Саяхан “80 саяын уналт” нэвтрүүлэг дээр давгүй мэдлэгтэй хоёр залуу овоо явж байгаад нэг “энгийн” асуулт дээр уначихав. “Зөвхөн нэг ба өөртөө хуваагддаг тоог анхны тоо гэдэг. Тэгвэл дараах тоонуудаас аль нь анхны тоо вэ?” гэсэн асуулт. Ингэж хэлэхээр ихэнхи хүн ойлгодоггүй юмаа. Тэрний оронд зүгээр л “Юунд ч хуваагдахгүй тоог анхны тоо гэнэ” гээд хэлчихвэл бүгд ойлгоно. Жишээ нь “17” “14” “27” гэсэн гурван тооны 17 нь анхны тоо. Дунд сургуульд анхны тоо үзэж буй ихэнхи хүүхэд яг өнөө 80 саяын уналтанд оролцож буй хоёр залуу шиг будилдаг. Зарим сурах бичигт бүр “Зөвхөн хоёр хуваагчтай тоог анхны тоо гэнэ” гэсэн тайлбар тууж явдаг, хэн ойлгох билээ дээ. Гайгүй туршлагатай багш бол “Ерөөсөө хуваагдахгүй тоо юмаа миний хүү” гээд хэлээд өгнө. Ном харанхуй цээжилсэн тааруухан багш бол өнөө нуршуу тайлбарыг нь дуржигнуулж хүүхэд залхаана. Гэхдээ энд асуудал бий. “Юунд ч хуваагддаггүй тоо..” гэдэг нь худлаа өгүүлбэр юм. Үнэндээ нь 17 гэсэн анхны тоо юунд ч хуваагдахгүй биш, 1 –д хуваагдана, бас 17 –д хуваагдана. “Зөвхөн хоёр хуваагчтай тоо” гэдэг нь математик утгаараа үнэн. Хэрвээ би “ерөөсөө хуваагдахгүй тоо бол анхны тоо юм” гээд биччихвэл математик гадарладаг улсууд нь муулж өгнө. “Худлаа ярьдаг”, “тоогоо мэддэггүй”, “зоргоороо ш**даг” энэ тэр гэхчилэн. Баабар ах “Нүүдэл суудал” –аа бичиж байхад нь түүхчид хараасан шиг. Гэхдээ эцсийн дүндээ олон нийт анхны тооны мөн чанарыг ойлгоод авах нь чухал биздээ?

Олон нийт нь ийм харанхуй байхад манай улсад ямар ч хувьсгал, ямар ч лидер нэмэргүй. Хувьсгал гэхээсээ соёлын довтолгоо маягийн зүйл хэрэгтэй. Шинжлэх ухаан болоод бусад танин мэдэхүйн салбарыг олон нийтэд хамгийн товч хялбараар ойлгуулах нь чухал. Бүр жижигхэн юмнаас, жишээ нь "ардчилал", "хүний эрх" гэдгийг маш хялбараар яаж ойлгохоос л эхэлнэ дээ. Ер нь ардчилал гэдэг чинь хариуцлага л юм билээ. Улс төрийн хариуцлага, Санхүүгийн хариуцлага, Хуулийн хариуцлага, Гэр бүлийн хариуцлага гэх мэт. Хүний эрх гэдэг нь “хүний хариуцлага” юм цаад утгаараа. Дарангуйллаас мултарч ядсан ардчилсан хувьсгалын үед “эрх чөлөө”, "эрх дураар" гэдэг үгтэй хоршдог болохоор нь “human rights”-ыг “хүний эрх” гэчихсэн байх. Гэвч "эрх" гэдэг үг “эрх мэдэл” гэдэг үгтэй ч хоршдог ажгуу. Олон нийтийн далд ухамсарт бол "хүний эрх" гэдэг нь бүр "хүний эрх дур" гэж хоногшоод, бүгд эрх дураараа 27 жил явжээ. Сүртэй зүйл биш юм шиг санагдавч буруу орчуулга, буруу ойлголтын аюул нь одоо гарч эхэлж байна. Жишээ нь “Эрхээ эдэлж эрх дураар яваад өөдөлсөнгүй, одоо жаахан чанга гараар барих хэрэгтэй..” гэх маягийн үзэл санаа ихээхэн дэлгэрч байгаа явдал. Зарим том “ардчилагч” нь хүртэл “дарангуйлагчтай болоё” гэж сурталдах нь зэвүү хүрмээр.“Миний эрх чөлөө чиний эрх чөлөөгөөр хязгаарлагдана... бла бла..” гэдэг тайлбар үнэндээ “Зөвхөн нэг ба өөртөө хуваагддаг тоог анхны тоо гэнэ...” гэдэг шиг олон нийтэд жаахан ойлгомжгүй байгаа юмаа.

Гэхдээ дандаа ч буруудсангүй, зөв талаас нь ярьж буй ойлголт бас байнаа. Бид ямартай ч “investor” гэдгийг “хөрөнгө оруулагч” гэж ярьж хэвшиж. Хөрөнгө оруулагч гэдэг нэг талаасаа “ашиг хайгч” юм, өөрт ашигтай юманд л мөнгө зарна. "Аль аль талдаа ашигтай байж гэмээнэ гэрээ хэлэлцээ явагдаж таараа.." гэдэг урт юмыг ард түмэн ойлгохгүй, "хөрөнгө оруулна" гэвэл маш хялбар. Хэрэв 1990 оноос хойш хөрөнгө оруулагчийг “ашиг хайгч” гээд нэг баагий нь орчуулчихсан бол өдгөө ямар байхыг төсөөлөхөөс дотор муухайрна. Гадаадын “ашиг хайгч”-ыг хөөж гаргах поп нөхөр олдохгүй, учир нь анхнаасаа гадаадын “ашиг хайгч” –ийг оруулах ч үгүй. Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр одоохондоо ард олонд таалагдаад байгаа нь азтай хэрэг. Хэдхэн үгний зөрөө, хэдхэн ойлголт бидний далд ухамсарт яаж шингэсэн нь их чухал байх шиг. Өөр олон жишээ бий дээ. Цааш нь ухаж судалмаар л санагддаг юм.