Хагас парламентын засаглал

1992 онд ШинэҮндсэн хууль батлагдаж,Монгол Улс парламентын засаглалтай болсноор асар том өөрчлөлт, шилжилт бий болов.Тухайн үед Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглалын аль нь дээр болох тал дээр Ардын их хурал хоёр талцаж ширүүхэн маргаан өрнөж байв. Эцэст ньпарламентын засаглалыг сонгосон. Үүнээс хойш гуч гаруй жилийн нүүр үзлээ. Олон ч зүйл өөрчлөгдлөө. Тэр үед төрсөн хүүхдүүд өнөөдөр гучин настай залуус болжээ. Эдийн засаг хийгээд олон зүйл дээр асар их өөрчлөлтүүд бий болсон.Үүнд сайн, муу аль аль нь л байсан. Сайнаар харах юм бол ядаж л нэг хүний дарангуйлал руу шилжсэнгүй. Ерөнхийлөгч,парламент, Засгийн газар аль нь илүү эрх мэдэлтэй вэ гэдэг дээр эргэлзэхээр зүйл ч их байв.

Парламент сонгодог утгаараа Монголд нутагшсан уу гэвэл учир дутагдалтай явж ирсэн. Ардын их хурлаар Үндсэн хууль хэлэлцэх үед маргалдагч талуудаас Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчдийн шаргуу шахалтыг харгалзан үзэж,Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгохоор болсон зэрэг нь хожмын асуудлыг гаргаж ирсэн. Энэ ньөнгөрсөн гучин жилийн хугацаанд бүрэн утгаараа парламентын засаглалтай гэхэд эргэлзээ төрүүлэхээр байдалд хүргэж байв. Заримдаа Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг явж ирлээ. Тийм болохоор ч гаднын судлаачид манайхыг хагас парламентын засаглалтай гэлцдэг нь оргүй биш юм. 

Гишүүдийн тоо нэмэх нь ямар үндэслэлтэй вэ

2019 оны нэмэлт, өөрчлөлт хэдийгээр олон сайжруулалт хийх гэж оролдсон ч дутуу орхигдуулсан зүйл нэлээд бий учраасҮндсэн хуулийн өөрчлөлт дахин яригдаж байна. Шинэ өөрчлөлтийн төсөлд парламентыг бэхжүүлэх,гишүүдийн тоог нэмэх асуудал сөхөгдөж эхэллээ. Парламентын гишүүн бол иргэдийг төлөөлж сонгогддог. Гишүүдийн тоо 76 байгаа нь яг одоогийн нөхцөлд төлөөллийн зарчмаа хангаж чаддаггүй зэргээс эхлээд гишүүдийн тоог нэмэх үндэслэл бий. 1992 онд 76 гишүүнтэй байхаар хуульчилж байх үед сая гаран сонгогч байсан бол өнөөдөр 2.3 сая сонгогчтой болсон. Олон улсын жишгээр нэг гишүүн 20-30 мянган иргэдийг төлөөлдөг бол манайх 50-60 мянган иргэдийг төлөөлж байгаа. Өнөөдөр 150 эсвэл 151 гишүүнтэй болох хувилбар нь иргэдийг төлөөлөх гэдэг утгаараа үндэслэлтэй тоо юм. 

Гишүүдийн тоог нэмэхтэй зэрэгцэн яригдаж байгаа сэдэв бол хоёр танхимтай болох асуудал. Хоёр танхимтай орнуудыг манайх жишээ авч их ярьдаг. Манайх холбооны улс биш. Хоёр танхим голдуу холбооны улс болон уламжлалт хаант засагтай улсуудад байдаг. Манай улсын хувьд нэгдмэл, улс. Ийм улсын хувьд хоёр танхим бол тийм ч шаардлага байхгүй. Тиймээс тоогоо өсгөх хэрэгтэй гэсэн саналыг мэргэжилтнүүд, улс төр судлаачид хэлдэг. 

Сонгуулийн тогтолцоо

Өнөөдөр манай парламент сонгодог утгаараа байж чадахгүй байгаагийн бас нэг шалтгаан бол Сонгуулийн тогтолцоо. Сонгууль бүрийн өмнө шахуу сольж ирсэн сонгуулийн тогтолцооны дүнд яг одоогийн байдлаар иргэдийн санал гээгдсээр байгаа. Парламентыг бэхжүүлэхийн тулд сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Ингэж байж ардчиллын дархлаа бий болно. Тиймээс Үндсэн хуульдаа оруулж дуртай нь өөрчлөөд байхгүй болгох талаар ярьж эхэлсэн. Сонгуулийн тогтолцооны хувьд тавин хувь нь мажоритар, тавин хувь нь пропорциональгэсэн хувилбар яригдаж байгаа. Сонгууль болгоны өмнө өөрсдөдөө зориулж өөрчлөөд байхаар иргэд хүртэл сонгууль өгөхөөс дургүйцдэг. Тэгэхээр дуртай үедээ эрх барьж буй нам нь сонгуулийн циклд өөрсдөдөө тааруулж өөрчлөөд байхааргүй болгох шаардлага тулгарсан.Иймийн тулдҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгахаар ярьж байна. Энэ хувилбар нь дээр дурдсан холимог тогтолцоо. 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулсан. Энэ сонгуулийн үр дүнгсонгогчийн саналтай хамгийн ойрхон хувиар бүрдсэн парламент гэж үздэг. 

Энэ тогтолцооны хувьд олон намын төлөөлөл орж ирэх боломж бүрддэг. Иргэдийн санал гээгдэхгүй. Иргэд жинхэнэ утгаараа төлөөллөөрөө дамжуулан төр барих эрхээр хангагдана. 

ҮХНӨ-ийн хувилбарт тусгагдаж буй холимог тогтолцоогоор сонгууль явуулбал тойрог тойрсон төсвийн хуваарилалт багасна. УИХ-ын гишүүд нь жалга довын улс төр хийхээ больж, арай томоор харж эхэлнэ. Улсын хэмжээний бүтээн байгуулалтууд, том төслүүдэд анхаарч эхэлнэ. Бидний шүүмжлээд байдаг улстөрчид арай том юм ярьж, алсыг харсан шийдвэрт анхаарч эхэлнэ.