Засаглалын, намуудын ялзралын жишиг дүүрэг хуралдана
Их хотынхон хөдөөгийнхнөө элдвээр хочлон шоолон байж эдийн засгийн “зоог” барьдаг улирал эхлээд байна. Шинээр элссэн болон анх удаа ирж байгаа “монголчуудад” бол манай хот жигтэйхэн гоё харагдаж болно.
Их хотынхон хөдөөгийнхнөө элдвээр хочлон шоолон байж эдийн засгийн “зоог” барьдаг улирал эхлээд байна. Шинээр элссэн болон анх удаа ирж байгаа “монголчуудад” бол манай хот жигтэйхэн гоё харагдаж болно. Үнэн хэрэгтээ хамгийн их түгжрэл бухимдалтай “гамшгийн сар” нь энэ. Гэтэл үүнтэй давхцаад улс төрийн хэрүүл маргаан ажил гацаах нь бүр ч тамтай. Шинэхэн зочдодоо болон уугуул иргэдэд нь манай өнөөгийн засаглалын хямрал, намуудын ялзралын жишиг дүүрэг болсон Баянзүрх дүүргийг танилцуулъя. Дүүргийн дарга нь....Уучлаарай, өнөөдөр энэ дүүргийн дарга нь хэн болох нь тодорчихно гэж найдаж байна. Тамгатай даргыг нь Д.Пүрэвдаваа гэдэг юм. “Бодлогогүй ярьдаг, бодолгүй цохьчихдог” гээд олон гэмтэй ч яах аргагүй одоогоор хуулийн дагуу тамга атгачихаад байгаа нь энэ. Өнгөрсөн дөрвөн жилд багагүй ажил хийж бүтээсний нь үнэлж болох ч Баянзүрх дүүргийнхэн “Аз жаргалтай”, “Ажилтай орлоготой”, “Амгалан тайван”, за тэр тусмаа авлигагүй дүүрэг байв гэж худал хэлээд яахав. Харин Д.Пүрэвдаваа дарга азтай байсан гэж хэлж бол болно. Түүний аз одоо ч үргэлжилсээр байгаа.
Учир нь орон нутгийн ИТХ-ын сонгууль Улсын дээд шүүх МАН-аас нэр дэвшигчийг ялтал тэр хоног хожиж дүүрэг засаглаж чадав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд тус сонгуулийн дүнг зарлаж Баянзүрх дүүрэг дэх МАН-ын хорооны дарга Д.Бат-Амгаланг томилсон ч Д.Бат-Амгалан ганцхан хоног Засаг дарга байж үзэв. Учир нь “шүүхийн шийдвэрийг гартал” гээд Нийслэлийн Засаг дарга батламжаа цуцалсан. Энэ нь ч тус дүүргийг хямрал, ялзралын жишиг дүүрэг болох эхлэл болсон байж мэднэ. Өнөөдөр оюутны байр түрээсэлдэг Боловсролын хэлтэстэй байгааг Д.Пүрэвдаваа таван жил мэдэхгүй, мэдсэн ч түүний төлөө юу ч хийхгүй байна гэж үү. Тэр таван жилийн хугацаанд төрийн мэдлийн бөгөөд дүүргийн Боловсролын хэлтэс байрлахад гологдохооргүй боломжийн гурван давхар байр “Газарчин” дээд сургуулийн хажууд, БЗД-ийн 19 дүгээр хороонд байгааг мэдээгүй, тийм байгууламж мэдэлд нь байдгийг ч мэдээгүй гэхэд итгэмгүй. Үүнийг олж харсан, арай сэтгэл гаргасан бол Боловсролын хэлтэс өнөөдөр ингэтлээ өрөвдмөөр байдалд орохгүй байв. Яасан ийсэн “Хүннү палас”-т байрладаг дүүргийн боловсролын хэлтэс. Мэдээж томруулж харвал Нийслэлийн боловсролын газар, БСШУЯ, Засгийн газар гээд бүгд шат дараалан энэ салбарын өмнө уучлал гуйх шаардлагатай.
Д.Пүрэвдавааг “бодлогогүй ярьдаг” гэсний маань ганцхан жишээ л гэхэд төсвөө батлуулахдаа дүүргийн прокурорын байгууллагад 40 сая төгрөг тусгачихсан талаар нь Иргэдийн хурлын төлөөлөгчид гайхаж “Яагаад прокурорын байгууллагад ийм мөнгө тусгадаг билээ” гэхэд “Өмнөх Засгийн газрын үед амлачихсан байсан юм аа” гэсэн байгаа юм. Шүүх, прокурорын байгууллагадаа мөнгө амлачихсан, түүнийгээ биелүүлж байхад түүнд хамааралтай хэргийг яаж хянадаг, шүүдэг бол. Азаар тэр маань Улсын дээд шүүхийг, Улсын Ерөнхий Прокурорыг амлаж шагнаагүй нь яамай даа. Гэтэл мөрийн хөтөлбөрөө батлуулаагүй байж төсвөө батлуулчихаад л сууж байна. Энэ завхралын хариуцлагыг хүлээх ёстой хүн тун олон. Харин хохирогч нь тэднээс хэдэн мянга дахин олон бөгөөд 33 мянгад хүрээд байна.
Одоо энэ дүүргийн дарга болохоор МАН-ын хоёр залуу маргалдаад, маталцаад явна. Энэ нь зөвхөн МАН-ын муухайгийнх биш. Ингэж байж дүүргийн дарга болдог зам харгуйтай тогтолцооны гажигийнх. Харамсалтай нь тэр хоёр залуугийн хэн нь ч дээрх алдааг яаж залруулах талаараа тодорхой бодлого танилцуулаагүй, хэтийн төлөвлөгөөнд нь 2020 оны сонгууль л харагдаад байгаа нь тодорхой болсон.
Өнөөдөр бид бараг орой бүр телевизийн мэдээгээр Баянзүрх дүүргийн аль нэг хорооны Иргэдийн нийтийн хурал гэгч арван хэдэн хүний талцал хэрүүлийг харах болов. Тэгээд түүнийгээ 100 хэдэн хүнтэй хурал хийсэн гэж тайлагнадаг гэнэ. Уг нь хуулиараа бол 150-аас дээш иргэн цуглаж байж хорооны ИНХ-ын шийдвэр хүчинтэй болдог ч иргэдээ зарласангүй гээд энэ хар халуунд хороон дээрээ очоод эрхийнхээ төлөө “тэмцээд” зогсчихдог ч энэ нь мөнгөнийх байх нь олонтаа байддаг аж. Нээрээ л манай хорооны дарга манай хамаатан яагаад байж болохгүй гэж...гэсэншүү л тогтолцоотойгоор хороо, дүүрэг, нийслэл “аж төрж” байна.
БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэлийн ярьснаар “Газрын алба нь хоёр даргатай болчихсон. Угтаа бол Нийслэлийн газрын алба дүүргийн газрын албаны дарга, даамлыг томилж, удирдлагаар хангаж ажилладаг. Энэ дагуу Нийслэлийн газрын албанаас Бат-Ундрал гэдэг залууг даргаар нь томилсон юм. Тэгтэл Д.Пүрэвдаваа Бат-Ундралын өрөөг цоожлон, хөөж гаргаад оронд нь Батмандах гэдэг залууг авч ирээд суулгачихсан. Одоо яасан бэ гэхээр Бат-Ундрал нь тамгатай. Гэхдээ өрөөгүй. Харин Батмандах нь өрөөтэй боловч тамгагүй. Нэг ийм хоёр даргатай болчихоод иргэдээс ирсэн өргөдөл гомдол, газрын гэрчилгээ шилжүүлэх, газар эзэмших, өмчлөх асуудлууд бүтэн жил шийдэгдээгүй явж байна. Оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд 1511 өргөдөл ирсэн нь гацаанд байна шүү дээ. Одоо Газрын алба иргэдээс шинээр өргөдөл хүлээж авахгүй байгаа” аж. Энэ мэтчилсэн Баянзүрх дүүрэг шинэ даргаа хүлээж байна. Өргөө гэрийг тохижуулаад, үр хүүхдүүдээ халамжлаад явах сэтгэл бүлээнтэй “аав хайж байна”. Дүүргийн иргэдийн хуралд МАН-ын 19, АН-ын 22 төлөөлөгч сонгогдсон. Одоо энэ 41-хэн хүнийг ажлыг нь хийлгээд “Аз жаргалтай дүүрэг” байлгах тэр удирдагчийг өнөөдөр хайж олох байх. Нүдээ олоогүй сонголт хийвэл дахиад дөрвөн жил хэрүүлээсээ салахгүй. Ажил нь ч явахгүй. Иргэд нь хохирсоор байх болно. Азтай байлгаад жаргаагаад өгдөггүй юмаа гэхэд наад захын хэрэгцээ болсон эмнэлэг, сургууль, газрын асуудлыг цэгцлэх цэгцтэй бодлоготой дарга олдоосой л гэж найдахаас.