Ад үзэгдсэн алтан “Соёмбо” монгол марканд хэрхэн хавчигдаж байсан тухай
Эрхэм уншигч танаа учирлах нь. Би бээр “Монгол маркийн далд түүхээс. 1924-2024” номынхоо зарим бүлгүүдийг нийтлэл хэлбэрээр цувруулан, эдгээрийг шинэ ба өмнө бичсэн нийтлэлүүдийн хамт хооронд нь сүлжилдүүлэн “Баабар.мн”-нд оруулж нэгдсэн дата үүсгэж байгааг эрхэм уншигч Та ойлгоно гэдэгт итгэж байна. “Нийтлэл хэлбэрээр” гэдгийн учир нь миний бичсэн анхдагч хувилбарыг номын хэвлэлийн форматаас шалтгаалан хасаж танах шаардлага үүссэн. Би бээр одоо энд тэдгээр хасагдсан зураг, текстүүдээ эдгээр нийтлэлүүддээ нөхөн оруулж байгаа юм. Тухайлбал номоо тэр чигээр нь копидоогүй, түүнд нэмэн засварласан шинэ нийтлэл гэж ойлгох нь зүйтэй болно.
Ад үзэгдсэн алтан “Соёмбо” монгол марканд хэрхэн хавчигдаж байсан тухай
Монгол улс 1926 оны 2 болон 11-р сард хоёр удаа "Соёмбот" марк гаргажээ. Хоёр өөр дизайнтай. Богд Хаан “Соёмбо” үсгийн гол дахь эр эм хоёр загасыг хятадын Доа-гийн шашны билэгдэл гээд таашаадаггүй байсан тухай сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг бичсэн санагдана.
Манай анхны марк “Соёмбо”-той бус “Элдэв-Очир”-той гарсан нэг шалтгаан энэ ч байж магадгүй!
Монгол улс анхны маркаа ямар зурагтай гаргах талаар нэг талаас шинэ тутам Ардын засаг, нөгөө талаас Богд Хаант засаг хоёр “үзэлцсэн” бололтой байдаг.
1924.05.20-нд Богд хаан таалал төгсөж төр засгийн эрх мэдэл Ардын засгийнханд шилжжээ. Тэд мөн оныхоо 11 дүгээр сард "Анхны Үндсэн Хууль" батлаж Бүгд найрамдах засаглалыг сонгож улсын сүлдээр "Соёмбо"-ыг батлав.
Шинэ тутам Ардын засаг нэн яаралтай "өөрийн" гэсэн маркаа ердөө жил хагасын дараа 1926 оны 2-р сард яаравчлан гаргажээ. (Зураг №1)

Гэхдээ манай анхны “Очирт” марк шиг бас л улсын нэр байхгүй, үнэлгээ нь мөн л доллараар. Тэгсэн мөртөө тэрнийгээ криллээр биччихсэн. Зөвлөлт Оросын нөлөө орсон гэж хардмаар. Үүгээр нь хөөж бодохоор маркийн эх зураг бүр 1923 юмуу 1924 онд зурагдчихсан, бэлэн байсан юм шиг. Шинэ, хуучин засаг хоорондоо “үзэлцээд” Богд хаанд хоёр зураг толилуулсанд хаантан “Очирт”-ыг таалсан байх гэж миний таамаглаад байгаагийн учир энд байж магадгүй!
Энэ маркуудын үнэлгээ нь их сонин, 1 цент гэж үнэ тавиад 1 мөнгө гэх мэтээр 2,3,5,10,20,50 цент, центов, 1,5,10,25 доллар, долларов гэж криллээр бичээд (Тэр үед крилл үсэг манай албан ёсны бичиг болоогүй байсныг анхаарна уу!) хажууд нь монгол бичиг, тоогоор харгалзуулан 1 мөнгө...25 төгрөг гэх мэтээр бичсэнийг харвал тэр үед доллар, төгрөг хоёр эн тэнцүү ханштай манай мөнгө чанга валют байсан болж таараад байна!
Ердөө есхөн сарын дараа 1926 оны 11-р сард өөр шинэ эх зургаар, анхны “Соёмбот” марк дээр гарсан алдаануудыг засаж, хоёр дахь “Соёмбот”маркийг хэвлүүлжээ. (Зураг №2)

Энд бахархууштай нь манай улс анх удаа маркандаа улсынхаа албан ёсны нэрийг үндэснийхээ бичиг үсгээр “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэж бичжээ. Гэсэн байтлаа латин үсгээр зүгээр л “Mongolia”гээд биччихсэн. Уг нь “Mongolian People's Republic” гэж хадмал бичих учиртай сан. Бас нэг сайн тал нь, анх удаа улсынхаа мөнгөн тэмдэгтийн нэрсийг бичжээ. Өө хэлбэл, төгрөг гэхийг “Tuhrik” (тухрик), мөнгө гэхийг “mung” (мунг) гэх мэтээр латинаар бичсэн байх юм!
Гэхдээ ямартай ч энэ бол “Монгол” гэдэг улсын марк юм байна, энэ улс өөрийн гэсэн мөнгөн тэмдэгт валюттай юм байна, өөрийн үндэсний бичиг үсэгтэй юм байна гэх мэт тусгаар нэгэн улсад байх ёстой нэн чухал мэдээллүүдийг өөртөө шингээснээрээ энэ марк нэн онцлогтой эд юм! Энэ маркийг дахиад 1926.11.05, 1926.11.15, 1926.12.20, 1929.07.10-нд тус тус 4 удаа бага сага засварууд оруулан давтан хэвлэжээ. Эдгээрийн онцлог нь соёмбын дээрхи нар, сар, галыг хар өнгөөр зурсан байдаг.
Манай улсын анхны хоёр марк болох “Очирт” болон анхны “Соёмбот”маркууд (Зураг №1) дээр улсын нэр үгүй учир манай талаар ойлголтгүй гадны хүнд монгол марк гэж мэдэхэд хэцүү, хэцүү!
“Очирт” болон “Соёмбот”маркуудыг мөнөөх л марзан Шаравыг зурсан гэх ч хэлбэр хийцүүдийг харьцуулан харахад өөр өөр хүмүүс зурсан байх нь андашгүй. Би өөрөө маркийн зураач байсан болохоор ингэж зоригтой хэлж байгаа юм.
Энэ талаар маргааш оруулах “Монгол улсын анхны маркуудыг Марзан Шарав зурсан нь үнэн үү?” гэдэг нийтлэлдээ тодорхой бичих тул энэ удаа алгасая.
Дараа нь 1932 онд “Шинэ Монгол” багц марканд “эцэс”-ийн удаа тавигдаад түүнээс хойш соёмбо маань бараа сураггүй 1961 он хүртэл алга болсныг 1983 онд маркийн зураачаар ажиллаж эхлэхдээ л олж мэдэв ээ. Гайхсан гэж. Урьд нь огт анзаардаггүй байж.
Эрэн сурвалжилж, маркийн каталогуудыг шүүж судлаж үзсэн чинь 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулсан блок дээр нэг, 1966 онд Ардын хувьсгалын 45 жилийн ойд зориулсан марк дээр нэг, хааяа нэг төрийн далбаатай марк дээр үзэгддэгийг эс тооцвол байхгүйтэй адил. Харин 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулсан хоёр төрлийн багц маркууд дээр овоо ахиухан залжээ. Гэхдээ л нийлбэр дүнгээрээ бараг хагас зуун жилд мянгаар тоологдох шинэ маркууд гарсан гэхээр дэндүү цөөхөн үзүүлэлт юм!


“Алтан соёмбот тугаа мандуулаад…” гээд дуулаад, шүлэглээд байдаг, тэр байтугай 1961 онд батлагдсан Үндсэн хуулиндаа “БНМАУ-ын төрийн далбаанд “Соёмбо” бэлгэдэл байна” гэж заагаад хуульчилчихсан байдаг. Тэгтэл үндэсний мөнгөн тэмдэгттэй адил үнэ цэнтэй монгол маркандаа соёмбоо тавихыг хориглоод байдаг. Хачин юм шүү.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Төв байр, гадаад орнуудад суугаа манай улсын Элчин сайдын яамд, эх орондоо ч гэсэндээ төрийн байгууллагууд гаднаа алтан соёмбот төрийн далбаагаа мандуулдаг биз дээ!
“Ах дүү” социалист орнууд манай улсад зориулсан марк гаргахдаа манай алтан соёмбыг залчихна. Тэгтэл бид болохоор маркандаа соёмбоо оруулахаа мартчихна.



Зориуд ингээд байдаг юм уу гэхээр үгүй юм шиг. “Ер нь яагаад соёмбоо гээчихдэг юм бол, үүнийг маркандаа эргүүлж оруулах ёстой юм байна” гэж бодох боллоо.
Үүнийгээ 1984 онд Маркийн Товчооны дарга Л.Бадарчид, өмнө нь 1983 онд Раднаабазарт энэ саналаа хэлсэн чинь бараг шашны үзэл гэж буруутгах шахуу, гэхдээ бариад авчихаар тоймтой үндэслэл хэлэлгүй өнгөрчихдөг байсан юм. Ингэж "хад мөргөсөн" тул энэ санаагаа ч хаялаа. Тэгж байтал 1985 онд Н.Арвис ах ирж бид хоёр “Перестройка” зарлаж, монгол бичиг үсэг, соёмбо бэлгэдлээ оруулахаар шийдэж, энэ бодлоо ажил хэрэг болгох гэж хэрхэн “тэмцэлдэж” байсан тухайгаа өчигдөр 2026.05.18-нд оруулсан "Монгол бичиг, “Соёмбо” бэлэгдэлийн төлөө “тулалдсан” нь нийтлэлдээ бичсэн буй.
Алтан соёмбо маань ийм "донсолгоотой" зам туулсаар 1997 он би бээр маркдаа эргэн ирж монгол маркандаа эргүүлэн залсан нь одоо нэгэнт хөдөлгөөнгүй болон тогтож манай маркийн нэгэн таних тэмдэг болсон нь баярлууштай .
Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач) 2026.05.18

