Монгол бичиг,“Соёмбо” бэлэгдэлийн төлөө “тулалдсан” нь

Жоохон сүржин гарчиг уншигдах байх. Гэхдээ тэртээ 40 жилийн өмнөх цаг үед нь авч үзвэл нэг талаас зураачид бидний үндэсний үзлээ сэргээх шинэ цагийн төлөөлөл, нөгөө талаас хуучныг баримтлагч И.Норовжав сайд, Б.Дашцэрэн дарга бидний хоорондох зөрчил нь Монгол марканд монгол бичиг оруулахын төлөө тэмцэлээр илэрч байсан юм. Зөрчил биш тэмцэл! Бидүнэхээр “тулалдсан” бас хэн хэн нь сэтгэлийн эмзэглэлтэй үлдэж “шархадцгаасан”,хоёр тал хоюулаа!

Монгол маркийнхаа түүхийг сөхөж харвал 1924-1932 онд хэвлүүлсэн манай улсын анхны дөрвөн төрлийн багц марк монгол бичиг үсэгтэй байснаас жишээ болгож 4 марк харуулж байна. 

Түүнээс хойш хавчиж жижигрүүлээд “мөнгө”,” төгрөг” гэж үнийг нь бичээд, тэр нь хааяа алга болоод, эргэж гарч ирээд л яваад байсан байдаг. Энэ явдал миний 1985 онд зурж 1986 онд хэвлэгдсэн энэ “Дэлхийн шатрын аваргууд” марк хүртэл даруй 54 жил үргэлжилсэн. 

“Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Шуудан” гэж үндэснийхээ бичиг үсгээр эх орныхоо нэрийг бүрэн бичсэн гуравхан цуврал монгол маркийн нэг гэдгээрээ онцлогтой энэ марканд монгол бичгээ оруулах гэж хирэндээ л тэмцэл болсныг мэдэх хүн өнөөдөр гарын таван хуруунаас цөөн болжээ. Холбооны яамны сайд асан И.Норовжав гуай, Маркийн Товчооны дарга байсан Г.Дашцэрэн гуай бид гурав л үлдсэн шиг байна. 

Арвис ах, Главлитийн Жавзмаа гуай нар нас барсан. Өөр мэр сэр хүмүүс байж болох ч тэд санах нь юу л бол. Учир нь тэд энэ асуудалд бид тав шиг айхтар гүнзгий хутгалдаагүй юм. Одоо дахиад хэсэг хугацаа өнгөрөхөд мэдэх хүнгүй болох учир юутай ч бичээд үлдэчихье гэж бодоод бичиж сууна. Манай маркийн түүхийн нэг жижигхэн ч гэсэн маш чухал хэсэг юм даа.

1985 онд ЗХУ-д М.Горбачёв гэдэг хүн хойд хөршийн нам засгийн толгойд гарч аугаа их “Перестройка” хэмээн түүхэнд бичигдсэн өөрчлөн байгуулалтаа зарлан тунхаглав. 

Зөвхөн Зөвлөлт гүрэн төдийгүй дэлхийг донсолсон өөрчлөлтүүд хэрэгжиж эхэллээ! Энэ нь Монголд нөлөөлөхгүй хаашаа зайлах билээ. Сэхээтнүүд төдийгүй ард иргэд нийтээрээ сэрж, өөрчлөн байгуулалтыг дэмжин юун түрүүн үндэстний үзэл дахин сэргэж эхэллээ. 

Би мэдээж бөөн баяр! Одоо монгол бичиг, соёмбо дээр янз бүрийн асуудал гарахгүй биз. Сайд дарга нар ч гэсэн монгол хүн юм чинь дотроо баяртай байж таарна. Би ингэж бодож, итгэж байлаа. Яг энэ үеэр удаан хөөцөлдөж байж батлуулсан зураачийн орон тоон дээр Н.Арвис ахыг маркандаа авч таарсан юм. (Түүнийг марканд хэрхэн ирсэн, би бээр ахлах зураачаас саналаараа "огцрон" түүнийг томилсон  тухай хөгжилтөй явдлыг бичснээ дараа оруулна). Мань эр монгол бичиг, соёмбыг марканд оруулж ирэх хүслийг минь уухайлан дэмжив. Зураач Н.Арвис бол мань шигээ үндэстний үзэлтэй хүн! Түүний тухай өөр бүлэгт дэлгэрэнгүй бичсэн тул энд дурьдаад орхилоо.

Би тэр жил “Эрдэнэ Зуу хийд”,” Дэлхийн Шатрын Аваргууд”,”Д.Нацагдоржийн 60 насны ой” зэрэг гурван сэдвийн 12 марк зурсан. Эрдэнэ Зуу хийдийн 400 жилийн ойд зориулсан маркийг “Монголын уран барилга” сэдвийн дор төлөвлөгөөнд оруулж батлуулсан. 

Маркууд дээрээ “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Шуудан” гэж монгол бичгээр чимж дээд буланд нь соёмбо бэлэгдэлээ залахаар бодож эх зургаа бэлдсэн. Зурах ч яахав болчихоно. Дараа нь батлуулна гэж олон даваатай нэг аймшигийн мэдрэл мэрсэн, мунхаг систем зураачийг тамладаг тухай би дараагийн нийтлэлүүддээ бичсэн байгаа. Хэдийгээр ийм дарамттай боловч энэ “Дэлхийн Шатрын Аваргууд” маркийг ямар ч байсан эвдүүлэхгүй “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Шуудан” гэсэн бичигтэй Соёмбо бэлэгдэлтэйгээр гүрийж дайрсаар байгаад хэвлүүлнэ гэж хатуу шийдлээ.  

Гэтэл нөгөө дэлхийг донсолгосон их өөрчлөн байгуулалт манай дарга сайд нарт бараг нөлөөлөөгүй бололтой! Би нэгэнт хатуу шийдсэн болохоор гол саад учруулагч И.Норовжав сайдын ая эвийг олъёо ч гэсэнгүй, санаагаа шууд хэлсэн. 

Ахлах зураач Арвис өчнөөн хэл ам болгож хөөцөлсний эцэст аргагүйн эрхэнд миний зурсан 

1: “Дэлхийн Шатрын Аваргууд”  маркаас соёмбыг авч хаях, 

2: “Эрдэнэ Зуу” маркууд дээрхи “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Шуудан”-г “Монгол шуудан” болгож тайрах, соёмбо болон “400 жил”-ийг хасах, 

3: Д.Нацагдорж” марк дээр мөн адил хасалтууд хийхээр тус тус шийджээ. 

Хоржоонтой нь Арвисын өөрийнх нь зурсан “Монгол үндэсний хөгжим” маркаас “Монгол шуудан”-г авч хаяад Соёмбыг үлдээхээр болж хэвлэлд шилжүүлж билээ. Үр дүнд нь сайд дийлж, Арвис мохож, би залхав. Ингэлээ гээд эцсийн эцэст нь хэн хохиров? 

Монгол марк л хохирсон. Бүр цаад утгаараа Монгол улс л хохирсон. Хохироогч нь Норовжав сайд. Олон жилийн дараа энэ номыг бичиж байхдаа дарга сайд нарыг юунд тэгтлээ их туйлширч байсныг ойлгож ядан сууна. Хийрхэл үү? Айдас уу? Ноён гэдгээ харуулах гэсэн муйхар оролдлого уу? Аль аль нь байх.  

Энэ “Эрдэнэ Зуу хийд”-ийн марк нь үүнээс болж зохиомжмйн алдаатай гарсан. Тэр тэнгэрийн хоосон зайнууд дээр нэг буланд нь соёмбо, нөгөө буланд нь “400 жил” гэж байхаар зохиомжоо боловсруулсан юмсан. Үүнийг дарга сайд нарт өчнөөн тайлбарлаад дийлсэнгүй! Бусад маркууд дээр ч адил.


Би элдвээр хэлүүлэвч үзэж тарсаар байгаад 1986 онд дээр нэр дурьдсан маркуудыг заримд нь монгол үсэгтэй хэвлүүлэх зөвшөөрөл удирдлагаас олж авлаа. Гэхдээ “Монгол үндэсний хувцас”,” Монгол цирк” маркуудад болохоор монгол бичиг, соёмбыг тэд хориглов. 

1987 оны 20 нэрийн маркаас дөнгөж ганц “Монгол бүжиг” марканд монгол үсгээ оруулсан байдаг.  “Монгол үндэсний эдлэл”, “Монгол морь” маркуудад оруулах гээд дийлсэнгүй.  

1988 оны 16 маркаас “Монгол хүүхэлдэй” марканд зөвшөөрөл өгсөн атлаа “Занабазарын уран барималууд”, “Монгол наадам” маркуудад болохоор байхгүй. Үнэхээр мунхаг явдал биш үү?


Коммунистууд интернациолалист сургаалыг эрхэмлэх учир тэдэнд үндэсний үзэлд халгаатай. Тэдэнд үүнийг тайлбарлах үнэн тамтай. Тэд эрхбиш монгол сэхээтэн юм болохоор ойлгоод байх шиг байдаг. Гэсэн мөртөө нөгөө коммунист үзэл суртал нь дийлчихдэг юм байна билээ. Үндэс угсаагаа,  үүх түүхээ дорд  үзсэн ямар  ад муу  ёрын  үзэл гээч вэ, энэ коммунист үзэл?  

Яагаад энэ асуудлыг гаргаж тавьсны төлөө ингэж бидний үйл тамыг минь үзэж үндэсний үзэлтэн, галзуу солиотойгоор нь дуудаж энэ тэр элдэв нэр хоч өгч дарамтладаг юм бэ? Сайд намайг бүр “тэнэг” гэж доромжилсон шүү! 

Нэг кино байдаг, хаанахын ч билээ. Нэг цэрэг дайны талбарт галзуураад хаашаа ч хамаагүй буудаад байдаг. Манай дарга сайд нар сүүлдээ яг түүн шиг яг яах гээд байгаагаа ч ойлгохоо больчих шиг болсон. Ийм л цаг үе байж дээ... 

Зураач Тодын Отгонбаяр                      2026.05.18