Африк ирвэсийн зан
Нар зугуухан жаргаж, үдшийн сүүдэр буух харгуй горхины ус залгилж сэрэмж алдсан гэнэн импалаг отож өнгийх энэ гинс бол нөгөө зүйрмэглэж хэвтсэн гэндээс баруунш таарч дуранд минь өртсөн юм.
“Кигали-ирвэсийн мод”
Өдөржин бэдэрч мунигнасны эцэст зүйрмэглэж хэвтсэн ирвэсний бараа олж харав. Гэхдээ нар хэвийх хараахан болоогүй байсан нь азтай. Мара голын нөгөө эргийн алсад шүү дээ. Танзани, Кени хоёрын залгаа нутаг гэсэн үг. Сэрэнгэтийн үүлэн зүмбэрт хоргой шаргал талын баруун хойд бие, Кенийн Масай Мара хэмээх домогт мөнхөрсөн дархан газрын хилийн уулзвар. Яндан дурангийн хүчинд л нөгөөдөхийн барааг олсон хэрэг. Жирийн хоёр нүдний дуранд бол дүрс төдий л сүүдийж харагдах. Молхи миний хувьд наран авхайтай уралдахааас өөр аргагүй болсон юм.
Тэрбээр зайдас модны бахим хур салаан дээр хажуулдаж хэвтээд босоо мөчир гишүүг нь нэг хөлөөрөө тэврэх аястай хашиж, нөгөө хөлөө сул жийн дэрлэж, хойд хоёр хөлөө эвхэн тавьж, сүүлээ унжуулан дугжирчээ. Тэр эрхэмсэг агаад амгалан дүртэй харагдах. Цаадах чинь гөрөөс “цохих” хүслэндээ нэвт шувт автагдаж, зүүдэлж ч байж мэднэ гэж газарчин хүрэн бор хүү шумуул үргээх завсараа шоглох янзтай дуугарав.
“Зүүдтэй зүйрмэглэл”
Модонд авирч нойрсдог нь өвөрмөц зан. Манай цоохор ирвэс бол хадан цохио, задгай агуй, асга хүрэмрүү шурган далдарч унтдаг. Харин Африк ирвэс ийнхүү модонд тухлаж, тэндээсээ хавь ойрыг харуулдаж, тэгээд анд морддог аж. Гэхдээ гол төлөв “зайдас мод”-нд л орогнодог байна.
Энэ модны жинхэнэ нэр нь “кигели” боловч герман зайдастай төстэй жимсээр нь овогложээ. Тэр нь гурван төө oрчим гонзгой,бараг зургаан кг жинтэй, зөөлөн мяндаслаг голтой,үүрмэг үртэй жимс. Хорин метр хүртэл өндөр ургадаг, ган гачигт гаажтай тэсвэртэй, лунжгар бүдүүн мод санж. Хаврын эхэнд цахирмаатай төстэй хүрэн улаан цэцгэсээр гангардаг. Зайдас жимсний шүүс, зөгийн бал хоёроос нэрж гаргадаг "уки" гэх ундаагаар нутгийнхан цангаагаа тайлах дуртай.
Зайдас жимс нь импала гөрөөсний хувьд бал бурам. Африкийн хамгийн царайлаг энэ гөрөөс бол ихээхэн ховдог амьтан. Зайдсанд бялуурсан янзаганууд нь аливаа амьтанаас цочрох, айхыг мартаж цэнгэх нь хөөрхөн. Энэ сүрэг бол нөгөөх ирвэсээс зүүнш саахалтын дайд л эрхлэлдэж харагдсан юм.
“Эх, үрсийн цэнгэл”
Харин тэд өөрсдөө ирвэсийн хувьд бол хамгийн тансаг идэш юмсанж. Зайдас жимсэнд л татагдаж энэ мод руу тэмүүлэхдээ ирвэсний аманд ордог цондонтой хувь тавиланд тэд заяажээ. Энэ зайдас, ховдог импала, махчин ирвэс гуравт Бурханаас хайрласан зохирол нь энэ буюу. Ертөнцөд юм бүхэн учиртай гэдэг байхаа.
“Отолт”
Нар зугуухан жаргаж, үдшийн сүүдэр буух харгуй горхины ус залгилж сэрэмж алдсан гэнэн импалаг отож өнгийх энэ гинс бол нөгөө зүйрмэглэж хэвтсэн гэндээс баруунш таарч дуранд минь өртсөн юм.
Түүний харц, чихний чиг байдал, сүүл, хойд хоёр хөлний тавьц нь нэг л эгзэгтэй адал явдал ойртож буй мэдрэмж төрүүлэх.
“Сэрэмж алдагдахуй”
Гэвч төдөлгүй харанхуй бүрхэж хавь ойр түнэртсэн учраас тэр ирвэс, нөгөө гөрөөс хоёр хэрхэснийг гэрчлэх аз дутсан бөлгөө.
Африк ирвэс 50-70 кг жинтэй, ихээхэнбяр тэнхээтэйамьтан. Тэр өөртэйгээ бараг тэнцүү жинтэй, заримдаа илүү лухгар амьтан авлачихаад зайдас модон дээр гаргаж зооглодог гоц авиртай нэгэн. Хожгор тас, хажир зэрэг шувууд, цөөвөр чоно, арслан, үчимбэр мэтээс олз омогоо харамлах арга нь тэр аж.
“Аймхай” хочит
Ер нь махчин учраас эрэлхэг, зоримог, хурдтай, хурц хараа, сонор чихтэй араатан. Гэхдээ заримдаа аймхай зан гаргадаг гэнэ.
Хоёр гэнд тэнэж яваад нэгэн шавар овоохойтой таарчээ. Дотор нь ирвэсний нилээд том арьс дэвсээтэй байж л дээ. Тэгээд нэг нь түрүүлж шагайхдаа цочирч энэ юу вэ шивнэхэд нөгөөдөх нь хармагцаа "хадам ээж минь" хэвтэж байна гээд сүүлээ хавчин үсэрч оджээ гэж нутгийн маасайчууд хошигнох дуртай.
Нас бие гүйцсэн ирвэс бол хорин найман шүд, дөрвөн том соёотой гэнэ. Соёо нь хурцалсан жад лугаа шовх үзүүртэй.Дөрөв, таван см урт. Савартаа нуугдмал маш хурц хумстай. Отсон амьтан руугаа үсэрч цаадынхаа бөгсөн бие, эсвэл хүзүү хоолойг хумсаараа савардан базаж, соёогоо шигтгэн зоож хөнөөдөг мэхтэй. Заримдаа туулай, томхон шувуу зэргийг хүчит савраараа алгадаж намнадаг.
Манай говийн хар сүүлт зээр 40 км/цаг хурдтай бол энэ ирвэс цагт 55-60 км давхидаг байна. Тэр зургаан метр өргөн жалга дээгүүр шууд харайж, гурван метр өндөрт үсэрдэг увьдастай. Усанд нэн уран бөгөөд түргэн сэлдэг авъяастай. Загас, гөрөөс, сармагчин, зээр, буга, анааш зэрэг амьтанг эдгээр ид шидийнхээ хүчээр намнадаг аж.
Гол төлөв шөнө ангуучилдаг. Чингэхдээ зэрлэг амьтнаас гадна нутгийн Маасай омгийнхны үхэр сүргээс цохидог байна. Тэгэхлээр ирвэсийг “аймхай” гэж хочилдог уг омгийнхныг буруутгах аргагүй. Манай малчид ч гэсэн ирвэсийг заримдаа “цоохор ороолон” гэх нь энүүхэнд. Гэхдээ маасайчуудын хошигнол, хочлол нь өс хонзон биш юм байна лээ.
“Үхэрчин хүү”
Нүүдэлчин маасай омгийн түүх, соёл, аж амьдрал нь үхэр сүрэг дээр л тогтдог гэхэд хилсдэхгүй буйзаа. Тэд бээр "үхэр тарган тавлаг уу" гэж мэндэлдэг нь манайхны мал сүрэг тарган тавтай юу гэдэгтэй ижилхэн. Ирвэс саргүй шөнө хашаа руу нь довтолж олон үхрийн хоолой тас хазаж орхидог гэмтэй гэнэ. Тэд өдрийн цагт бол үхэр сүргээмөнөөх зайдас модноос хол хариулж цатгаад шөнө нь манаж хонодог ажилтай. Гэхдээ Мара голын хөндийд зэрлэг амьтад элбэг учраасмаасайчууд, тэдний үхэр сүрэг нь ирвэстэй бараг энх тайванаар зэрэгцэн оршдог гэлцэнэ. Тэндэнд ирвэсийн арьс зарж мөнгө олох тухай ойлголт огт байхгүй нь манайхнаас тэс өөр.
“Уцаартай төрх”
Ирвэс өөр хоорондоо хүүрнэдэг гэнэ. Хавь ойрд яваа нэгэнтэйгээ уулзаж учрах гэвэл сөөнгө,хахир чахруу дуу чимээ өгнө. Цээжээ хүржигнүүлж дуугарвал ааш зан сайн, жаргал цэнгэлтэй,харин архирвалуур уцаартай нь шинж гэж судлаачид тэмдэглэжээ.
Африк ирвэсийн онцлог нь гэвэл гэнд, гинсийн хувьд ороо нийллэгийн тусгай улирал байхгүй бөгөөд жилийн аль ч цаг улиралд 2-4 гүем төрүүлдэг байна. Харин манай цоохор ирвэсийн хувьд бол ороо нийллэгт хавар орж, зун төллөдөг учиртай.
Манайхан цоохор ирвэсээ өнө эртнээс “цасны барс” хэмээн уран гоёмсогоор “авгайлан” нэрлэж, хайрлан хамгаалж ирсэн уламжлал эдүгээ бүдгэрч буйг дурьдах ялдамдаа зүүн Африкийн Кени, Танзанид ирвэсийг хамгаалж буй соёл, туршлагаас суралцах зүйлс арвин их буйг тэмдэглье.
Г. БАТСҮХ
“Африкийн дурсамж” цувралаас
2020.11.01