Ашиг
Асуудын гол нь ашиггүй, тодруулбал үр ашиггүй бол ямар ч үйл ажиллагаа, ямар ч бизнес зогсдог.
Британийн алдарт Конкорд онгоц нь дуунаас хурдан анхны зорчигч тээврийн хөлөг байв. 2000 км/цаг хурдаар Нью-Иоркоос Лондон хүртэл 3.5 цаг ниснэ, харьцуулахад Боэнг-747 нь энэ зайг 8 цаг нисдэг аж. Гэвч энэхүү гайхалтай онгоцноос ердөө 20-ийг үйлдвэрлэж, 1976-2003 оны хооронд 27 жил ашиглаад “тэтгэвэрт” нь гаргажээ. Шалтгаан нь тун энгийн, ердөө л ашиггүй байсан. Америкчууд сансрын шатл хөлгөө ашиглалтаас гаргаад оросын пуужингаар нисцгээж байгаа. Дахиад шатл хийж чадахгүй дээ биш юм. Хэчнээн гайхамшигтай бүтээл ч ашиггүй л бол ашиггүй. Нүүрс, балын харандаа, алмаз гурав адилхан нүүрстөрөгчийн атомоос тогтдог. Нүүрснээс алмаз гаргаж авах технологи аль дээр нээгдчихсэн, гэхдээ тэр нь алмазнаасаа илүү үнэтэй болчихоод байдаг учраас хэрэглэдэггүй юм. Социализмын үеийн өчнөөн үйлдвэрүүд хаагдсан гэж халагладаг, чадахгүй дээ биш үр ашиггүй дээ л юм. Өнөө цагт Эрээнээс нэг жижигхэн суурь машин оруулж ирээд л хэн ч гэсэн 100 мянган гутал, эсвэл саван воок өөр юу байдаг юм бүгдийг хийчихэж чадна. Гэхдээ л ашиггүй бол хэнд хэрэгтэй юм бэ? Зөвхөн ашиг ярьлаа гэж бүү уурлаарай, ашигтай ажиллана гэдэг нь хэн нэгэнд хэрэгцээтэй зүйл хийнээ л гэсэн үг. Ашиг гэдгийг “үр ашиг” гээд тодотгоод ойлгочихвол бүр зүгээр.
Ер нь үр ашиг/benefit/, ногдол ашиг /dividend/, цэвэр ашиг /profit/ гэсэн гурван тусдаа ойлголтыг бид “ашиг” гэж ганц үгээр хэрэглэдэг нь нэлээд будилаан тарьдаг. “Уул уурхайн баялаг ард түмэнд ямар ч ашиг өгсөнгүй” гэдэг өгүүлбэр аваад үзье л дээ. “Ард түмэн” гэдэг нь хэн юм? “Ашиг” гэдэг нь яг юуг хэлээд байна? Ганц өгүүлбэрийн хамгийн гол гишүүд нь тодорхойгүй. Гэхдээ энэ өгүүлбэр нь улс төр хийх, нийтийг бухимдуулах зорилготой болохоос хүнд ямар нэг бодит мэдээлэл, зөв ойлголт өгөх зорилгогүй. Нийтийг бухимдуулах шалтгаанд ямар нэг эрүүл ухаан, рациональ дүгнэлт, тоо баримт падлийгүй. Жишээ нь таксины жолооч өөрийнхөө километрийн үнийг яагаад өссөнийг маш сайн тайлбарлана. Харин бензиний үнэ яагаад өсч байгааг ойлгохыг ч хүсэхгүй, өнөөх үймүүлэх зорилготой мэдээнүүддээ итгээд л хэдэн колонкоо үзэн ядна. Бензиний үнэ өсөхөд махны үнэ өснө, таксины үнэ өснө, бүх юмны үнэ өснө. Үүнийг бүгд ойлгодог. Харин бензиний үнэ өсөхөд бензиний үнэ ч бас өсдөг гэдгийг ихэнхи нь ойлгодоггүй. Оросоос авах үнэ нэг тонн нь 721 доллар /литр бензин 1800 төгрөг орчим/ 10 сард нэмэгдээд 762 доллар /литр бензин 1900 төгрөг орчим/ болох аж. Бензин зарах бензиний зардлаа тооцоход л колонкууд яажшуухан ашиг олох нь тодорхойгүй.
Бүс нутгийн орнуудын хувьд Хонг Конгд литр бензин 5500 төгрөг, Солонгост 3840 төгрөг, Японд 3400 төгрөг, Хятадад 2800 төгрөг, Орост 1700 төгрөг байдаг ажээ. Шатахуун дэлхийн өнцөг булан бүрт өөр үнэтэй. Орос бол улс дотроо ч олон янзын үнэтэй. Жишээ нь Петрбург, Москвад манайхаас ч илүү үнэтэй. Бид тийм ч үнэтэй шатахуун хэрэглэдэггүй. “Ашиг олох”, “Ашигтай ажиллах” гэдэг уг нь ард түмнийг шулахын нэр биш. Асуудын гол нь ашиггүй, тодруулбал үр ашиггүй бол ямар ч үйл ажиллагаа, ямар ч бизнес зогсдог. Ашиггүй зүйлийг “ард түмний төлөө” хүчээр ажиллуулдаг систем үргэлж дампуурдаг. Өнгөрсөн өвөл бензин авах гэж хоёр цаг дугаарлаж зогсохдоо “ядаж 100 төгрөг нэмэгдээсэй” гэсэн бодол төрж билээ. Баярхсандаа биш, очер дараалал, хомсдол битгий болоосой гэсэндээ л тэр. Үнийг хүчээр барьвал тухайн бараа хомсдолд орно /ашиггүй ажлыг хэн хийхэв дээ/ ингээд бараа хомсдолд ороход шагийн үнэ гарч ирнэ, үнэ барих тусам үнэ өснө, миний цэцэрхэл биш бодит факт шүү. Үнэ нэмлээ гэж орилдог улс төрчид, попууд ядаж 100 тонн бензин хямдхан авчраад үзүүлчихээсэй. Үглэхээр үлгэрлэх хэрэгтэй шд, үнэхээр л шатахуун, түлш тийм хямдхан байх боломжтой юм бол. Эсвэл зүгээр монголчууд нэгнээ үзэн ядах, нэгнээ буруутгаж улс төржих нь л чухал юмуу?