эмчилгээний арга туршлагын сонгодог жишээ бол бөөлөх юм. Энэ талаар бөө судлаач, профессор Г.Гантогтох агсны сонирхолтой бүтээлүүд бий. Тэдний үзлээр тухайн газар орны тэнгэрүүдтэй хүмүүс буруу харьцан хилэгнүүлснээс зарим төрлийн өвчин эмгэгийг үүсгэн шийтгэж байна гэдэг. Тэрхүү өвчнийг эмнэх зарим энгийн аргуудаас эхлээд тэнгэрүүдийг аргадан тайтгаруулах өвөрмөц зан хүртэлх өөрийн гэсэн арга ухаан бөөгийн шашинд байсан байдаг.
-Одоо харин исламын шашинт ард түмнүүдээс ирсэн анагаах ухааны нөлөөллийг яривал?
-Монголын эзэнт гүрний үед бичигдсэн “Сартуул эмийн жор” гэдэг анагаах ухааны бүтээл үүний маш том гэрч. Мин улсын үед ч дахин хэвлэгдсэн байдаг. Номд Перс зэрэг улс орнуудад хэрэглэгдэж байсан эм, эмчилгээг монгол эм, эмнэлгийн зарим аргуудтай зэрэгцүүлэн багтааснаараа тухайн цагийн монгол анагаах ухааны хөгжлийн тухай чухал мэдээлэл болдог.
Харин, Монголын эзэнт гүрний үед монголчууд өнөө цагийн европын анагаах ухааны хөгжилд нэгэн томоохон нөлөөллийг ислам эмнэлгээр дамжуулан оруулсан байдаг юм. Монголд ирж үзээгүй Рашид Ад Дин “Судрын Чуулган”-аа бичихдээ Газан хаан болон Болд Чинсан гэх хоёр монгол хүнээс голлох мэдээллүүддээ олж авсан байдаг. Болд Чинсан нь Ил хаант улсад очихдоо хэд хэдэн хятад эмч дагуулан очсон байдаг юм. Хятад эмч нар нэгэн ном авч ирсэн нь Хятадын Сүн улсын үед буюу 1045 онд болсон бослогод оролцогчдын цогцос дээр хийсэн задлан шинжилгээний үр дүнгээр хүний биеийн анатомийн бүтцийн тухай өгүүлсэн байв. Рашид ад Дин энэ номыг перс хэлнээ орчуулж “Ил Хааны эрдэнийн ном” нэртэйгээр хэвлүүлжээ. Энэхүү бүтээл нь цаашид уламжлагдан дэлгэрсээр, хүн бурханы бүтээл тул огтчин судлаж болохгүй гэж үздэг байсан Европчуудад хүрч, тэр байтугай тэдний анагаах ухааны хөгжилд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн зүйл болсон гэдэг. Энэ цагаас хойш европод хүний биеийн бүтцийн талаар томоохон нээлтүүд шил шилээ даран гарсан нь монголчууд Өрнө, Дорнын хооронд мэдээлэл дамжуулахад чухал үүргийг гүйцэтгэсэнтэй холбоотой гэж зарим судлаач үздэг болсон.
-Аюурвед болон төвд эмнэлгийн нөлөөллийн тухай бас таны номд гарч байна.Эм тангийн нэрсээс ч болдог юм уу, судас барьж оношлох зэрэг бүх л уламжлалт анагаах ухааныг ер нь Төвдөөс гаралтай гэж бид төсөөлдөг. Харин аюурвед гэхээрээ хаашаа явж байна вэ?
-Үнэхээр төвд эмнэлэг орж ирснээр монгол анагаах ухааны арга ажиллагаа онол, дадлагын хувьд цэгцэрсэн нь тодорхой байдаг. Аюурведийн эмнэлэг бол эрт цагт Энэтхэгт үүсэж хөгжсөн дорно дахины анагаах ухааны нэгэн салбар бөгөөд төвд, монгол эмнэлгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн. Гэхдээ эрт цагийн монгол эмч нар аюурвэдийн эмнэлгийн мэс заслын арга ажиллагааг төвд эмнэлгийнхнээс илүүтэй хөгжүүлэн суралцаж, хэрэглэж байсан болох нь тэдний бүтээлүүдэд тусгалаа олсон байдаг. Тухайлбал, Сүмбэ хамба Ишбалжир, Миндол номон хан Жамбалчойданзанпэрэнлэй нарын бүтээлүүдэд маш сонирхолтой мэдээллүүд бий. Нэгэн жишээ гэвэл нүдний болор цайх өвчний үед цайсан болрыг хатгуурын аргаар харааны шугамаас холдуулах эмчилгээ хийж байжээ. Энэ ажилбарыг хийх аргачлалын дэс дараалал, гарч болох хүндрэл, мэс ажилбарын дараа нүдний хараа сэргэсэн эсэх шинж тэмдэг зэргийг Миндол хутагт номдоо маш дэлгэрэнгүй бичсэн. Түүгээр ч үл барам цайсан болрыг боломжтой бол гаргаж авбал зүгээр гэсэн нь ч бий. Үүний өмнөхөн буюу 1750-аад оноос европ эмнэлэгт цайрсан болрыг гарган авах ажилбар хийж эхэлсэн байдаг ч, тухайн үед дорнын эмнэлгүүдэд үүнийг хийж байсан талаар бичгийн мэдээлэл өнөө хэр олдоогүй нь Миндол хутагтын ур чадвар ямар өндөр түвшинд хүрсэн байсныг илтгэдэг. Харин, Төвдийн алдарт эмч Дарма маарамба Лувсанчойдог Энэтхэгээс ирсэн Манахо гэдэг эмчээс суралцсанаа бататган олон хүн дээр дадлагажсаны эцэст 5-р Далай ламын мэлмийг нээсэн тухай мэдээ байдаг. Энэ бол бүр 17-р зууны явдал. Нүдний өвчний талаар бичсэн Миндол хутагтын бүтээлд ”Найман гишүүнт”, “Сарны Гэрэл” зэрэг аюурведийн анагаах ухааны бүтээлүүд голлох нөлөөтэй байсныг би саявтар хэвлүүлсэн нэг өгүүлэлдээ нэлээд дэлгэрэнгүй бичиж оруулсан.
- Хятад эмнэлгээс монгол анагаах ухаанд орж ирсэн анагаах ухааны арга, нөлөөллийн талаар танаас асуулт асууя. Энд та цагаан цэцэг өвчнийг жишээ болгон бичсэн нь нэлээд сонирхолтой санагдсан?
-Энэ сонирхолтой сэдвийг ярихын тулд тухайн цагийн энэ өвчний дэгдэлт, хамарсан байдлыг тодруулан үзэх шаардлагатай. Нэлээд эмгэнэлтэй дүр зураг харагддаг. Монголд төдийлөн их дэлгэрдэггүй байсан энэ халдвар түүхийн энэ эгзэгтэй цаг мөчид маш ихээр тохиолдох болсныг судар номууд өгүүлж байна. Тухайлбал, Сүмбэ хамбын намтар, Цахар гэвш Лувсанчүлтэмийн намтрыг дурдаж болно. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх жишээ бол Лигдэн хааны үхэл. Энэ үед халдвар авсан гурван хүүхэд тутмын нэг нь амь насаа алддаг бөгөөд насанд хүрэгчдэд илүү хөнөөлтэй байжээ. Энэ бүхнийг би нэлээд нухацтай судлахдаа монголчууд улс төрийн эрх мэдлээ алдахад ч энэ өвчин томоохон нөлөө үзүүлсэн байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Өвчний тархалт хурдан, үхэл ихээр тохиож байсан энэ үед цахар гэвш Лувсанчүлтэм халдварласан хүнээс дээж авч өвдөөгүй хүнд зориудаар халдварлуулах замаар, нэг ёсондоо дархлаа тогтоон өвчнөөс сэргийлэх аргыг 1785 онд бичиж үлдээсэн нь монгол анагаах ухааны судалгаанд маш чухал баримт болдог. Улмаар манай нэгэн судлаач Цахар гэвшийг цагаан цэцэг өвчний вакциныг Английн эрдэмтэн Эдвард Женнерийн 1791 онд боловсруулсан аргаас ч өмнө дэлхий дахинаа анх удаа бүтээсэн гэж бүтээлүүддээ бахархан бичсэн байна лээ. Гэхдээ лавшруулан үзвэл Чин улсын хаан Энх-Амгалан энэ аргыг монголчуудад дэлгэрүүлсэн баримт байдаг нь Цахар гэвшээс 100 гаруй жилийн өмнө болсон явдал. Тэгэхээр, Хятад анагаах ухаанд ч мөн өргөнөөр хэрэглэж байжээ. Мөн 1720 орчим оны үед Англиас Туркэд сууж байсан элчин сайдын эхнэр энэ аргыг олж мэдээд нутагтаа буцан очиж хүүхдүүддээ хэрэглэсэн нь амжилттай болсон ба харин туркүүд үүнийг хаанаас сурсан болох нь тодорхойгүй үлдсэн. Харин Ижил мөрөнд нүүн ирсэн торгуудууд энэ аргыг тухайн үед цөөнгүй хэрэглэдэг байсан түүхийн мэдээллүүд байдаг. Магадгүй Орос-Туркийн дайнуудад олонтаа оролцож байсан халимагууд энэ мэдээллийг туркуудад дамжуулсан байх магадлалтай байдаг нь нөгөө л Өрнө ба Дорнын хооронд мэдээллийн солилцоонд нүүдэлчин монголчууд тодорхой үүрэг гүйцэтгэж байсны бас нэг жишээ байж болох юм.
-Европ эмнэлгээс хэрхэн нөлөөлсөн бэ? Бид нар Сэрэлт киногоор л төсөөлдөг...
-Хоёулаа Миндол хутагтын тухай дахин ярья. Түүний бүтээлд дээр яригдсан Эдвард Жэннэрийн бүтээсэн цагаан цэцгийн вакциныг үхрээс хэрхэн бэлтгэх тухай бичсэн байдгийг төвд эрдэмтэн Ё.Лувсан судлан тогтоосон байдаг. Түүнчлэн Өвөр монголын эрдэмтэн, анагаах ухааны түүх судлаач Б.Жигмэд гуай нэгэн бүтээлдээ Миндол хутагт бамбай булчирхайн эмгэгийг огтлон авах тухай бичсэн нь яах аргагүй европ эмнэлгийн нөлөөлөл байжээ гэсэн нь миний сонирхлыг ихээр татсан юм. Энэ тухай төвд хэл дээрх эх зохиолд ойлгоход нэлээд бэрх, утгачилбал “хорт хэлбэрийн ашгийн үед чихнээс урагш байрлах судлыг тасалж, нохойн үсээр бооно” гэсэн байдаг шиг санагдаж байна. Уг бүтээлийн энэ жижиг хэсгийг би чамгүй цаг зарцуулж, олон дахин үзэж судалсны эцэст энэ нь бамбай булчирхайг цусаар хангадаг дээд, доод тараагуур судлын аль нэгийг боох мэс ажилбарын талаар хэлсэн болохыг тодруулж чадсан юм. Энэ төрлийн мэс ажилбарыг 1813 онд Английн мэс засалч, ноён Уиллям Близардын хийсэн анхны оролдлогоос 17 орчим жилийн дараа монголын Миндол хутагт бүтээлдээ бичсэн байсан нь маш гайхалтай. Миндол хутагт энэ мэт мэдээллээ Бээжин хотод Оросын шашны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан Осип гэдэг польш хүнээс авсан болох нь түүний бичсэн газарзүйн тухай өөр нэгэн алдарт бүтээлд тодорхой байдаг юм.
-Та номдоо судлаачдын өмнө нь илрүүлж байгаагүй хэд хэдэн зүйлсийг шинээр олны хүртээл болгожээ гэж ойлгосон. Энэ нь таны номыг үнэ цэнэтэй болгож байна. Энэ талаар товчхон хэлж өгнө үү?
-Товчхон ярья даа. Манай ихэнх судлаачид аливаа сэдвээр эх сурвалж судалсны дараа өөрийн санааг нэмдэг, дүгнэдэг өнөө цагийн судалгааны түгээмэл аргыг мөрдөхөөсөө илүү монголчууд анхдагч байсан, бид бусдаас илүү гэх хандлагыг хачирлан нэмж бичдэг нь ажиглагддаг. Энэ нь бүр хэвшмэл арга барил шахуу болж. Бусдын сонирхлыг өөртөө татах зорилго байж болох ч эх сурвалжаар нотлогдохгүй хуумгай дүгнэлтүүд байж болохгүй шүү дээ. Мэдээж бид анхдагч байж чадсан олон бахархалт зүйлс бий. Гэхдээ судлаач хүн ёс зүйгээ баримтлан зөвхөн эх сурвалж дээр суурилсан мэдээлэл болон өөрийн шинээр дэвшүүлж буй санаа, дүгнэлтийг эерэг ч бай сөрөг ч бай зоригтой гарган нийтэд түгээж байх үүрэгтэй. Миний хувьд, бидний өвөг дээдэс олон зүйл дээр нөлөө бүхий оролцоотой, мөн анхдагч байсан ч байж болохыг эх сурвалжийн судалгаа хийх явцдаа ажигладаг бөгөөд үүнд сэтгэлийн хөөрлөөр хандахаас зайлсхийж, зөвхөн баримт нотолгоог түшин өөрийн эргэцүүлэл, санааг гарган тавихыг чухалчилдаг. Нуулгүй хэлэхэд, миний зарим найз, мэргэжил нэгт нөхөд намайг өөрийн судалгаагаараа бидний хамаг бахархлыг үгүйсгэчихлээ гэж шүүмжилдэг /инээв/. Тухайлбал, эрт цагт төвдөд болсон анагаах ухааны хуралд оролцсон “Сог” эмч нар буюу орчуулбал монгол эмч нар бол монгол хүмүүс биш байсан гэх юм уу хануур заслыг монголчууд анх зохиогоогүй, дэлхийн түүхэнд вакциныг монгол хүн анх бүтээгээгүй гэх мэтээр өнөө цагийн монгол эмч, судлаач нарын бахархал болсон олон зүйлсийг шинээр илэрсэн баримт нотолгоонд үндэслэн үгүйсгэхээс өөр аргагүй байна. Гэхдээ монголчууд анхдагч байж чадаагүй ч монгол ахуй, байдалдаа тохируулан хөгжүүлж, дэлхийн анагаах ухааны хөгжилд хувь нэмрээ оруулсан, бид бахархаж болохуйц өөр олон зүйлсийг баримт нотолгоотойгоор илрүүлэн, нотолж чадсан. Тухайлбал, Миндол хутагтын хийж байсан бамбайн судас боох мэс заслын эмчилгээ нь тухайн үед шинээр нэвтэрсэн арга бөгөөд үүнд монголчууд суралцан, хэрэглэж чадаж байсныг бахархахгүй байхын аргагүй. Мөн, миний дээр дурдсан нүдний хатгуурын эмчилгээ ч байна. Миндол хутагтын анагаах ухааны бүтээлийн орчуулгын хэд хэдэн хувилбар Өвөр Монголд ч, манайд ч бий. Эдгээр орчуулгын бүтээлд буй хатгуур эмчилгээний тухай хэсгийг нэлээд төвөгтэй ойлгомжгүй орчуулсан байдаг юм. Тухайлбал, төвд хэлний “вардив” гэсэн үгийг завсар бүрхэх гэж орчуулаад энэ нь нүдний болор цайх өвчин мөн болохыг гүнзгийрүүлэн илрүүлж чадаагүй байдаг. Иймд, Миндол хутагтын эмчилгээний энэ аргын талаар өмнө нь манай судлаачид төдийлөн судлалгүй орхигдуулсан байсныг тодруулж дэлгэрэнгүй мэдээлсэн нь энэ номын маань нэг онцлог болж чадсан гэж би хувьдаа үздэг бөгөөд үүндээ сэтгэл хангалуун байгаа (инээв).
Ер нь аливаа судалгааг хийхдээ тухайн түүхэн цаг үеийн улстөр, геополитикийн нөхцөл байдлыг харгалзан үзэх нь илүү үр дүнтэй гэж өрнөдийн судлаачид үзэх болсон. Энэ хандлагыг баримтлан өөр бусад эх сурвалж, нэмэлт мэдээллийг харгалзан үзэж судалгаандаа тусгасан нь номын маань бас нэг онцлог юм. Тухайлбал,тухайн цагийн европ эмнэлгийн давуутай байдлыг ашиглан анагаах ухаанаар колоничлох бодлогыг Орос улс Монголд хэрхэн хэрэгжүүлж байв гэх мэт. Энэ мэтчилэн урьд өмнө нь судлаачдын дэвшүүлэн тавьж байгаагүй цөөнгүй санааг номдоо тусган оруулсан нь шинэлэг тал болсон болов уу.
-Номыг тань уншаад, мөн тантай ингээд ярилцаж байхад та бодит эх сурвалж ашиглах тал дээрээ нэлээд няхуур, ул суурьтай ханддаг нь харагдаж байна л даа. Бас шинжлэх ухааны судалгааг энгийн ойлгомжтой болгож бичсэн, эрдэмтэдтэй бичсэн захидал, яриа зэргийг эх сурвалждаа маш тодорхой дурдсан юм байна.
-Судлаачдын хувьд ашигласан мэдээллийн эх сурвалжаа заавал дурдах нь дараагийн судлаачдад юуг хаанаас хайх, уг санааг хэн анх гаргаж тавьсныг олж мэдэхэд чухал зам мөр нь болдог. Би нэг жишээ ярья. Төвд эрдэмтэн Ё.Лувсан Миндол хутагтын номдхоёр ч удаа “манай төвдүүд” гэж дурдагдсанаас болж түүнийг төвд хүн байсан хэмээн “баталдаг” юм. Гэтэл өнөөг хүртэл түүнийг монгол хүн гэж итгэсээр ирсэн над шиг хүний хувьд энэ мундаг хүнийг төвд хүн болгон алдах ньхичнээн харамсалтай болохыг та төсөөлж байгаа байх. Тиймээс түүнийг монгол гаралтай болохыг батлах санаатай монгол эрдэмтдийн бичсэн хэд хэдэн түүхийн бүтээлийг шүүж уншихад тэрээр Хөх нуурын Улаан мөрний Толь эсвэл Гандир уул гэдэг газар төрсөн гэжээ. Гэтэл тэр мэдээллийг чухам хаанаас авсан эх сурвалжаа дурдаагүй байв. Ингэхээр мэргэжлийн судлаачдын хувьд тэрхүү бүтээлийн үнэ цэнэ буураад ирж байгаа юм. Энгийн уншигчид бол уг мэдээллийн үнэн баттай эсэхийг анзааралгүй уншаад өнгөрөх байх. Ийм чухал мэдээлэлд эх сурвалж ашиглаагүй нь өөрөө санаанаасаа зохиосонтой адил шүү дээ.
Нэгэнт эх сурвалжийн тухай ярьж эхэлсэнийх, заавал дурдах ёстой нэгэн санаа зовоосон зүйл байна. Юу гэхээр өнөө үед шинжлэх ухааны салбарт хурцаар тавигдаж буй оюуны бүтээлийн хулгай (plagiarism) буюу бусдын бүтээл, анх гаргасан санааг өөрийн мэтээр бичдэг мэргэжлийн биш хандлага цөөнгүй тохиолдож байна. Ялангуяа өвөр монгол эрдэмтдийн бүтээлд бичигдсэн зүйлсийг эх сурвалжаа дурдалгүйгээр өөрөө судалж, олж мэдсэн мэтээр бичсэн байх нь олонтаа таардаг. Монголчууд бид, ялангуяа мэргэжлийн судлаачдын хүрээнд плэжэризм, түүний үр дагаврыг сүүлийн хорь гаран жил сайн ойлгож мэддэг болсон ч одоо хүртэл энэ нь түгээмэл байгаа нь санаа зовоох асуудлын нэг юм. Жишээ нь, энэ ном маань хэвлэгдсэнээс хойш дээр өгүүлсэн “завсар бүрхэх” гэдэг өвчнийг орчин цагийн нүдний болор цайх өвчинтэй харьцуулсан эрдэм шинжилгээний өгүүлэлтэй таарч л байлаа. Үүнийг бичих нь зөв л дөө, гэхдээ урд өмнө хэн ч ярьж, бичиж байгаагүй энэ баримтыг хэн эхэлж судлан тогтоож, мэдээлсэн болох эх үүсвэрийг заавал дурьдах ёстой юм. Урьд өмнө энэ талаар нэг ч удаа бичээгүй хэрнээ өөр хүний бүтээлд гарснаас хойш гэнэт бичээд эхлэнэ гэдэг судлаачдын хувьд юуг илэрхийлж байгаа нь ойлгомжтой биз дээ? Юу ч гэх вэ дээ, тийм судлаачдыг цаг үеийнхээ шинээр гарсан судалгааны бүтээлийг олж харж амжаагүй гэх үү, эсвэл бусдын бүтээлээс хулгай хийсэн гэх үү. Дэмий л нүүр номоороо дургүйцлээ илэрхийлээд л өнгөрч байлаа даа.
-Өнгөрсөн жилээс энэ асуудлыг нэлээд ярьж, хууль журамтай ч болж байгаа л даа. Гэхдээ нийгэм нь өөрөө плэжэризм, оюуны хулгайг тийм ч их тоохгүй юм?
-Сайхан мэдээ байна. Өрнийн орнуудад плэжэризмийн асуудалд нэр нь дурдагдсан л бол судлаачдын дунд нэр хүндгүй болох түүгээр үл барам ажилгүй болох нь ч бий. Тиймээс бүр дунд сургуульд плэжэризмийн асуудлыг хамгийн түрүүнд мэдэх ёстой ёс зүйн төдийгүй бичгийн соёлын наад захын шаардлага хэмээн үзэж заан сургадаг. Манай сургуулиудад ч энэ хандлагыг боловсролын салбар дунд, их дээд сургуулиудад заадаг болгон хэвшүүлмээр байгаа юм.
-Таны номд бичигдсэн өөр олон гоё баримт энд дурдагдалгүй өнгөрлөө. Жишээ нь тэр Манал бурханы бясалгалыг энгийнээс илүү төвөгтэй, бүрэн төгс хийхэд хэрхэн өөрийгөө дадуулж, ямар дарааллаар хийвэл зохистой болох гэх мэт энгийн хүмүүст ч хэрэг болмоор зүйлс зөндөө байна. Эцэст нь хэлэхэд өмнөх үеийн гайхамшигт судлаач, эрдэмтдийнхээ үлдээсэн мэдлэгийн агуу сангийн нууцыг тайлах эрэлд шимтэн хөтлөгдөж, бас ийм сонин бүтээл туурвин гаргасан тань, ерөөс таны ажлын амт шимт ямар байдаг бол гэхээс “атаархал” төрж байна. Бүтээлийнхээ талаар танилцуулсанд баярлалаа. Цаашдын эрдэм шинжилгээний болон уран бүтээлд нь өндөр амжилт хүсье ээ!
Sarnai
Зочин
Зочин
Зочин
Г.Бат-Эрдэнэд
Баяр
Г. Бат-Эрдэнэ
Уянга
Зочин.