МАН-ын дарга М.Энхболдод захидал илгээх шалтгаанаа нэлээд бодлоо. Би хэн билээ. Миний захидал юунд хэрэгтэй вэ гэхчлэн. Гэвч огт хэрэггүй хэрнээ орон зайг нь олсон үе гэж байдаг аж. МАН-ын дарга М.Энхболд Танд яасан гэж хариуцлага тооцох талаар улстөрчийн хувьд Та өөрөө ямар бодолтой явна вэ. Үүнийг заавал асуумаар санагдаад хэнд ч захиа бичиж үзээгүй хэрнээ “өөрт нь зориулж” гэж бодоод уншчихаасай гэсэндээ дуугүй байж чадахгүй нь. 

Танай намын нэгэн туг эргүүлсэн хувьсгалч залуу “Намын нэрийг солино. Үүнээс болж сонгуульд ялагдвал хариуцлага хүлээнэ” гэж хэлсэн. Овоо ялагдаж өгсөн дөө. Түүнээс хойш долоон жил өнгөрчээ. 

М.Энхболд Та 2013 оны 10 дугаар сарын 29-нд МАН-ын 27 дугаар Их хурлаар тус намын даргаар сонгогдсон. Тэр өдрөөс хойш хэдэн удаа сонгууль болов.Энэ хугацаанд болсон сонгуулиудад зөвхөн өөрөө нэр дэвшсэн сонгуульдаа л “намын зарим нөхдийнхөө тусламжтайгаар” ялагдлаа. Энэ нь улс төрийн хариуцлага хүлээх том шалтаг мөн үү гэдгийг танаас асуумаар байна.

Таны сонгуульд зарцуулсан хөрөнгө мөнгө өрсөлдөгчтэйгээ харьцуулбал тун тарчиг байсан. Өрсөлдөгч тань хуулийн байгууллагын өмнө юун Ерөнхийлөгчид нэр дэвшихтэй манатай асуудалтай, тэр нь эцэслэн шийдэгдэж сонгогчдын эргэлзээг тайлаагүй байлаа. Таны хуулийн баг хаачсан байв.  Хэвлэл мэдээлэл хариуцсан нөхөд чинь ямар гээчийн будилаанд хутгалдаад, элдвийн бичлэгт нэр дурьдагдаад эхлэв. Яагаад ноцтой мэдээллүүдийг дэлгүүлэхгүй, бүх хүчээ дайчлахгүй, нэгдсэн удирдлагагүйгээр энэ хариуцлагатай сонгуульд оролцов. Энэ бүхнээс Таны хүн таньдаггүй, өөртөө зүтгэсэн хүмүүсийг нэлээд гомдоодог, хутга ханцуйлсан “түгжилүүд”-дээ хайрладаг гэдэг нь үнэн болох нь нотлогдов. Яагаад Та тэр Н.Энхбаяр шигээ чанартай болчихсон юм бэ. Өнөөдөр таныг ялагдсандаа бараг баяртай байгаа юм байна гэж ойлгоод гишүүд, дэмжигчид чинь итгэл алдарсан харагдана. Сонгуулийн үеэр Та төв штабынхнаасаа асар хол үүлэн дээр л байлаа. Үүлийг салхи үлээхэд амархан биз. Ийм л юм болсон.

Гэтэл Х.Баттулга өнөө хэдэн залуустайгаа нэг хөнжил нөмрөх нь холгүй хамт, амь нэг, амьсгал нэг байв. Дэргэдэх хүндээ хүн хайртай байдаг. Танихгүй хүнтэйгээ дайсагнадаг. Таныг тойрон хүрээлэгчид чинь бусдаас танигдахгүй байлгах, хол байлгах, тэнгэрийн амьтан мэт байлгасаар дайсагнуулах зорилго агуулж байсан нь тэр ээ. 

2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Н.Энхбаяр сонгуулийн дараахан УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бич­гийн дарга С.Баярыг  “нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан” хэмээн мэдэгдэж байв. Тухайн үед С.Баяр  “Хийсэн мэ­дэгдлээ нотолно уу, зохих баримт, тайлбар гаргаж өгнө үү” гэж намынхаа Хя­налтын хороонд хандсан байдаг. Танд Н.Энхбаяр шиг тэгээд хэлчих чанар анзаарагддаггүй. Өөрийгөө дэмждэг залуусаа ч тийм болгосон. Харин өөртэй чинь үзэлцэх гээд нударга зангидаад ирэхээр нь тэвэрч аваад, таны төлөө амиа өгөхөөс буцахгүй залуусыг “Намайг ойлгоорой” гээд хөөгөөд явуулчихдаг.

Өнөөдөр МАН-ын залууст шинэчлэл хэрэгтэй юу. Юуг шинэчлэл гэх вэ гэдэг талаар та ярилцаж үзсэн үү. Ярихгүй байсаар хүмүүсээ солихоор нь “намаа шинэчилчихлээ” гэх гэж байна уу. Шударга л бай л даа. Танай нам дүрэмтэй. Дүрэмдээ яавал хариуцлага тооцохоо заасан байдаг. Гэтэл намынхныхаа тусламжтайгаар ялагдчихаад зөвхөн түүнээс болж байгуулсан гавьяа, хийсэн ажлаа баллуурдах эрх танд бий гэж үү. Гавьяа гэхээр бүү шоолоорой, 65 суудлыг үнэмлэхүй ялалт гэхээс өөрөөр юу гэх вэ. Үүний дараа өөрөө уначихаад “Уучлаарай” гээд яваад өгөх ёстой бол одоо явахаас даа. Харин оронд чинь хэн ирж, намыг чинь яаж шинэчлэхийг төсөөлж байна уу. 

60 тэрбумын асуудлын тухайд хуулийн байгууллага төгс шийдвэр гаргаагүй байхад түрүүлж дуугарах эрх надад алга. Энэ талаар хэтэрхий олон жүжиг үзээд уйдчихаж. Ийм гүтгэлгээс намаа аварч чадахгүй бол та намдаа хайргүй байна. Гүтгэлэг биш бол та огцрох зориггүй байна.

Ер нь Хотын даргаас Ерөнхий сайд, УИХ-ын дарга хүртэл дэвшсэн хүн нийслэлийн дүүргүүдэд ялагдана гэдэг гашуун байгаа биз. Хүн таньдаггүйгээрээ Н.Энхбаяртай ижил байлаа гэхэд эрх мэдлээ бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүйгээрээ түүнээс хавьгүй дутуу байгаагийн шинж. Нэгэнт Н.Энхбаярын замаар алхсан бол дуустал алхах хэрэгтэй байлаа. Таны нүүрний тал нь бурхны тал нь чөтгөрийн шинжийг агуулах мэт тэгж “Тал Энхбаярдах” ямар хэрэг байв.

Харин тэр хүчингийн хэрэгт гүтгэгдсэн юм уу, нэр холбогдоод байгаа гишүүнийг зөвхөн ийм хэрэгт нэр дурьдагдсаныхаа төлөө огцрох соёл улс төрд байдаг юм гэдгийг шивнэчих хэрэгтэй болов уу.Оффшор гэгчтэй холбоотой нөхдөө албан тушаалаас нь түдгэлзүүлж байгаад шалгуулчих. Огцрох шалтгаан гэхээр өөр ямар хэрэг тарьчихсан юм бэ, Та? 

Ардын намын гишүүд дэмжигчид өнөөдөр “МАН-ын дарга яах бол. Хэн болох бол” гэж анхааралтай ширтэж байна. Та байж чадахгүй гэж үү. Яг юу дутаад тэр вэ. Таны хамгийн ойрын зөвлөх хэн юм бэ. Намын дарга нь Ерөнхий сайд байдаг тэр дүрмээс яагаад зугтав. АН-ын дарга асан З.Энхболдын байрлал ашигтай харагдсан уу. Яг одоогоор танай намыг хийсгэхэд дэндүү амархан харагдана. Эвдрэлцээд байгаа болохоор тэр. Та идэвхгүй, зориггүй байгаа болохоор тэр. Нэгдүгээрт намаа тавьдаггүй намын дарга гэж байдаг юм уу? Шахалт дарамт байдаг бол тэр байдлыг цэвэрлэчихээд яв. Ингэж л хэлмээр санагдаад 60-аад хонолоо.Хэзээ ч нүүр тулан уулзахгүйг тань мэдсэн болохоор ил захидлаар илэрхийллээ. Хайрласандаа, дурласандаа биш харамссандаа бухимдсандаа л тэр, уучлаарай. Танд амжилт хүсье!