АНУ-ын толерантч ардчилал будилж буй ба Монголын сэхээрэл!
Хувь хүн, хэдийгээр эрх чөлөөтэй амьдрах учир зүйгээ тэр бүр олдоггүй, дарангуйлал дор уруу татагдан ордог нь үнэн боловч эцэстээ эрх чөлөөний л төлөө оршихуй. Шоронд орохыг дэлхийн ямар ч хүн хүсдэггүй. Тийм болохоор ардчилал барууны орнуудын “өмчилдөг” зүйл биш. Манайхан “ардчиллыг хэн ч өмчлөх ёсгүй” гэдэг биз дээ. Үнэн агаад ухаалаг үг шүү!
Монголын интеллигенцүүдэд зориулав
Америкийн фашист (фашизм гэдэг ойлголтыг зөв хэрэглэвээс!)-ууд Капитоли руу дайран орж хэсэг эзэгнэв. Эл хэрэг явдалд “Эхо Москвы” сайт “новость или событие?” хэмээх асуулт тавьжээ. Асуултад Оросын улстөр судлаач Екатерина Шульман “новость” гэж хариулжээ. Би хувьдаа “событие” (улстөрийн категори утгаар нь асуусан тул “үйл явдал” хэмээн махчилж орчуулж болсонгүй!) гэж хариулах байна. Санаагаа тодруулъя.
Ардчиллыг, төрийн нэг хэлбэр дүрс гэдэг аристотельч өнцгөөс нь эхлээд харъя. Тэгэж харвал Америкийн ардчилал бол 245 жилийн түүхтэй маш бат бөх ардчилал. Түүнийг устгаж дарангуйллын төр бий болгох боломжгүй!
Америк нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэвтээ болон босоо чиглэлд сайтар хянан тэнцвэржүүлсэн улстөрийн тогтолцоотой. Ерөнхийлөгчөө импичмент хийх эрхтэй хоёр танхимтай парламент, хараат бус дээд шүүх, түүнээс дутуугүй хараат бус олон арван орон нутгийн шүүх эрх мэдэл зэрэг хэвтээ чиглэлийн хяналт хангалттай хүчтэй. Үндсэн хуулийн 25-р нэмэлт өөрчлөлтөөр олгогдсон эрх мэдэлтэй Дэд Ерөнхийлөгч, муж болон хотуудын өөрийгөө удирдах эрх мэдэл гэсэн ардчиллын босоо тэнцвэржүүлэгч нь ч бас булиа.
Нийгмийн хяналт нь айхтар. Асар цар хүрээтэй ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авахуулаад орчин цагийн дэлхийн мэдлэгийн сан болсон олон зуун их сургууль, алдарт Холливууд мэт ардчиллаа хамгаалагч инститүүц зөндөө. Дунд сургуулиуд нь хүртэл ардчилсан засаглалтай шүү дээ!
Ардчилсан тогтолцоон дээрээ суурилсан хүчирхэг эдийн засагтай. Өгсөх уруудахыг үзсээр чангарсан капиталист эдийн засаг нь супер. Дарангуйлал тогтвол энэ эдийн засгийн тогтолцоо нь сэхэл авахгүй сүйрнэ гэдгийг тун сайн ойлгодог сая сая хувьцаа эзэмшигчид бүхий корпорацууд Америкийг тулж байдаг юм.
Энэ мэтийг тооцож үзвэл Америкад дарангуйлал тогтоох гэж оролдох нь Жеймс Лиотта (Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын ТУЗ-ын дарга) -ийн хэлсэнчлэн “амжилт олохгүй”. Дарангуйлал амжилт олно гэж зүтгэж байгаа тэнэг үсрээд л Америкийг иргэний дайнд хүргэнэ. Ардчиллаа алдаагүй иргэний дайныг америкчууд үзэж л байсан.
Тийм болохоор америкийн фашистууд капитоли руу дайрсан нь Бастили, эсхүл Өвлийн ордон руу дайрсан шиг “событие” бол биш. Америкад гэнэт гэнэт тохиодог олныг цочирдуулсан үйл явдалуудын нэг болж цаашид дурсагдах биз. Энэ утгаараа Америкийн фашистууд Капитоли руу дайрсан нь “новость”юм. Америкийн ардчилсан засаглал цаашдаа үргэлжлэн оршсоор байх болно!
Одоо, ардчиллыг нөгөө өнцгөөс нь; “ардчилал бол хүчирхийллийг бууруулах зорилгоор иргэдийн байгуулсан нийгмийн гэрээ” гэдэг талаас нь харъя. Ийм ардчиллыг “толерантч” гэнэ.
Толерантч ардчилал АНУ-д сүүлийн 50 гаруй жилд л бий болж буй. Арьс өнгө, хүйс, гарал үүсэл гэх мэтээр ялгаварлах үзлээс татгалзсан тэр жилүүдээс л АНУ нь афин маягийн ардчиллаас толерантч ардчилал руу шилжиж байгаа аж. Чухам энэ шилжилтэд Ерөнхийлөгч Трамп том эрсдэл учруулжээ!
Ерөнхийлөгч Трампын засаглалын дөрвөн жилд Америкийн нийгэм хоёр тийшээ тун их туйлширч хагарсан гэж өөрийнх нь улстөрчид болон нийгмийн судаачид байнга хэлж, бичиж ирснийг бид бараг цээжээрээ мэднэ. Үнэхээр Америк туйлшран хагарсныг бас, энэ улсын улстөрийн спектэр дэхь хэт баруун болон хэт зүүний хөдөлгөөнүүд нь политикийн хамгийн нөлөөтэй хүч болон хувирсан явдал нотолдог.
Зүүн төвийн үзэлтэй Байден, нам доторх Берни Сандерс тэргүүтэй коммунистуудын дэмжлэгийг авч байж намынхаа сунгаанд арайхийн ялсан бол Бүгд Найрамдах намын конгрессын гишүүд, намын гишүүдийнхээ дэмжлэгийг алдчихаасаа болгоомжлон фашист хөдөлгөөнд хатуурхаж чадахгүй давраасаар байв. Коммунистууд, фашистууд улстөрдөө ийм нөлөө бүхий болжээ!
Нөлөөтэй болоод зогсохгүй аль аль нь хүчирхийлэлд уриалан үймээн тарьж байнга хоорондоо мөргөлдөх нь ердийн явдал болсон. Энэ тэмцэлд нь Цагаан ордон өртөх шахсан, сая Капитоли өртлөө.
Ямар ч атугай, хэт барууны болон хэт зүүний хоорондын мөргөлдөөнд чухам Америкийн толерантч ардчилал нь маш хүнд цохилт авч байна!
Хар л даа! Твиттер, хуулийн үндэслэлгүйгээр Трамп ба түүний дэмжигчдийн хаягийг хааж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарлав. Хэдий хувийн компани ч гэсэн Үндсэн хуулийнхаа Нэгдүгээр нэмэлтийг сахих ёстой байлтай. Гэтэл үл тоов. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө интернэтийн аваргуудын хяналтад орсныг харуулав!
Ийн аархах Твиттерийн компанид; Эрдоган, Мадуро, Оросын Думийн зүгээс баяр хүргэхээр! Америкийн интернэтийн компаниудыг нутаг дэвсгэртээ оруулаагүй хориглосон Хятадын коммунистууд үнэхээр алсын хараатай байсан юм биш үү гэхээр?!
Удахгүй, Капитоли руу дайрсан хэргээр Трамп болон түүний дэмжигчдийг шүүх өргөн цар хүрээтэй процесс явагдах нь ойлгомжтой. Тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх бүрэн боломжтой байсаар атал, ард түмний сонгож байгуулсан засгийн эрх мэдлийг хүчээр булаахыг хэрхэвч өөгшүүлж болохгүй гэдэг нь зүй ёс. Трамп мөн хангалттай баримт байхгүй атлаа сонгууль луйвардсан гэж өрсөлдөгчөө гүтгэж буй нь яах аргагүй буруу. Гэхдээ, шүүх процесс нь сенатор Маккартийн үеийнх шиг хийрхэл болох вий?!
Дэлхийн бусад орны дарангуйлагчид үлгэр дууриал авах вий! Орост Навальный болон түүний дэмжигчдийг зэрэгцүүлэн шүүх вий?! Хятадад Гонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнийхнийг зэрэгцүүлэн шүүх вий! Гэх мэт олон эгзэгтэй асуудал бий?!
Тийм болохоор Америкад болох шүүх нь ардчилсан шүүх ба дарангуйллын шүүх хоёрын ялгааг тод харуулсан процесс байх ёстой! Хамгийн гол нь; тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх эрх чөлөө баталгаатай улсад эрхээ хэтрүүлэн сонгогчдын “өмчлөл”-ийн засгийн эрх мэдэл рүү халдсан хэрэг нь, тайван замаар ч үгээ хэлэх эрхгүй дарангуйллын дэглэм дэх эсэргүүцлийн эрхээс шал өөр гэдгийг харуулсан шүүх байх учиртай!
Эс тэгвэл, дөнгөж хөлөө олж ядаж байгаа Дэлхийн толерантч ардчилалд хүнд цохилт болно. Дарангуйлалтай болон дарангуйлалд шилжиж буй орнуудын ардчилагчдад хүнд цохилт болно. Тэгвэл Капитоли руу дайрсан явдал яах аргагүй “событие” мөн.
Дэлхийн толерантч ардчилал дайралтанд өртснөөр Монголын ардчилал том эрсдэлд орохоор боллоо!
Уг нь монголчууд бид эрх чөлөөг эрэлхийлж байдаг нүүдэлчдийн ухамсартай улс. Тийм болохоор монголчууд, хэн нэгэнд монополь эрх мэдэл өгөх дургүй дотуур тамиртай. 90 оноос хойш Монголд дарангуйлал тогтож чадаагүйн нэг шалтгаан энэ.
Харамсалтай нь ардчилалд тун таагүй ханддаг хоёр аварга гүрний дунд хавчуулагдсан Монгол маань үлэмж жижиг орон. Тэднээс эдийн засаг нь бүрэн хараат!
Одоо хоёр хөрш маань, Америкийн ардчилсан төрөө хамгаалан явуулах үйл ажиллагааг мушгин гуйвуулж, дарангуйлагч төрөө хамгаалах үйл хэрэг болгон хувиргаж таарна. Ийм үйл ажиллагаа хэдийнээ эхэлсэн! Америкийн толерантч ардчилал цохилтонд орсон “событие”-г бид анхааралтай эрэгцүүлэн бодож үзвэл, ардчиллын өмнө өөрийн хариуцлагыг үүрэх хэрэгтэй гэдгийг сэхээрнэ!
Илүү үг л ээ. Гэхдээ ардчилал бол маш энгийн зүйл. Ер нь бол, хүн хэн нэгний дарангуйлал дор амьдрахгүй байх боломж, эрх чөлөөгөө манахын тулд ард түмэн улсынхаа удирдагчийг өөрсдөө сонгодог байх эрх мэдэл юм.
Бас, улсынхаа удирдагчийг ард түмэн өөрсдөө сонгодог байвал тухайн улсыг гадны гүрэн удирдаад байх боломжгүй. Энэ утгаараа ардчилал бол үндэсний эрх чөлөөний дархлаа аж! Жишээ нь ардчиллаас өмнө Монголыг Москва, Бээжингээс шууд удирддаг байсан юм. Энэ бурангуй ёсыг халах гэж монголчууд 90 онд босож, ардчилсан хувьсгал хийжээ. Түүнээс хойш 30 жилд Монголын ард түмэн өөрийнхөө төр засгийг өөрсдөө байгуулсаар ирвэй. Жинхэнэ тусгаар тогтнол гэдэг энэ!
Хувь хүн, хэдийгээр эрх чөлөөтэй амьдрах учир зүйгээ тэр бүр олдоггүй, дарангуйлал дор уруу татагдан ордог нь үнэн боловч эцэстээ эрх чөлөөний л төлөө оршихуй. Шоронд орохыг дэлхийн ямар ч хүн хүсдэггүй. Тийм болохоор ардчилал барууны орнуудын “өмчилдөг” зүйл биш. Манайхан “ардчиллыг хэн ч өмчлөх ёсгүй” гэдэг биз дээ. Үнэн агаад ухаалаг үг шүү!
Ардчилал бол Эртний Афинд гараад хожим нь Голланд боловсронгуй болгон хөгжүүлсэн, хүн төрөлхтний үнэт зүйл, орчин цагийн соёл.
Монголчууд Америк, Барууныг даган дууриах гэсэндээ ардчилсан улс болох гээгүй. Зарим нэг сэхээтэнгүүд гадныхныг даган дууриасан мэт эндүүрээд байдаг. Үнэндээ монголчууд бид Москва, Бээжингээс хараат бус, бүрэн эрхтэй байхын тулд Монгол ардчилсан байхуйг сонгосон билээ! Энэ утгаараа ардчилал бол бидний хувьд маш амин чухал үнэт зүйл, соёл авай.
Мөн, түүхийг мөшгөж үзвэл монголчууд ангилчуудаас ч өмнө Их Хуралдай хэмээх нэртэй “парламент” бүхий хаант засагтай байсан. Чөлөөт худалдааг төр нь хамгаалдаг анхны улс байсан. ХХ зууны эхээр хоёр танхимтай парламент бүхий хэмжээт эрхт хаант улсыг Европын орнуудтай зэрэгцэн байгуулж явсан. Ингээд бодоход бид, ардчиллын өөрийн үндэсний уламжлалтай. Ямар ч байсан, ардчилал хэрэгтэй гэсэн “дотуур тамир”-тай, тэгээд л тэмцээд байж. 90 онд л сая ялалтанд хүрчээ.
Энэ “дотуур тамир”-аа хадгалж, Монгол эрх чөлөөтэй амьдрахын тулд“Монгол байхуй нь ардчилал юм байна!” гэдгийг монголчууд бид цаашид ч сэхээрсээр байвал, бусдын дэмжлэгээс үл хамааран, өөрийн хүчээр ардчиллаа хамгаалж чадна аа!!!