-УИХ уг нь Үндсэн хуулиар төрийн эрхийг барих дээд байгууллага боловч түүний өндөр босгыг даван орж ирж буй томоохон асуудал бүхэн урьдчилаад улс төрийн намууд дээр шийдэгдчихдэг болсон нь жишиг. Энэ л жишгээр эрх баригч намын удирдлага ээлжит Ерөнхий сайдын томилгоог шийдэж дуусахыг УИХ хүлээж байна-
-УИХ уг нь Үндсэн хуулиар төрийн эрхийг барих дээд байгууллага боловч түүний өндөр босгыг даван орж ирж буй томоохон асуудал бүхэн урьдчилаад улс төрийн намууд дээр шийдэгдчихдэг болсон нь жишиг. Энэ л жишгээр эрх баригч намын удирдлага ээлжит Ерөнхий сайдын томилгоог шийдэж дуусахыг УИХ хүлээж байна-
УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний 31 нь санал нэгдэн шаардах бичгийг өргөн барьснаар Засгийн газрыг огцруулах асуудал ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж, эцсийн шийдвэр Ж.Эрдэнэбатын эсрэг гарснаас хойш даруй хоёр долоо хоног өнгөрч байна. Засгийн газар танхимаараа үүрэг гүйцэтгэгчид болж хувирснаас хойш “түймэр унтарсан” мэт тэнд ч энд ч таг чиг. Хоёрдугаар ээлжийнхний нэрсийг хэзээ УИХ-д өргөн барихыг эрх баригч нам шийдэх бөгөөд тус намын Бага хурал ирэх даваа гаригт хуралдан хөзрөө дэлгэхийг Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгд хүлээж байгаа хэрэг.
Ерөнхий сайд болон түүний танхимын бүтэц, бүрэлдэхүүн гээд бүхий л асуудлыг шийдэн батлах эрх нь УИХ-д бий ч энэ удаад эрхэм гишүүд илүү дутуу үг унагалгүйгээр МАН-ын шийдвэрийг анхааралтай хүлээж байна. УИХ уг нь Үндсэн хуулиар төрийн эрхийг барих дээд байгууллага боловч түүний өндөр босгыг даван орж ирж буй томоохон асуудал бүхэн урьдчилаад улс төрийн намууд дээр шийдэгдчихдэг болсон нь жишиг. Үүнд гишүүд ч, намууд ч, иргэд ч хэдийнэ дасаад буй. Энэ л жишгээр эрх баригч намын удирдлага ээлжит Ерөнхий сайдын томилгоог шийдэж дуусахыг УИХ хүлээж байна.
МАН-ын Бага хурлын гишүүд энэ удаад УИХ-ын гишүүдээс илүү эрх мэдлийг эдэлж, дараагийн Ерөнхий сайд хэн байх, хэрхэн ямар шалгуур шүүлтүүрээр орохыг хэлэлцэн шийдвэрлэх “түүхэн үүрэг” хүлээгээд байна гэвэл хэтрүүлэг болохгүй. Бага хурлын гишүүдийн хэмжиж, хэлэлцэж гаргасан тэрхүү шийдвэрийг парламент ёсчлох төдий болохыг ёс алдан байж энд хэлэх хэрэгтэй болов уу.
МАН төрийн эрхийг барьж буй бол МАН-ын эрхийг хэн барих вэ гэх “философийн” гэмээр том асуудал өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг үүсгэсэн юм. тодорхойлж байна. Энэхүү маргаан бүхий асуултад хариулт олохын тулд эхлээд өгүүлбэртэй бодлого, эсвээс үл мэдэгдэгчтэй тэгшитгэл зохиох шаардлагатай байв. Нэг үгээр бол хариулт руу дөхөж очих нөхцөл, шалтгаан хэрэгтэй байсан учраас “Засгийн газрыг газарт унагах” хэмээх өгүүлбэртэй бодлогыг бодуулав. Бодлогын хариу гарч Ж.Эрдэнэбат огцорч, түүний танхимыг тэр чигт нь тонгорууллаа.
Засгийн газрыг огцруулах шаардлага бичигт дурдаад байсан үндэслэлүүд, тэдгээрийг засч залруулах тухай одоо хэн ч ярихгүй байгааг бид анзаарч байна. Тэдгээр “ноцтой” асуудлууд гол шалтгаан байгаагүй, МАН-ын эрх мэдлийг хэн авах вэ гэдгийн хариулт гол байсан хэрэг. Тэгэхдээ эхлээд “Ерөнхий сайдад хэнийг томилох вэ” гэдэг “бодлогод” есдүгээр сарын 25-ны Бага хурал хариулт өгөх ёстой ба үүнээс хамаарч МАН-ын дарга хэн байх нь шийдэгдэнэ.
Намын эрх мэдлийн хуваарилалт тойрч хоёр талд хуваагдагсдын аль тал нь юутай үлдэхийг МАН-ын Бага хурал шийдэх гэж буй хэрэг. Тус хурлаар хоёр талын хайнааг хагалж, жингийн туухайг тэнцүүлж чадсан тохиолдолд л төр засаг цаашид тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ. Нэг үгээр бол түмэн олон өөрсдийн сонголтоор байгуулсан гэж итгэсээр яваа Төрийн хэргийг МАН-ын Бага хурлын гишүүд шийдэх гэж байна. Энэ утгаар харвал эгзэг нь бүрдэж, Их хурлын гишүүдээс илүү эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж байгаа хэрэг. Бага хурлын гишүүдийг энэ удаад намаа эмхлэх, төрийг эмхлэх гээд давхар хоёр сорилт ийнхүү хүлээж байна.